| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0110/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн 2419000000128 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн,Б.Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “...” ХХК-ний өмчлөлийн эд зүйлс буюу Ханги- Тавантолгой чиглэлийн төмөр замын километрийн тэмдэглэгээ бүхий 10*10 см хэмжээтэй мөнгөлөг саарал өнгийн зэвэрдэггүй квадрат төмөр 6 ширхэг, явган хүний шатны бариул бүхий нийт 24 метрийн урт бүхий хайсан труба төмөр зэргийг, 2024 оны 03 дугаар сарын эхээр 10*10 см хэмжээтэй мөнгөлөг саарал өнгийн зэвэрдэггүй квадрат төмөр 4 ширхгийг тус тус нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр буюу бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах буюу автомашины тээшний өндөрлөгөө хийх зорилгоор хулгайлж “...” ХХК-д 972,000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр “Хулгайлан” авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “...” ХХК-ний өмчлөлийн эд зүйлс буюу Ханги-Тавантолгой чиглэлийн төмөр замын километрийн тэмдэглэгээ бүхий 10*10 см хэмжээтэй мөнгөлөг саарал өнгийн зэвэрдэггүй квадрат төмөр 6 ширхэг, явган хүний шатны бариул бүхий нийт 24 метрийн урт бүхий хайсан труба төмөр зэргийг, 2024 оны 03 дугаар сарын эхээр 10*10 см хэмжээтэй мөнгөлөг саарал өнгийн зэвэрдэггүй квадрат төмөр 4 ширхгийг тус тус нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр буюу бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах буюу автомашины тээшний өндөрлөгөө хийх зорилгоор хулгайлж “...” ХХК-д 972,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-12 дугаар тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...2023 оны 08 дугаар сард эхний 143, 144, 145, 146 дугаар бүхий төмөр замын тэмдэглэгээнүүд, 1323+31 км-т байрлах гүүрний явган хүний шатны бариулын дотор төмрүүдийг тастагчаар тастаад аваад явчихсан байсан. Тэр үед нь бид нар өөрсдөө хайсан боловч олдоогүй. Гэтэл дахиад 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчимд дахиад 4 шон тэмдэглэгээг тастагчаар тастаад авчихсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” “...Тухайн төмрүүдийн үнэлгээнүүдийг мэдэхгүй байна. Гэхдээ төмрүүд нь замын километрийн шонгууд юм. Тэдгээр нь галт тэрэгний машинистууд хэд дэх км-тээ явж байгааг харуулдаг шон юм...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
Гэрч Ц.Бны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “... Би анх 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зам шалгалтаар замын 146 дугаар км-ын шонгоос Ханги өртөө рүү явж байтал Номгон өртөөнөөс 147 дугаар км-т байрлах тэмдэглэгээний км-ын шон алга болчихсон байсан. Тэгэхээр нь очоод үзтэл суурь хэсгээр нь тастагчаар тайраад авчихсан байсан. Тэгээд шалгаад үзтэл Номгон өртөөнөөс 148, 149, 150, 152 км-ын шонгууд алга болчихсон байсан...”, “...Тухайн шон нь 10х10 см хэмжээтэй квадрат, газраасаа дээшээ 220 см урттай зэвэрдэггүй мөнгөлөг төмөр байсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
Яллагдагч Б.Ггийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Манай гэрээс баруун тийш 2 орчим км-т 2023 оны 02 дугаар сараас хойш Ханги боомт Мандах сум хүртэл төмөр зам тавигдсан...”, “...Би түрүү жил буюу 2023 оны 08 дугаар сард анх тухайн төмрүүдийг харж байсан. Тэр хавиар мал маллаж явахдаа төмөр замын гүүрний явган шатны бариулыг очиж харсан. Намайг очиж харахад 5-6 см диаметртэй трубаг шатны бариулын голоор хашлага хийчихсэн байсан. Тэр үедээ өөрийнхөө эзэмшлийн ... улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлдээ өндөрлөгөө хийчихвэл дажгүй юм байна гэж бодсон. Тэгээд өөрийнхөө малдаа явдаг Хаужин маркийн улаан хүрэн өнгийн мотоциклтойгоо явж гүүрний шатны голын трубануудыг тастаж авсан. Тэгж тастахдаа өөрийн эзэмшлийн баттерейтэй гар төмөр тастагчаар тастаж авч байсан. Яг хэдний өдрийг бол санахгүй байна. Гэхдээ 2023 оны 08 дугаар сарын сүүлчээр очиж өдрийн цагаар тастаад мотоциклдоо ачаад аваад явсан. Тэгээд тэр төмрүүдийг авсныхаа маргааш нь өөрийнхөө хэрэглэдэг 220 ктв-ийн гагнуурыг аппаратыг ашиглан өөрийнхөө эзэмшлийн ... улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлдээ өндөрлөгөө хийсэн. Мөн төмөр зам дээгүүр байдаг км заасан босоо шонгуудыг гүүрний труба авахдаа хамт тайрч тастаад авсан. Тэр шонгууд нь 10х10 см-ийн квадрат хэлбэртэй, 2 метр орчим урттай байх шиг байсан. Тэр шонгуудыг газраас гарж ирсэн суурин хэсгээр нь тастаад авсан. Нийтдээ 6 ширхгийг тухайн өдөр авсан. Түүний дараа 2024 оны 03 дугаар сарын эхээр 4 ширхгийг мөн адил аргаар тайрч авсан. Тухайн төмрүүдийг өөрийнхөө амьдардаг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр баг Замын Шанд гэх газрын хажууханд байрлах жалганд авчирч нуусан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дугаар тал) шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гий өгсөн “...Төмөр зам манай бууцнаас 2 километрийн зайтай ойрхон байдаг. Дээгүүр нь мал гараад буудаггүй, дээр нь мал гарахаараа километр заасан шонг нь шөргөөж зогсож байгаад буухгүй вагонд дайрагдчих гээд байдаг. Тэгээд байхаар нь би километр заасан шонгуудыг нь аваад хаячихсан. Би мал эргүүлэх гээд явахдаа байнга мотоциклоороо явдаг. Мөнгөлөг саарал өнгөтэй төмрийг ямар ч хулгайн сэдлээр аваагүй. Мал шөргөөж байгаад дайрагдах гээд байдаг болохоор нь авч хаясан. Мал дайрагдаад үхсэн тохиолдолд Төмөр замаас ямар ч хариуцлага хүлээдэггүй, та нар малаа харахад яадаг юм гээд байдаг. Төмөр замын гадуур ямар ч тор байхгүй, далан нь намхан болохоор мал дээгүүр нь гараад байдаг. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “...” ХХК-ний өмчлөлийн эд зүйлс буюу Ханги- Тавантолгой чиглэлийн төмөр замын километрийн тэмдэглэгээ бүхий 10*10 см хэмжээтэй мөнгөлөг саарал өнгийн зэвэрдэггүй квадрат төмөр 6 ширхэг, явган хүний шатны бариул бүхий нийт 24 метрийн урт бүхий хайсан труба төмөр зэргийг, 2024 оны 03 дугаар сарын эхээр 10*10 см хэмжээтэй мөнгөлөг саарал өнгийн зэвэрдэггүй квадрат төмөр 4 ширхгийг тус тус нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр буюу бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах буюу автомашины тээшний өндөрлөгөө хийх зорилгоор хулгайлж “...” ХХК-д 972,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 972.000 /есөн зуун далан хоёр мянга/ төгрөг, мөн 5.824.300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол бүрэн төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан хохирогч байгууллагын албан тоотоор нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнцэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Гд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Гд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдан ирсэн “Pshanshu” маркийн “JM-520” маркийн баттеретай гар төмөр тастагч, “NW-4F34” маркийн 2 ширхэг баттерейг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т овогтой Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Гд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Pshanshu” маркийн “JM-520” маркийн баттеретай гар төмөр тасдагч, “NW-4F34” маркийн 2 ширхэг баттерейг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР