Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/хт2025/00047

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/04219 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00010 дугаар магадлалтай,

С.О-ын нэхэмжлэлтэй,

Б.Б-д холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/04219 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 493.6 дахь заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-өөс 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож, хариуцагч Б.Б-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,310 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00010 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/04219 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Б-д холбогдох, 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.О-ын үндсэн нэхэмжлэлийг, С.О-т холбогдох, 21,871,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.23-ны өдрийн 010 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой;

4.1 Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлох нь түүний процессын хувьд эдлэх үндсэн суурь эрх гэж ойлгодог. Ингээд шүүхийн шаардсаны дагуу үндэслэлээ тодорхойлохдоо “Талуудын хооронд байгуулагдсан хариу төлбөртэй, даалгаврын гэрээний дагуу хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид өгөх ёстой төлбөрийг өгөхгүй, замд нь саатуулж өөрийн нэрээр бусдад зээлдүүлж ашиг орлого олж, энэ хэмжээгээрээ үндэслэлгүй хөрөнгөжсөн, гэхдээ, садан төрлийн харилцаагаа хүндэтгэж нэхэмжлэлийн шаардлагаа 20,000,000 төгрөгт багтааж нэхэмжилж байна” гэж маш тодорхой эцсийн байдлаар тодруулсан нь хуралдааны тэмдэглэл, бичлэгт байгаа. Гэтэл анхан шатны шүүх тус харилцааг нэхэмжлэгчээс өөрөөр тогтоож, энэ бол зуучлалын гэрээ гэж дүгнэсэн. Ингэж зүйлчилсэний улмаас яг энэ фактыг нэхэмжлэгч биш хариуцагч давж заалдах гомдол гаргах үндэслэлээ болгосон, давж заалдах шатны шүүх дээр хууль хэрэглээ өөрчлөгдөж, Даалгаврын гэрээ болсон байгаа. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлэлгүй, хариуцагчаас төлбөр төлөхгүй болгож нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан.

Давж заалдах шатны шүүх: Өмнө нь давж заалдах шатны шүүхээс 1 удаа буцаасан, нийт 2 хавтас нотлох баримтын бараг 90 хувь нь нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй болох нь нотлогдож байхад, тэр тусмаа хариуцагч өөрөө 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрье, эвлэрье хэмээн санал тавьж, 2023 онд анхан шатны шүүх хурлын өмнө, дараа нь 2024 онд давж заалдах шатны шүүх хурлын өмнө дахин эвлэрэх санал тавьж хурал хойшлуулж байсан зэрэг баримтаар хариуцагч төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ бодит үйлдлүүдээрээ хүлээн зөвшөөрсөөр байхад, шүүх харгалзалгүй, хэрэг дотроос ямар нэг тодорхой баримт иш татаж үндэслэл болгож үгүйсгэж чадалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

Хэргийн материалд зохигчдын хэн алины дансны хуулгуудыг бүрэн хэмжээгээр, нотлох баримтаар гаргуулан авч, тухайн гүйлгээ бүрийн утгыг нэгбүрчлэн ялгаа, заагийг нь тодорхой нотолсоор байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн гүйлгээ бүр нь зөвхөн нэхэмжилж буй мөнгийг төлсөн мэтээр шууд дүгнэсэн нь өөрөө ноцтой зөрчил гэж үзэж байна.

4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх хэсэгт заасан эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлийн тухайд,

Даалгаврын гэрээ, Зуучлалын гэрээ, Зээлийн гэрээнд зуучлах харилцаанд төсөөтэй харилцааг хэрхэн ялгах, зүйлчлэх талаар Улсын дээд шүүхийн тайлбар гараагүй ч зээлийн харилцаа нь орон нутагт маш түгээмэл, суурь харилцаа. Энэ утгаараа хууль хэрэглээг тогтооход үнийн дүн багатай хэдий ч зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Архангай аймгийн харъяат, малчин О нь тус орон нутагт хувиараа зээл олгох, хүүлэх үйл ажиллагаа тогтвортой эрхэлдэг иргэн Б-тэй Даалгаврын гэрээ амаар байгуулж, хариу төлбөртэй, үүргийн харилцаанд орсон.

Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдааны дээр тайлбарлахдаа “ ... тийм ээ, О хотод байр авахад мөнгө хүрэхгүй байна, өсгөөд өгөөч гэхээр нь 5 хувиар бусдад зээлдүүлээд, би өөрийн дансаар сар бүр 5 хувийн хүүг нь хүлээж аваад, 1-2 хувийг нь өөртөө хөлс болгож аваад, үлдэх 3-4 хувийг О-т шилжүүлж байсан” гээд цааш нь ковидын үед мөнгө зээлдүүлэх, хүү тооцохыг хориглосон байсан тул би мөнгөн гүйлгээний утган дээр түрээс гэж бичүүлдэг байсан”, “... миний өмнөөс эхнэр маань зээлийн харилцаатай иргэд рүү нааш цааш шилжүүлэхдээ гүйлгээний утгыг тодорхой бичихгүй алдаа гаргасан байна”, “одоо бол би албан ёсоор зөвшөөрлөө Монголбанкнаас авч байгаа” гэх зэргээр мэдүүлсэн, хариуцагч ба нэхэмжлэгчийн дансны хуулга гээд хэдэн зуун хуудас баримт нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй болохыг харуулдаг. Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө, мэргэжлийн шинжтэй, тогтвортой үйл ажиллагаа-нэг төрлийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хүн өөрөө данс тооцоогоо буруу хөтлөх, андуурах, зээлдэгч авсан зээлээ удалгүй буцааж шилжүүлээд хүү өгөөгүй мэтээр ойлголт төрүүлж, өөрөө дундаас нь хүүгийн ашгаа нэмэгдүүлэх зэрэг нь эцсийн эцэст хэрэглэгч иргэндээ хууль хэрэглээний хувьд ямар байдлаар тайлбарлагдах ёстой вэ гэдэг дээр хариу өгөх ийм ач холбогдолтой кэйс гэж харж байна.

Нотлох чиг үүрэг аж ахуй эрхлэгч-иргэн талдаа оногдох, эсхүл хэрэглэгч иргэн талдаа оногдох аль нь болохыг тодорхойлоход энэ шийдвэр, магадлал ач холбогдолтой байна.

Иймд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай хэрэг тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.16-ны өдрийн 182/ШШШ2024/04219 дүгээр шийдвэрт зохих хууль хэрэглээг зөвтгөн, хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.23-ны өдрийн 210/МА2025/00010 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.06-ны өдрийн 001/ШХТ2025/00145 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2020.09.30-ны өдөр өөрийн эхнэр Н.М-ын хүргэн дүү болох Б.Б-ийн санал болгосны дагуу З.Б-д 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд тэр өдөртөө 35,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Н.М-ын Х-ин дахь данснаас  шилжүүлсэн. Нэг талаас нэхэмжлэгч С.О нь өөрөө хөдөө орон нутагт амьдардаг, нөгөө талаас хариуцагч Б.Б нь зээлдэгч З.Б-тэй холбож өгсний хариу болгож зээлийн хүүгээс 1 хувийг өөртөө авч, үлдэх 4 хувийн хүүг нь над руу шилжүүлж байхаар харилцан тохиролцсон байдаг, ... энэ тохиролцооны дагуу зээлдэгч З.Б нь сар бүр зээлийн хүүг төлдөг, түүнээс 4 хувийг Б.Б нь нэхэмжлэгч рүү шилжүүлдэг байсан боловч З.Б-гийн зээлийн гэрээний хугацаа дуусч, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэгч нь З.Б-тэй уулзахад зээлийг хугацаандаа төлж дуусгасан гэж холбогдох шилжүүлгийн баримтуудыг үзүүлсэн. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “.... Би М-аас 34,500,000 төгрөг авсан, З.Б-гээс надад 53,637,500 төгрөг орж ирсэн. Би О-т (М-руу) 88,000,000 төгрөг өгөх ёстой байтал 101,884,000 төгрөг өгч илүү 13,884,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн З.Б нь С.О-аас 35,000,000 төгрөг зээлсэн боловч С.О нь 1 сар гаруйн дараа надаас З.Б-гийн 15,000,000 төгрөгийг буцаагаад авсан. Иймээс С.О нь 35,000,000 төгрөгийн хүүд 18,637,500 төгрөгийг бүгдийг авах ёсгүй байтал би бүгдийг нь өгч ... 15,000,000 төгрөгт ногдох хүү болох 7,987,500 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. ...” гэж маргаж, нэхэмжлэгчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

9. Нэхэмжлэгч С.О нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Б.Б нь 2020-2021 оныг хүртэлх хугацаанд өөрийнхөө нэрээр нийт 34,500,000 төгрөгийн зээл авч бусдад дамжуулан зээлдүүлсэн байдаг ба уг зээлийнхээ хүүгийн тодорхой хувийг өөрөө авч, 3-4 хувийг нь нэхэмжлэгчид төлдөг байсан. ... Энэхүү зээлээс нийтдээ 32,500,000 төгрөгийг нь надад болон эхнэр М-т төлсөн бөгөөд үндсэн зээлд 2,000,000 төгрөг үлдсэн хэдий ч нэхэмжлээгүй. Зээлдэгч Баярхүү нь надаас нийт 35,000,000 төгрөгийг зээлэн авсан бөгөөд уг зээлийн үндсэн төлбөрт 35,000,000 төгрөг болон хүү, алдангид нийт 18,907,772 төгрөг, нийт 53,907,772 төгрөгийг хариуцагч Б.Б рүү шилжүүлсэн байдаг боловч Б.Б нь үндсэн зээлд 15,00,000 төгрөг, хүүд 10,126,000 төгрөг, нийт 25,126,000 төгрөгийг төлж, үлдсэн 28,781,772 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Гэвч Б.Б-ийн дансаар дамжуулан зээлийн төлөлтийг хийлгэж байсан, бид хоорондоо тохиролцож даалгаврын гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хэмжээний хүүг Б.Б авч байхыг зөвшөөрсний үндсэн дээр миний зүгээс өнөөдөр уг төлөөгүй байгаа төлбөрөөс 20,000,0000 төгрөгийг л нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч нь 2020.10.01-ний өдөр иргэн М-т 20,000,000 төгрөгийн зээлийг мөн эхнэр М-ын данснаас шилжүүлэн олгосон байдаг бөгөөд уг зээлийн хүү мөн л хариуцагчийн дансаар дамжин төлөгддөг байсан. Уг зээлийг М нь 2022.06.27-ны өдөр төлж дуусгасан байдаг ч Б.Б нь 2022.09.09-ний өдөр төлж дуусгаснаар уг зээлийг бүрэн төлөгдсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж, М-аас зээл төлөх баталгаа болгон шилжүүлсэн байсан хашаа байшин, газрыг буцаан шилжүүлж өгсөн, ...иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

10. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт “...Нэхэмжлэгч С.О нь 2020.09.30-ны өдөр З.Б-тэй 35,000,000 төгрөгийн ... зээлийн гэрээг байгуулахад хариуцагч Б.Б нь зуучилсан байх бөгөөд зээлдэгч З.Б нь зээл болон сар бүрийн хүүг Б.Б-д төлж, хариуцагч Б.Б нь сар бүрийн 5 хувийн хүүгийн төлөлтөөс 1 хувийг өөртөө авч үлдэн, үлдсэн 4 хувийн хүүг нэхэмжлэгч С.О-т шилжүүлж байхаар тохиролцжээ. Энэхүү С.О, Б.Б нарын тохиролцоо нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч нь даалгаврын гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талууд даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийхээр тохиролцоогүй байх тул зуучлалын гэрээ байгуулсан гэж үзнэ.”

10.1. Үндсэн нэхэмжлэлийн талаар “... хариуцагч нь С.О-тай өөр бусад зээлийн харилцаатай байсан тул ... 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь З.Б-тэй зуучилсан зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн З.Б нь 2021.09.24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021.10.31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022.08.12-ны өдөр 2,000,000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байхад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С.О руу тухай бүрд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй шилжүүлсэн гэх тайлбар гаргаж байгаа тул хариуцагч Б.Б-ийг 20,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэв. ...”

10.2. Сөрөг нэхэмжлэлийн талаар “... хариуцагч Б.Б нь З.Б-гийн төлсөн зээлийн хүү болох 18,637,500 төгрөгийг бүхэлд нь С.О руу шилжүүлээгүй бөгөөд нийт 10,201,000 төгрөг шилжүүлсэн ... байна. Хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 13,884,000 төгрөгийг ямар харилцааны улмаас илүү төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, ... эдгээр үйл баримтаар нэхэмжлэгч С.О үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.  ...” гэж дүгнэсэн.

