Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

            Улсын яллагч Н.Бадам,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хольдог Энхтөрийн Одбаясгаланд холбогдох эрүүгийн 201618010147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 0000 оны 04-р сарын 13-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 00-00тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Хольдог Энхтөрийн Одбаясгалан /РД: ШГ-,

            Шүүгдэгч Э.Одбаясгалан нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 21-р байрны 3-р орц, 00 тоотод “Цахим тоглоом” /R/EG 340 дугаартай бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж үйл ажиллагаа явуулсан байх тул хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах  тухай тогтоолоос/

           

            Шүүхийн хэлэцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч А.Анххөтөлийн мэдүүлэг /хх-ийн  20 хуудас/, гэрч Гавъяатын мэдүүлэг /хх-ийн  16 хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Нямдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн  10 хуудас/, насанд хүрээгүй гэрч С.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 12  хуудас/, гэрч О.Бат-Оршихийн мэдүүлэг  /хх-ийн 19 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Гэрч А.Анххөтөлийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг /хх-ийн  11 хуудас/, гэрч А.Анххөтөлийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Э.Одбаясгаланд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Э.Одбаясгалан нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 21 дүгээр байрны өргөтгөлд  “Цахим тоглоом” ажиллуулах зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 340/R/EG 340 дугаартай бүртгэлийн гэрчилгээг  2016 оны 07-р сарын 08-ны өдөр 02 жилийн хугацаатай авсан бөгөөд, Засгийн газрын 2013 оны 410 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “ орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж 21 дүгээр байрны 00 тоотод цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж, дээрх  340/R/EG 340 дугаартай бүртгэлийн гэрчилгээн дээрх хаягийг өөрчлөн өөртөө ашиглах зорилгоор хуурамчаар үйлдсэн болох нь:

            1. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Анхөтөлийн өгсөн “...Манайх бүртгэлийн гэрчилгээгээ тоглоомын газраа байрлуулж байсан. Би тэр болгон цахим тоглоомын газар руугаа ордоггүй болохоор байрлуулсан байгаа байх гэж бодож байсан.  Нэг өдөр цагдаа нар ирээд зөвшөөрлийн гэрчилгээг асуухад нь би цахим тоглоомын газрын хананд өлгөөтэй байгаа байх гэж хэлэхэд цагдаа нар байхгүй байна гэсэн. Тэр үед яагаад өлгөөгүй байсан гэхээр өмнө нь цахим тоглоомын газар өлгөсөн байхад хүн унагаад хагалсан байсан болохоор манай нөхөр аваад гэртээ хадгалсан байсан  юм байна лээ... ” гэх мэдүүлэг, 

            2. Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй гэрч С. Мөнх-Эрдэнийн өгсөн “...Би 2016 оны 12-р сарын 11-ний өдөр 21 цагийн үед 2 найзтайгаа 21-р байрны цахим тоглоомын газар руу орсон юм аа. Тэр тоглоомын газар нь 21-р байрны 3-р орцны 00 тоот өрөөнд байдаг юм. Хажуу талын хаалга гэр нь байдаг юм аа. Бид нар тоглоомын газар руу орох гээд гэрийнх нь хаалгыг нүдсэн. Нэг эгч гарч ирээд тайлж өгсөн. Бид хэд ороод 1 цаг аваад тоголж байсан. Удалгүй хаалга тогшоод би онгойлгосон чинь цагдаа ороод ирсэн. Тэгээд эзнийх нь эхнэр гарч ирээд зөвшөөрлөө шалгуулаад байсан. Тэгээд бид хэд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

            3. Хэрэг бүртгэлтэд Ч.Гавъяатын өгсөн “...Би өөрөө Сайхан сумын 2-р багийн СӨХ-ийн дарга хийдэ юм аа. 21-р байр манай багтаа хамаарагддаг юм аа. Надад оршин суугчид олон удаа гомдол гаргаж байсан. Хүүхэд залуучуудыг гаднаас нь цоожилчихоод тоглуулаад байдаг юм аа. Тэнд тоголж байгаа хүүхдүүд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байдаг юм. Би Одбаясгалан гэдэг залуутай уулзаад зөвшөөрлөө шалгуул гэсэн чинь танд шалгуулах юм байхгүй гээд намайг олон удаа үл тоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

4. Хэрэг бүртгэлтэд гэрч А.Ууганцэцэгийн өгсөн “...Манай 21-р байрны 3-р орцны 00 тоотод “Цахим тоглоомын газар” ажилладаг. Би энэ байранд нүүж ирээд 3 жил болоход ажиллуулдаг л байсан. Манай орцонд хүүхдүүд тамхи татаад, шээгээд орилж бахираад хэцүү байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

            5. Хэрэг бүртгэлтэд гэрч О.Бат-Оршихын “...Миний мэдэхээр ажиллаад 2-3 жил болж байна. Манайх захиргаанаас шалгалт хийхэд удаа дараа шаардлага хангадаггүй байсан. Эрүүл ахуйн хувьд ч шаардлага хангадаггүй, сургуулийн сурагчид ялангуяа бага насны хүүхдүүд ихээр тоглодог байсан. Зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа гээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

6. Хэрэг бүртгэлтэд гэрч Б.Сэргэлэнгийн өгсөн “...Би 2016 оны 12-р сарын 11-ний өдөр 20 цагаас 01 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэр хугацаанд 22 цагийн үед байх Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 21-р байрны 03-р орцны 00 тоотод шалгалт хийж орох үед 10 ширхэг хар өнгийн компъютертэй тоглоомын газар байсан. Тухайн үед 3-4 хүүхэд тоглоод сууж байсан. Хажуу талд нь эзэн нь байдаг гэсэн болохоор тогшоод асуухад эзэн нь Эрдэнэт явсан гэж байсан. Тэгэхээр нь тухайн компъютерийн газрын 10 ширхэг компъютерийн хулгана болон гарыг хураан авч жижүүрт хүлээлгэн өгсөн. Мөн тухайн айлд байсан нэг эмэгтэй энэ гэрчилгээ нь байна манай тоглоомын газар зөвшөөрөлтэй гээд гэрчилгээ гаргаж ирснийг хураан авч Цагдаагийн тасгийн жижүүрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

7. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн

“...1. /R/EG 340 дугаартай Цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд дарагдсан тамга тэмдэг хуурамч байна. Тусгай зөвшөөрөлд дарагдсан тамга тэмдэгний дардас нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн байна.

2. /R/EG 340 дугаартай Цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд зурагдсан гарын үсэг нь хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгсэл ашиглан зурагдсан байна. Харьцуулах загвар ирүүлээгүй тул хэн зурсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,

8.Хавтаст хэргийн 6-р хуудсанд авагдсан хуурамч бүртгэлийн гэрчилгээнд “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг, 21-р байрны 00 тоот...” гэж бичигдсэн, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бүртгэлийн гэрчилгээнд “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг, 21-р байрны өргөтгөл...” гэж бичигдсэн хэсэг болон  Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Цахим тоглоомын газар нь дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно...”, 4.1.2 дахь хэсэгт “...орон сууцны нэг давхар, зоорины давхарт үйл ажиллагаа явуулах...” гэх зэрэг нотлох баримт болон шүүгдэгч Э.Одбаясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би цахим тоглоомын газар ажиллуулдаг байсан. Тоглоомын газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө 21 дүгээр байрны ар талын өргөтгөлд авсан өргөтгөлийн засвар нь дуусаагүй байсан. Би өмнө  нь бүртгэлийн гэрчилгээгээ цагдаа нарт шалгуулж байсан. Би тэр өдөр Эрдэнэт рүү ажлаар явсан байсан.  Тэр орой манай эхнэр 21 цагийн үед миний утас руу залгаад цагдаа нар ирлээ тоглоомын газрын зөвшөөрөл хаана байгаа юм бэ гэсэн. Би гэрт баримт бичиг хийдэг цэнхэр хавтас дотор байгаа гэж хэлсэн. Манай эхнэр тоглоомын газрын жинхэнэ зөвшөөрлийн гэрчилгээ биш миний сонирхлын журмаар хуулбарлаад хадгалсан байсан гэрчилгээг андуураад гаргаад өгсөн байсан. Тоглоомын газрын жинхэнэ зөвшөөрлийн гэрчилгээ нь мөн тэр хавтас дотор байсан. Манайх тоглоомын газартаа байнга байдаггүй гэрээсээ камераар хянадаг байсан. Зөвшөөрлийн гэрчилгээг өмнө нь тоглоомын газраа жаазтай өлгөсөн байхад хүүхдүүд унагаад хагалсан байсан. Би сонирхлын журмаар зөвшөөрлийн гэрчилгээний хаягийг нь өөрчлөөд ашиглах сонирхолгүй гэртээ хадгалж байсан. Бүртгэлийн гэрчилгээний эх хувийг нь тоглоомын газар өлгөхөөр хүүхдүүд унагаад алга болчихож магадгүй гээд бас гэртээ хавтас дотор хийсэн байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.


            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Одбаясгалан нь “... энэ гэрчилгээг өөрийн сонирхлоор хийсэн ашиглах зорилго байгаагүй...” гэж мэдүүлж байгаа ч  өнгөт принтер ашиглан бүртгэлийн гэрчилгээн дээрх хаягийг өөрчлөн гэрийнхээ баримт бичиг хадгалдаг  цэнхэр  өнгийн хавтаст хадгалсан нь түүний гэм буруугийн шууд санаатай  үйлдлээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Э.Одбаясгалангийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэг заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон баримт бичгийг ашиглах зорилгоор хуурамчаар үйлдсэн гэм буруутайд  тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Одбаясгалан нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшсэн байдал олон ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт “Аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа болох нь  “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- /хх-ийн 39 хуудас/-аар  тогтоогдож  байгаа бөгөөд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг болсон анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан  торгох ялын доод хэмжээгээр  торгох ял оногдуулах нь түүний хувийн байдалд нийцнэ  гэж үзлээ. 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  340/R/EG 340 дугаартай бүртгэлийн гэрчилгээ, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад  түр хураан авсан компъютерийн гар 10 ширхэг, хулгана 10 ширхэгийг Э.Одбаясгаланд буцаан олгох  нь зүйтэй байна.

Гэрч А.Анххөтөлөөс мөрдөн байцаалтад авсан хавтаст хэргийн 11, 20-р хуудсуудад авагдсан мэдүүлгүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж авсан байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Одбаясгалан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй болно. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Хольдог Энхтөрийн Одбаясгаланг аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон баримт бичгийг ашиглах зорилгоор хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Одбаясгаланг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Одбаясгалан нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулж торгох ялыг 03 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Э.Одбаясгалан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 59-р хуудсанд авагдсан бүртгэлийн гэрчилгээний эх хувийг шүүгдэгч Э.Одбаясгаланд буцаан олгож хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түр хураан авсан гэх хар өнгийн компютерийн гар 11 ш, компютерийн хулгана 10 ширхэгийг Э.Одбаясгаланд буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуусан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нь тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                А.НАРАНТУЯА