Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 31

 

М.Ад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч                                 Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э, С.Ч

Шүүгдэгч                                                         М.А

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч Б.О, шүүгч П.Г нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Ад холбогдох 1912000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Ган чулуут гэх газар оршин суух, 

урьд Орхон аймгийн шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн шүүхийн 1988 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2, 230 дугаар зүйлийн 230.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, М.А 

Шүүгдэгч М.А нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Бага нуур гэх газарт байх худаг дотор иргэн Д.Б-ийг бэлгийн харьцаанд орохгүй бол нөхрийг чинь ална хэмээн эрхшээлдээ оруулан, тохуурхан доромжилж, бэлгийн замын халдварт өвчин халдааж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас М.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.А-ыг урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан хүн, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, тохуурхан доромжилж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Аы 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 9-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 195 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч М.Аы гаргасан давж заалдах гомдолд: М.А би 2020 оны 05 дугаар сарын 11-нд аймгийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хаалттай хорих ангид ял авсан. Энэ авсан хорих ялд үнэхээр их гомдолтой байна. Учир нь үнэхээр хийгээгүйд гол нь байгаа юм. Би урьд нь хэд хэдэн удаа хорих ял авч байсан. Энэ зүйл анги нь ганцхан хохирогчийн үгээр хүнд ял халдаадаг гэдгийг мэднэ. Гэхдээ бие биеэ хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр бид хоёр бэлгийн ажил хийдэг байсан. Зөвхөн нөхөртөө баригдсандаа хүнийг ингэж хохироож болохгүй байх. Энэ хүнд намайг золиосолж, өөрийгөө цэвэрхэн авч гарах арга зам байж гэж бодож байна. Надтай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд ордог байснаа нөхөртөө хэлбэл шууд салах байсан гэж бодож байгаа. Энэ хүн нөхрөөсөө салбал очих аав, ээж, ах, дүү, хамаатан садан байхгүй болохоор үнэхээр өдий болтол босгосон амьдралаа үрэхээс айж намайг золиослох шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Би энэ н.Б-ийг өмөөрч нөхөртэй нь хоёр удаа муудалцаж байсан. Энэ асуудал гарах болсон шалтгаан нь Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч миний дөрвөн хавиргыг хугалж, би Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгснөөр энэ бүх үйл ажиллагаа эхэлсэн. Авлигатай тэмцэх газраас нэр бүхий цагдаа нарт хэрэг үүсгэж шалгах явцад аймгийн хяналтын прокурор н.Ц нь хэрэгсэхгүй болгосон. Миний хамгийн их гайхаж байгаа зүйл нь хохирогч гэх хүн өргөдөл өгөөгүй. Мөн намайг Архангай аймагт байхгүй байхад яллагдагчаар татсан бөгөөд намайг хорьж байгаад араас нь нотлох баримт гэдэг юмыг цуглуулж эхэлсэн байдаг. Хохирогч гэх эмэгтэй анхан шатны шүүх хурал дээр би цагдаад өргөдөл өгөөгүй, хэн өгснийг нь мэдэхгүй гэж хэлсэн нь шүүх хурлын тэмдэглэлд бичээстэй байгаа. Тэгэхээр Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч зохион байгуулсан нь ойлгомжтой гэж бодож байгаа. Энэ асуудалд хэтэрхий нэг талыг барьж ажиллагаа явуулсан байдаг. Намайг шоронд явуулахын тулд Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч өөрийн давуу эрхээ ашиглаж, хохирогч гэх эмэгтэйн нөхрөөс нь анх байцаалт авахдаа гомдолтой гэсэн мэдүүлэг авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Яагаад гэвэл миний дөрвөн хавиргыг хугалж, Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн байхад хэргийн оролцогч нарыг байцаасан нь өш хонзонгийн улмаас гэж харж байгаа бөгөөд дээр нь надтай ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байгаа. Мөн шүүх, прокурорын хүмүүст намайг харлуулж харагдуулахын тулд урьд нь олон жил шоронд явсан, танхай зэрлэг гэж байнга ярьж мэдүүлэг өгүүлсэн байдаг. Мөн хэсгийн төлөөлөгч н.М нь хохирогч гэх эмэгтэйг өөрийнхөө машинаар аймагт авчирч өмгөөлөгч авч өгсөн байдаг. Дээр нь н.М хэсгийн төлөөлөгч нь дандаа надтай үзэл бодол таарахгүй, эсвэл хохирогч гэх хүмүүсээс энэ хүн бол аймар, архи дарс уухаараа хүн дарамталдаг гэсэн мэдүүлэг авч миний эсрэг ашиглаж байна гэж үзэж байгаа. Үнэхээр хэргийг үнэн зөвөөр шийднэ гэж үзсэн бол тэр гэрч нарыг байцаахад бид хоёрын урьд нь ямар харилцаатай байсныг тодорхой хэлэх байсан. Мөн 8 сарын дараа энэ асуудал гарсан байдаг. Энэ хэрэг болсон гэх 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш яагаад энэ хугацаанд хандаагүй юм бэ гэхээр айгаад, цагдаад хэлбэл алах байх гэж хэлдэг. Би 2019 оны 01 дүгээр сарын 22-нд цагдаа нарт дөрвөн хавиргаа хугалууллаа гэж Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсний маргааш өглөө 09 цагийн үед хохирогч гэх эмэгтэйн нөхрөөс миний эсрэг мэдүүлэг авсан байдаг. Тэгээд 01 дүгээр сарын 24-нд яллагдагчаар татсан. Энэ нь ердөө л өш хонзон авч байгаагийн тод жишээ юм. Миний бодоход энэ н.Б нь өөрөө толгой мэдэж ийм шийдвэр гаргахгүй гэдэгт үнэхээр итгэлтэй байдаг. Энэ хавтаст хэрэгт байгаа хуудаснууд нь маш их он, сар засвартай, мөн дандаа өөр өөрөөр зурсан гарын үсгүүд байдаг. Энэ нь өөрөө хууль бусаар намайг цагдан хорьчхоод араас нь цуглуулж авсан мэдүүлгүүдийнхээ он, сарыг зассан гэдэг нь ойлгомжтой байдаг. Мөн намайг шүүхээс хэргээ хүлээгээгүй гэж хүндрүүлсэн байдаг. Үнэхээр хэргээ хүлээвэл хөнгөрдөг юм бол би өчнөөн удаа хүлээсэн ч бэлэн байна. Надад энэ эмэгтэйг хүчиндсэн гэж хэрэг хүлээхээс айж эмээх, ичиж зовсон зүйл үнэхээр алга байна. Хамгийн гол нь үнэхээр хэрэг хийгээгүйд л байгаа юм. Үнэхээр бурхан гэж байдаг бол хэн нь үнэн ярьж байгааг харж байгаа гэдэгт үнэхээр итгэлтэй байгаа. Мөн миний бие 2008 онд группт орсон бөгөөд 12 жил болж байна. Миний гар минь татанхай болсон, дээр нь 2018 оны 09 дүгээр сард сум алдаж өөрийнхөө хөл, гар хоёрт хүнд гэмтэл авсан бөгөөд артерийн судас хоёр удаа залгуулсан. Түүнээс хойш 2019 оны 10 дугаар сард судасны бөглөрөл болж дахин хагалгаанд орсон. Тухайн үед цагдан хоригдож байгаад гэнэт бие муудаад маш муу хотод очиж хагалгаанд орсон. Мөн урьд нь намайг хорих ял эдэлж байхад  аав минь 2003 онд өнгөрсөн. Тухайн үед би хаалттай хорих ангид байсан болохоор аавынхаа ажил төрөлд оролцож чадаагүй. Түүнээс хойш 3 жилийн дараа суллагдсан. Одоо ээжийн минь бие маш тааруу байдаг бөгөөд Солонгос улсад хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаад сая 05 дугаар сарын 30-нд ирсэн. Одоогоор хөл хорионд байгаа. Намайг дахиад хаалттай хорих ангид ял эдэлж байхад ээж минь өнгөрвөл уулзаж чадахгүй байдалд хүрнэ. Миний бодоход энэ хорвоо дээр хүн болж заяачхаад аав, ээжийгээ нэг удаа ч гэсэн баярлуулж чадаагүй бөгөөд дандаа зовоож ирсэн тул ганц удаа хэн нэгнийх нь толгойг түшиж үдсэн бол миний хүн болж заяасны минь маш чухал үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Энэрэх тогтолцооны утга учир нь засаж залруулахдаа байдаг болохоос хүний амьдралыг үрэн таран хийх зорилго байдаггүй гэж бодож явдаг гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 122 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Ган чулуут гэх газар оршин суух М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 4 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. М.Аы хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийг эргэлзээгүй байдлаар нотлоогүй. 

2. Хохирогчийг тохуурхан доромжилж  үйлдсэн нөхцөл байхгүй бөгөөд дан ганц хохирогчийг хэт шүтсэн шинжтэй байна. 

3. Хохирогчид бэлгийн замын халдварт өвчин үүсгэсэн гэж үзэх үндэсгүй бөгөөд нотлох баримтаар няцаагдсан байхад түүнийг энэ зүйлчлэлээр гэм буруутайд тооцсон нь үндэсгүй гэсэн үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. 

Мөн М.А нь эрүүл мэндийн хувьд хаалттай хорих ангид ял эдлэхэд бэрхшээлтэй. Учир нь түүний эрүүл мэнд маш муу бөгөөд түүний сахар ихэссэн, бөөр нь өвдөж түүнээс болж даралт нь ихсээд цагдан хорих байрнаас эмийн эмчилгээтэй байгаа. /Цагдан хорих байр зөвхөн эмийн эмчилгээний эрхтэй/

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бугалга ясны ялтас шураг авах мэс ажилбарт орж хагалгааны дараах үхжилт үүссэн бөгөөд дахин хагалгаанд орсон. Үүнээс улбаатай өвчин маш ихтэй байна. Түүний биеийн байдлын талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт маш олноороо авагдсан байгаа. Түүний эрүүл мэндийн байдал, насны байдлыг харгалзан үзэж шүүх М.Аы холбогдон шалгагдаж буй гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн тохиолдолд түүнд оногдуулсан ялыг багасгаж, дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хохирогч гомдолтой гэж мэдүүлсэн нь ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулах нөхцөл биш, мөн хүчиндсэн гэх нөхцөл өөрөө эргэлзээтэй байхад түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хэргийг тал бүрээс нь хянаж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Аыг урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан хүн, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, тохуурхан доромжилж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь үндэслэлтэй болсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол дээр тайлбар хэлэхэд Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч н.М нь хувийн өш хонзонгийн сэдэлтээр энэ хэргийг үүсгэж шалгасан гэж ярьдаг. М.А нь өөрийнх нь хавиргыг хугалсан үндэслэлээр хэсгийн төлөөлөгч н.Мг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан цаг хугацааны хувьд давхацсан байдаг. Гэвч н.М нь шүүгдэгч М.Аы огт хийгээгүй хэргийг бүхэлд зохион байгуулж, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг зохиомлоор бий болгож авах боломжгүй юм. Хэрэг анх яаж шалгаж эхэлсэн нь өнөөдөр энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Хэргийн болсон үйл явдлын талаар хохирогч хэзээ, хэрхэн болсон талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Хохирогчийн мэдүүлэг нь давхар гэрч Д.Э, С.Т, Г.Ө, Д.Д, Ш.Ү, Ц.Д нарын мэдүүлгээр нотлогддог. Хохирогч нь М.Ад хүчиндүүлчихлээ гээд уйлаад байж байсан, мөн М.Аы дарамт шахалтаас болоод би айгаад Улаанбаатар хот руу явж байна гэдгээ гэрчүүдэд бүгдэд нь хэлж ярьсан байдаг. Хохирогч, шүүгдэгч нарын тухайд өмнө нь харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд ордог байсан болон тухайн үед харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон бол хохирогч нь ийм зүйл яриад Улаанбаатар хот руу явахгүй байсан гэж үзэж байна. Тиймээс хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.А нь хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч талаас хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж гомдолдоо бичсэн байсан. Шүүгдэгчийн биед шинжилгээ хийхэд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Шинжилгээг хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа авсан. Мөн хохирогчид шинжилгээ хийхэд тухайн цаг хугацаа өнгөрсний дараа хохирогчийн бэлгийн замын халдварт өвчин эдгэсэн байсан. Энэ нь өөрөө шүүгдэгчид бэлгийн замын халдварт өвчин байхгүй байна гэсэн шинжилгээний хариуг үгүйсгэж байгаа юм. Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтээр хохирогч нь бэлгийн замын халдварт өвчин туссан байсан, тухайн өвчин эмчилгээний явцад эдгэрсэн байна гэдгийг тогтоож өгсөн байдаг. Тийм учраас М.Ад холбогдох зүйлчлэл тохирсон байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, хийсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзээд оногдуулсан ял шийтгэл болон хорих ял эдлэх дэглэм нь үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.7 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч М.Ад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М.Аыг урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан хүн, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, тохуурхан доромжилж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр М.Аы хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч М.Ад хилийг хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан гэж үзэж байна. Хэргийн болсон үйл явдалд анхан шатны шүүхээс хууль зүйн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна. Шүүгдэгч М.А урьд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Д.Бийг хүчиндсэн гэмт хэрэгт холбогдсон. М.Аы Д.Бийг хүчиндсэн гэмт хэргийн үйл баримт бол хавтаст хэрэгт хангалттай, эргэлзээгүй байдлаар авагдсан байна. Хүчиндэх гэмт хэрэг нь хүчиндүүлж байгаа хүн, хүчиндэж байгаа хүмүүсийн хооронд болдог. Энэ талаар Д.Б нь хохирогчийн мэдүүлэг өгөхдөө маш тодорхой хэлсэн байдаг. Хохирогч нь хүчиндүүлсэн өдрийнхөө орой нь болсон үйл явдлыг нөхөртөө хэлсэн байдаг. Мөн Д.Б нь Улаанбаатар хот руу явна гэдгээ хэлсэн байдаг. Тэгээд Д.Бийг аавынд нь хүргэж өгсөн байдаг. Хохирогч нь мөн адил хүргэж өгсөн хүндээ М.Ад хүчиндүүлсэн гэдгээ хэлсэн байдаг. Хохирогч нь бас аавдаа болсон үйл явдлыг хэлсэн байдаг. Д.Б нь хүчиндүүлчхээд 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хот явсан. Тэгээд үтрээнээс нь эвгүй үнэртэй шингэн зүйл гараад байхаар нь эмчид үзүүлэхэд бэлгийн замын халдварт өвчин авсан байна гэдэг нь тогтоогдсон байдаг. Уг гэмт хэргийн нотлох баримтууд хангалттай тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн хувьд маш их гомдолтой байдаг бөгөөд мөн маш их сэтгэл санааны дарамтад байдаг. Хохирогч гадаа ирсэн байгаа боловч тэрээр М.Аыг дахиж хармааргүй байна гээд шүүх хуралдаанд орохгүй байна. Харин та миний гомдлыг дамжуулан шүүх бүрэлдэхүүнд хэлээрэй гэсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хувьд М.Аы үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа юм байна гэж миний зүгээс харлаа. Эрүүгийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ялыг хөнгөрүүлэхээр заасан байдаг. Тэгэхээр М.Аы хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх хуулийн зарчим үйлчлэхгүй байх гэж бодож байна. Ийм учраас шүүгдэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М.Аы хүчиндсэн үйлдэл нь эргэлзээтэй бөгөөд тухайн үйлдлийг нь эргэлзээгүй байдлаар нотлоогүй байна. Мөн М.А нь хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэдэг нөхцөл байдал нь тогтоогдоогүй байхад энэ зүйлчлэлээр ял оногдуулж байгаа нь буруу байна. Хавтаст хэрэгт хоорондоо зөрүүтэй нотлох баримтууд авагдсан байдаг. Үүнийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад процессын алдаанууд их байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, мөн М.Аы хүчиндсэн гэсэн үйлдэл нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэх хуулийн зохицуулалтын хүрээнд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хэрэв М.Аыг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзвэл түүнд оногдуулсан ялыг багасгаж, мөн түүний биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хорих ангид ял эдлэх дэглэмийг нь өөрчилж, нээлттэй хорих байгууллагад  ялыг эдлүүлж өгнө үү. М.А нь өмнө нь олон удаа ял шийтгүүлж байсан боловч одоо бол зөвхөн 2018 оны 05 дугаар сарын үйлдлийг шүүхээс авч хэлэлцэх байх. Тэгэхээр М.Аы өмнөх үйлдсэн хэргүүдтэй нь одоогийн энэ хэргийг нь холбож ял шийтгэлийг нь хүндрүүлж болохгүй байх гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгийг хэт их хөтөлбөргүй үнэн юм гэж үзэж болохгүй. Хохирогч Д.Б, М.А хоёр урьд нь хоорондоо холбоотой байсан хүмүүс юм. Бэлгийн замын халдварт өвчнийг шалгах гол арга зам нь М.Аы эхнэр, хохирогчийн нөхөр хоёроос шинжилгээ авсан бол энэ асуудал нэг мөр тогтоох байсан. Иймд өмнөх саналаа дэмжиж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч М.А, өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг сая илтгэгч шүүгч уншиж танилцууллаа. Миний хувьд шүүгдэгч М.А, өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан үйл баримтууд бол үнэн юм. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх дээр ч гэсэн удаа дараа ярьж байсан. Харамсалтай нь энэ тал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд төгс эргэлзээгүй байдлаар оруулж ирээгүй юм. Үүн дээр миний хувьд үнэхээр харамсалтай байдаг. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл халдаасан. Муу л бол хойд гэрийн хар овоохой гэдэг шиг урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нөхцөл байдлуудыг шүүх хувийн байдал талаас нь харах л байх. Гэхдээ хорих ялын дэглэмийн хувьд хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь арай чангадаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг л ял оногдуулна” гэж заасан байдаг. Шүүгдэгч М.Ад холбогдох энэ хүчингийн хэргийн талаар бүхэл бүтэн 8 сарын дараа гомдол гаргасан байдаг. Гэхдээ хохирогч өөрөө гомдол гаргаагүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Мөн хохирогч нь “Ачтан” эмнэлэгт үзүүлсэн гэдэг боловч хохирогчоос ямар өвчин илэрсэн юм. Гэтэл “Ачтан” эмнэлэг нь манайд тийм хүн үзүүлээгүй гэдэг албан бичгийг ирүүлсэн байдаг. Шүүгдэгч М.Аг хориход байхад нь үзэхэд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байдаг. Энэ мэт олон эргэлзээтэй зүйлс хэрэгт байдаг. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн энэ бүхнийг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчийн хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж, мөн боломжтой бол түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч нарын саналыг сонслоо. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа учир гэхээр хуульд заасан эрхээ эдэлж байгаа юм. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж байна. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн тэгж үздэг бол давж заалдах ямар шаардлагатай юм. Энэ чинь иргэн хүн бас хүн төлөөлж байгаа хүмүүс үйл баримтыг дурдаж хуульд заасан цар хүрээний дотор гомдлоо тайлбарлах нь зүйн хэрэг юм. Тэгэхээр үүнийг бас бодууштай юм болов уу гэж миний зүгээс зориуд хэлж байгаа юм. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нийлж байна. Хүчингийн хэрэг бол гэрч байдаггүй, зөвхөн хохирогчийн гомдлоор үүсдэг, цаашлаад хохирогчийн гомдлоор шийдвэрлэгдэх ач холбогдол бүхий үндэслэл болдог. Энэ хэргийн хувьд худаг дотор насанд хүрсэн хоёр хүний хооронд болсон асуудал юм. Энэ хэрэгт  шууд бус гэрчүүд байгаа. М.А нь хэсгийн төлөөлөгч н.Мг Авлигатай тэмцэх газарт өгсний маргааш өдрөөс нь эхлээд хүчингийн хэрэг дээр шалгаж эхэлсэн бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдгийг харуулж байна. Мөн шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад зөрчлийн асуудлаар миний үйлчлүүлэгчийг цагдан хорьсон. Нэгдүгээр хавтаст хэргийн эхний хэдэн хуудаснууд бүгд засвартай байгаа. Үүнийг харах сонирхолгүй байж болох юм. Гэхдээ үүнийг хардаг хэн нэгэн субъектүүд байх л байх. Тэгэхээр нотлогдохгүй, батлагдахгүй зүйл байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж болохоор хуульд заасан байгаа. Түүнээс биш М.Аыг цагаатгаж, хэрэгсэхгүй болгоод өгөөч гэсэн зүйл байхгүй. Миний зүгээс М.А нь энэ үйлдсэн хэрэгтээ л шийтгэгдэх болов уу гэж бодож байна. Харин М.Аы урьд  ял шийтгүүлж байсан нөхцөл нь давхар түүнийг шийтгэх үндэслэл болохгүй байх. Иймд өмнөх саналаа дэмжиж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Аыг 2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Бага нуур гэх газарт байх худаг дотор иргэн Д.Бийг бэлгийн харьцаанд орохгүй бол нөхрийг чинь ална хэмээн эрхшээлдээ оруулан, тохуурхан доромжилж, бэлгийн замын халдварт өвчин халдааж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.А нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Бага нуур гэх газарт байх худаг дотор иргэн Д.Бийг бэлгийн харьцаанд орохгүй бол нөхрийг чинь ална хэмээн эрхшээлдээ оруулан, тохуурхан доромжилж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Аы урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан хүн, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зөв байна. 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Харин шүүгдэгч М.А нь хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч бэлгийн замын халдварт өвчингүй болох нь тогтоогдсон, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлсэн эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй, хэдийгээр хохирогч бэлгийн замын халдварт өвчинтэй болох нь нотлогдсон боловч шүүгдэгч халдаасан болох нь тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарын гэр бүлийн хүнээс бэлгийн замын халдварт өвчинтэй эсэх талаар шинжилгээ авсан ямар нэгэн баримт байхгүй байгаа болно. 

Шүүгдэгч М.А нь урьд нь хэд хэдэн удаа шүүхээр гэм буруутайд тооцогдож байсан хувийн байдалтай боловч шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг  харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан бэлгийн замын халдварт өвчин халдаагаагүй, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн гомдол, саналыг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь би хохирогчийг хүчиндээгүй бид хоёр өмнө нь ч гэсэн бэлгийн харилцаанд орж байсан гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед хохирогч Д.Б нь шүүгдэгчтэй бэлгийн харьцаанд орохыг хүлээн зөвшөөрөөгүй болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон, урьд нь ямар харилцаатай байсан нь уг хэрэгт хамааралгүй юм.

Хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч М.А нь 56 хоног цагдан хоригдсон тул түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцох нь үндэслэлтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийн “хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж” гэснийг, 2 дахь хэсгийн  “2.5” гэснийг тус тус хасаж, 3 дахь хэсгийн “хаалттай” гэснийг “нээлттэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аы цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