Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2021/01099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00980/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, *** хороо, *** хороолол, *** байр, ***. тоотод оршин суугаа, ***. регистрийн дугаартай, ***овогт Д.У-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***.  аймаг, *** сум, *** баг *** задгайд оршин суугаа, *** регистрийн дугаартай, *** овогт Ц.М-д холбогдох,

 

2 375 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр болох Д.У- нь хариуцагч Ц.М-тай 2021 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд 2 375 000 төгрөг хүүгүйгээр зээлдүүлэхээр амаар тохиролцсон бөгөөд хариуцагчийн 50*** тоот дансанд мөнгө шилжүүлсэн. Үүний дараагаар Ц.М-гаас тохиролцсон хугацаандаа мөнгөө авахыг шаардсан боловч мөнгөнийхөө орон микро автобус өгье гэсэн  байдаг. Тухайн машины хувьд бие байдлын доголдолтой бүрэн бүтэн биш өнгө үзэмжгүй, ажилладаггүй машин байсан тул машиныг нь авахгүй гэдгээ илэрхийлээд мөнгөө буцааж авахыг хүссэн. Гэтэл хариуцагч нь элдэв шалтаг, шалтгаан хэлж зээлдүүлсэн мөнгийг өгөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иргэний хуулийн 43.1, 42.1 дэх хэсэгт амаар хэлцэл хийж болох тухай заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид бүрэн итгэж 2 375 000 төгрөгийг амаар тохиролцон зээлдүүлсэн. Зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаагаас нэхэмжлэгчийн гэр бүлд эдийн засгийн хохирол үүсээд байгаа тул бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Хариуцагчаас мөнгөө шаардаж утсаар ярьсан болон мессеж бичсэн баримтууд байгаа болно гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч Ц.М-д холбогдуулан зээлийн төлбөр 2 275 000 төгрөг, хослолын үнэ 100 000 төгрөг нийт 2 375 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.У- нь шүүхэд төлөөлөх эрхийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Н.Н-т итгэмжлэлээр олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н- нь хариуцагч Ц.М-д холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар өөрийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга, хариуцагч Ц.М-тай цахимаар харилцсан захидлыг ирүүлсэн байна. / хх-ийн 5-12 дугаар тал/

Хэдийгээр зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлийн гэрээний дагуу мөнгийг дансанд шилжүүлж байсан нь нотлогдож байх тул талуудын хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.  

 

Хариуцагч Ц.М-д шүүх нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргуулж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг танилцуулсан байна.

Гэвч шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй тул шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлож шүүх хуралдааны товыг түүний дүү Ц.М-д утсаар мэдэгдэж, түүний оршин суугаа газрын хаягийн дагуу Дархан-Уул аймгийн *** сумын ***  багийн Засаг даргад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүх хуралдаанд ирүүлэх арга хэмжээ авахыг албан бичгээр хүргүүлсэн байна.

Тухайлбал хариуцагч Ц.М- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүний сүүлчийн оршин суугаа газрын хаягаар товыг хүргүүлж, дээрх хуульд заасан албан тушаалтанд мэдэгдэх хуудсыг хүргүүлснээр хурлын товыг мэдэгдсэнд тооцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар гаргаж өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.

 

Иймд хариуцагчид хурлыг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан мэтгэлцэх эрх, үүргээ хэрэгжүүлж шүүх хуралдаанд оролцоогүй, тайлбар ирүүлээгүй үндэслэлээр түүнийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.М-гаас 2 375 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНТУЯА