Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Хохирогч А.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мад холбогдох эрүүгийн 2419000000084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.М.

 

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.М нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минерал баарны гадна авто машины зогсоол дээр А.Өыг маргалдаж улмаар толгой хэсэгт цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хацар яс, эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

              Шүүгдэгч Г.М нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минерал баарны гадна авто машины зогсоол дээр А.Өыг маргалдаж улмаар толгой хэсэгт цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хацар яс, эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

 

Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Мэдүүлгээ өгчихсөн учраас нэмж ярих зүйлгүй ...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Өын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2024 оны 2 сарын 13-ны шөнө найз найзын эгчтэй явж байсан. Эхлээд пабд сууж байгаад минерал руу орсон. Тэнд 2 лааз пиво уугаад гарсан. Манай найз хүнтэй муудсан тэгэхээр нь салгах гэж очсон. Салахгүй байсан 2 цохисон байх. Тэгээд цаашаа яваад унаад өгсөн байсан босох гэж байсан. Хажуугаас хүн ирж цохисон. Тэрнээс хойш санаж байгаа юм байхгүй...” гэх мэдүүлэг

 

Хохирогч А.Өын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 02 цаг өнгөрч байх орчимд Дорноговь аймаг Сайншанд сумын Минерал баарны урд талд байх автомашины зогсоол дээр найз Бийг хүнтэй муудаж маргалдаад байхаар нь салгачхаад явах гэсэн чинь Б нь газарт ойчихоор нь газраас босгох гээд татаж байх үед миний араас нэг хүн баруун шанаа хэсэгт цохисон. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг (хх 6 дугаар тал),

Гэрч Д.Бийн “... Бааска Минерал баарны урд талын автомашины зогсоол дээр хүнтэй маргалдаж байхаар болиулаад би машин барих гээд зам руу гараад буцаад ирсэн чинь А.Өыг нэг эрэгтэй хүн цохиж газарт унагахаар нь би болиулсан...” гэх мэдүүлэг (хх 10 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/085 дугаартай “... А.Өын биед хацар яс, эрүү ясны хугарал, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, гайморын хөндийн урд хана, дотор ханын хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хацар яс, эрүү ясны хугарал гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, гайморын хөндийн урд хана, дотор ханын хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх 13-14 дүгээр тал),

А.Өын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хх 1 дүгээр тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх 57-рт/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Г.М, хохирогч А.Өын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж үзэв.

 

             Шүүгдэгч Г.Мын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.М нь хохирогч А.Өын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

            Хохирлын тухайд:

 

           Гэмт хэргийн улмаас хохирогч А.Өын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан.

 

Хохирогч А.Өын зүгээс эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, зээлийн төлбөрт нийт 4.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 917.065 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, үлдсэн 3.782.935 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Учир нь хэрэгт хохирогч нь сард хэдэн төгрөгийн цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх, ажлаасаа лист авсан эсэх, мөн зайлшгүй 2 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа тул шүүх таамаглал дэвшүүлж шийдвэрлэх боломжгүй.

 

Тиймээс хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин болоод зээлийн төлбөрийн талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчид 917.065 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

  1. Шүүгдэгч Г.Мад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх саналыг тус тус  гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

 

            Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ө нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогт Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Мад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, зээлийн төлбөрт нэхэмжилсэн 3.782.935 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР