Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Над холбогдох эрүүгийн 2419000250040 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот болох өөрийн гэртээ Ц.Атай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар ширээн дээр байсан хутгаар түүний зүүн гарын тохой хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот болох өөрийн гэртээ Ц.Атай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар ширээн дээр байсан хутгаар түүний зүүн гарын тохой хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Агийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...намайг Б.Нын гэрт очиход Б.Н, Т нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Би дэлгүүрээс авсан 0.75 литрийн Хараа архиа гаргаж юм ярингаа Б.Н, Б.Нын эхнэр. Туба ах нарын хамт архи уусан. Бид нарын ууж байсан архи талдаа ороход Б.Н нь Туба бид хоёрыг эхнэртэйгээ хардан агсан тавьсан. Б.Н нь ширээнийхээ доороос саарал өнгийн бариултай хутга гаргаж ирэн Туба бид хоёр луу хутгаa далайн хаана чинь хутгалах уу гэж хэлж байгаад миний зүүн гарын тохой хэсэгт нэг мэдсэн чинь хутгалахад нь Туба ах Б.Наас хутгыг булааж авсан чинь Б.Н сүртэй юм гэж хэлж байсан.... Би зүүн гарынхаа тохой хэсэгт 3 оёдол тавиулсан. Миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,

          Гэрч Б.Тын “...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найз Б.Нын гэрт О. Ц.А бид дөрөв 0.75 литрийн Хараа архи 6-7 шил архи уусан. Би согтоод тасрах шахуу баруун орон дээр хэвтэж байхад мөн орон дээр Ц.А миний хажууд сууж Ц.А, Б.Н хоёр маргалдаж, нэг мэдэхэд Б.Н Ц.Агийн зүүн гарын тохой хэсэгт 1 удаа хутгалчихсан гараас нь цус гарч байсан....Б.Н Ц.Аг эхнэртэйгээ хардаж маргалдаж муудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

        Шүүгдэгч Б.Нын сэжигтнээр мэдүүлсэн: “... Би Ц.Аг ирэхээс өмнө эхнэр, Т бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц.Агийн авчирсан архийг бид нар хувааж уунгаа ойр зуурын юм ярьж байсан. Би Ц.А, Т нарыг гэрээсээ яв гэж хэлсэн чинь явахгүй, миний өөдөөс хэрэлдээд байхаар нь би ширээн дээр байсан хутгаа авч Ц.Аг айлгах гэсэн чинь зүүн гарын тохой хэсэгт хутгалчихсан.... Ц.А эхнэр бид хоёрын ярианы голоор орж ирэн надтай маргалдахаар нь ширээн дээр мах идэж байсан хутгаа авч Ц.Аг айлгах гэсэн чинь зүүн гар хэсэгт хутгалчихсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

         Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/34 дугаартай “...1.Ц.Агийн биед зүүн тохойн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-р тал/,

         Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 22-24-р тал/,

         Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

 

          Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          

           Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №02/34 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ц.Агийн биед зүүн тохойн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Нын үйлдэлд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

          Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Атай үл ялих зүйлийн улмаас маргалдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирол, хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          

            Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар:       

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Над танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

            Иймд шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох байдлаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох байдлаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Шүүгдэгч Б.Над оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

            5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР