Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/хт2025/00049

 

Ү.Б, П.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анханшатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/03795 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/02101 дүгээр магадлалтай,

Ү.Б-, П.Б- нарын нэхэмжлэлтэй,

Л.Н-д холбогдох,

0000 тоот орон сууцыг Л.Н-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

0000 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, 0000 тоот хашаанд тарьсан алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлийн мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Л.Н болон хүү Б.Э, Б.А, охин Б.А нарт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Б, П.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.О, хариуцагч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ү.Б, П.Б нар нь хариуцагч Л.Н-эд холбогдуулан 0000 тоот орон сууцыг Л.Н-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 0000 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, 0000 тоот хашаанд тарьсан алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлийн мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Л.Н болон хүү Б.Э, Б.А, охин Б.А нарт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/03795 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Н-эд холбогдох 0000 тоот хаягт байрлах 36.88 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б, Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б, Б нарт холбогдох Хан-Уул дүүрэг, 12 хороо, сонгино 27 гудамж, 288 тоот хашаанд тарьсан алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлний мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхгийг тус бүр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, алимны мод 1 ширхэг, интоорын мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, бөөрөлзгөнө 3 ширхэг, үхрийн нүд 20 ширхэг, тошлой 2 ширхэг, үрэлний мод 3 ширхэг, нохойн хошуу 10 ширхэг, монос 3 ширхэг, чацаргана 4 ширхэг, тэхийн шээг 4 ширхэг, нарс 1 ширхэг, сакура 1 ширхэг, голт бор 2 ширхгийг нэхэмжлэгч Б, Б нараас гаргуулж хариуцагч Л.Н-эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б, Б нарт холбогдох 0000 тоот хаягт байрлах 36.88 м.кв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай хариуцагч Л.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 101,270 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/02101 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/03795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Б, П.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 0000 тоотод орших 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Л.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй” гэж өөрчилж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 27 гудамжны 288 тоот хашаанд байх алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлний мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхэг буюу 17 төрлийн 101 ширхэг мод, бутыг нэхэмжлэгч Ү.Б, П.Б нараас гаргуулан хариуцагч Л.Н-эд олгож, 0000 тоотод орших 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан “...57 дугаар зүйлийн 57.1...” гэснийг “56.1, 56.2” гэж өөрчлөн,

5 дахь заалтыг “4 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.04-ний өдрийн 210/МА2024/02101 тоот магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нар нь 0000 тоот орон сууцнаас Л.Н-ийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг, харин миний бие 0000 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, 0000 тоот хашаанд тарьсан нэр бүхий ... мод, суулгац бутыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож Л.Н болон хүү Б.Э, Б.А, охин Б.А нарт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 0000 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагчийн гаргасан 0000 тоот орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлд дурдсан 17 нэр бүхий мод, бут, суулгацыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөл мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Ү.Б, П.Б нараас гаруулж хариуцагч Л.Н-эд олгохоор шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан ... хариуцагч Л.Н-ийг нэхэмжлэгч нар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан эхлэн хариуцагч Л.Н-ийг маргаж буй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ ... гэж дүгнэсэн. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үндэслэл нь ээж нь өндөр настай хүн юм гэдэг утгаар буруу ташаа бодож ийм шийдвэр гаргаснаа хожим нь ухаарсан. 0000 тоот орон тоот маргаан бүхий орон сууцыг 2014 онд П.Б худалдан авсан, энэ нь П.Б-ын ажил төрөлдөө ойр гэж худалдаж авсан, худалдаж аваад өөрийн ээж Ү.Б болон Н, хүүхдүүдийн хамт амьдарсан гэж тайлбарласан, нөгөөтэйгүүр хариуцагч Л.Н миний бие дээрх орон сууцанд хүүхдүүдийн хамт 2008 оноос хүртэлх хугацаанд амьдарч байсан.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий 0000 тоот орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.25-ны өдрийн 183/ШШ2024/03795 тоот шийдвэр, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.04-ний өдрийн 210/МА2024/02101 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, 0000 тоот хамтран өмчлөх дундын өмчлөлөөс Л.Н надад болон нэхэмжлэгч П.Б-од бид нарын дундаас 2001.10.16-ны өдөр төрсөн хүү Б.Э 2009.01.18-ны өдөр төрсөн охин Б.А, 2012.09.24-ний өдөр төрсөн хүү Б.А нарт оногдох хэсгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.13-ны өдрийн 001/ШХТ2025/00182 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Ү.Б, П.Б нар нь хариуцагч Л.Н-эд холбогдуулан 0000 тоот орон сууцыг Л.Н-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Ү.Б миний бие 0000 байр, 00 тоот хаягт байрлах 36.88 м.кв 2 өрөө орон сууцны 90 хувийн хууль ёсны хэсгээр өмчлөгч бөгөөд миний хүү, хамтран нэхэмжлэгч П.Б нь үлдэх 10 хувийн хэсгээр хамтран өмчлөгч юм. Миний нөхөр хүү П.Б-од 2004 онд Чингэлтэй дүүрэгт байрлаж байсан орон сууцаа өгч, орон сууцыг П.Б 2014 онд бусдад худалдаж олсон мөнгөөр авсан. Нэхэмжлэгч П.Б 2020 оноос хойш хамтран амьдарч байсан Л.Н-тэй таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 3 сараас тусдаа амьдарсан ба Л.Н бидний орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... нэхэмжлэгч П.Б-той анх 2000 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй, ... 3 хүүхэдтэй. ...2014 онд тус орон сууцыг худалдан авахад бид хоёр хамтран амьдарч байсан. П.Б-ын аавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэгт байрлаж байсан орон сууцыг зарж борлуулсан мөнгөөр 2014 онд тус орон сууцыг хадам ээж Ү.Б болон нөхөр, хүүхдүүд 6 хүн гэр бүлийн дундын хөрөнгө хэмээн худалдан авсан. Тийм учраас П.Б болон Л.Н нар нь хамтран амьдарч байх хугацаандаа тухайн орон сууцыг худалдан авсан учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлтэй юм. ... хамтран амьдарч байх хугацаанд нийт 101 мод бутыг тарьсан. Эдгээрийг хамтран амьдрах хугацаандаа тарьж ургуулсан учир гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн үзэж, өөрийн тарьж арчилж хүч хөдөлмөөр зарцуулж байсан мод, бутыг тус хашаанаас салган, ногдох хэсгийг гаргуулж авна ...” гэж маргаж, “...0000 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, 0000 тоот хашаанд тарьсан алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлийн мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Л.Н болон хүү Б.Э, Б.А, охин Б.А нарт ногдох хэсгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

9. Нэхэмжлэгч Ү.Б, П.Б нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...Энэ үл хөдлөх хөрөнгө нь хамтран амьдрахаас өмнө үүссэн хуваарьт хөрөнгө бөгөөд хамтран амьдрах хугацаанд үүссэн хөрөнгө биш юм. П.Б миний бие Л.Н-тэй гэрлэж байгаагүй. ... дээрх мод, бут, сөөгийг үр хүүхдүүд маань төлжүүлэн ургуулах, үндэслүүлэн авах ашиглах зэрэгт надад татгалзах зүйлгүй...” гэжээ.

10. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн талаар “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.Б, П.Б нар нь 0000 тоот хаягт байрлах 36.88 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс тус орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. ... Нэхэмжлэгч П.Б нь хүүхдүүд болон хариуцагчийн хамт амьдарч байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасан үүргийнхээ хүрээнд гэр бүлийн гишүүдийг амьдрах орчин нөхцөлөөр хангасан зайлшгүй үйлдэл гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар хариуцагч Л.Н болон түүний хүүхдүүдийг маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт “Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно” гэж зааснаар эзэмшил дуусгавар болох боловч мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй. ... Энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж,

Сөрөг нэхэмжлэлийн талаар “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 183/ШШ2020/01920 дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Л.Н нь урьд нь 0000 тоот хаягт байрлах 36.88 м.кв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар уг сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нар нь 0000 тоот хашаанд тарьсан алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлний мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхгийг тус бүр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126.2.1-д “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” гэж тус тус зааснаар дээр дурдсан мод, бутыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэлээ.” гэсэн дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “... Нэхэмжлэгч Ү.Б /90 хувь/, П.Б /10 хувь/ нар ... орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон. Хариуцагч нь маргаж буй орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдтэйгээ амьдрах газаргүй тул орон сууцтай болох хүртэлх 2-3 жилийн хугацаа олгохыг хүсч тайлбар гаргаснаас өөрөөр татгалзлаа нотлоогүй буюу энэ талаар маргаагүй байна. Иймээс нэхэмжлэгч нар орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан үеэс эхлэн хариуцагч Л.Н-ийг маргаж буй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ. ... Нэхэмжлэгч П.Б, хариуцагч Л.Н нар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй байх тул гэрлэгчид буюу нөхөр, эхнэр гэж үзэхгүй. ...Зохигчийн маргаж байгаа 31 тоот орон сууц нь Иргэний хуулийн 125 дугаар зүйлд заасан гэр бүлийн хөрөнгөд хамаарахгүй тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч дээрх 31 тоот орон сууцыг худалдан авахад хөрөнгө оруулсан, түүний хөдөлмөрийн оролцоо байсныг нотлоогүй, энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н-эд өмчлөх эрх үүссэн, өмчлөгч гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. ... Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нарын маргаангүй тайлбарыг үндэслэн, хариуцагч Л.Н-ийг тухайн 288 тоот хашаанд байх ... 17 төрлийн 101 ширхэг мод, бутны өмчлөгчөөр тогтоож, дээрх нэр төрлийн мод, бутыг биет байдлаар нь гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. ... Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна. Зохигчийн хоорондын маргаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалт хамаарахгүй, харин мөн хуулийн 108 дугаар зүйлд заасан дундын өмчийг хэлцлийн үндсэн дээр олж авахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 гэж өөрчилнө. Хариуцагчийн гаргасан 0000 тоотод орших 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Л.Н нь П.