Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 32

 

    Б.Т, Д.Д нарт холбогдох 

  эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

Шүүгдэгч                                                         Б.Т, Д.Д

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Д, Б.Т нарт холбогдох 1912003360222 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Урт булагийн ам гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б.Т 

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Урт булагийн ам гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д.Д 

Шүүгдэгч Д.Д Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Лын өмчлөлийн 29 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлж, 20.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Д, Б.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Б.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд:  

Шүүгдэгч Д.Д Б.Т нар нь бүлэглэн  2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Лын өмчлөлийн 29 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлж, 20.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар Д.Д нь Ж.М-тай бүлэглэн Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Цахиурт гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Ч-ын 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 201200000104 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 4-т “хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Д нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд холбогдох эрүүгийн 1912003360222 дугаартай хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүссэн хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгч Д.Дгийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж шүүх дүгнэв.

Харин эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан байх боловч шүүгдэгч Д.Дгийн хувьд шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байхад өмнө нь нэг төрлийн  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татах прокурорын тогтоолыг өмгөөлөгч нотлох баримтаар гаргаж өгсөн байх тул хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байна.

Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Д.Д, Б.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцааж хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Д, Б.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна гээд  

Шүүгдэгч Д.Д, Б.Т нарт холбогдох 1912003360222 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Д, Б.Т нарт авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Мустанг-5 маркийн мотоциклийг 2019оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаартай прокурорын тогтоолоор  битүүмжлэн яллагдагч Д.Дд хүлээлгэн өгсөн болохыг дурдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих, шүүгдэгч болон  түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй болохыг  дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор Б.Б-ийн  бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор  Б.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/618 дугаартай захирамжийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Д.Д Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Лын өмчлөлийн 29 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлж, 20.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Д, Б.Т нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч  Д.Д, Б.Т нарт холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд: Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар Д.Д нь Ж.М-тай бүлэглэн Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Цахиурт гэх газраас  2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Ч-ын 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 201200000104 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 4-т “хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Д нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд холбогдох эрүүгийн 1912003360222 дугаартай хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүссэн хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгч Д.Дгийн эрх зүйн байдал дээрдүүлнэ гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: 

1. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ёстой. Гэтэл шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2012000000104 дугаартай шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг үндэслэл болгож, шүүгдэгч Д.Д нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд холбогдох эрүүгийн 1912003360222 дугаартай хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүссэн хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгч Д.Дгийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Хэдийгээр шүүгдэгч Д.Дг эрүүгийн 2012000000104 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх боловч түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  эсэхийг тогтоогоогүй байхад түүний эрх зүйн байдал дээрдэх, дордох эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж хуульчилсан нь мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор эрүүгийн хэргүүдийг нэгтгэж  мөрдөн байцаалт явуулах боломжийг бий болгосон зохицуулалт бөгөөд энэ нь яллагдагчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэргүүдийг заавал нэгтгэж шийдвэрлэнэ гэсэн ойлголт биш байна. Мөн шүүгдэгч Д.Д нь түүний бусадтай бүлэглэн 29 тооны адуу хулгайлсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж байх явцад өөрийнхөө бусдын 2 тооны үхрийг хулгайлсан үйлдлийн талаар сайн дураар мэдүүлж, өөрт холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч дээрх эрхээ эдлээгүй байгааг шүүх харгалзаж үзээгүй байна. 

2. Анхан шатны шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн шүүх хуралдааныг бүрэн гүйцэт явуулж,  шүүхийн хэлэлцүүлгийг дуусгалгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин тавдугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилж, шүүх ямар дарааллаар ямар ажиллагаа хийхийг тодорхой заасан. Хэдийгээр оролцогч хүсэлтийг аль ч шатанд гаргах эрхтэй боловч анхан шатны шүүх нь хуульд заагаагүй, шүүх хуралдааны дараалалд байхгүй үе шатыг өөрийн санаачилгаар бий болгож, оролцогчдоос хүсэлт гаргах эсэхийг тодруулж, улмаар оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хуралдааны дараалал зөрчиж, шүүхийн хэлэлцүүлэг явуулалгүй, оролцогчдыг мэтгэлцэх эрхээр хангалгүй, хүсэлтийг шийдвэрлэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

Иймд Д.Д, Б.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/618 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Т, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн гол үндэслэл нь 2012000000104 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоол гарсан байна, уг эрүүгийн хэргийг одоо хянан шийдвэрлэж байгаа эрүүгийн хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэсэн үндэслэлээр буцаасан. Уг шүүгчийн захирамжийг дараах хоёр үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ёстой. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 2012000000104 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг үндэслэл болгож тухайн хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Хэдийгээр шүүгдэгч Д.Д нь эрүүгийн өөр дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан боловч тухайн гэмт хэргийг үйлдэж гэм буруутай болох нь бүрэн тогтоогдоогүй байгаа. Зөвхөн яллагдагчаар татагдсан тогтоол үйлдэгдсэнээр тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж болохгүй. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс Д.Дг хоёр гэмт хэрэг үйлдсэн тул тухайн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж дүгнэж байгаа нь хууль зүйн  үндэслэлгүй дүгнэлт болсон. Яллагдагчаар татсан тогтоолыг үндэслээд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдэх юм уу, эсхүл доордоно гэж үзэх боломжгүй юм. Энэ нь хийсвэр бөгөөд урьдчилсан дүгнэлт болсон. Шүүгчийн захирамжийн гол үндэслэл болгоод байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нь эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгах хуулийн зохицуулалт байдаг. Энэ зохицуулалт нь нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэж, нэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж болох тухай заалт юм. Болно гэсэн ойлголт нь заавал хэргүүдийг нэгтгэх ёстой гэсэн ойлголт биш юм. Уг ойлголт нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох мөрдөн шалгах ажиллагаанд давхардал үүсгэхгүйн тул нэгтгэн хамтад нь шийдвэрлэж болно гэсэн агуулгатай юм. Прокурорын зүгээс Д.Дгийн холбогдсон хоёр хэргийг заавал нэгтгэх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь Д.Дгийн холбогдсон буюу өнөөдрийн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж дууссан байхад өөр хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм. Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргүүдийг нуулгүйгээр мөрдөн шалгуулах боломжтой байсан гэдгийг шүүх харгалзаж үзэхийг хүсэж байна. Дээрх хуулийн зохицуулалтыг буруу ойлгож, баримталж байгаагаас болоод эрүүгийн хэрэг шийдвэрлэх хугацаа удааширч, олон холбогдогчтой хэрэг шийдэгдэхгүй байх практик тогтсон байгаа. Иймд хуулийн боломжийг ашиглан энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны дараалал зөрчсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх дарааллыг тодорхой заасан. Гэтэл анхан шатны шүүх хуульд заагаагүй дараалал, үе шатыг өөрийн санаачилгаар бий болгож, оролцогчдын хүсэлт гаргах эрхийг тодруулж, улмаар оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааны дарааллыг зөрчин шүүхийн хэлэлцүүлэг явуулахгүйгээр нотлох баримтыг шинжлэн судалж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн юм. 

Мөн прокурорт буцаасан эрүүгийн хэргүүдийн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, дахин нэгтгэх зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй байдаг. Уг хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. 

Иймд шүүгдэгч Б.Т, Д.Д нарт холбогдох хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа. Б.Тийн хувьд ямар нэгэн хэрэгт шинээр холбогдсон асуудал байдаггүй. Б.Тийн хувьд Д.Дтэй нэг хэрэгт хамт холбогдсон тул давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Миний хувьд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Д.Дгийн хувьд шүүхээр шийтгүүлээгүй байхад шинээр хэрэг нь илэрсэн байгаа бөгөөд түүний үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй байна. Тэгэхээр нэгтгэж шийдвэрлэснээр Д.Дгийн эрх зүйн байдал нь дээрдэнэ гэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний хувьд шүүх хуралдааны процессын хувьд алдаа байхгүй үзэж байгаа. Учир нь шүүх анхнаасаа хэрэг шийдвэрлэх процессыг тайлбарлаж өгсөн. Оролцогчдоос санал, хүсэлтийг нь асуух үе шат байх ёстой. Тухайн санал хүсэлтийн үе шатанд М.А өмгөөлөгчийн зүгээс Д.Дг шинээр яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгсөн бөгөөд улсын яллагч тухайн үед эсэргүүцэл үзүүлэн мэтгэлцээгүй. Иймээс тухайн асуудлыг улсын яллагчийн зүгээс зөвшөөрч байна гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан явагдаж байсан. Тэгэхээр миний хувьд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын саналыг дэмжихгүй байна. Мөн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж шүүхийн зүгээс үзсэн тохиолдолд Б.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан тул тухайн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д Б.Т нарыг бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Лын өмчлөлийн 29 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлж, 20.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дг нэмж өөр гэмт хэрэгт холбогдуулж шүүхэд шилжүүлэхээр даалгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хэдийгээр прокурор шүүгдэгч Д.Дг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох нөхцөл тогтоогдвол хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл тухайн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх эсэх нь тодорхойгүй байхад шилжүүлэх талаар даалгаж байгаа нь шүүх хэрэг, маргаанд хөндлөнгийн байр сууринаас хандаж, зөвхөн хуульд захирагдана гэсэн хуулийн агуулгатай нийцэхгүй юм.

Мөн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн шүүх хуралдааныг бүрэн гүйцэт явуулж, шүүхийн хэлэлцүүлгийг дуусгалгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин тавдугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилж, шүүх ямар дарааллаар ямар ажиллагаа хийхийг тодорхой заасан. Хэдийгээр оролцогч хүсэлтийг аль ч шатанд гаргах эрхтэй боловч анхан шатны шүүх нь хуульд заагаагүй, шүүх хуралдааны дараалалд байхгүй үе шатыг өөрийн санаачилгаар бий болгож, оролцогчдоос хүсэлт гаргах эсэхийг тодруулж, улмаар оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хуралдааны дараалал зөрчиж, шүүхийн хэлэлцүүлэг явуулалгүй, оролцогчдыг мэтгэлцэх эрхээр хангалгүй, хүсэлтийг шийдвэрлэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр удаа дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байгааг анхаарвал зохино.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийн нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Т, Д.Д нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Т, Д.Д нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                          Г.УЛАМБАЯР

                                                          В.ЦЭЦЭНБИЛЭГ