Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2021/01132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2021/01029/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... тоотод оршин суух ... овгийн Г.М /РД:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр ... тоот хаягт бүртгэлтэй боловч ... хот, ... дүүрэг, ... хороо, ... байр ... тоотод түр оршин суух ... овгийн /РД:, утас:.../-д холбогдох

 

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч П.М /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Миний бие 2016 онд Мтай танилцаж бидний дундаас 2019 оны 4-р сарын 28-нд хүү төрсөн. Өөрсдийн гэсэн байргүй учраас эцэг, эх дээрээ амьдарч байсан. Түрүү жил буюу 2020 оны 10-р сард хотод ажил хийнэ гэж яваад одоо болтол хүү дээрээ ирээгүй ярьдаггүй. 2019 оны 4-р сарын 28-нд төрсөн М.А хүүгийн эцэг П.М тул, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч П.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“П овогтой М миний бие нь 2016 онд Г.М-тэй танилцаж байсан. 2019 оны 4 сарын 28-нд М.А төрсөн. А-ын төрсөн эцэг нь мөн болох нь үнэн. Хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч П.М-д холбогдуулан 2019 оны оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн М.А-д хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.М, хариуцагч П.М нар нь 2016 оноос танилцан, иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан байна.

Тэдний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү      М.А төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хэргийн 4 дүгээр хуудас/

Хариуцагч П.М хүү М.А-ыг эхийн асрамжинд  хэвээр байлгаж, тэтгэлэг гаргуулахад татгалзах зүйлгүй гэж хариу тайлбар ирүүлсэн байна. /хэргийн 34 дүгээр хуудас/

Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү М.А-ыг иргэний гэр бүлийн байдлын төрсний бртгэлд бүртгүүлэхдээ харилцан тохролцож эцэг М-аар овоглон бүртгүүлсэн нь захиргааны журмаар эцэг тогтооосн гэж үзэх үндэслэлтэй хариуцагч энэ талаар маргаангүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.1. Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ, 25.2. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Г.М, хариуцагч П.М нар  2020 оны 10  сараас тусдаа амьдарч байгаа, зохигчдын тусдаа амьдрах хугацаанд хүү М.А  нь эх Г.Мийн асрамжид өсөж байгаа, нэхэмжлэгчийн хүүхдээ өсгөх, тэжээн тэтгэх талаар үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, хүүхдийн эхтэйгээ хамт амьдрах, өсөж торнисон, ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Иймд  хүүхдийн нас, эрүүл чийрэг өсгөн бойжуулахад эхийн оролцоо илүү шаардлагатай байгаа болон талуудын тохиролцоог харгалзан хүү М.А-ыг эх Г.Мийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг П.М, эх Г.М нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй,  хүү  М.А-ын эцэг гэдэгт маргаагүй тул хариуцагч П.М-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах зэрэгт эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа үед ч тэдгээрийн үүрэг хэвээр үргэлжлэх учиртай, хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэг”- тэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилжээ.

Шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү М.А-ыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хэн нь хариуцаж байгаагаас хамааран хүүхдийн тэтгэлэгийг зохигчийн хэн алинаас гаргуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нөхөн төлүүлж төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул  хариуцагч П.М-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрийн сангийн орлогод төлсөн 33,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М-аас гаргуулж нэхэмжлэгч Г.М-д, хүү М.А-ыг эх Г.М-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул энэ шаардлагад төлөх тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Г.М-ээс нөхөн гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 04 дүгээр сарын  28 -ны өдөр төрсөн хүү М.А-ыг  эх  Г.М-ийн  асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү М.А-д 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.М-аас тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.  

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Төрийн сан 100190000941 тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 33,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М-аас 33,150 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд гаргуулан  нэхэмжлэгч Г.М-д, нэхэмжлэгч Г.М-ээс 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ОЮУНДАРЬ