Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цид холбогдох эрүүгийн 2319004240038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Ц.

 

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг, Хяргуй гэх газарт хохирогч Ө.Этэй “адуу услуулсангүй” гэх зүйлийн улмаар түүний биед халдаж зүүн гар тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “...зүүн богтос ясны далд хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учирсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

             

              1.Гэм буруугийн талаар:

 

              Шүүгдэгч М.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг, Хяргуй гэх газарт хохирогч Ө.Этэй “адуу услуулсангүй” гэх зүйлийн улмаар түүний биед халдаж зүүн гар тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “...зүүн богтос ясны далд хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учирсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Хяргуй усан дээр адуугаа усална гээд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр очиход Ө.Э гэдэг хүн манай адууг ус тойруулаад элдэж байсан. Тэгээд манай адууг услуулахгүй гэхээр нь би адуугаа нэг удаа услаад гаръя ах гэсэн чинь манай энэ худагт өөр айлын мал услуулахгүй гээд адууг маань элдэж байсан. Намайг нэг удаа адуугаа услаад гаргачихъя гэсэн чинь услуулахгүй гээд байхад яагаад байгаа юм бэ гээд намайг заамдаж боосон. Тэгээд би тухайн үед манарсандаа гарыг нь салгах гээд нэг гар луу нь зөөлөн цохисон. Түүний улмаас гар нь хугарсан байж болзошгүй гэж бодож байгаа. Ө.Э тухайн хэд хоногтоо мотоцикл бариад яваад байсан болохоор зүгээр гэж бодсон. Намайг цохисноос болж гар нь хугарсан бол тухайн өдөртөө ирж надад хэлэх ёстой байсан. Тухайн өдөртөө ч юм уу маргааш, нөгөөдөр нь ирж гар ийм болчихлоо гэж хэлээгүй. Би гарыг нь хугалсан гэж бодоогүй. Мотоциклоос очихдоо хугарсан байх гэж бодсон. Бүр сүүлд гомдол гаргаад цагдаад намайг өгсөн. Би хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ө.Эий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд Дорноговь аймаг Сайхандулаан сум 3 дугаар баг Хяргуй гэх газар байрлах худаг дээр өөрийн малыг усалж байсан. Манай багийн иргэн М.Ц гэх хүн урдаас адуугаа усална гээд орж ирсэн. Тэгэхээр нь би “энд услуулахгүй ээ, зүүн худагт очоод усалчих” гэхэд “би хаана услахаа мэдэж байна” гээд хутга бариад цэнхэр өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс буугаад ирсэн. Тэгээд би бариад авсан чинь хутга нь унаад өгсөн. Тэгээд М.Ц машинаа унаад хөдөлж яваад адууныхаа цаана гараад багажаа онгойлгож байсан. Тэгээд би адууг нь цаашаа хөөж байхад хажуугаар ирээд зогсохоор нь мотоциклоо данхраадаад эргээд хартал лапаткаар миний зүүн гар луу цохисон...”, “... Очоод үнээ саасан чинь гар нуга нуга гээд дуугараад байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээгүй явж байгаад 8 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн эмнэлэгт үзүүлж, шохойдуулсан...”, “...М.Ц миний биед гэмтэл учруулсан. Миний зүүн гар луу лапатк төмрөөр 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10 дугаар тал/,

2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: “... Би юм бичих болон ямарваа нэгэн зүйлийг баруун гараараа хийдэг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар тал/,

Гэрч Ж.Бийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хяргуут гэх газар байрлах өөрийн гэрийн гадаа үхрээ саагаад байж байхад манай нөхөр Ө.Э царай нь хар хөх болчихсон хачин царайлаад гэртээ ирсэн. Би тэгээд “яасан юу болсон юм” гэхэд манай нөхөр “М.Ц төмрөөр гар луу цохисон” гэсэн. Тэгээд би гарыг нь үзэхэд их хавдсан, хөдөлгөж болохгүй байна гэсэн. Тэгээд өвчин намдаах эм уугаад малдаа явсан. Тухайн үед мал харах хүн байхгүй болохоор бид 2 эмнэлэг явж чадаагүй юм...”, “...Ө.Э нь М.Цтой сайн танилууд биш, хааяа нэг манай худаг дээр малаа усалж байдаг. Өмнө муудалцаж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/,

 Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №02/487 дугаартай “...Ө.Эий биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21 дүгээр тал/,

Шинжээч эмч Э.Аын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Хүний шуу хэсэгт шуу, богтос гэсэн хоёр яс байдаг. Аль нэг яс хугарсан байгаа тохиолдолд тодорхой хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой. Хоёр яс хоёулаа хугарсан тохиолдолд тухайн гараар ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй. Хэрвээ зүүн гараар ямар нэгэн зүйлийг хийдэг бол мотоцикл жолоодох боломжгүй, Харин баруун гараар ямар нэгэн зүйл хийдэг бол мотоцикл жолоодох боломжтой...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Гэрч Э.Гын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн “... Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ө.Э гэх хүнийг үзэж эмчилгээ хийсэн...”, “...Ө.Эий гарын хугарал нь 8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Хугарлын орчимд бороожилд үүсээгүй учир шинэ гэмтэл гэж үзнэ. Онолын хувьд хагас сарын хугацаанд зөөлөн бороожилд үүснэ. Түүнээс хойш 365 хоногт ясжих процесс явагдана...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр тал/,

Шүүгдэгч М.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг, Хяргуй гэх газарт байх худаг дээр би 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагаас 10 цагийн хооронд адуугаа ганцаараа услахаар машинтай очиж байхад худаг руу очиж байсан адууг маань Ө.Э нь мотоциклтой ганцаараа адууг минь элдэж хөөж байхаар нь би Ө.Эийг адууг яагаад элдээд байгаа юм, би адуугаа услах гэж байна гэсэн чинь адууг чинь услуулахгүй, адуугаа хөөгөөд яв гэхээр нь адуугаа худагтаа услахгүй яах вэ дээ гэсэн чинь намайг түлхэн цамцны захаас заамдан намайг боохоор нь би Ө.Эий гар руу нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч М.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

           

             Шүүгдэгч М.Цийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд шүүгдэгч М.Ц нь хохирогч Ө.Эий гар руу цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, шүүх хуралдаанд шинжээч эмч Э.А, хохирогч Ө.Э нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дээрх оролцогч нарыг оролцуулах шаардлагагүй, шүүх хуралдааны үргэлжлүүлэх саналыг гаргасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд бусад үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

            Хохирлын тухайд:

 

           Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч Ө.Эий зүгээс хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 700.000 төгрөгийн торгох ялын саналыг тус тус гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэлээ.

 

            Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Э нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О овогт М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.Цид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР