Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0637

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ИХХК

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар

Хариуцагч: Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: А ХХК” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох” бараа нийлүүлэх тендер (дугаар НХААГ-17/0002)-т А ХХК” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И ХХК-ийн гүйцэтгэх захирал П.З*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Г.Б, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ИХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний  хууль зүйн үндэслэлээ:

“...Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухааны Академийн *******ийн хүрээлэн хамтарч Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг цагийн механиэм ашиглаж удирддаг үйл ажиллагааг автоматжуулж, алсын хяналт удирдлагад шилжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн бөгөөд "*******" нэртэй анхны суурь системийг 2011 онд байгуулсан. Уг системийг Улаанбаатар хотын гэр хороолол, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг интернетэд холбогдсон мобайл хэрэгслээс асааж, унтраах, гэрэлтүүлгийг олон зүйл төлөвөөр хянахад зориулж зохион бүтээсэн. “*******” систем нь төв сервер, хяналт удирдлагын "*******” вэб програм, төвлөрсөн удирдлагын бүтэцтэй щит самбар ба түүний электрон удирдлага гэсэн хэсгүүдээс бүрддэг ба И ХХК нь“*******” системийн электрон удирдлагадаа Монгол улсын Шинэ бүтээлийн патент, гадна гэрэлтүүлгийн щитэндээ Монгол улсын ашигтай загварын гэрчилгээг тус тус эзэмшигч юм.

Нийслэлийн Засаг даргын баталсан 2017 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажил (Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох)-ын худалдан авах ажиллагааг зохион байгуулагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газарт бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасныг үндэслэн патент эзэмшигч манай компанитай гэрээ шууд байгуулан хамтран ажиллахыг хусч буй тухайгаа мэдэгдсэн. Гэвч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газар “*******” системийн патент эзэмшигч манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох” бараа нийлүүлэх тендер (дугаар НХААГ-17/0002)-ийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар явуулахаар нийтэд зарласан. Манай компани Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас гаргаж буй хууль бус шийдвэрүүдэд хүлээцтэй хандаж, тус тендерт нь оролцсон. Гэвч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас уг тендерт манай компани шалгараагүй, А ХХК” ХХК шалгарсан тухай үнэлгээний хорооны дүгнэлтийг хавсаргасан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/519 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газар уг тендерт А ХХК” ХХК-ыг сонгон шалгаруулсан нь дараах хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн гэж бид үзэж байна. Үүнд:

1. ИХХК нь 2015, 2016 онд нийслэлийн болон дүүргүүдийн хөрөнгө оруулалтаар гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлгийн барилга, угсралтын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан байгууллагуудад тендерийн ажлын зураг төсөлд тусгагдсан иж бүрэн тоноглогдсон гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлгийн удирдлагын шит самбар /бараа/ нийлүүлж, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын “Т” системд бүрэн холбосон. Бид тус тендерийн материалдаа 2015, 2016 онд тендерт шалгарсан байгууллагуудад ижил барааг нийлүүлсэн гэрээ, акт, захиалагч /Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/-ийн тодорхойлолтын хамт хавсаргасан. 2016 онд захиалгаар нийлүүлсэн ижил барааны нийт үнийн дүн 400,000,000 төгрөгт хүрч байгаа нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувьд хүрч, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны ТОӨЗ 18.1(г)-д заасан сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстөй барааг нийлүүлсэн байх шаардлагыг хангаж байх боловч тус шаардлагыг хангаагүй гэж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газар мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ" гэж заасныг зөрчсөн.

Тендер хянан үзэх үе шатны шаардлага хангаагүй гэж мэдэгдчихээд, тендер шалгаруулалтад үнэлгээ хийх дараагийн шатанд шилжүүлж үнээр харьцуулан, шалгарсан компаниас өндөр үнийн санал ирүүлсэн гэж мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ", 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн тендерт үнэлгээ хийнэ" гэж заасныг тус тус зөрчсөн.

Манай компани Улаанбаатар хотын гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн удирдлагыг нэгдсэн удирдлагын “*******” системд холбож алсын хяналт, удирдлагаар хангах ажлыг үе шатны дагуу хэрэгжүүлэхдээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажиллах гэрээ “Оюуны өмчийн эрхийн асуудлаар хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулан ажиллаж, 2016 оны эцсийн байдлаар Улаанбаатар хотод байдаг 900 орчим гадна гэрэлтүүлгийн удирдлагын цэгээс 600 орчим цэгийг бид “*******” системд холбож, Улаанбаатар хотын гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийн 70 орчим хувийг тус системээс хянаж, удирдаж байна. Иймд А ХХК” ХХК нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны ТОӨЗ 18.1 (г)-д заасан сүүлийн 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй нийлүүлсэн байх шаардлагыг хангах боломжгүй бөгөөд тендер хянан үзэх үе шатны шаардлага хангаагүй байхад тус тендерт шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн ээрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж  заасныг зөрчсөн.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас манай компанид ирүүлсэн тендерт шалгараагүй тухай 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/519 тоот албан мэдэгдэлдээ ИХХК-д гэж нэр заан гаргасан Үнэлгээний хорооны дүгнэлт хавсаргасан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гаргасан зөрчлийг арилгуулах", 46.1.3-т “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах", 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө” гэж заасныг тус тус зөрчсөн. Уг үйлдэл нь тендер шалгаруулалт ашиг сонирхлын зөрчилтэй явагдсан гэж үзэхээр байна.

Тендерт шалгаруулсан А ХХК” ХХК нь Монгол улсын Патентын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Патент, гэрчилгээ эзэмшигч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх онцгой эрх эдэлнэ”, 17.2-т “Патент, гэрчилгээ бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг патент, гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна” гэж заасны дагуу патент эзэмшигч манай компаниас зөвшөөрөл аваагүй, лицензийн гэрээ байгуулаагүй учраас тус тендерийн техникийн тодорхойлолтод заасан бараагаа нийлүүлэх боломжгүй юм. Тендерийн техникийн тодорхойлолтод заасан бараагаа нийлүүлэх боломжгүй байхад тендерт А ХХК” ХХК-г шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.2-т “Техникийн тодорхойлолт”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчсөн.

Нийлүүлэх бараа нь “*******” системийг хэрэглэгч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,******* ТӨХК болон Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв гэсэн байгууллагуудын хэрэгцээг бүрэн хангах эсэхийг тогтоолгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, Патент эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй А ХХК” Компанийн тендерийг шалгаруулсан нь Монгол улсын Өрсөлдөөний тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” 12.1.5-д “Патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах” гэж заасныг зөрчсөн.

Бид уг тендер шалгаруулалтын үр дүнг эс зөвшөөрч, хуульд заасан хугацаанд нь багтаан Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Монгол улсын Сангийн яам гомдлын дагуу хянаж үзээд уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэснээ 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/3290 тоот албан бичгээр бидэнд хариу мэдэгдсэн боловч Сангийн яамнаас тус тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/3617 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Иймд Улаанбаатар хотын гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд бүрэн холбохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж ирсэн бодлого, зорилт, манай 2 байгууллагын хамтын ажиллагааны үр дүнг үл ойшоож, патент эзэмшигчийн эрхийг үл хүндэтгэн, патент эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, лицензийн гэрээгүй, ижил төстэй бараа нийлүүлсэн байх туршлагагүй гүйцэтгэгч байгууллага шалгаруулж байгаа нь эцэстээ Улаанбаатар хотын гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох бараа нийлүүлэхэд зарцуулагдахаар төлөвлөгдсөн 1 тэрбум төгрөгөөр “*******" системд холбогдох боломжгүй, монгол улсад туршигдаагүй, нутагшаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, улмаар улсад онц их хэмжээний хохирол учруулж болзошгүй нөхцөлд хүргэхээр байгаа тул Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох бараа нийлүүлэх тендерт манай байгууллага шалгараагүй тухай 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7519 тоот мэдэгдлийг эс зөвшөөрч “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох” бараа нийлүүлэх тендер (дугаар НХААГ-17/0002)-т А ХХК” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шүүхэд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...ИХХК-ний Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг хариуцагчаар татсан НХААГ-17/0002 дугаартай “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт А ХХК” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардан авч дараах тайлбарыг гаргаж байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2115 дугаартай “Бараа нийлүүлэх худалдан авах ажиллагаа”-г зохион байгуулж өгөхийг хүссэн албан бичгийг манай газарт ирүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 тоот тушаалаар үнэлгээний хороог байгуулж, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар нээлттэй тендер шалгаруулалтыг 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдөр зарлаж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагт тендерийн нээлтийг хийсэн.

Тендерийн нээлтээс өмнө нэхэмжлэгч ИХХК-нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх зүйлд заасны дагуу гомдлыг хянан үзээд хууль зөрчсөн нь тогтоогдоогүй тул тендер шалгаруулалтыг дахин үргэлжлүүлэхийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны 1/306 тоот албан бичгээр манайд мэдэгдсэн.

Үнэлгээний хороо нийт 5 удаа хуралдсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын системд холбох бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-т А ХХК” ХХК, “*******” ХХК-иуд оролцосноос А ХХК” ХХК хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн байна.

ИХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1/г/-д заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэн тендерээс татгалзсан.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж ИХХК Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/3617 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь тендер шалгаруулалт хууль тогтоомжийн  дагуу явагдсан болохыг нотолж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр байна гэж заасан байдаг. ИХХК нь тендер нээхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт, шалгараагүй тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш сангийн яаманд тус тус гомдол гаргасан бөгөөд тухай бүрт захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж хариу өгсөн нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хуулийн хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсныг нотолж байна.

Иймд ИХХК-ийн НХААГ-17/0002 дугаартай "Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын ******* системд холбох бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-т А ХХК” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...ИХХК-ний Үнэлгээний хороог хариуцагчаар татсан НХААГ-17/0002 дугаартай “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад А ХХК” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18- ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн эхний хурлаар тендерийн баримт бичгийг боловсруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1.1-т зааснаар хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргаар зарлахаар шийдвэрлэсэн.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/140 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дах заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулан ажиллахыг зөвлөхийн зэрэгцээ, ИХХК-тай хамтран ажиллах гэрээг хавсарган ирүүлсэний дагуу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдсан. Үнэлгээний хороо уг хамтран ажиллах гэрээтэй танилцахад гэрээний 2.2-т “Хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын “*******” системд холбогдоогүй байгаа гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийн удирдлагын уг системд холбож өргөтгөх, системийг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэснээс ИХХК-тай шууд гэрээгээр шит нийлүүлнэ гэсэн заалт байхгүй байна гэж үзэн, үнэлгээний хорооны гишүүн Р.*******гээс бусад гишүүдийн олонхийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу тендерт оролцогчдыг өрсөлдөх тэгш боломжоор хангах үүднээс нээлттэй тендер шалгаруулалтын аргаар бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэн, 2017 оиы 02 дугаар сарын 17-ны өдөр олон нийтэд нээлттэй зарласан.

Гэтэл ИХХК-нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гарган, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/282 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэн, уг төсөл, арга хэмжээний холбогдох материалыг хүргүүлэн хянуулснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/306 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул уг төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн.

ИХХК нь удаа дараа манай газарт шууд гэрээ байгуулан ажиллах тухай албан бичиг мөн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн И-03/01 дугаар албан бичигт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар манай байгууллагын эдлэх онцгой эрхийг үл хүндэтгэж, зохиогчоос нь зөвшөөрөл авалгүй уг тендерийг нээлттэй зарласан нь хууль зөрчсөн гэж үзсэн тухайгаа ирүүлж, дахин тайлбар хүссэн нь Шударга өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг үл зөвшөөрч байгаа нь харагдаж байсан.

Үнэлгээний хороо 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3 дах хурлаа хийж, захиалагчаас баталгаажуулж ирүүлсэн ажлын тоо хэмжээ нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэн ажлын тоо хэмжээний 3.1-т заасан тоноглолууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” мөн 11.1.4-т “энэ хуулийн 11.1.3- т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард “эсхүл түүнтэй дүйцэхүйц” гэсэн тодотгол хэрэглэх” гэсэн байдаг тул уг заалтыг үндэслэн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар тецдерийн баримт бичигт өөрчлөлт оруулан, ажлын тоо хэмжээний ард дүйцэхүйц гэж оруулахаар шийдвэрлэн, тендерт оролцогчдод мэдэгдсэн.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Эйч Ти Эл” ХХК гомдол гарган, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/325 дугаар албан бичгээр дахин худалдан авах ажиллагааг түр түдгэлзүүлж, тендерийн нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, холбогдох материалыг хянуулснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/372 албан бичигт тендерийн баримт бичгийн ТОӨЗ 12.1 (ё)-д Нийлүүлэгдэх бараа нь Монгол улсад туршигдсан байна гэж заасан нь тухайн барааг нийлүүлж байсан нэг аж ахуйн нэгжийг дэмжиж өрсөлдөөнийг хязгаарласан гэж үндэслэлтэй байна гэсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1 -д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны холбогдох заалтад өөрчлөлт оруулан үргэлжлүүлэхийг мэдэгдсэн. Үүний дагуу үнэлгээний хороо 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн ТОӨЗ 12.1 (ё)-д Нийлүүлэгдэх бараа нь Монгол Улсад туршигдсан байна гэсэн заалтыг мөн л үнэлгээний хорооны гишүүн Р.*******гээс бусад гишүүдийн олонхийн саналаар бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэн, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/231 албан бичгээр тендерт оролцогчдод мэдэгдсэн.

Тендерийн нээлтийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хийхэд ИХХК, А ХХК" ХХК гэсэн 2 аж ахуй нэгж тендерийн санал ирүүлэн, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, үнэлгээг хийж шийдвэр гаргасан.  

Үнэлгээ хийх явцад үнэлгээний хорооны гишүүн Р.******* ИХХК өмнө нь 2016 онд Захирагчийн ажлын албанд 593 щит нийлүүлсэн гэж хэлж байсан ч тендерт ирүүлсэн материалаас харахад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2015 онд 70 ширхэг щит, 2016 онд 54 ширхэг щит нийлүүлсэн гэх тодорхойлолт ирүүлсэн байсан. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 (г)-д “Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх, Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар болон, хүлээлгэж өгсөн актын хуулбар хавсаргана” гэсэн заасан. Үнэлгээний хороо ТОӨЗ-ны заалтын дагуу бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн комиссын актын хуулбарыг үнэлгээнд харгалзан үзэхэд ИХХК нь хэд хэдэн гэрээ болон бараа хүлээлгэж өгсөн актын хуулбарыг олон дахин давхардуулж хавсаргаж ирүүлсэн. Эсвэл актын хуулбар байсан ч гэрээ ирүүлээгүй, гэрээ байсан ч бараа хүлээлцсэн акт ирүүлээгүй байсан.

Иймд ИХХК 990, 727, 105 төгрөгөөр тухайн барааг нийлүүлэхээр санал ирүүлсний 30 хувь гэдэг нь сүүлийн 2 жил буюу аль нэг жилд 297, 218, 132 төгрөгөөр ижил төстэй бараа нийлүүлсэн байх шаардлагыг хангахгүй байгаа тул үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар татгалзсан.

Гэтэл Үнэлгээний хорооны гишүүн Р.******* “*******" ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэн дэмжиж, тендерт оролцогч А ХХК” ХХК-иас захиалагчийн хяналтын зардал оруулж төсвөө гаргаагүй мөн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө шаардлага хангаагүй, захиалагчаас батлагдсан зургийн дагуу санал болгож буй схемийн материал ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан ч Р.*******гийн татгалзсан шалтгаанууд огт үндэслэлгүй болно.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/397 дугаар албан бичгээр А ХХК” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлж, 2017 оны 05 дугаар дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь байгууллагатай нэгэн зэрэг тендерт оролцогчдод үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлсэн.

Монгол Улсын Сангийн яаманд ИХХК гомдол гарган, 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 6-1/3005 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгох, ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсний дагуу холбогдох материал болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн.

Монгол Улсын Сангийн яам тендерийг хянаж үзээд 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/3290 дугаар албан бичигт Тендер шалгаруулалтад оролцсон ИХХК-ний ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 (г)-д заасан сүүлийн 2 жил 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, тендерт оролцогч; А ХХК” ХХК-ний ирүүлсэн төсөвт магадалшгүй ажлын зардал, захиалагчийн хяналтын зардлыг тооцож ирүүлээгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэн уг төсөл, арга хэмжээг хүчингүй болгосныг мэдэгдсэн.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/749 дугаар албан бичгээр Сангийн яаманд уг төсөл, арга хэмжээ нь зөвхөн нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан тул батлагдсан төсөвт өртөгт захиалагчийн хяналтын зардал багтаагүй гэдгийг батлан хариу тайлбар хүргүүлсэн.

Иимд Сангийн яам тендер шалгаруулалтыг дахин хянан үзэж, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгах зөвшөөрөл олгон, тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/3617 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Энэ нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь тендер шалгаруулалт хууль тогтоомжийн дагуу явагдсан болохыг нотолж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан тухай хуулийн 55 дугаар зүйл 55.2-т “ Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр байна гэж заасан байдаг. ИХХК-нь тендер нээхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт , шалгараагүй тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш Сангийн яаманд тус тус гомдол гаргасан бөгөөд тухай бүрт захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж хариу өгсөн нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хуулийн хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсныг нотлож байна.

Иймд “*******” ХХК-ийн НХААГ-17/0002 дугаартай “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох бараа нийлүүлэгч”-ийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад А ХХК” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд А ХХК” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдар “НХААГ-17/0002” дугаартай “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох” нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан.

Манай компани нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр энэхүү тендер шалгаруулалтад тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан тендерийн материалыг өгч 888,385,778 төгрөгийн үнийн саналыг хүргүүлж оролцсон. Бид 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2/763 тоот Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүлээн авсан.

Тус компани “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох “НХААГ-17/0002” дугаартай гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр гэрээ байгуулж гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Бид гэрээ байгуулсаны дараа ажлаа хийж гүйцэтгэхэд материалын захиалга, гүйцэтгэлийн баталгаа, цалингийн зардалд нийт 657,920,000 төгрөгийн гэрээ хийж одоогийн байдлаар 558,120,000 төгрөгийн зардлыг гаргаж 99,800,000 төгрөгийн нэхэмжлэхийг төлөх үүрэг хүлээгээд байна.

ИХХК нэхэмжлэлдээ: “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухааны Академийн *******ийн хүрээлэн хамтарч Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг цагийн механизм ашиглаж удирддаг үйл ажиллагааг автоматжуулж, алсын хяналт удирдлагад шилжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн бөгөөд "ТУЛГА" нэртэй анхны суурь системийг 2011 онд байгуулсан. Уг системийг Улаанбаатар хотын гэр хороолол, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг интернетэд холбогдсон мобайл хэрэгслээс асааж, унтраах, гэрэлтүүлгийг олон зүйл төлөвөөр хянахад зориулж зохион бүтээсэн. “*******” систем нь төв сервер, хяналт удирдлагын “*******” веб програм, төвлөрсөн удирдлагын бүтэцтэй шит самбар ба түүний электрон удирдлага гэсэн хэсгүүдээс бүрддэг ба ИХХК нь“*******” системийн электрон удирдлагадаа Монгол улсын Шинэ бүтээлийн патент, гадна гэрэлтүүлгийн щитэндээ Монгол улсын ашигтай загварын гэрчилгээг тус тус эзэмшигч юм” гэжээ.

Шинжлэх Ухааны Академийн *******ийн хүрээлэн, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба гэсэн төрийн 2 байгууллага хамтарч төсөл хэрэгжүүлсэн нь харагдаж байна. Энэхүү системийг зохион бүтээхэд ИХХК оролцсон тухай ойлголт мэдээлэл огт алга. Харин ИХХК нь “*******” системийн зохиогчийн эрхийг эзэмшигч биш зөвхөн электрон удирдлагын төхөөрөмжид эрх авсан тухай дурдсан байна.

Алсаас удирдагдах аппарат суурилуулсан гэрэлтүүлгийн удирдлагын щит угсарч түүнийг Төв серверээс удирдах програм хангамжийг бүтээхэд хэн нэгний оюуны өмчийг хуулах шаардлага бидэнд байхгүй. Манай компани нь щит угсарч суурилуулах Эрчим хүчний болон барилга угсралт холбоо дохиоллын тусгай зөвшөөрөлтэй болно.

Тендерийн баримт бичигт зөвхөн ИХХК-ний удирдлагын аппаратыг нийлүүлнэ гэсэн заалт байгаагүй түүнтэй дүйцэхүйц гэж заасан байсан.

Манай компани нь гэрэлтүүлгийн удирдлагын щитны удирдлагын аппаратыг өөрсдөө зохион бүтээж өөрсдөө програмчилсан болно.

Гэрэлтүүлгийн удирдлагын самбарыг алсаас удирдан гэрэлтүүлгийг асааж унтраах, төлөв байдлыг хянах, гэрэлтүүлгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тоолуураас авч төв сервер дээр харуулах, цахилгааны төлөв горимыг хянаж бүртгэх, цуглуулсан мэдээллийг түүх болгон хадгалж, тайлан мэдээ гаргах өргөн боломж бүхий олон улсад өргөн хэрэглэгдэг мэдээлэл солилцох, боловсруулах стандартуудыг бүрэн дэмждэг төв хяналтын “*******” төрлийн програм хангамж бидэнд бэлэн байна. Энэхүү төв хяналтын “*******”  төрлийн програм хангамж нь “*******” системийн нэгдсэн удирдлагын програм хангамжийн үүргийг бүрэн гүйцэтгэх боломжтой.

Бид гэрэлтүүлгийн удирдлагын щитэнд байрлах алсаас удирдах төхөөрөмжийг ИХХК-ийн гэх тодотголтой гар аргаар хийсэн хагас дутуу ажилладаг төхөөрөмжийг хуулбарлаагүй харин орчин үйлдвэрлэлийн удирдлагын автоматикт өргөн хэрэглэгддэг мэдээлэл солилцох стандарт протоколоор ажилладаг хэрэглэгч өөрөө өргөтгөн шинэчилж програмчилж болдог төхөөрөмж суурилуулсан болно.

Бид Гэрэлтүүлгийн удирдлагын Лает /light/ ******* төрлийн програм хангамж, Гэрэлтүүлгийн удирдлагын аппарат Лает /light/ ******* зохиогчийн эрх авахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт ашигтай загварын өргөдөл, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээл бүртгүүлэх тухай өргөдлийг гарган өгч байгаа болно.

Шинжлэх Ухааны Академийн *******ийн хүрээлэн, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба хамтран 2011 онд Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг алсын зайнаас удирддаг програм нэвтрүүлсэн байдаг. Төрийн 2 байгууллага хамтарч хэрэгжүүлсэн хангамжийн эх код, түүнийг удирдах эрх, системд шинээр щит нэмэх бодомж НЗА-д очилгүй хувийн ИХХК мэдэлд очиж Нийслэл хотын гэрэлтүүлэг ИХХК-иас бүрэн хамааралтай болсон нь харамсалтай.

Нийслэлийн хотын төвийн дүүргүүдийн гэрэлтүүлгийн ашиглалт; засвар үйлчилгээг хариуцдаг байгууллагуудтай уулзахад ИХХК-тай хамтран ажиллахад хүнд сурталтай өөрчлөлт шинэчлэлийг хийж өгдөггүй мөн үндсэн үйлдлүүдийн нэг болох тоолуурын заалтыг программ дээрээс хянах боломжгүй байдаг зэрэг олон бэрхшээлүүд тулгардгийн улмаас шинээр өөр компанитай хамтран ажиллахад таатай байгааг бидэнд илэрхийлсэн.

Мэдээллийн технологийн төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд Гүйцэтгэгч техникийн баримт бичигт мэдээллийн формат, цахилгаан схем тэр байтугай програмын эх кодыг өгдөг жүрамтай байдаг. Хэрэв ИХХК ямар нэгэн хүчин зүйлийн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд Нийслэл хотын гэрэлтүүлгийн үйл ажиллагаа доголдох, цаашилбал ажиллагаагүй болох эрсдэл байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч ИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ИХХК, түүнийг төлөөлж тус компанийн захирал П.З******* шүүхэд хандаж “Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/-т А ХХК” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...патент эзэмшигчийн зөвшөөрлийг авах ёстой байсан...үр ашиггүй тендер болсон...гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер нь баримт бичгийн бүрдэл хангаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй,  ижил төстэй ажлын туршлага нь заасан хэмжээнд хүрээгүй, нийлүүлэх бараа нь ******* системд холбох боломжгүй...” гэж тодорхойлон, хариуцагч нар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...гэрээний 2-т холбох ажилд хамтран ажиллана гэсэн тул нээлттэй тендер шалгаруулалт явуулахаар олонхийн саналаар шийдвэрлэсэн...төрийн захиргааны байгууллагуудаас гомдлыг хянаад тендерийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн,...барааны тендер учраас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр яригдахгүй,   ХХК нь татварын өргүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн...” гэж,  гуравдагч этгээдээс “нээлттэй тендер шалгаруулалтад оролцож шалгарсан...гэрээ байгуулаад бараагаа нийлүүлсэн...хууль зөрчөөгүй...” гэж тус тус тайдбарлан мэтгэлцэж байна.

            Нэхэмжлэгч ******* ХХК-д Монгол улсын Оюуны өмчийн Газрын даргын 2015 оны 133 дугаар тушаалаар 4271 дугаар бүхий шинэ бүтээлийн патентийн гэрчилгээ олгосон байх бөгөөд уг шинэ бүтээлийн нэрийг “Гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлгийн ажлын удирдлагын аппарат”, шинэ бүтээлийн зохиогчийг ийн З*******, Чулууны Баясгалан, анхдагч огноог 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр, мөн өдрөөс эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрт 20 жил хүчинтэй гэж тодорхойлсон, Монгол улсын Оюуны өмчийн Газрын даргын 2013 оны 95 дугаар тушаалаар 2200 дугаар бүхий ашигтай загварын гэрчилгээг ШУА-ийн *******ийн Хүрээлэнд олгосон байх бөгөөд уг гэрчилгээнд “Гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын хайрцаг”-ийг ашигтай загвараар баталж, зохиогч П.З, Г.О,Ч.Б, С.А, Б.М, А.Г нарын өмчлөх онцгой эрхийг хүлээн зөвшөөрч 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрт 7 жил хүчинтэй гэж тодорхойлсон, уг бүртгэлд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ашигтай загварын эрх шилжүүлэх тухай өөрчлөлт оруулснаар “ШУА-ийн *******ийн хүрээлэнг ******* ХХК” болгон өөрчилсөн үйл баримтууд тогтоогдов.

Мөн хэрэгт Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Гантөмөр, ******* ХХК-ийн захирал П.З******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, ******* ХХК-ийн захирал П.З******* нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нүүд нотлох баримтаар авагдсан ба талууд эдгээр гэрээнүүдийн зорилгыг “Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 2011 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, татвар төлөгчдийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө ажлын чанар, үр ашгийг дээшлүүлж, импортын бүтээгдэхүүн худалдан авахтай холбогдон гарах зардал, татвар, хугацааг хэмнэн, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч дотоодыг үйлдвэрлэгчийг дэмжин ажиллаж, оюуны өмчийн эрхийн асуудлаар хамтран ажиллахтай холботойгоор үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байна.

 Талууд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэж зааснаас үзвэл уг гэрээний хугацаа дуусгавар болоогүй байх бөгөөд энэ гэрээний “Хоёр”-ын 2.1-д “ Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хотын гудамж зам талбайн гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагаар хангах ажлыг үе шатны дагуу хэрэгжүүлэхдээ Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулж ажиллана”, 2.2-т “хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын ******* системд холбогдоогүй байгаа гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийн удирдлагыг уг системд холбож өргөтгөх, системийг хөгжүүлэхэд хамтран ажиллана” гэж заажээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2115 дугаар албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хандаж “...төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ үед “*******” системийг зохион бүтээгчдээс зөвхөн бараа нийлүүлэхээр худалдан авалтыг зохион байгуулж ажиллана уу, шит суурилуулалт болон шинэчлэх шаардлагатай кабель шугамын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-аар урсгал засварын хүрээнд гүйцэтгүүлэх боломжтой...” гэж хандсан, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын А/05 дугаар тушаалаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан байна.

Уг тушаалыг үндэслэн Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаас уг тендерийг ажлын тендер байх, хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргаар явуулахаар шийдвэрлэн тендерийн баримт бичгийг боловсруулсан боловч Үнэлгээний хорооны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар хуралдаанаас уг тендерийг “Нийтийн эзэмшлийн гудамж талбайн зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох ажилд ашиглагдах бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер болгон өөрчилжээ.

Түүнчлэн Үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар хуралдаанаас тухайн тендерт оролцогчдын тендерийн саналыг үнэлж А ХХК” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шийдвэрлэн, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь дор дурдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.10.”бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг. Ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг “ажлын гэрээ” гэж тооцно, 5.1.11.“ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна, 7.1.2-д тендер шалгаруулалтын онцгой журам”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэнэ, мөн хуулийн 34.1-д Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно 34.1.2-д “оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол” гэж тус тус заажээ.

Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг; мөн зүйлийн 3.1.5-д "ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг эрх бүхий этгээд өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг ойлгоно гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Патент, гэрчилгээ эзэмшигч нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх онцгой эрх эдэлнэ, 17.2-т Патент, гэрчилгээ бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг патент, гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглана” , гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулахыг патент, гэрчилгээ эзэмшигч хориглох эрхтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл “Гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлгийн ажлын удирдлагын аппарат” -шинэ бүтээлийн эзэмшигч болон “Гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын хайрцаг”-ашигтай загварын зохиогчид нь уг патент, ашигтай загварыг өмчлөх онцгой эрхтэй этгээдүүд болохын хувьд дээрхи хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх бүхий этгээдүүд байна.   

Эдгээрээс үзвэл захиалагчийн санал болгосон тендер нь Хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын ******* системд холбогдоогүй байгаа гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийг уг системд холбож өргөтгөх цогц ажлын тендер байх бөгөөд энэ тохиолдолд тухайн системийн удирдлагын аппарат, удирдлагын хайрцаг бүтээлийн патент, ашигтай загвар эзэмшигч этгээд болох ИХХК-ийн оюуны өмчийн хууль ёсны эрхийг хамгаалах шаардлага үүссэн нь тогтоогдсон байхад Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо шууд гэрээ байгуулах аргыг хэрэглээгүй нь дээрхи хуулийн 34.1.2-т заасныг зөрчсөн байна шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан тендерийн баримт бичгүүд, тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл, шүүх хуралдаанд талуудаас гаргасан тайлбар зэргээс үзвэл Нийслэлийн гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлгийг ******* системд холбох ажил  2010 оноос хойш үе шаттайгаар хэрэгжиж байгаа, уг ажлын дийлэнх хувийг ШУА-ийн информатикийн хүрээлэн болон ******* ХХК нар хариуцан гүйцэтгэсэн, ******* системд холбох шит нийлүүлэх болон шитийг суурилуулах, түүнийг хяналт удирдлагын сүлжээнд холбох ажиллагаа нь нэг нь нөгөөгөөсөө хамааралтай цогц үйл ажиллагаа байх ба зөвхөн шит нийлүүлэх, түүнийг суурилуулах ажиллагааг хийснээр гадна гэрэлтүүлгийг ******* системд холбох ажил хангагдахааргүй байжээ.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т заасан “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж зохион байгуулах” үүргээ захиалагч зохих журмын дагуу биелүүлээгүй үндэслэл болж байгаагийн дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ******* ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/1489 дугаар албан бичгээр ******* ХХК-ийн эзэмшиж буй “...электрон шитний удирдлагын аппаратаас ******* системд нэвтэрч удирдлагын команд илгээх,  командыг хүлээн авах, мэдээлэл солилцох форматыг гарган өгч хамтран ажиллахыг хүссэн”-ээс үзвэл ямар ч тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсоор өмчилж буй патент, ашигтай загварын эрх хөндөгдөхөөр байсан нь тогтоогдож байна.    

Иймд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/-т А ХХК” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.2, 46 дугаар зүйлийн 46.1.4, Патентийн тухай хуулийн  17.1, 17.2, 18.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “*******” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/-т А ХХК” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хорооноос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д