| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0089/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/97 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/97
2024 04 26 2023/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нид холбогдох эрүүгийн 2419000000091 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Н.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх автомашины зам дээр Т.Бгийн эзэмшлийн “Huawei Nova Y61” загварын гар утсыг цохиж ажиллагаагүй болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх автомашины зам дээр Т.Бгийн эзэмшлийн “Huawei Nova Y61” загварын гар утсыг цохиж ажиллагаагүй болгосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Бгийн “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 22 цагийн орчим манай найз Э уулзъя гээд бид уулзалдаад Сондор плазагийн пабд очсон. Бид хоёрыг С.Н гэх залуу бас өөр үл таних залуу хүлээж байсан. Бид 4 пабын зааланд сууцгааж байгаад караоке 2 цаг суучхаад би найз Этай Сондор плазагаас гараад баруун талын засмал замаар гарч явтал С.Н араас гүйж ирээд миний утас хаана байна гээд Эгаас нэхсэн, би чиний утсыг яаж мэддэг юм, дотор байгаа байлгүй дээ би залгая гэж байсан. Би дэргэд нь утсаа бариад зогсож байсан чинь гэнэт С.Н миний гараас гар утас булааж аваад зам хөндлөн гараад зугтаасан. Араас нь бид 2 гүйтэл С.Н засмал зам дээр уначихсан. Тэгээд гартаа миний утсыг атгачхаад доошоо харж хэвтчихээд байсан. Э чи хүний утас өгөөч гээд гараас нь миний утсыг авах гэхэд өгөхгүй, чанга атгачхаад тавихгүй байсан. Би утас өгөөдөх гэхэд шууд засмал зам дээр миний утсыг цохиод эвдчихсэн. Тэгээд босоод ирэхээр нь утсаа автал дэлгэц нь анивчаад наалт болон дэлгэц нь хагарсан байсан. Дэлгэц нь солонгорсон зураас татаад асаалттай боловч анивчаад ярьж болохгүй, ажиллахгүй байсан....” гэх мэдүүлэг, Гэрч Д.Бийн “...сүүлд нь С.Ноос сонсоход хамт явсан нэг хүүхнийх нь утсыг би эвдчихсэн, тэгээд нөгөө хүүхэн нь цагдаад дуудлага өгсөн” юм ярьж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч П.Мийн “...удалгүй цагдаа орж ирсэн. Тэгсэн шар царайтай залуу хамт явсан эмэгтэй хүнтэй маргаан үүсгэсэн, гар утсыг нь эвдсэн гэж ярьцгааж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч А.Эийн “... С.Н араас гүйж ирээд утас аваад ир гээд миний цүнхийг татаад нэгжээд байсан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, бид 2 юу гэж чиний утсыг авдаг юм, чи өөрөө караокедоо ороод үз л дээ” гэхэд ухаангүй согтуу, хүний хэлж ярьж байгааг тоохгүй бид хоёр луу утас гээд нэхээд байсан. Б утсаа бариад зогсож байхад нь шүүрч аваад зугтаачихсан. Бид хоёр араас нь явтал С.Н засмал зам дээр уначихсан. Бид хоёр очоод “хүүе ээ чи утас өгөөдөх гээд гараас нь таттал миний гараас татаж аваад атгаж байсан утсаа зам дээр цохиод хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20-р тал/, Хөрөнгө, даатгалын хохирлыг ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-26-р тал/, шүүгдэгч С.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Нийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Т.Бд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч С.Нид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Тиймээс С.Нид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Нид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч С.Нид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР