| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0113/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Хохирогч Т.О,
Хохирогчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ад холбогдох эрүүгийн 2319003960116 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Аы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хэрэг болсон өдөр би 10 жилийнхээ 2 хүүхэдтэй явж байсан. Минерал гээд баарны гадаа хэдэн охидууд зогсож байсан. Салхилах гээд гадагшаа гараад нэг охин нь дуудаад сайн байна уу та гээд л гар бариад л тэгээд би бас гар барьсан чинь намайг шууд алгадчихсан. Би тухайн үед гайхаад юу болоод байгаа юм бол гэж бодоод л хойшоо савж унаад эргэж босож ирсэн чинь олуулаа хүрээд ирчихсэн. Би шүүгдэгчийг болохоороо эгч нь гэж бодсон манай дүүг яагаад байгаа юм гээд нөгөө охин нь намайг алгадчихангуутаа хашхираад хойшоо яваад өгсөн. Нийт 4 охин байсан дөрвүүлээ нийлж манай эрэгтэй найз, эмэгтэй найз бид 3-ыг шууд зодоод эхэлсэн. 2 охин над дээр ирээд зодсон. Шууд цагдаа ирж бид нарыг салгасан. Тэгээд бид 3 найт клаб руу ороод юмнуудаа авангуутаа гаръя гээд энд ер нь бүтэхгүй юм байна гарцгаая, харьцгаая гээд явж байсан чинь төв саадны хойд талд хойноос дагаж ирээд зодоон ахиж эхэлсэн. Манай эрэгтэй найзыг болохоороо шүүгдэгч өөрөө дээрээс нь гарч зодсон тэгэнгүүтээ өөр нэг өндөр биетэй Эмүжин гээд охин нь над дээр ахиж ирсэн. Цагдаа нар ирээд бид нарыг салгаад явсан. Тэгээд би том эгчийгээ дуудаад 2 найзыгаа хүргэж өгсөн. Эхнээс нь М буугаад дараа нь явж байсан чинь М нөгөө охидууд чинь учраа олъё гээд чат бичиж байна. Ард байрлалтай 70 айлын гадаа бид нарыг дуудсан. Манай эгч юу болоод зодоон нүдээн болоод байгаа юм гээд орж ирээд харахын завдалгүй 2 охин нь намайг зодсон. Тухайн хэрэг болсон газар 3 залуу байсан. Тэр 3 нь бид нарыг хориод хамгаалуулах боломж өгөөгүй хориод энэ охидуудад зодуулсан. Нүдний шил, утас хоёроо тэр газар унагаачихсан. Манай том эгч болохоороо явъя цагдаагаар нь шийдүүлье, энэ газарт бүтэхгүй юм байна гээд яг гарах гэж байсан нүдний шил утсаа унагаачихсан байсан болохоор нүдний шил, утсаа авъя гэхийн завдалгүй эргээд харахад шалны модоор дух руу цохиод их хэмжээний цус гарсан. Духнаас цус гараад жоохон самгардчихсан байх хугацаанд 3 охин ч алга болчихсон байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд цагдаа хүлээгээд байж байх зуурт би тэр айлын гэрт нүдний шил гар утсаа унагаасан байсан тул буцаж орох гэтэл нэг шар үстэй охин миний дух руу шалны модоор цохиж миний духнаас цус гаргасан...”, “...Миний дух хэсэгт хагарч оёдол тавиулсан мөн миний үс унаж биеийн энд тэнд зулгарсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 13 дугаар тал),
Ч.Мын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Тэр шар үстэй охин ирээд бүх юм чамаас боллоо гэж хэлээд намайг үсдэж байгаад нүүр лүү өшиглөчхөөд яваад өгсөн тэр үед миний нүдний шил хугарч эвдэрсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд тэр охины араас очоод чи наанаа байж бай би цагдаа дуудсан байгаа гэж хэлтэл тэр шар үстэй эмэгтэй миний гар утсыг аваад газарт шидчихсэн...”, “... Т.Оийн духны хэсэгт тэр шар үстэй эмэгтэй шалны модоор цохисон тэгээд би шууд цагдаа дуудаад түргэн дуудсан.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 17 дугаар тал),
Гэрч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.А нь надад хэлэхдээ энэ хоёр эмэгтэй хоёулаа намайг нийлж зодоод байхаар нь гарт таарсан юмаараа цохичихлоо гэж хэлсэн...”. “...Ц.А нь Т.О гэх хүнийг юугаар хаана нь цохисон талаар хараагүй. Харин цуг байсан хүмүүс гэнэт яана аа гэхээр нь харсан чинь Т.Оийн дух хэсгээс цус гарсан байдалтай, толгойгоо дээш гэдийн гараараа дарж байсан. Би тухайн үйл явдлыг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
Насанд хүрээгүй гэрч Н.Эний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.А эгч ширээн дээр байсан нэг юмаар нүдний шилтэй эмэгтэй хүний толгой хэсэгт цохисон байсан, толгой хэсгээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 21 дүгээр тал),
Ашид Билгүүн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-023/8132 дугаартай дүгнэлт, (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №02/488 дугаартай “...Ч.Мын биед духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №02/486 дугаартай “...Т.Оийн биед духны шарх, сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 4. Учирсан духны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаap сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал),