Б-од холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах болон 0000 тоот орон сууцнаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хөрөнгө хуваах шаардлагаас бүрмөсөн татгалзаж байна гэсэн тайлбарыг гаргасан нь мөн шүүхийн 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 1920 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан ч шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар зааж ... нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснийг заагаагүй тул шүүх Л.Н-ийн уг шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн маргаж буй 31 тоот орон сууцанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н-эд өмчлөх эрх үүсээгүйг дүгнэсэн учир энэ үндэслэлээр хариуцагч Л.Н-ийн гаргасан 0000 тоот, 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. ....” гэсэн дүгнэлт хийжээ.  

12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн талаар дүгнэлт хийхдээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах тухай хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэснээс хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаар өөр шийдэл гаргасан, мөн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх зарим хэсэгт холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үр дагаврын хувьд ялгаатай дүгнэлт хийсэн нь хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болов.

13. Хэргийн баримтаар маргаан бүхий 0000 тоот 36.88 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, орон сууцны зориулалттай, 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ү.Б 90 хувь, П.Б 10 хувийн өмчлөгч, нэхэмжлэгч Б нь 2020.02.18-ны өдрийн “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ”-ээр ээж Ү.Б-даа өөрийн 50 хувийн 40 хувийг бэлэглэсэн, П.Б, Л.Н нар нь 2000 оноос хойш хамтран амьдарч 2001.10.16-ны өдөр хүү Б.Э, 2009.01.18-ны өдөр охин Б.А, 2012.09.24-ний өдөр хүү Б.А нар төрсөн, нэхэмжлэгч П.Б, хариуцагч Л.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, маргаан бүхий орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа тухай үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй.

14. Зохигчийн маргааны зүйл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох эсэхээс шалтгаалж, хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх тухай асуудал болжээ.

15. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.3-т “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлэх ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэжээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийг гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө болохоор заасан.

16. Эндээс үзвэл нэхэмжлэгч П.Б болон хариуцагч Л.Н нар нь 2000 оноос хойш хамтын амьдралтай байсан боловч тэд дээрх хуульд зааснаар гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүйгээс гэр бүл гэж үзэх үндэслэлгүй тул тэдний хоорондох эд хөрөнгийн өмчлөх эрхийн харилцаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн талаарх зохицуулалт хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Л.Н-тэй хамтын амьдралтай байх үедээ худалдан авсан хэдий ч тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.

17. Нөгөө талаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д аливаа дундын өмчлөлийн эрх зүйн үндэслэлийг “хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан.

Хуульд зааснаар гэдэг нь дээр дурдсан гэрлэлтийн үндсэн дээр үүссэн гэр бүлийн дундын өмчлөлийн эрхэд хамаардаг бол харин гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх нь Иргэний хуульд заасан гэр бүлийн хөрөнгийн эрхийн талаарх зохицуулалтад хамаардаггүй, хэлцлийн үндсэн дээр үүсдэг.

Тодруулбал гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчид нь дундын өмчлөлийн хөрөнгийн асуудлыг Иргэний хуулийн бусад зохицуулалтаар, эсхүл өөр хуулийн үндэслэлээр үүсгэх боломжтой.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан эд хөрөнгийг дундаа хэсгээр болон хамтран өмчлөгчдийн хувьд өмчлөлийн зүйл нь тэдний хувьд бүхэлдээ буюу нэгэн цул байдлаараа өмчлөх эрхэд хамаардаг бөгөөд гагцхүү дундын өмчлөлөөс гарах үед өмчлөлийн зүйлийг хуваах онцлог өөр, мөн ашиглалт удирдлагыг шийдэх үед шийдвэрт оролцох оролцоо өөр байдаг.

18. Маргаан бүхий тохиолдолд хариуцагчийн хувьд эд хөрөнгийг бий болоход тодорхой хувь хөрөнгө оруулсан тухай үйл баримт тогтоогдоогүй тул тэрээр дундаа хэсгээр өмчлөгч болохгүй.

Харин хариуцагчийн хувьд гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан нь хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгийг дундаа  өмчлөх эрхийг үгүйсгэхгүй боловч энэ тохиолдолд хөрөнгийг бий болгоход оролцсон оролцоо ач холбогдолтой.

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Л.Н-тэй хамтран амьдрахаас өмнө өөрийн эцэг Л.П-тэй 0000 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хамтран өмчилж байсан ба 2004.06.08-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, уг 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөс эцэг Л.П хасагдан, нэхэмжлэгч П.Б уг үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчилж байгаад 90,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүний 60,000,000 төгрөгөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болох нь тогтоогдсон тул энэ хөрөнгийг бий болоход хариуцагчийн ямар нэгэн оролцоо байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс хариуцагч Л.Н-ийн хувьд гэр бүлийн эд хөрөнгийн болон дундын өмчийн эрхийн аль ч үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хамтран өмчлөгч байх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт дээрх хуульд нийцсэн.

19. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өмчлөгч байх хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн байх учиртай.

Энэ утгаараа Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй ба хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэхээс шалтгаалж нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах эсэх нь тодорхойлогдоно.

20. Анхан шатны шүүх хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэхдээ Гэр бүлийн тухай хуулийг хэрэглэж, гэрлэгчдийн бие биеийнхээ өмнө хүлээх эрх үүргийг буюу нэхэмжлэгч П.Б-ыг гэр бүлийн гишүүдийг амьдрах орчин нөхцөлөөр хангах үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагчийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай дүгнэлт болохыг давж заалдах шатны шүүх зөв залруулжээ.

Тухайлбал, давж заалдах шатны шүүх гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эрх, ашгийг хамгаалахад гэрлэлтийн баталгаатай эсэхийг үл харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь заалт хэрэглэгдэх боловч хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй бөгөөд өмчлөгчийн туйлын эрхийг үгүйсгэхгүй гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

21. Хэдийгээр хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэх нь буруу биш боловч хүү Б.Э насанд хүрсэн байх бөгөөд тэрээр бусад насанд хүрээгүй дүү нараа асран халамжлах боломжтой, нөгөө талаас нэхэмжлэгч П.Б эцгийн хувьд хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийн хүрээнд өөрийн өмчлөлийн орон сууцыг тэдэнд удаан хугацаанд ашиглуулж байсан боловч одоо уг орон сууцны дийлэнхийн өмчлөгч болох өндөр настай ээж Ү.Б-д нэн шаардлагатай байгаа нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн хариуцагч Л.Н нь хүүхдүүдийн хамт маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа хэдий ч Л.Н, П.Б нар нь хамтын амьдралаа дуусгавар болгож, шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцэг П.Б-оор тэжээн тэтгүүлэхээр тогтоосон зэргээс үзэхэд түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар өмчлөгч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болох тул маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчид болох нэхэмжлэгч нар шаардсанаар хариуцагчийн эзэмшил дуусгавар болох буюу энэ үеэс түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзэхгүй юм.

22. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

23. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заагаагүй, шийдвэрлээгүй гэж үзэж энэ талаарх анхан шатны шүүхийн шийдлийг зөвтгөсөн нь үндэслэлтэй.

Түүнчлэн хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзаж байгаа агуулга бүхий тайлбарыг гаргасан хэдий ч тэрээр ийнхүү татгалзаж байгаагаа бүрэн илэрхийлээгүй ба “...маргаан бүхий эд хөрөнгийг хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын хөрөнгө гэж үзэж байна. ...” гэсэн тайлбарыг мөн гаргаж байсан, улмаар энэ талаар хяналтын журмаар гомдол гаргасан зэргээс үзэхэд түүнийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж үзсэнгүй.

24. Хариуцагчийн 17 төрлийн 101 ширхэг мод, бутны өмчлөгчөөр тогтоож, дээрх нэр төрлийн мод, бутыг биет байдлаар нь гаргуулах тухай сөрөг шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д нийцсэн.

Гэвч хоёр шатны шүүх уг шаардлагын хувьд хариуцагч нь мод, бутыг дундын өмч гэж үзээд ногдох хэсгээ нэхэмжилсэн, эсхүл дангаар өмчлөх эрхтэй гэж үзээд бүхэлд нь нэхэмжилсэн аль нь болох нь тодорхойгүй байхад сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан, улмаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох эсэхийг анхаараагүй үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т нийцээгүй боловч энэ талаах зохигч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/02101 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Л.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД