Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

           Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,  

           Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2419000000164 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн ажлын албаны автобусны буудал орчимд улсын дугааргүй Senty маркийн мотоцикл буюу тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,..." гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.  .

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дугаар тал),

           Б.Бийн жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 16 дугаар тал),

           Эрх бүхий албан тушаалтны Б.Бийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.         

 

           Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

 

           Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан /2017 онд батлагдан мөрдөгдөж байсан/ “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, зөрчлийн лавлагаагаар тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,..." гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

          

           Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.

          

           Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

           Прокуророос шүүгдэгч Б.Бийн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

           Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй  эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тус тус авахуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заанаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан

 

 

мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тус тус авч, шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Мөн шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох бөгөөд түүнд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

 

           Бусад асуудлаар:

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй  эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тус тус авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.  

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР