Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

 

 

 

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Гд холбогдох эрүүгийн 2319004160086 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Г.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хатанбулаг сумын Зарын групп гэх фейсбүүк цахим орчинд “модон тавилга 50 хувийн хямдралтай захиалга авч байна” гэсэн зарыг нийтэлж, зарын дагуу фейсбүүк чатаар зурвас бичсэн Э.Ад тавилгын захиалга авч байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон итгүүлж улмаас 210,000 төгрөгийг өөрийн хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

   Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хатанбулаг сумын Зарын групп гэх фейсбүүк цахим орчинд “модон тавилга 50 хувийн хямдралтай захиалга авч байна” гэсэн зарыг нийтэлж, зарын дагуу фейсбүүк чатаар зурвас бичсэн Э.Ад тавилгын захиалга авч байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон итгүүлж улмаас 210,000 төгрөгийг өөрийн хамтран эзэмшдэг Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

 

  Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Аын “... Би 2023 оны 08 дугаар сарын эхээр Хатанбулаг сумын зарын групп дээр Б.М М гэсэн хаягнаас Монгол гэрийн мөлхөө тавилга захиалгаар хийнэ гэсэн зарын дагуу өөрийнх хувь чатаар холбогдож тавилга захиалгаар хийж байгаа юу гэж асуусан чинь захиалга авч байгаа гэсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хатанбулаг сумын зарын группт модон тавилга 50 хувийн хямдралтай захиалга авч байна. 3 хоногийн хугацаатай гэхээр нь хувь чатаар нь холбогдож модон ор мөлхөө тавилга хоёрыг захиалсан. Тэгээд би хувь чатаар нь холбогдож байгаад утасны дугаараа өгчих гээд утасны дугаарыг нь авч холбогдон утсаар захиалгаа өгч, би өөрийнхөө төрийн банкны ... тоот данснаас Хаан Банкны ... тоот М гэсэн иргэний данс руу шилжүүлсэн боловч энэ данс руу 5 удаа гүйлгээ хийх гэсэн боловч амжилтгүй болоод байхаар нь эргээд хувь чатаар нь холбогдож ... гэсэн Хаан банкны Б.З гэсэн данс руу 210,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... дугаар луу нь мессеж бичээд миний захиалга юу болж байна гэсэн чинь тавилга чинь гарч байна гэж хариу өгсөн. Тэгээд тэрнээс хойш хувь чатаар нь буюу утасны дугаараар холбогдож асуухад тавилга чинь гарсан. Хаана хүргэж өгөх үү гэхээр нь Шандын каргонд хүргүүлье гэсэн чинь маргааш хүргэж өгье гээд алга болсон. Тэгээд дахиад холбогдох гэсэн болов холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

   Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),

   Гэрч Т.Бгийн “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Манай охин Золжаргалын дансны хамтран эзэмшигч нь манай эхнэр Л.Г байгаа юм... Ер нь ... дугаартай дансыг манай эхнэр хамтран эзэмшдэг бөгөөд орлого, зарлагыг хянадаг байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-35 дугаар тал),

   Хаан банкны ... дугаартай дансанд нэвтэрсэн IP хаягийн мэдээлэл (хавтаст хэргийн 45-56 дугаар тал),

   Жи Мобайлын ... дугаарын дуудлагын мэдээлэл дугаарын эзэмшигч нь Л.Г гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 57 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

  

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцаан хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгынхоо шинжээр бусад төрлийн гэмт хэрэг болон иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг.

 

   Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

 

   Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

 

   Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Л.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Л.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгийг авч Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Л.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

   Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

   Шүүгдэгч Л.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ад 210,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 210,000 төгрөгийг буцаан өгсөн нь хохирогчийн мэдүүлэг, хүсэлтээр/хх 88-рт/ нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Л.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Л.Гд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

   Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Гд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1. Шүүгдэгч Э овогт Л.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ОДБАЯР