Шүүгдэгч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... хажуу талд бурхны ширээн дээр байсан жижиг лааны суурийг үүд хэсэг рүү шидсэн чинь Т.Оийн толгойг онон, дух хэсгээс нь цус гарсан. Би Т.О рүү чиглүүлж бол шидээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг 30 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 70 айлын 1 дүгээр орцонд хохирогч Т.Отэй хувийн харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь шалны модоор цохисны улмаас эрүүл мэндэд нь “...духны шарх, сарвууны зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Оийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Тэгээд цагдаа хүлээгээд байж байх зуурт би тэр айлын гэрт нүдний шил гар утсаа унагаасан байсан тул буцаж орох гэтэл нэг шар үстэй охин миний дух руу шалны модоор цохиж миний духнаас цус гаргасан....”, “....Миний дух хэсэгт хагарч оёдол тавиулсан мөн миний үс унаж биеийн энд тэнд зулгарсан.” гэх мэдүүлэг, Ч.Мын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор өгсөн “...Тэр шар үстэй охин ирээд бүх юм чамаас боллоо гэж хэлээд намайг үсдэж байгаад нүүр лүү өшиглөчхөөд яваад өгсөн тэр үед миний нүдний шил хугарч эвдэрсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд тэр охины араас очоод чи наанаа байж бай би цагдаа дуудсан байгаа гэж хэлтэл тэр шар үстэй эмэгтэй миний гар утсыг аваад газарт шидчихсэн...”, “... Т.Оийн духны хэсэгт тэр шар үстэй эмэгтэй шалны модоор цохисон тэгээд би шууд цагдаа дуудаад түргэн дуудсан.” гэх мэдүүлэг, гэрч С.Мийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “...Ц.А нь надад хэлэхдээ энэ хоёр эмэгтэй хоёулаа намайг нийлж зодоод байхаар нь гарт таарсан юмаараа цохичихлоо гэж хэлсэн...”, “...Ц.А нь Т.О гэх хүнийг юугаар хаана нь цохисон талаар хараагүй. Харин цуг байсан хүмүүс гэнэт яана аа гэхээр нь харсан чинь Т.Оийн дух хэсгээс цус гарсан байдалтай, толгойгоо дээш гэдийн гараараа дарж байсан. Би тухайн үйл явдлыг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Эий 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “...Ц.А эгч ширээн дээр байсан нэг юмаар нүдний шилтэй эмэгтэй хүний толгой хэсэгт цохисон байсан, толгой хэсгээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг, Ашид Билгүүн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-023/8132 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №02/488 дугаартай “...Ч.Мдын биед духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №02/486 дугаартай “...Т.Оийн биед духны шарх, сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 4. Учирсан духны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаap сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №02/486 дугаартай “...Т.Оийн биед духны шарх, сарвууны зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ц.Агийн нүүрэн тус газар нь эд зүйлээр цохисон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Агийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Оийн эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүнд нэхэмжилсэн 945,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг түүний сэтгэцийн байдал, өвчний эдгэрэлт болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 660.000*5=3.300.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Агаас гаргуулан хохирогч Т.От олгож шийдвэрлэлээ.
Учир нь хохирогчид хийсэн гэх эмчилгээний зардал нь нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг түүний нийгмийн даатгалын лавлагаагаар тооцоолох боломжгүй байх бөгөөд түүний эрүүл мэндэд гэмтлийн улмаас ажлаас түр чөлөөлсөн байгууллагын шийдвэр, хэзээнээс хэзээ ажиллаагүй зэргийг нотлох баримт хэрэг авагдаагүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Ц.А нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн нөлөөлсөн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болоод цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүнд нэхэмжилсэн 945,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Дорноговь аймаг ... тоотод оршин суух, Б овогт Т.О /РД:-т олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болоод цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР