Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ут холбогдох эрүүгийн 2419001100178 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х.У.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.У нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болор” зоогийн газарт А.Уянгыг өөрийн нөхөр Ч.Өтэй хардан зодож зүүн хөлний шагайн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч Х.У нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болор” зоогийн газарт А.Уг өөрийн нөхөр Ч.Өтэй хардаж улмаар түүнийг зодож зүүн хөлний шагайн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Ун “... Би Дорноговь аймгийн ... суманд байрлах ... нэртэй зоогийн газарт 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажилд орсон. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчим манай ажлын байран дээр байхдаа арын өргөтгөлд цэвэрлэгээ хийж байхад манай зоогийн газрын ширхгийн тогооч М над дээр хүрч ирээд “А.У чамайг У тогооч дуудаж байна” гэхээр нь би яваад очтол намайг нааш ир гээд нойл руу дагуулж ороод хаалгаа түгжиж байгаад намайг алгадах гэхээр нь би хоёр гарыг нь барьж аваад “чи согтуу байна, амнаас чинь архи үнэртэж байна, ярих юм байвал эрүүлдээ ярь” гээд гарах гэтэл намайг араас үсдэж унагаагаад нуруун дээр балбаж, үсдэж байгаад миний зүүн хөлөн дэвссэн. Мөн нуруу бөөр руу цохиж балбасан. Тухайн хоолны газар байсан хүмүүс салгах гээд дийлэхгүй, 3-4 лээ орж ирж байж салгасан... Тэрнээс хойш би байнга өвчин намдаах эм уудаг болсон. Сүүлдээ өвчин намдаах эм үйлчлэхээ болиод явж чадахаа байгаад... Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зүүн шилбэний хавирган яс цуурсан 1 сар хөдөлгөөн хязгаарла гэсэн.... зодоон болсон шалтгаан нь Х.Уийн нөхөр Ө над руу “агуулахад уулзъя, нойлд уулзъя” гэх мэт чат бичихээр нь би уулзана гэхээр яадаг юм гэхэд чи яасан хөлдүү төмс юм бэ гэсгээгээд өгөх үү гэх зэрэг чат бичээд байдаг.....” гэх мэдүүлэг /хх-ийн 5-9-р тал/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3022 дугаартай “1.2.А.Ун зүүн хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. 8. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14-р тал/,

          Гэрч Ч.Өгийн “... Тухайн хэрэг болдог өдөр орой ээлжинд гарах байсан. Тэгээд дөнгөж ээлж хүлээлцэж авчихаад гал тогоонд ачаалал ихтэй хоол хийж байсан. Тэгсэн нойлд хүмүүс зодолдоод байх шиг байна, Х.У тэнд байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээ авахаар нойл ортол ганцаараа байсан. А.У гараад явчихсан байсан.... Манай эхнэр А.У гэх эмэгтэйг чат, мессеж бичиж байна гэж уурлаж А.У гэх эмэгтэйг зодсон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

         Гэрч С.Бийн “... Үүдний нойлын өрөөнд А.У, Х.У хоёр маргалдаад байна гэж манай ажлын менежер хэлсэн. Тэгээд очиж харахад Н гээд тогооч эмэгтэй салгаж байсан. А.У эгч нойлын шалан дээр хоёр хөлөө жийчихсэн сууж байсан. Харин Х.У нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

         Гэрч Э.Үийн “...доор хүмүүс муудалцаад хашгиралдаад байсан. Тэгэхээр нь би буугаад очтол 1 давхарт байдаг ажилчдын нойлд Х.У босоод зогссон “би энийг будаа болгож байж гарна” гээд орилж байсан. А.У хөдөө жийгээд суусан Номин явган суугаад А.Уаг тэврээд уйлаад сууж байсан. ...Маргааш нь ...А.Уаг үсдэж цохиод хөл дээр нь дэвсээд байсан ... гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 30-р тал/,

         Гэрч Б.Нгийн “...хаалга нь түгжээтэй байсан. Үүдэнд нь манай ажлынхан байсан.... Намайг орох үед Х.У эгч зогсоод А.У газар өвдгөө тулсан байдалтай нэг тал руугаа хоёр хөлөө хажуу тийш гаргасан байдалтай сууж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

         Гэрч Ц.Сийн “...А.Уаг Х.У зодож гэмтээсэн... Маргааш нь би А.Угийн өрөөнд орох үед хөл нь өвдсөн гээд хөл нь нэлээд хавдсан байсан. Тухайн үед А.У надад Х.У миний хөл дээр дэвссэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Х.У нь хохирогч А.Ун эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

 

          Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          

           Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3022 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Ун биед зүүн хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Х.Уийн үйлдэлд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

          Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Х.У нь хохирогч А.Утай өөрийн нөхөр Ч.Өтэй хардсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирол, хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          

            Иймд шүүгдэгч Х.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Х.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар:       

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.У нь хохирогч А.Ун эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт гаргасан /хх 79-рт/ байх тул шүүгдэгч Х.Уийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Х.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгч Х.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Х.Ут танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Харин шүүгдэгч Х.У нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          

            Иймд шүүгдэгч Х.Ут Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогт Х.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Х.Ут оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОДБАЯР