| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2020/0484/3 |
| Дугаар | 128/ШШ2020/0006 |
| Огноо | 2020-12-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2020/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М
Нэхэмжлэгч: О.А /,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжийн Д.М, О.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Д.М болон О.А бид нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус тус 97 м.кв-тай 90 хувийн гүйцэтгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан.
Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 дүгээр албан бичгээр “Чингэлтэй дүүргийн газрын албанд” Амарбат тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 700 м.кв газрын эзэмших эрхүүдийг Д.М болон О.А нарт шилжүүлэхийг мэдэгдсэн.
Ийнхүү Д.М болон О.А бид нар нь тухайн шүүхийн шийдвэрээр хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон газрыг эрх бүхий байгууллагын албадан дуудлага худалдаагаар авсан ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар бидний газар эзэмших эрхийг баталгаажуулсан.
Энэхүү захирамжийг үндэслэн Д.М-ын нэр дээр 000412934 дугаар, О.А-ын нэр дээр 000412935 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээнүүд тус тус гарсан.
Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ч.С нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг О.А, Д.М бидэнд холбогдуулан гаргасан ба энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч бид иргэний хэрэгт нотлох баримт цуглуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн газрын албанд хүсэлт гаргахад 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр бидний газар эзэмших эрхийн үндэслэл болсон А/228 дугаар захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А7173 дугаар захирамжаар хүчингүй болгосон болохыг мэдсэн ба энэхүү захирамжид Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг дурдаагүй, цуцлах үндэслэл байхгүйн сацуу ийм захирамж гаргах гэж буй болон гарсан тухай Д.М болон О.А бидэнд огт мэдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн байна.
Энэхүү шийдвэрт Нийслэлийн Засаг даргад урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргахад Бүртгэл хяналтын 0200423085 дугаар өгч, Нийслэлийн засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07/2595 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр гомдлын хариуг шуудангаар хүргүүлсэн байсан.
Шүүхийн журмаар хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар авч эрхээ баталгаажуулсан байхад ийнхүү ямар ч хуульд заасан үндэслэлгүйгээр бидний газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны, 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй О.А , Д.М нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М миний бие дараах хүсэлтийг гаргаж байна.
2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлосон өнөөдрийн шүүх хуралдаанд Д.М миний бие биечлэн оролцох боломжгүй тул миний сонгон авсан өмгөөлөгч Б.Б-г оролцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулж өгнө үү.
Өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг төлөөлөх бүрэн боломжтой” гэжээ.
Нэхэмжлэгч О.А, Д.М нарын өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн Д.М болон О.А нар нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус тус 97 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан байдаг.
Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 07 дугаар сарын10-ны өдрийн 1/0739 дүгээр албан бичгээр "Чингэлтэй дүүргийн газрын албанд" тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 700 м.кв газруудын эзэмших эрхийг иргэн Д. М болон О.А нарт шилжүүлэхийг Газрын албанд мэдэгдсэн.
Ийнхүү Д.М болон О.А нар нь тухайн шүүхийн шийдвэрээр хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон газрыг эрх бүхий байгууллагын албадан дуудлага худалдаагаар авсан ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг баталгаажуулсан байдаг.
Энэхүү захирамжийг үндэслэн Д.М-ын нэр дээр 000412934 дугаар, О.А-ын нэр дээр 000412935 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний
зориулалтаар газар эзэмших гэрчилгээнүүд гарсан.
Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдөр иргэн Ч.С нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг О.А, Д.М нарт холбогдуулан гаргасан ба энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчид иргэний хэрэгт нотлох баримт цуглуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн газрын албанд хүсэлт гаргахад 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр бидний газар эзэмших эрхийн үндэслэл болсон А/228 дугаар захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжаар хүчингүй болгосон болохыг мэдсэн ба энэхүү захирамжид Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг дурдаагүй, цуцлах үндэслэл байхгүйн сацуу ийм захирамж гаргах гэж буй болон гарсан тухай Д.М болон О.А нарт огт мэдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэж заасан ямар үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлаад дуусгавар болгоод байгаа үндэслэлээ дурдаагүй захирамж гаргахын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй.
Хууль бус шийдвэрт Нийслэлийн Засаг даргад урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргахад Бүртгэл хяналтын 0200423085 дугаар өгч, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07/2595 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр гомдлын хариуг шуудангаар хүргүүлсэн байсан. Шүүхийн журмаар хураагдсан ул хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар авч эрхээ баталгаажуулсан байхад ийнхүү ямар ч хуульд заасан үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.т, О.А нарын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/173 дугаар захирамжийн Д.М, О.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгийг батлуулах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг зөрчиж Д.М, О.Анарын нэр бүхий 599 иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2012 оны А/228 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д ”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу дээд газрын тогтоолыг зөрчсөн тул дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд өөрөө захирамжаа хүчингүй болгосон нь хууль ёсны захирамж тул 2013 оны А/173 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжийн Д-гийн М, О.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч дүүргийн Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1352 тоот албан бичгээр Ч.М-ийг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/2202 тоот албан бичгээр Г.Х-ыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.3, 28.2.6-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр итгэмжлэл олгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс нийт 5 удаа шүүх хуралдааны товыг утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.Х нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн биеэр хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, ... тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.М, О.А нар нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус бүр 97 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу тус тус худалдаж авсан.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар худалдаж авсан нь Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ[1] болон хавтаст хэрэгт авагдсан түүнтэй холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.М, О.А нарт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар өмчлөх эрх шилжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 тоот албан бичгээр[2] “... 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах 97 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Д.М, О.А нар нь дуудлага худалдаагаар худалдан авсан...”, “... дуудлага худалдааны ялагч Д.М, О.Анарын нэр дээр Чинзоригтын Саранцэцэг /ТЗ74052266/-ийн эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар Чингэлтэй дүүргийн газрын албанд...” мэдэгдсэн.
Үүний дагуу нэхэмжлэгч Д.М, О.А нарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар[3] Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд 700 м.кв /га/ газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлж, эрхийн гэрчилгээг тус тус олгосон зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Гэтэл 599 /таван зуун ерэн ес/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор нэхэмжлэгч Д.М, О.А нарт газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус байна.
Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна.”, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “....газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж тус тус хуульчилжээ.
Маргаан бүхий газарт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ийнхүү нэхэмжлэгч нарт хуулийн дагуу шилжсэн байхад иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон уг эрхийг дагаж үүссэн газар эзэмших эрхийг нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтоолыг үндэслэн хүчингүй болгох боломжгүй.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж заасан шаардлагыг хангасны үндсэн дээр нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг эзэмшсэн байхад хуульд заагаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь буруу байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг дурдаагүй ... захирамж гаргах гэж байгаа болон гарсан тухай бидэнд огт мэдэгдээгүй ...” гэх тайлбар нь үндэслэл бүхий байна.
Тодруулбал газар эзэмших эрх дуусгавар болох мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд тодорхой нарийвчлан зохицуулсан байхад уг хуулийн заалтад үндэслээгүй атлаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн газар эзэмших эрхийг зөрчиж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан хариуцагчийн захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дүгнэлт хийхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамж хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжийн Д-гийн М, О.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР