| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0106/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Цт холбогдох эрүүгийн 2319001950134 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Ц.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн төгсөгчдийн холбооны тайлангийн хурал дээр “...Аудитын дүгнэлтээр сургуулийн дансанд орох сургалтын төлбөрийн 68,000,000 төгрөг хувь хүний дансанд орсон байсан. Бүр тодруулж хэлбэл Н захирлын хүү Баатарсүрэнгийн хувийн дансанд...” гэж илт үндэслэлгүй, бодитой бус мэдээллийг олон нийтэд түгээж Д.Нгийн нэр хүндэд халдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн төгсөгчдийн холбооны тайлангийн хурал дээр “...Аудитын дүгнэлтээр сургуулийн дансанд орох сургалтын төлбөрийн 68,000,000 төгрөг хувь хүний дансанд орсон байсан. Бүр тодруулж хэлбэл Н захирлын хүү Бгийн хувийн дансанд...” гэж илт үндэслэлгүй, бодитой бус мэдээллийг олон нийтэд түгээж Д.Нгийн нэр хүндэд халдсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Нгийн “...би 2013 оны хэдэн сарыг нь сайн санахгүй байна 3 өрөө байраа тухайн гутал хийдэг байсан залууд 70,000,000 төгрөгөөр зарсан байсан. Тэр 70,000,000 төгрөгөөс би өөрийн зээл дараад энэ өдрөө хүү Баатарсүрэндээ 18,000,000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 дугаар тал),
Гэрч Ө.Бгийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Ц нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн банш ажилчдын хурал дээр намайг сургуулийг өрөнд оруулж, сургалтын төлбөрийн 68,000,000 төгрөгийг хувийн дансандаа авсан гэж худал гүтгэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
Гэрч Д.Бын “... Сайн боловсрол сан гэдэг нь сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, хүмүүс сайн дурын үндсэн дээр мөнгө өгсөн тохиолдолд санд мөнгө ордог байсан. Санд орсон мөнгийг сургуулийн үйл ажиллагаатай холбоотой урамшуулалд зарцуулдаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
Ө.Бгийн Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, (хавтаст хэргийн 62-66 дугаар тал),
Д.Нгийн Хас банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 69 дүгээр тал),
Дорноговь аймгийн Аудитын газрын 2013 оны 11 дүгээр сарын ДГА/2013/03-ЭА гэсэн эрсдэлийн аудитын тайлангийн 3 дугаар бүлэгт “...Сувилахуйн хөгжил сан нь 2006 онд Зүүн ба Говийн бүсийн аймгуудад ажиллаж байгаа сувилагч нарын мэдлэг чадвар, хандлагыг дээшлүүлэх үйл явцын дэмжих зорилгоор байгуулагдсан бөгөөд сургуулийн захирлын төрсөн хүү Ө.Б тэргүүнээр нь сангийн удирдах зөвлөлийн даргаар захирал Д.Н нар ажиллаж ирсэн байна. Тус сангийн дансанд 2007-2013 онд нийт 17.2 сая төгрөгийн хандивын орлого төвлөрүүлж, түүнийг сангийн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Сувилахуйн хөгжил сан нь сургууль хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан гэх үндэслэлгүй бөгөөд оюутан суралцагчдаас хандив авсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 92-117 дугаар тал),
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЭМШУИС-ийн Дорноговь аймгийн Салбар сургуулийн 2009- 2013 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тэмдэглэлийн 5 дахь хэсгийн 6-д “...Оюутан түшиц эмнэлгийн Аварга тосон амралтын газрын үйлчилгээний орлогоос шалгагдсан онуудад 68302,6 мянган төгрөг олсноос байгууллагын харилцах дансанд 9748,2 мянган төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ дүнгээр мөнгөн хөрөнгийн бүртгэлд орлогоор тусгаж зөрүү 34816,6 мянган төгрөгийг нягтлан бодох бүртгэлд тусгаагүй орхигдуулсан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 143-163 дугаар тал),
Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 5/100 дугаартай “...сэжигтэн Д.Н, Б.Дтай нарын дээрх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул... хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (хавтаст хэргийн 185-187 дугаар тал),
-Шүүгдэгч Ц.Цын шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэр хурал дээр би тэгж хэлсэн. Хамгийн гол нь сургуулийн сургалтын төлбөрийн 68,000,000 төгрөг бидний дотоод хяналтаар байхгүй байсан. Тэр мөнгийг Н захирлыг аваад хүүхдийнхээ дансанд хийсэн гэж би хэлсэн нь үнэн. Би нотлогдоогүй юмыг хэлсэн байна лээ. Тэгсэн байх гэж би хардсан тэр үндсэндээ хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад нотлогдоогүй. Тийм учраас би буруу мэдээ тараасан байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” үүргээр хязгаарлагдана.
“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.
“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.
Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гэмт этгээд нь хохирогч руу шууд чиглэн түүний хувийн болон ёс зүй, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан илт худал мэдээллийг санаатайгаар олон нийт буюу бусдад тарааж ярьснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.
Шүүгдэгч Ц.Цын “...Аудитын дүгнэлтээр сургуулийн дансанд орох сургалтын төлбөрийн 68,000,000 төгрөг хувь хүний дансанд орсон байсан. Бүр тодруулж хэлбэл Н захирлын хүү Баасансүрэнгийн хувийн дансанд...” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.
Шүүгдэгчийн “...Аудитын дүгнэлтээр сургуулийн дансанд орох сургалтын төлбөрийн 68,000,000 төгрөг хувь хүний дансанд орсон байсан. Бүр тодруулж хэлбэл Н захирлын хүү Баасансүрэнгийн хувийн дансанд...” гэсэн мэдүүлгээр түүнийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдээгүйгээ нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Цын “...Аудитын дүгнэлтээр сургуулийн дансанд орох сургалтын төлбөрийн 68,000,000 төгрөг хувь хүний дансанд орсон байсан. Бүр тодруулж хэлбэл Н захирлын хүү Баасансүрэнгийн хувийн дансанд...” гэсэн агуулга бүхий илт худал мэдээллийг олон нийтийн тараасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нэхэмжлээгүй учраас шүүгдэгч Ц.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Худал мэдээлэл тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ц.Цт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх саналыг оруулсан бөгөөд шүүгдэгч нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэхийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан оногдуулах эсэхийг хянан шийдвэрлэх шүүхэд эрх олгосон зохицуулалт бөгөөд улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, хохирогчид хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Цт оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР