| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0101/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын орлогч прокурор С.Батмөнх-Очир,
Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Чд холбогдох эрүүгийн 2419000000101 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Ч.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Ч нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сайншанд сумын Засаг даргын орлогч Д.Тт, түүнийг ажлын өрөөндөө байхад нь тус сумын Захирагчийн ажлын албанд гэрэлтүүлэг засварлах, өндөрт ажиллах зориулалт бүхий өргөгчтэй, сагстай машин худалдан авах тендерийн шаардлага хангаагүй техникийг хүлээлгэн өгч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль буюу 5.000.000 (таван сая) төгрөгийг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ч нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сайншанд сумын Засаг даргын орлогч Д.Тт, түүнийг ажлын өрөөндөө байхад нь тус сумын Захирагчийн ажлын албанд гэрэлтүүлэг засварлах, өндөрт ажиллах зориулалт бүхий өргөгчтэй, сагстай машин худалдан авах тендерийн шаардлага хангаагүй техникийг хүлээлгэн өгч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль буюу 5.000.000 (таван сая) төгрөгийг өгсөн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Таас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газарт өгсөн: Сайншанд сумын Засаг даргын орлогч ажилтай, Д.Т миний бие тус сумын Захирагчийн ажлын албанд гэрэлтүүлэг засварлах, өндөрт ажиллах зориулалт бүхий өргөгчтэй, сагстай машин худалдан авах тендерт оролцож шалгарсан “...” гэх ХХК-ны нийлүүлсэн техникийн байдал дээр хүлээн авах комисс ахлан /техникийн болон бусад холбогдох албан хаагчдын хамт/ ажиллаад тухайн нийлүүлж буй техник нь шаардлага хангахгүй байна гэж комиссоос үзсэн учир хүлээн авахаас татгалзсан. Энэ тухайгаа албан бичгээр тухайн ХХК-д мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр тус ХХК-аас явж байна гэх хүн ирж уулзаад: “Манай машиныг хүлээгээд авчих” гэх байдлаар хандаж 5,000,000 /таван сая төгрөг/-ийн хахууль өгөх гэсэн үйлдэл гаргалаа. Шар өнгийн бичгийн хавтас барьж орж ирсэн ба тухайн хавтсандаа бичиг цаасны дунд 5,000,000 /Таван сая төгрөг/ хийж орж ирсэн байсныг нь анзаараагүй. Миний ширээн дээр байсан бичиг цаасны доогуур тус мөнгийг хийгээд гарах үед нь би мэдэж “Энэ мөнгөө аваач” гэхэд хавтас болон утсаа бариад ухасхийж гараад алга болчихсон. Гарах үедээ удахгүй гэж хэлээд гарсан ба араас нь явахад алга болсон байсан. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж яваа хүний хувьд дээрх хахууль өгөх гэсэн үйлдлийг хуулийн байгууллагад мэдэгдэж тухайн 5,000,000 Таван сая төгрөг/-ийг хуулийн байгууллагад хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 боодол -200ш, 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 боодол- 100ш Нийт 5,000,000 /Таван сая төгрөг/ ... гэсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл болон 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 05 минутад Гэмт хэргийн талаарх тухайн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-н 15-16/,
Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2021 оны 06 дугаар сараас Сайншанд сумын ИТХ-ийн тэргүүлэгчдийн шийдвэрээр тус сумын засаг даргын орлогчоор томилогдон гэрээ байгуулан одоог хүртэл ажиллаж байна. Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үдийн цагаар өрөөндөө байж байхад “...” ХХК-аас явж байна гэсэн 40 гаруй насны, шаравтар царайтай, дундаж нуруутай эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн үед орж ирэхдээ шар өнгийн бичгийн хавтсанд бичиг баримт хийсэн байдалтай харагдаж байсан. Тухайн “Цаст хан хөхий” ХХК 2023 онд манай сумаас зарласан худалдан авах ажиллагааны тендерт шалгарч гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд заасны дагуу 12 дугаар сард сагстай өргөгч машиныг хүлээж авах комисс ажиллаж Комиссын зүгээс үзлэг шалгалтын дүнд тухайн тээврийн хэрэгсэл техникийн шаардлага хангахгүй. Мотороос тос гоожсон, даралтын банк хагарсан, арлын дугаараар хайлт хийхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирээгүй байсан зэрэг асуудал шалтгаан байсны улмаас комиссоос хүлээж авахаас татгалзсан. Манай өрөөнд орж ирсэн гэх хүн нь “Манай машиныг хүлээж аваач, бид нар эвдрэл гэмтэл гарсан гэх зүйлийг асуудалгүй болгож өгнө” гэсэн утга бүхий богино яриа ярьсан. Тэгэхэд нь би “Танай байгууллагаас нийлүүлж байгаа техник нь цаашид ашиглагч байгууллагаас нь ашиглах боломжгүй юм байна гэж хэлсэн” гэдгийг тайлбарлан өгсөн. Тэгээд тухайн хүн нь барьж орж ирсэн шар хавтаснаасаа нэг зүйл гаргаж ирээд ширээн дээр байсан бичиг цаасны доогуур хийхээр нь хартал 3 боодол бүхий бэлэн мөнгө байсан. Тэгэхэд нь би “Энэ мөнгөө аваач ээ” гэж хэлтэл тухайн хүн утсаараа ярих гэж байгаа юм шиг яаруу сандруу байдалтай гарчихсан. Тэгээд удалгүй ардаас нь мөнгийг аваад буцааж өгөх гээд босоход шатнаас бууж байгаа чимээ сонсогдсон... Би утсаар яриад эргээд ороод ирэх байх гэж бодтол эргэж орж ирээгүй. Уг өдөр ажлын ачаалал ихтэй мөн Улсын Онцгой комисс, аймгуудын онцгой комисстой шуурхай хурал зарласан тул Цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. Тийм болохоор ажил тарсны дараа буюу 21 цагийн орчимд АТГ-ын цахим хаягт болсон асуудлын талаар мэдээллийг мэдэгдсэн боловч тантай эргэж холбогдох болно гээд холбогдоогүй болохоор нь аймгийнхаа цагдаагийн байгууллагад хандаж байна... Тухайн хүн миний ширээн дээр 3 боодол мөнгө үлдээсэн ба тухайн мөнгийг өрөөндөө үлдээсэн байж байгаад өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Цагдаагийн байгууллагад өгөх өргөдөл дээрээ тусгахаар тоолоход 100ш 10,000 төгрөгийн дэвсгэрт задгай байсан, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 боодол байсан тухайн боодолтой мөнгө нь баглаатай байсан учраас задалж тоолоогүй. Нийт 5,000,000 төгрөгийг үлдээсэн байсан. Би тухайн 5,000,000 төгрөгөөс ямар нэгэн байдлаар зарцуулсан байхгүй. “...” ХХК-тай ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Анх удаа тухайн компанийн шалгарсан тендерт бараа хүлээн авах ажлын комисс ахалж орж байна. Миний мэдэхээр тухайн компани нь Сайншанд сумын тендерт шалгарч байсан асуудал байхгүй...”...” ХХК-аас бараа хүлээн авах ажлын комиссын гишүүдэд Захирагчийн ажлын албаны цахилгаанчин, жолооч, механик, гэрэлтүүлгийн тасгийн дарга, нярав, худалдан авах ажиллагаанаас мэргэжилтэн болон миний бие нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Комисс ажиллахад гэрэлтүүлгийн тасгийн дарга ирээгүй. Гишүүдээс дээрх асуудалтай холбоотойгоор ямар нэгэн байдлаар надтай холбогдож, эсхүл уулзсан удаа байхгүй... Дээрх мөнгө үлдээсэн гэх асуудлыг хуулийн байгууллагад л мэдэгдсэн. Өөр хүнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Худалдан авах ажиллагааны ажилтанд “...” ХХК-аас хүн ирж “эвдрэл гэмтэлтэй зүйлээ засаад өгье” гэх байдлаар уулзаад явсан гэдгийг хэлсэн... гэх, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд сумын тамгын газрын аймгийн тамгын газар луу орсон. Тухайн үед гадаа “...” ХХК-аас ирж уулзаж миний ширээн дээр боодолтой мөнгө үлдээсэн хүн ... улсын дугаартай цагаан өнгийн Кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй Тамгын газрын гадаа зогсож байгаад машиныхаа цонхыг онгойлгоод Төмөрөө даргаа уулзаадах уу гэхэд нь яаралтай ажилтай байна аа гээд аймгийн тамгын газар руу орсон. Аймгийн тамгын газрын шуурхай штабтай очиж уулзчихаад хэсэг хугацааны дараа ажил руугаа эргэж орсон. Ажил руу орох үед тухайн цагаан өнгийн Кроун машинтай хүн хүлээсэн мэт зогсож байсан. Намайг ажлын өрөөнд ороод байж байх үед хаалга тогших чимээ гарахаар нь би хариу дугараагүй байж байгаад ажил тарж байсан учраас гадагш гарах гээд хувцсаа өмсөж байхад хаалгаар “...” ХХК-ийн ажилтан орж ирэхээр нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд нэмэр болох болов уу гэж бодоод би өөрийн гар утасны дуу хураагуурыг асаасан. Манай ажлын өрөөнд тухайн хүн бид хоёрын дунд ойролцоогоор 5 орчим минутын яриа өрнөсөн. Тухайн хүн уулзаадах уу та хэд юу болж байна, ярьж байна уу гэх мэт асуулт асуухаар нь би тендерийн асуудал ярьж байгааг ойлгон таны хүсэлтийн хариуг албан ёсоор боломжгүй гэдгийг хэлсэн гэхэд би урагшаа яваад мотор ачуулаад ирлээ, яаж шийдэх үү гэх мэтчилэн намайг шалаад байхаар нь би боломжгүй зүйл гэдгийг хэлээд өмнө нь миний ажлын ширээн дээр мөнгө үлдээж гарсан тухай уцаарлангуй хэлэхэд танд эвгүй санагдсан бол уучлаарай даргаа гэх мэтчилэн ярьж байгаад залуу хүмүүс бизнес хийх гэж ядаж байна манай компаниас оруулж ирсэн машины мотор болохгүй байна гэсэн учраас шинэ мотор сольж өгөхөөр болсон юм аа тэнцүүлчих гэсэн утгатай юм ярихаар нь би боломжгүй, комисс хуралдаад эцсийн шийдвэрийг гаргасан гэдгийг хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 28 минутад ... дугаараас залгаж 10 цаг 50 минутад манай тавьсан саналыг та бүхэн ярилцаж үзсэн үү гэсэн мессеж явуулсан байсан 14 цаг 49 минут. ... дугаараас залгахаар нь утсаа авахад ... компаниас ярьж байна гэж залгахад нь би завгүй байна гэж хэлээд тасалсан. ... дугаараас холбогдсон хүн миний ширээн дээр мөнгө үлдээж гарсан хүний хоолойтой адилхан сонсогдсон. 17 цаг 02 минутад ... дугаараас дахин залгахаар нь би утсаа аваагүй... гэх мэдүүлгүүд /1 хх-н 23-28/,
2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйл /эд мөрийн баримт/ хураан авсан авсан тухай тэмдэглэл /1 хх-н 781,
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Мын Сайншанд сумын тамгын газрын хяналтын камерын бичлэгт үзлэг тэмдэглэл /1 хх-н 69/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Бын Баримт бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэл /2 хх-н 155/,
Сайншанд сумын захирагчийн ажлын албанд сагстай өргөгч автомашин худалдан авах гүйцэтгэх 2023.09.28-ны өдрийн гэрээ /1 хх-н 72-741,
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн Дэслэгч С.Мын https://user.tender.gov.mn сайтаас хайлт хийж, ... дугаартай “Сайншанд сумын Захирагчийн ажлын албанд сагстай өргөгч автомашин худалдан авах ажил”-д оролцон 5 компаниас хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулсан “...” ХХК нь барааг хүлээлгэн өгөөгүй байгаа гэх мэдээллийг үзлэгээр тогтоосон тэмдэглэл /1 хх-н 70/,
Сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/382 дугаартай Ажлын албанд сагстай өргөгч автомашин худалдан авах ажлыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүн томилсон захирамжийн хуулбар /1 хх-н 87/,
Дорноговь аймгийн Сайншанд сумын захирагчийн ажлын албанд сагстай өргөгч автомашин худалдан авах ажлыг байнгын ашиглалтад авах комиссын хурлын тэмдэглэл /1 хх-н 102-104/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заагдсан Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэргүүд байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Г.Ч нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сайншанд сумын Засаг даргын орлогч Д.Тт түүнийг ажлын өрөөндөө байхад нь тус сумын Захирагчийн ажлын албанд гэрэлтүүлэг засварлах, өндөрт ажиллах зориулалт бүхий өргөгчтэй, сагстай машин худалдан авах тендерийн шаардлага хангаагүй техникийг хүлээлгэн өгч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль буюу 5.000.000 (таван сая) төгрөгийг өгсөн үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Г.Чд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Чд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэ хэрэгт хууль бусаар олсон 5.000.000 төгрөгийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Чд оногдуулан нэмэгдэл ялыг “нийтийн албанд ажиллах эрх”-ийг хасах саналыг гаргасан бөгөөд шүүх үүнийг хуульд нийцүүлэн “нийтийн албанд томилогдох эрх” гэж зөвтгөн найруулж нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагчийн санал, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, уг ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг Си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, 5.000.000 төгрөгийг улсын орлогод оруулж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чд оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, уг ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5.000.000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 4 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР