Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогч Н.Наранцэцэг, Д.Нандинцэцэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Лхагвабадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Гансүхийн Ганбаатарт холбогдох 201618010049 дугаартай хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн харъяат, 0000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, ам бүл 2 ээжийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, төрөөс авсан  гавъяа шагналгүй, 3 удаагийн ял шийтгэлтэй / Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08-р сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 06 сарын баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06-р сарын 21-ний өдрийн  290 дугаартай шийтгэх тогтоолоор 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж  байсан/ гэмт хэрэгт холбогдохын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Боржигон Гансүхийн Ганбаатар,

Шүүгдэгч Г.Ганбаатар нь машин механизм хэрэглэн 2016 оны 04-р сарын 13-ны өдөр М.Хишигбат, Б.Өлзийбадрах нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг Жимстэй хорооллын задгайд оршин суух иргэн Д.Нандинцэцэгийн гэрт орж 32 инчийн LCD зурагт, Nokia  маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 270 000 төгрөгийн,

2016 оны 05-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутагт байрлах Улсын Их Дэлгүүрийн 1-р давхарын  үнэт эдлэлийн  тасгаас 19,1 грамм жинтэй 995 сорьцтой алтан бөгж хулгайлж 2 800 000 төгрөгийн,

2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутагт байрлах Олон улсын худалдааны төвийн “Говь”  ХК-ийн нэрийн барааны дэлгүүрээс эрэгтэй хүний ноолууран цамц хулгайлж 319 000 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 3 удаагийн үйлдлээр 3 389 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан,

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргүүдэд холбогджээ. / Яллах дүгнэлтээс/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Эрдэнэ-Очирын мэдүүлэг /1 хх-ийн 18 дугаар хуудас/, сэжигтэн М.Хишигбатын мэдүүлэг /1 хх-ийн 20-21 хуудас/, Сэжигтэн Б.Өлзийбадрахын мэдүүлэг /1 хх-ийн 22-23 хуудас/, үнэлгээний комиссын акт /1 хх-ийн 28 хуудас/, хохирогч Б.Оюун-Ундрамын мэдүүлэг /1 хх-ийн  141-142 хуудас/,  гэрч Ц.Сэргэлэнбаатарын мэдүүлэг /1 хх-ийн 144 хуудас/, цамцны үнэлгээний хуудас /1 хх-ийн 147 хуудас/, Ноолууран цамцны шошго /1 хх-ийн 148 хуудас/, Хохирогч Н.Наранцэцэгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Будсүрэнгийн мэдүүлэг /1 хх-ийн 16-17 хуудас/, бөгжний үнэлгээ тогтоосон баримт /1 хх-ийн 2-30 хуудас/, сэжигтэн Г.Ганбаатарын мэдүүлэг /1 хх-ийн 242-243 хуудас/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “СД”-д хураагдсан дүрс бичлэгийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр : Шүүгдэгч Г.Ганбаатарын зан байдал, хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ганбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Ганбаатар нь  2016 оны 04-р сарын 13-ны өдөр М.Хишигбат, Б.Өлзийбадрах нартай бүлэглэн М.Хишигбатын унаж явсан 1500 УНР улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн  нутаг Жимстэй хорооллын задгайд оршин суух иргэн Д.Нандинцэцэгийн гэрийн цоожийг эвдэн орж  32 инчийн LCD зурагт, Nokia  маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 270 000 төгрөгийн хохирол учруулах,

            2016 оны 05-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутагт байрлах Улсын Их Дэлгүүрийн 1-р давхарын  үнэт эдлэлийн  тасгаас 19,1 грамм жинтэй 995 сорьцтой алтан бөгж хулгайлж 2 800 000 төгрөгийн хохирол учруулах,

2016 оны 08-р сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутагт байрлах Олон улсын худалдааны төвийн “Говь”  ХК-ийн нэрийн барааны дэлгүүрээс эрэгтэй хүний ноолууран цамц хулгайлж 319 000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нандинцэцэгийн өгсөн “...Би 2016 оны 04-р сард 32 инчийн  LCD  зурагт, Нокиа маркийн гар  утсаа алдсан.  Хажуу талын айлдаа орж цай уугаад гараад ирэхэд манай хаалга онгорхой байсан. Ороод үзсэн чинь манай хаалга онгорхой зурагт утас хоёр алга болсон байсан. Гараад харахад нэг хүн хашаа даваад явж байсан. Хохирол нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, 

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Наранцэцэгийн өгсөн “...Би Улсын Их Дэлгүүрт үнэт эдлэлийн лангуу түрээслэдэг. Тухайн өдөр манай борлуулагч Г.Лхагвабадам ажиллаж байсан. Тэр өдөр Солонгос улсын 24 краттай, 19,5 граммтай алтан бөгж алдсан. Одоо Г.Лхагвабадам 1 000 000 төгрөгийг өөрийн цалингаасаа төлж өгсөн байгаа. Би энэ хүнээс хохирол төлбөр 1 800 000 төгрөгөө барагдуулж авмаар  байна...” гэх мэдүүлэг,

 

            3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Лхагвабадамын өгсөн “...Алдагдсан бөгжний 2 800 000 төгрөгөөс би өөрийнхөө цалингаас 1 000 000 төгрөгийг төлсөн байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

            4. Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оюун-Ундрамын өгсөн “...Би 2016 оны 08-р сарын 31-ний өдөр Дархан сумын 12-р баг Олон улсын худалдааны төвийн нэг давхарт байрлах Говь ХК-ийн нэрийн барааны Говь кашмер дэлгүүрт худалдагчаар ажилтай байсан. Тухайн өдөр манай дэлгүүрт үйлчлүүлэгч ихтэй байсан. Өдөр 14:00 цаг өнгөрч байхад дэлгүүрт хар өнгийн куртик, жинсэн өмдтэй саравчтай малгайтай, хар өнгийн үүргэвч үүрсэн өндөр нуруутай, туранхай бор залуу орж ирсэн. Тухайн үед тэр залууг бараа үзэж байх үеэр анзаарч харж байсан боловч үйлчлүүлэгч ихтэй байсан болохоор тэр болгон анзаарч харж чадаагүй. Тэгээд 14:30 минутад өлгүүртэй бараагаа шалгаад явж байтал зүүн талын эрэгтэй хувцасны өлгүүрээс эрэгтэй хүний цулгуй бор өнгийн, алаг юүдэнтэй цамц өлгөсөн байсан өлгүүр хоосон байсан. Тэгээд дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг шүүж үзэхэд нөгөө хар өнгийн үүргэвч үүрсэн миний ажиглаж хараад байсан залуу 14:05 минутанд дэлгүүрт орж ирээд эрэгтэй ноолууран цамц өмсөж үзэж байгаа, тэр цамцыг эргүүлж өлгөөд хажуу талын өлгүүрт байсан цулгуй бор өнгийн, алаг юүдэнтэй цамцны дохиоллыг салгаад ар талын манеканд өмсүүлсэн байсан хувцасны халаасанд хийчихээд цамцыг цүнхэндээ хийгээд 14:25 минутын үед дэлгүүрээс гарч яваа үйлдэл нь камерт бичигдсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх  мэдүүлэг /1 хх-ийн 141-142 хуудас/,

 

5. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч  Б.Будсүрэнгийн өгсөн “...1500 УНР улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Учир нь энэ тээврийн хэрэгслийг миний хадам дүү болох Б.Отгонбаяр нь нэр дээрээ эзэмшиж байсан юм. Тэгээд ер нь бол энэ тээврийн хэрэгслийг би түрээслэдэг байсан юм. Тэгтэл 2016 оны 03-р сарын 30-ны өдөр зарын дагуу ирээд надтай машин худалдах-худалдан авах гэрээ хийгээд 1500 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад тэрнээс хойш ирээгүй алга болчихсон юм. Тийм учраас би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг авахаар энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17 хуудас/, 

 

6. Мөрдөн байцаалтад сэжигтэн М.Х-н өгсөн “...2016 оны 04-р сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотоос гурван хүн аваад Дархан-Уул аймаг руу явсан юм. Улаанбаатар хотоос гарахдаа Өлзийбадрах руу утсаар яриад би очиж байна гэж хэлсэн. Тэгээд Дархан-Уул аймаг ороод Өлзийбадрахын гэрт очоод хоол унд болчоод байж байсан чинь Ганбаатар орж ирсэн. Тухайн үед Ганбаатар орж ирэхдээ согтуу халамцуухан орж ирсэн. Тэгээд юм яриад сууж байсан чинь Өлзийбадрах мөнгө олох хэрэгтэй байна. Ээж эмнэлэгт хэвтчихсэн байгаа бензиний мөнгө олоод Улаанбаатар хот руу цуг явъя гэж хэлсэн. Тэгээд би Ганбаатар, Өлзийбадрах хоёроос салаад Мөнхзаяа гэдэг найз хүүхэнтэй очиж уулзсан. Тэгээд өнөөдөр явах худлаа боллоо маргааш хот явъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Өлзийбадрахд Өлзийбадрах байнгын дуудаад салахгүй байхаар нь очсон чинь Ганбаатар, Өлзийбадрах хоёр цуг байж байсан. Тэгээд Ганбаатарыг хуучин хороололд гэрт хүргэж өгөөд Өлзийбадрах, манай найз бид гурав нэг караокед орсон. Тэгээд сууж байгаад гараад Өлзийбадрах нэг дэлгүүр орж хоёр том пиво авч уусан. Тэгээд манай найз охин бид хоёр Өлзийбадрахыг гэрт хүргэж өгөөд гэрийнх нь гадаа машин дотроо манай найз охин бид хоёр хоносон юм. Тэгээд маргааш өглөө Өлзийбадрах, Ганбаатар бид гурав уулзаад Улаанбаатар явах гээд байж байсан чинь Орхон аймгаас Өлзийбадрахын найз нь утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар, Өлзийбадрах бид гурав явахаар болоод Дархан-Уул аймгаас 14 цагийн үед гарсан. Тэгээд замдаа Хөтөлөөр орж ирээд машин зогсоолын урдаас харагдаж байсан байрны хажуугийн цайны газар орж хүн бүр гурав гурван прошки идчихээд гараад дэлгүүр орж нэг шил 0.33 граммтай архи аваад Хөтөлөөс гараад зам дагаж явж байгаад блокон хашааны хажууд очоод архиа уугаад сууж байсан чинь Ганбаатар намайг энэ цоожтой айлд орчихоод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буусан чинь Ганбаатар надад машины дугуйн торцов авч өгсөн. Тэгээд намайг Ганбаатар явуулаад өөрөө болохоор хүн хараад зогсож байсан. Би тухайн айлын цоожийг машины дугуйны торцовоор хөшиж орсон чинь гэрт юм байхгүй байна гээд эргэж гараад Ганбаатарт хэлсэн чинь Ганбаатар зурагт байхгүй байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зурагтыг авсан. Мөн газар цэнэглээд тавьчихсан байсан Нокиа гар утас зэргийг аваад гарч ирээд хашаа давуулж Ганбаатарт өгсөн. Тэгээд би хашаа гараад машиндаа суугаад төв зам руу ороод Орхон аймаг руу явсан. Тэгээд бид гурав Орхон аймаг орох гэж байгаад цагдаагийн постон дээр цагдаад шалгуулсан. Тэгээд тэнд цагдаад баригдсан...”  гэх мэдүүлэг /1 хх-ийн 21 хуудас/,

7. Мөрдөн байцаалтад сэжигтэн Б.Ө-н өгсөн “...2016 оны 04-р сарын 13-ны өглөө гэртээ байж байсан чинь Хишигбат манай гэрт хүрч ирээд Улаанбаатар хот явах хэрэг байна. Чи хамт явах юм уу явна гэвэл бензиний мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр би Ганбаатар руу утсаар яриад чи Улаанбаатар хот явах юм уу гэж асуусан чинь Ганбаатар явна гэж хэлсэн. Тэгээд манай гэрт хүрч ирсэн. Тэгээд Хишигбат, Ганбаатар бид гурав нийлээд манай найз болох  Мөнх-Оргил дээр очиж 10 000 төгрөг авсан. Тэгээд тэндээс хөдлөөд явж байхдаа Хишигбат замаасаа нэг найзаасаа 15 000 төгрөг авсан. Тэгээд бид гурав хот явах гээд Дарханаас гарсан чинь Хишигбат хот явахгүй. Орхон аймаг явна гээд байсан. Учир нь би Хишигбатаас асуусан чинь жолооны үнэмлэх байхгүй болохоор Улаанбаатар явж болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав Орхон аймаг руу явсан. Тэгээд Орхон аймаг явж байхдаа замдаа Хөтөлөөр ороод цайны газар орж хуушуур авч идсэн. Нэг дэлгүүр орж архи авсан. Тэгээд цаашаа засмал замаар явж байсан чинь Хишигбат замын хажууд байх айл руу орох уу гэж хэлэхээр нь яах юм бэ гэсэн чинь Хишигбат шууд буусан. Буухдаа Ганбаатарын хамт буусан. Хишигбат гартаа дугуйны торцов барьчихсан буусан. Тэгээд тэр айл руу орсон. Би тухайн үед нь хар өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл дотор суугаад хашааны буланд хүлээгээд сууж байсан чинь Хишигбат, Ганбаатар хоёр хар өнгийн LCD телевиз, жижиг Нокиа маркийн гар утас барьчихсан ороод ирсэн. Тэгээд шууд тэндээсээ хөдлөөд Орхон аймаг явсан. Тэгээд Орхон аймаг руу орж явахад замын цагдаагийн постон дээр цагдаа нар зогсоогоод шалгуулсан. Тэгээд бид гурав Орхон аймгийн цагдаад баригдаад цагдаагийн газарт хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23 хуудас/,

8. Хохирогч Д.Нандинцэцэгийн гэрээс алдагдсан 32 инчийн LCD зурагтыг 250 000 төгрөгөөр,  nokia маркийн гар утасыг 20 000 төгрөгөөр  үнэлэсэн Сайхан сумын  үнэлгээний комиссийн үнэлгээ /1хх-ийн хуудас 28/, 

 

10. Хулгайд алдагдсан ноолууран цамцны зах зээлийн үнэлгээг 319 000 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн  үнэлгээ тогтоосон акт /1 хх-ийн 147 хуудас/,

 

11. 995 сорьцтой, 24 каратын 19.5 гр жинтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн алтан бөгжний үнэлгээг 2 800 000 төгрөгөөр тогтоосон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн үнэлгээний комиссийн үнэлгээ тогтоосон баримт /2 хавтаст хэргийн 30 хуудас/,  

 

12. Шүүгдэгч Г.Ганбаатарын сэжигтэн  М.Хишигбат, Б.Өлзийбадрах нартай бүлэглэн  хулгайлах  гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн 15-00 УНР улсын дугаартай машиныг битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 11 хуудас/,

 

13. Хар өнгийн 15-00 УНР улсын дугаартай Верна аксент маркийн машиныг 3 000 000 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссийн үнэлгээ /1 хх-ийн 100 хуудас/,

 

14. Хохирогч Д.Нандинцэцэгт  32 инчийн LCD зурагт, Nokia гар утас хүлээлгэн өгсөн тухай 2016 оны 04 сарын 15-ны өдрийн  тэмдэглэл /1 хх-ийн 13 хуудас/,

 

15. Шүүгдэгч Г.Ганбаатараас Д.Нандинцэцэгт хохирол 150 000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн, 97 хуудас/, 

 

16. Дархан уул аймгийн Дархан сумын 12-р баг, Олон улсын худалдааны төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 133 хуудас/,

 

17. Хэрэгт авагдсан 2 ширхэг CD /1 хх-ийн 197 хуудас/, зэрэг нотлох бармтуудаар,

 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас зориуд  санаатай зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

1. 2016 оны 04-р сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл, /1 хх-ийн 81 хуудас/,

 

2. 2016 оны 06-р сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 5/14 дугаартай Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /1 хх-ийн 83 хуудас/,

 

3. 2016 оны 06-р сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 5/02  дугаартай Сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол /1 хх-ийн 85 хуудас/,

 

4. 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 5/21 дугаартай Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацааг тогтоох тухай тогтоол /1 хх-ийн 87 хуудас/,

 

5. 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн даалгавар /1 хх-ийн 107 хуудас/,

 

6. 2016 оны 10-р сарын 26-ны өдрийн Албан даалгаврын хариу /1 хх-ийн 108 хуудас/,

 

7. 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тогтоол /1 хх-ийн 109 хуудас/, 

 

8. 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн Сайхан сум дахь Сум дундын  прокурорын газрын прокурорын Хилийн хориг тавиулах тухай тогтоол /1 хх-ийн 114 хуудас/,

9. 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 1/207 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтууд болон  шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Г.Ганбаатарын өгсөн “...2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн үед найз Өлзийбадрах гэртээ хүрээд ир гэж намайг дуудсан. Би Өлзийбадрахын гэрт 10 цагийн үед очиход Өлзийбадрах, Хишигбат хоёр хар өнгийн верна аксент маркийн машинд сууж байсан. Хишигбатыг хотоос ирсэн хотод нэг сургуульд сурч байсан ангийн хүүхэд гэж байсан. Хишигбат найз охинтойгоо уулзчихаад ирье гээд Өлзийбадрах бид хоёроос салаад явсан. Өлзийбадрах өчигдөр Хишигээ бид хоёр ууж байгаад үлдээсэн гээд 0.5 литрийн архи гаргаж ирсэн. Бид хоёр тэр архийг нь хувааж уусан. Хишигээ Эрдэнэт руу ажлаар явж байгаа гээд  Эрдэнэт яваад ганц хоёр хоноод ирье намайг хамт явах уу гэсэн. Би онцын ажилгүй байсан болохоор цуг явъя гэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэт рүү явж байх үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дэлгүүрээс архи авах гээд орсон чинь архи зардаггүй өдөр байсан. Гэр хорооллын дэлгүүр архи зардаг гээд бид 3 гэр хорооллын дэлгүүрээс архи авах гээд явсан. Нэг дэлгүүрээс 0,33 граммын шилтэй архи авсан. Тэгээд машиндаа суусан чинь Хишигбат миний таньдаг айл энд байдаг юм гээд машинаас буугаад явсан. Өлзийбадрах бид хоёр тэр архийг хувааж ууж дуусгахад Хишигбат ирээгүй байсан. Бид хоёр Хишигбатын машиныг унаад тэр газраар хайгаад явж байсан чинь нэг хашааны цаана нэг айлаас гарч ирээд дуудаж байсан. Би яваад очиход хар өнгийн LCD зурагт өгөөд энийг машиндаа хийчих би хойноос чинь очъё гээд хар өнгийн LCD зурагт надад өгсөн. Би тэр зурагтыг аваад цаашаа явж байгаад эргээд харахад хашааны буланд нэг эмэгтэй хүн намайг хараад зогсож байхаар нь Хишигбатын найз нь юм байх гэж бодоод машинд нөгөө зурагтыг аваачиж тавьчихаад удаагүй байхад Хишигбат ирээд бид  3 Эрдэнэт рүү явсан. Бид 3 Эрдэнэт рүү явж байхад Баруунбүрэн дээр цагдаа зогсоогоод машин доторх эд зүйлийг шалгасан. Хишигбатын машины бичиг баримтыг аваад буцаж ирэхдээ бичиг баримтаа аваарай гээд торгуулын хуудас өгсөн. Миний хажууд суудал дээр байсан зурагтыг тоогоогүй машины бичиг баримтыг аваад үлдсэн. Бид 3 цаашаа Эрдэнэт явж байх замд Хишигбат би сая айлаас энэ зурагтыг хулгайлсан юм гэж тэр үед хэлсэн. Одоо яах юм гэсэн чинь. Би өөрөө хариуцна та нарт хамаагүй гэсэн. Өлзийбадрах нь өмнө 145.2 дахь зүйл ангиар ял шийтгэл аваад  шоронгоос гарч ирээд удаагүй байсан болохоор би наадах хулгайн хэрэгт чинь хамаагүй шүү гэсэн чинь. Тийм зүйл байхгүй энэ хэргийг би өөрөө хариуцна гэсэн. Бид гурвыг цагдаа зогсоогоод Эрдэнэт руу аваачсан. Буцаагаад Хөтөлд авчираад 04 дүгээр сарын 28-ны өдөр батлан даалтад өгсөн.  Би 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэзул байцаагч дээр батлан даалтад гараад 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд мөрдөн байцаагч дээр ирж байсан. Нэг өдөр Хишигбат мөрдөн байцаалтад ирээгүй тэгээд Эрдэнэзул байцаагч Хишигбатыг олоод ир гээд Өлзийбадрах бид хоёрыг явуулсан. Өлзийбадрах бид хоёр Эрдэнэзул байцаагчтай 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл холбоотой байсан. Өлзийбадрах Уул уурхайн чиглэлээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургууль төгссөн болохоор “Жигүүр гранд” группэд уул уурхайн ажилд орчихлоо гээд яваад өгсөн. Би хотод эгчтэйгээ барилгын компанид сантехникийн ажил хийж байгаад 05 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Дэлгүүрийн баруун хаалгаар нь ороод зүүн хаалгаар нь гарах гэж явж байгаад нэг үнэт эдлэлийн лангууны хажуугаар явж байсан чинь нэг эмэгтэй хүн цаашаа хараад үнэт эдлэлээ тоолоод хураагаад зогсож байсан. Тухайн үед манай талийгаач ахын бие маш муу зүрхний өөхлөлттэй гээд эмнэлэгт хэвтэж байсан. Эм тарианы мөнгө хэрэгтэй байсан болохоор онгорхой байсан лангуунаас нэг ширхэг бөгж сугалж авсан. Их дэлгүүрээс гараад урт цагаан орж зарах гэсэн чинь тэр хавьд хүн байхгүй орой болсон байсан. Манай эгч Сонгино-Хайрхан дүүргийн 32 дугаар байранд тэр үед байр түрээслэдэг байсан. Ээж рүү ярьсан чинь эгчийнд байна гэсэн. Би эгчийнх рүү очиж байгаад замдаа Хархорин зах дээр буугаад тэр хавиар явж байсан чинь гар утас, үнэт эдлэл авна гэсэн хүмүүст үзүүлсэн. Тэр бөгж нь аман дотроо луу хийсэн хэлбэртэй бөгж байсан. Тэр хүмүүс доторх чулууг нь аваад жинлэж үзээд энэ бөгж 280 000 төгрөг болох юм байна зарах юм уу гэсэн. Би тухайн үед тийм үнэтэй бөгж гэдгийг нь мэдээгүй 280 000 төгрөгөөр тэр бөгжийг зарсан.  Би эгчийндээ очоод 250 000 төгрөгийг нь ээждээ эм тариа аваарай гээд өгсөн. Дараа нь ээж группийнхээ мөнгийг дээр нь нэмж байгаад эм тариа авсан гэж хэлж байсан. Ахын маань ажил явдал дуусаад би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эмээгээ Дархан аймагт гэрт нь хүргэж өгсөн. Манай найз Сэргэлэнбаатар Олон улсын худалдааны төвд барилгын материал зардаг. Өглөө нь манай найз хотоос барилгын материал ирчихлээ цуг буулгаад өгөөч гэж дуудсан. Олон улсын худалдааны төвийн “Говь кашмер” ХК-ийн нэрийн дэлгүүр тухайн үед хямдрал зарласан байсан. Тэр дэлгүүр рүү ороод хямдарсан бараануудыг сонирхоод явж байгаад нэг эрэгтэй цамц өмсөж үзчихээд харахад тэр цамцны хажуу талын эрэгтэй цамцны дохиолол нь хүзүүн дэх шошгоноосоо нилээн мултараад салсан байхаар нь би аваад хойд талын цамцны халаасанд хийгээд тэр цамцыг нь цүнхэндээ хийгээд гарч ирсэн. Би Сэргэлэнбаатартай уулзахгүй гараад тэр цамцыг Дарханы Буян зах руу ороод зарах гэсэн. Тэр цамцны  хүзүүнийхээ хойд талд уранхайтай байсан болохоор худалдаж авахгүй байсан. Захын үүдэнд байж байгаад нэг танихгүй хүнд 60 000 төгрөгөөр зараад ойр зуурын зүйл аваад буцаад гэрлүүгээ харьж байх замдаа талийгаач ахын найз Батаа гээд ахтай таарсан. Тэр ах нэг шил архи аваад өгчих гээд гуйгаад байхаар нь нэг шил архи авч өгчихөөд гэртээ орсон. Би 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сар хүртэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр намайг Дархан аймагт шалгаж байсан. Намайг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр шалгаад оргодол гээд зарласан байхад би Дархан аймагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 гэсэн зүйл ангиар шалгагдаж байсан. Жаргалсайхан байцаагч чиний хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэрэгсэхгүй болгосон хэрэг дээр чинь ганц хоёр зүйл нэмж тодруулж гарын үсэг зуруулах шаардлагатай байна гээд намайг хүрээд ир гэж дуудсан. Тэр үед Жаргалсайхан байцаагч намайг Олон улсын худалдааны төвөөс ноолууран цамц хулгайлсан байна гээд тэр өдөр намайг эрүүлжүүлэхэд хонуулаад 08 дугаар сарын 31-ний өдөр намайг эрүүлжүүлэхээс гаргаж ирээд тэр хүнийхээ хохирлын мөнгийг нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор барагдуулчих гэж хэлээд намайг явуулсан. Би хотод барилгын ажил хийж байгаад би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр баригдаад 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа. Д.Нандинцэцэг гэдэг хохирогчийн гэрт хулгайн хэрэг үйлдэхэд Өлзийбадрах бид хоёр машинд үлдээд Хишигбат таньдаг айл маань байдаг юм очиж уулзчихаад ирье гээд буугаад явсан. Хишигбатыг хулгай хийх гэж байна гэж бодоогүй. Өлзийбадрах бид хоёр Хишигбатын машиныг бариад хайгаад явж байсан чинь нэг хашааны цаана гарчихсан нэг айлаас гарч ирж байсан. Ганбаа очоод дуудчих гээд би машинаас буугаад очоод дуудсан чинь надад хар өнгийн LCD зурагт өгөөд энийг машинд аваачаад хийчих гэсэн. Би юун зурагт юм гэж асуугаагүй. Би зурагтыг нь аваад цаашаа явж байгаад эргээд харахад хашааны буланд нэг эмэгтэй хүн намайг хараад зогсож байсан. Тэр эмэгтэй хүнийг Хишигбатын найз нь юм байх гэж бодсон. Машиндаа LCD зурагтыг нь авчирч хийчихээд байж байхад Хишигбат  хүрч ирсэн. Хишигбатаас хашааны тэнд байсан эмэгтэй хүн хэн юм бэ? гэхэд Хишигбат манай найзын эхнэр байгаа юм гэж хэлсэн. Тэр зурагтыг хулгайн зурагт байна гэдгийг Эрдэнэтийн цагдаа нарт баригдахдаа мэдсэн. Баруунбүрэн дээр цагдаа зогсоогоод шалгахад энэ зурагт хулгайн зурагт гэдгийг Өлзийбадрах бид хоёрт хэлээгүй. Шалгалт нэгжлэг болоход хажууд зурагт байсныг цагдаа нар бүгд мэдэж байсан. Хурд хэтрүүлсэн байна гээд машиных нь жолооны үнэмлэхийг нь хураагаад авсан. Эрдэнэт орох ажилтай байна гээд буцаж ирэхдээ торгуулийн мөнгөө өгөхөөр болоод Баруунбүрэнгийн цагдаа нараас салсан. Цаашаа Эрдэнэтийн пост дээр цагдаа зогсооход одоо бичиг баримт үзэх байхдаа гэсэн чинь орж ирээд үзлэг хийгээд зурагт гаргаад ирсэн чинь. Наадах зурагт чинь хулгайн зурагт байна гээд Эрдэнэт орсон. Эрдэнэтээс Хөтөлийн цагдаагийн газар руу ирсэн. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр намайг батлан даалтад байхад Эрдэнэзул байцаагч хам хэрэг хийсэн гээд байгаа Хишигбатыг олоод ир гээд Өлзийбадрах бид хоёрыг явуулсан...” гэх мэдүүлэг зэргээр   хангалттай тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн орон байр, агуулах, саванд нэвтэрч үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ганбаатарын өрх тусгаарлаагүй, хувьд ногдох эд хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан  эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ганбаатар нь урьд өмнө 3 удаа ял шийтгүүлсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудсаар тогтоогдож байгаа бөгөөд хамгийн сүүлд 2012 оны 08-р  сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 09-р сарын 27-ны өдрийн 126 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 07 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь  /1 хх-ийн 74 хуудас/ тогтоогдож байна. 

Шүүгдэгч Г.Ганбаатар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд 2013 оны 09-р сарын 27-ны өдрийн захирамжаар тэнсэн сулласнаас эхлэн 5 жилийн хугацаанд буюу 2018 оны 09-р сарын 26-ны өдрийг хүртэл шинээр  гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд  ялгүй болох байсан ба уг хугацаа дуусахаас 02 жил 05 сар  13 хоногийн өмнө гэмт хэрэг дахин үйлдсэн байна.  2015 оны 08-р сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарын ялгүй болох хугацаанаас үлдсэн 02 жил 05 сар 13 хоногийн  хугацаа нь хэрэгсэхгүй болж анх удаагийн ял шийтгэлтэй болсон байна.

Шүүгдэгч Г.Ганбаатарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ганбаатар нь хохирогч Д.Нандинцэцэгт төлөх төлбөргүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт “ ...нэхэмжлэх хохиролгүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оюун-Ундрам нь Говь ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд “...манай дэлгүүрт 319 000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Би цалин дээрээсээ бага багаар төлөөд дэлгүүрийг хохиролгүй болгож байгаа гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн /1 хх-ийн 142 хуудас/, хэдэн төгрөгийн хохирол барагдуулсан талаар нотлох баримтгүй, Б.Оюун-Ундрам нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд 319 000 төгрөгийг шүүгдэгч Г.Ганбаатараас гаргуулж “Говь” ХК-д  олгож шийдвэрлэлээ.

 

Алт үнэт эдлэл, гоёл чимэглэл худалдаалах тухай “Номинтав трейд” ХХК-тай байгуулсан худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу  хохирогч Н.Наранцэцэг Улсын Их Дэлгүүрт байрлах лангууг эзэмшдэг болох нь  2016 оны 02-р сарын 04-ний өдрийн ТtB/16/175 гэрээгээр /2 хх-ийн 79-81 хуудас/ тогтоогдож байх тул шүүхээс хохирогчоор Н.Наранцэцэгийг тогтоосон. Шүүх хуралдаанд хохирогч Н.Наранцэцэг нь “...манай лангуунаас алдагдсан  бөгжний үнэ 2 800 000 төгрөгөөс худалдагч Г.Лхагвабадам нь 1 000 000 төгрөг төлсөн. Иймд үлдэх 1 800 000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Мөн шүүх хуралдаанд ирж буцсаны бензиний зардал 71 035 төгрөгийг  гаргуулж өгнө үү...” гэж мэдүүлж байна.

Иргэний нэхэмжлэгч Г.Лхагвабадам “...Би өөрийн цалингаасаа 1 000 000 төгрөг Н.Наранцэцэгт төлсөн. Энэ мөнгийг Г.Ганбаатараас гаргуулж өгнө үү...” гэж байгаа тул шүүгдэгч Г.Ганбаатараас 1 871 035 төгрөг гаргуулан хохирогч Н.Наранцэцэгт, 1 000 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Лхагвабадамд тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ганбаатарын сэжигтэн М.Хишигбат, Б.Өлзийбадрах нартай бүлэглэн хохирогч Д.Нандинцэцэгийн гэрээс эд зүйл хулгайлахдаа хэрэглэсэн 1500 УНР улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Отгонбаярын эзэмшил болох нь тээврийн хэргсэлийн гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 8 хуудас/-аар тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэгч Б.Будсүрэн нь миний эзэмшлийн машин гэж мэдүүлж байгаа ч энэ мэдүүлэг нь өөр бусад баримтуудаар  тогтоогдохгүй байна. Иймд 2016 оны 06-р сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг Б.Отгонбаярт олгож шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Будсүрэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй болно.

            Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комисс дээрх машины зах зээлийн үнэлгээг 3 000 000 төгрөгөөр тогтоосон  /1 хх-ийн 100 хуудас/ байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан байдаг. 1500 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах нь гуравдагч этгээдийн эрх ашигт ноцтой хохирол учруулахаар байх тул  шүүгдэгч Г.Ганбаатараас машины үнийн дүнгийн 1/3 болох 1 000 000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2016 оны 04-р сарын 14-ний өдрийн 19 цагаас эхлэн  сэжигтнээр баривчлагдаж, 2016 оны 04-р сарын 15-ны өдрийн 17 цаг 10 минутаас сэжигтнээр 14 хоног, 2016 оны 10-р сарын 18-ны  15 цаг 15 минутаас шийтгэх тогтоол гарах хүртэл 144 хоног нийт  158 хоног /14+144/ цагдан  хоригдсон байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Ганбаатарын цагдан хоригдсон 158 хоногийн хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолох нь  зүйтэй юм.     

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн торцов 1 ширхэг, жижиг цагаан цоож 1 ширхэгийг тус бүр устгаж, 1 дүгээр хавтаст хэргийн 197 хуудсанд хадгалагдаж байгаа  2 ширхэг  CD-г хэргийг хадгалах хугацаа  дуустал  хэргийн хамт үлдээж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.Ганбаатарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Г.Ганбаатарт холбогдох 201618010049 дугаартай хэргээс сэжигтэн Б.Өлзийбадрах М.Хишигбат нарт холбогдох 201618010139 дугаартай хэргийг 2016 оны 11-р сарын 18-ны өдөр тусгаарласан болохыг тэмдэглэх нь /2 хх-ийн 55 хуудас/ зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291, 293, 297.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч Боржигон Гансүхийн Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг  давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэх, мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих  ялыг, хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарын цагдан хоригдсон 158 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатараас 3 190 035 төгрөг гаргуулж, хохирогч Н.Наранцэцэгт 1 871 035 төгрөгийг, хохирогч “Говь” ХК-д 319 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Лхагвабадамд 1 000 000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Нандинцэцэгт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06-р сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,  1500 УНР улсын дугаартай хар өнгийн Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Отгонбаярт  буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатараас 1 000 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  торцов 1 ширхэг, жижиг цагаан цоож 1 ширхэгийг тус бүр устгаж, энэ хуулийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар 2 ширхэг  CD-г хэргийг хадгалах хугацаа  дуустал үлдээсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоод гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                А.НАРАНТУЯА