11. Давж заалдах шатны шүүх “...Талуудын маргаагүй үйл баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг бусадтай зээлийн гэрээ байгуулахад зуучилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, зуучлалын гэрээний зуучлагчид хөлс, шагнал төлөх журам нь үргэлжилсэн шинжийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийн гэрээний хүүгийн төлбөрийн тодорхой хувийг, тодорхой хугацаанд авч байхаар буюу цаг хугацааны хувьд хөлс, шагналыг үргэлжилсэн шинжтэй хүртэж байгаа нь зуучлалын гэрээний шинжийг үгүйсгэж байна. Түүнчлэн, мөн хуулийн 412 дугаар зүйлийн 412.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээ байгуулахад зуучлахад зуучлалын гэрээний ерөнхий журам үйлчлэх бөгөөд мөн зүйлийн 412.2 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээнд зуучлах гэрээг бичгээр хийнэ. Хэрэгт авагдсан баримтаар талууд уг гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. ...Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. ... Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний шинжийг илүү агуулсан байна. Нэхэмжлэгч болон З.Б нарын байгуулсан гэх 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт З.Б-гээс хариуцагчид нийт 53,907,772 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан “Х” ХК дахь Б.Б-ийн эзэмшлийн ... дансны хуулгаар 2020.10.30-ны өдрөөс 2022.08.15-ны өдрийн хооронд дээрх 53,907,772 төгрөгийг нэхэмжлэгчийн заасан этгээд болох Н.М-ын “Х” ХК дахь ... дансанд хариуцагч шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. ...Түүнчлэн, нэхэмжлэгч нь шаардлага, үндэслэлээ дээрх зээлийн гэрээний хүрээнд тодорхойлсон. Шүүх шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэнэ. Хэрэгт авагдсан баримтаар “Х” ХК дахь Н.М-ын эзэмшлийн ... данснаас 2020.10.01-ний өдөр 20,000,000 төгрөгийг М гэх гүйлгээний утгаар хариуцагчид шилжүүлсэн. Тухайн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар З.Б-гээс нэхэмжлэгч С.О-т төлөх ёстой төлбөрт илүү төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс З.Б болон С.О нарын хооронд тохиролцсон гэрээний дагуу тухайн мөнгөн хөрөнгийг илүү шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс 21,871,500 төгрөг шаардах эрхгүй. Анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл үндэслэлтэй.” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд нийцсэн гэж үзэж, хэргийг хянан хэлэлцэв.

13. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх тодорхойлохдоо нэхэмжлэгч С.О-ыг З.Б-тэй зээлийн гэрээ байгуулахад хариуцагч Б.Б зуучилсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч нь зээлийн гэрээний хүүгийн төлбөрийн тодорхой хувийг, тодорхой хугацаанд авч байхаар буюу цаг хугацааны хувьд хөлс, шагналыг үргэлжилсэн шинжтэй хүртэж байгаа болон зээлийн гэрээнд зуучлах гэрээг бичгээр хийх шаардлага хангаагүй тул зуучлалын гэрээний шинжээс илүүтэй даалгаврын гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэжээ.

14. Даалгаврын гэрээг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бол мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зуучлалын гэрээний агуулгыг тодорхойлжээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд даалгаврын гэрээ болон зуучлалын гэрээнд ижил төстэй шинж нь хариу төлбөртэй буюу талууд тохиролцсон бол хөлс төлөх үүрэгтэй байна.

Харин зуучлалын гэрээ бол зуучлагч ба зуучлуулагчийн хооронд байгуулагдах бөгөөд зуучлагч нь зуучлуулагчийн ашиг сонирхолд нийцсэн этгээдтэй холбож өгөх үүрэг хүлээдэг бол даалгаврын гэрээний тохиолдолд даалгаврын биелэлт даалгавар өгөгчийн хувьд илүү ач холбогдолтой гэж үзнэ. Даалгаврын гэрээгээр даалгавар өгөгчийг хэн нэгэн этгээдтэй холбож өгөх эсэх нь ач холбогдолгүй.

Түүнчлэн даалгаврын гэрээний даалгавар нь даалгавар өгөгчид ач холбогдолтой үйлдэл байдаг тул даалгаврын гэрээ нь төлөөллийн шинжийг давхар агуулдаг.  

Үүнээс гадна зуучлалын гэрээ байгуулахад хэлбэрийн шаардлага тавигдахгүй боловч үндсэн гэрээ нь хүчин төгөлдөр байдлаар байгуулагдсан байх ёстой буюу гэрээний үндсэн шинж нь гурвалсан харилцаа үүссэн байх, энэ нь  нэг талаас зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ байхад нөгөө талаас хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийн хүрээнд зуучлуулагч гуравдагч этгээдтэй үндсэн гэрээ байгуулагдсан байх учиртай.

15. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч С.О-т бусдад мөнгө зээлдүүлэх хүсэл сонирхол байсан бөгөөд тэрээр үүнийгээ хариуцагч Б.Б-д илэрхийлж, улмаар хариуцагч нь З.Б-д уламжилснаар нэхэмжлэгч болон З.Б нарын хооронд 2020.09.30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, 35,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сард 5 хувийн хүү төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож, мөн зээлийг хариуцагчаар дамжуулан төлж, уг сар тутам төлөх 5 хувийн хүүгээс 1 хувийн хүүг хариуцагчид төлөх нөхцөлийг талууд тохирсон болох үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

16. Талуудын энэхүү тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг З.Б-тэй зээлийн гэрээ байгуулахад зуучилсан байх бөгөөд дээрх байдлаар 1 хувийн хүүг хариуцагч авахаар тохирсон нь зуучлалын гэрээний хөлс төлөх агуулгатай байв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээ байгуулах этгээд буюу зээлдэгчийг хариуцагч нэхэмжлэгчид санал болгож, үүнийхээ хариуд төлбөр авч байгаа нь зуучлалын гэрээний шинжид илүү нийцсэн.

Энэ нь даалгаврын гэрээний шинж болох төлөөлөх агуулгаас ялгаатай байх ба хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С.О-ын нэрийн өмнөөс уг харилцаанд оролцоогүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгчид зээлдэгч З.Б-г холбож өгснийхөө хөлсөнд хариу төлбөр авч байгаа нь даалгаврын шинжгүй тул зохигчийн хооронд даалгаврын гэрээний харилцаа үүсээгүй гэж үзнэ.

Харин хариуцагч нь өөрийн дансаараа дамжуулан төлбөрийг авч байгаа үйлдэл нь үргэлжилсэн шинжтэй хэдий ч зөвхөн тухайн үйл баримтыг үндэслэн даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзэх нь учир дутагдалтай төдийгүй зуучлалын гэрээ, даалгаврын гэрээ аль ч тохиолдолд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хөлс төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон хэлбэрээр тогтоох боломжтой юм.

Улмаар хариуцагч ийнхүү зуучлалын хөлсөө авахдаа үндсэн гэрээ буюу зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр үүрэг хүлээсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хөлс, шагналаа авах зорилготой байх бөгөөд үүнийг даалгавар гэж үзэх үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, зуучлалын гэрээний дагуу байгуулагдсан үндсэн гэрээ болох зээлийн гэрээний дагуу зээлдэгч З.Б зээлийн төлбөрийг зээлдүүлэгчид буцаан төлөхдөө зуучлагч Б.Б-өөр дамжуулах харилцаа явагдсан байна. Энэ харилцаа нь С.О болон Б.Б нарын хооронд зуучлалын гэрээ байгуулсныг үгүйсгэх үндэслэл биш.

Зуучлалын хөлсөө суутгаж авах зорилгоор түүгээр дамжин хийгдэж байсан зээлийн төлөлтийг хариуцагч нь тохирсны дагуу нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний дагуу үүргийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 412 дугаар зүйлийн 412.1-д заасныг зөрчөөгүй.

17. Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.2-т зааснаар зээлийн гэрээнд зуучлах гэрээг бичгээр байгуулах боловч энэ шаардлагыг хангаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь бичгийн хэлбэрээр байгуулах шаардлагыг хангаагүй нь хүчин төгөлдөр бус байхаар хуульд заагаагүй бол шууд хүчин төгөлдөр бус болохгүй бөгөөд Иргэний хуулийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

18. Иймээс хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч үүргийг тооцохдоо нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс буруу шийдэл гаргасан.

19. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч шийдлийн хувьд гэрээний үүрэг, тооцооллыг буруутгах үндэслэлгүй тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Тодруулбал, талууд тэдний хооронд үүссэн хэд хэдэн гэрээний харилцаа нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эсэх талаар маргасан, энэхүү нөхцөл байдал нь хэргийн баримтаар үгүйсгэгдээгүй боловч нэхэмжлэгч шаардлагаа З.Б-тэй байгуулсан зээлийн гэрээнд зуучлах гэрээний үүргийн хүрээнд тодорхойлсон тул давж заалдах шатны шүүх энэ хэмжээнд үүргийг дүгнэсэн нь иргэний эрх зүйн диспозитив зарчмыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тооцооллоо хийхдээ банкны дансны хуулга баримтад тусгагдсан гүйлгээний утгад бичигдсэн агуулгыг үндэслэсэн талаар тайлбарласан байх ба хэрэгт авагдсан уг баримтаас үзэхэд зарим гүйлгээний утгын агуулга ойлгомжгүй, тодорхойгүйгээс зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэх нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх журамд нийцэхгүй юм.

Тухайлбал, дансны хуулга баримтуудад гүйлгээний утгыг “...З.Б хүү О-гоос...”, “ ...О- түрээс...” , “...О...” гэх мэтээр бичсэн боловч эдгээр бичвэрийн агуулгаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг тооцоолох боломжгүй байх ба нэхэмжлэгчийн тайлбарласанчлан түрээс гэдэг агуулга нь Д.М-тай хамааралтай гэрээний харилцаанд хамаарна гэж үзэхэд хариуцагчийн эхнэр Н.М болон Д.М нарын хооронд 2020.10.01-ний өдөр газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, 2020.08.26-ны өдөр Д.М болон хариуцагч Б.Б нарын хооронд 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, Н.М-аас 2020.10.01-ний өдөр Д.М-т 20,000,000 төгрөгийг “... хашаа байшин худалдаж авсан төлбөр дуусав...” утгатай шилжүүлсэн, хариуцагч тайлбартаа хүүгийн төлбөрийг шилжүүлэхдээ түрээс гэж бичсэн гэх зэргээс үзэхэд зөвхөн гүйлгээний утгыг үндэслэх боломжгүй, зохигчийн хэн аль нь дээрх тайлбар татгалзлаа нотлоогүй байна.

Энэ үндэслэлээр хэргийн баримтаар тогтоогдсон зохигчийн маргаагүй үйл баримтад үндэслэн гэрээний үүргийг тооцох нь зүйтэй.

Үүнд: З.Б-гийн зээлийн гэрээний үүрэг болон гэрээгээр тохирсон 5 хувийн хүүгийн 1 хувийг хариуцагч авч үлдэхээр тохирсон тул З.Б-гээс шаардах эрхийн дүн нь 45,939,999 төгрөг (2020.10.30, 2020.11.30-ны өдрүүдэд төлбөл зохих хүү 2,800,000 /1,400,000х2/ төгрөг, 2020.12.07-ны өдөр зээлд 15,000,000 төгрөг төлсөн ба энэ хугацааны хүү 8,139,999 төгрөг, нийт хүү 10,939,999 төгрөг, зээл 35,000,000 төгрөг) болж байгааг хариуцагчийн төлбөл зохих үүрэг гэж үзэх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн эхнэр Н.М-ын дансанд 2020 оны 10 сараас 2022 оны 10 сар хүртэл хугацаанд нийт 103,111,000 төгрөг төлсөн, энэ дүнд хариуцагчийн төлбөл зохих 45,939,999 төгрөг бүрэн багтсан байх тул хариуцагч Б.Б-өөс нэхэмжлэгчид төлөх З.Б-гийн зээлд холбогдох дүн төлөгдсөн гэж үзэв.

Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогджээ.

20. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

21. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00010 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 412 дугаар зүйлийн 412.1 ...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч С.О хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.20-ны өдөр урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН