Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0212

 

     

 

 

2022             03           22                                    128/ШШ2022/0212   

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч:  А.А

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Н 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: А.Б 

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б ын 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн 003...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, өмгөөлөгч А.Б, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б ын 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн 003...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Иргэн А.А  Нийслэлийн ...  дүүргийн ...  хороо 1 дүгээр гудамж, 28 тоотод байрлах 1864631051....  нэгж талбарын дугаартай 280 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг өмчлөгч иргэн О.Н-аас худалдан авч 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн Г-22040....  тоот гэрчилгээгээр өмчлөгч болжээ.

2.2. "Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/2229 дүгээр албан бичгээр “...  дүүргийн ...  дугаар хороо А  зочид буудлын хашаанд төвийн цэвэр усны 400 мм, 800 мм голчтой шугам дээр барилгын суурийн ажил эхлүүлж зөрчил гаргаж, ... хуулийн заалтуудыг зөрчиж байгаа тул ... улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч ... албан шаардлагыг  хүлээн авахаас татгалзаж байна. Иймд шугамын хамгаалалтын зурвас газрыг чөлөөлөх дорвитой арга хэмжээ авч өгнө үү”  гэжээ.

 

2.3. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2-03/373 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаар "Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ирүүлсэн ...  дүүргийн ...  дугаар хороо А  зочид буудлын хашаанд төвийн цэвэр усны 400 мм, 800 мм голчтой шугамын хамгаалалтын зурвасыг зөрчиж барилга барьж буйд хяналт шалгалт хийхээр баталжээ.

2.4. Хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...  дүүргийн ...  дугаар хороо Н.К ХХК-ийн А  зочид буудлын хашаа дотор шинээр баригдаж буй 2 давхар сэндвичин барилгын суурин доогуур төвийн цэвэр усны ф400мм, ф800 мм голчтой шугам байрлаж буйг үзлэгээр тогтоож, “Шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн" зөрчил үйлдсэн гэж А.А д "Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг заасны дагуу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох, шийтгэлийн хуудасны 5-д Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлд зааснаар “барилгын угсралтын ажлыг зөрчил арилгах хүртэл хугацаагаар хязгаарлах” шийтгэлийг 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн 003...  дугаартай шийтгэлийн хуудсаар тус тус оногдуулжээ.

2.5. Мөн 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар иргэн А.А д Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай албан даалгаврыг өгчээ.  

 2.6. Гомдол гаргагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б ын 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн 003...  дугаар шийтгэлийн хуудсыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шуудангаар хүлээн авчээ.

2.7. Тус шүүх А.А ын “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б ын 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн 003...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б т холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            3. Гомдол гаргагч нь гомдлын үндэслэлээ:

            3.1. А.А  миний бие Нийслэлийн ...  дүүргийн ...  хороо 1 дүгээр гудамж, 28 тоотод байрлах 1864631051....  нэгж талбарын дугаартай 280 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг өмчлөгч бөгөөд газар дээрээ худалдааны агуулахын зориулалт бүхий байрыг барьж байгаа.

            Энэ барилга нь Барилгын тухай хууль, Барилга байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр зүйлийн 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтад заасан тусгай зөвшөөрөл, зураг, төсөв шаардах барилга биш, тодруулбал түр ашиглах зориулалттай "сэндвичин" байшин юм.

 Дээрх 280 м.кв газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг дагуу өмчилсөн, өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчлан баталгаажуулсан байдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т...Газар өмчлөгч иргэнд хориглох зүйлийг заасан ба миний бие энэ хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулаагүй. Миний бие энэ шийдвэрийг гаргаагүй учраас уг зөрчлийг үйлдсэн этгээд биш тул хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй...

3.2. Тус байгууллагаас Н.К ХХК-д ирүүлсэн 2021 оны 0003370 тоот албан шаардлага, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичигт "Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль"-ийн 17.6-д "Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс 2 тийш 5 метрт хамгаалалтын зурвас тогтооно", 17.7-д "Хотын доторх цэвэр ус дамжуулах, түгээх бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдсэн байдаг.

            ...  дүүргийн ...  дугаар хороо 1 дүгээр гудамж, 28 тоот хаягт байрлах 1864631051....  нэгж талбарын 280 м.кв "гэр бүлийн хэрэгцээний зориулалт" бүхий газар нь 2006 онд хуулийн дагуу өмчлөх шийдвэр нь Засаг дарга, газрын албаар баталгаажин гарсан, миний бие энэ шийдвэрийг гаргаагүй учраас уг зөрчлийг үйлдсэн этгээд биш тул хууль зөрсөн гэж үзэх боломжгүй, шаардлага хууль бус гэдгийг хариу мэдэгдсэн болно.

3.3. Харин "Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль"-ийн 17.8-д “ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 17.8.1. “газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис хадгалах, боловсруулах, үйлдвэрлэх", 17.8.2. “байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бордоо ашиглан таримал ургамал тарих, бодис, арга технологи хэрэглэн хөнөөлт шавж, мэрэгчийг устгах", 7.8.3. “Унд, ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх”, 17.8.4. “Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох" гэжээ.

Хуулийн энэ заалтаас харвал ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалт болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхийг хориглосноос бус дамжуулах, түгээх шугамын зурваст хориглоогүй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шударгаар олж авсан өмчлөлийн газар дээр өөрийн хөрөнгөөр агуулахын зориулалттай түр байр барихаар ажил явуулж байсан учир хууль зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй.

Хэрэв шугам сүлжээнд ямар нэгэн доголдол гарвал байшинг зөөвөрлөн газрыг чөлөөлж, засвар үйлчилгээ хийх нөхцөл боломжоор хангах үүргийг хүлээнэ гэдгийг тухайн байгууллагын холбогдох хүмүүст хэлж байсан болно.

3.4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар: Надад шийтгэл ногдуулсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн шийтгэлийн хуудсыг гэрийн хаягаар Монгол шуудангаар илгээснийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-р зүйлд "...Зөрчилд холбогдогч ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, хууль зүйн туслалцаа авах, тайлбар мэдүүлэг өгөх, хүсэлт, гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэсэн материалтай танилцах эрхтэй" гэж заасан байна.

Гэтэл надаас тайлбар, мэдүүлэг аваагүй, зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдээгүй. Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд "...Холбогдогчид зөрчлийн хэргийг танилцах боломжоор хангана" гэж заасныг зөрчсөн, материалтай танилцуулаагүй, байна.

            4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр барилгын ажил дуусчихсан байсан. гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:   Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалаар энэ объект нь зөвшөөрөл шаардагдахааргүй барилгын ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, энэ барилга нь худалдаж авах үед үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллага байсан. Гэтэл одоо тухайн өмчилсөн газарт барилга байгууламж барьж болохгүй гэж байгаа нь Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа учир гомдолдолтой байна. 20...  онд газрыг өмчлөх шийдвэр гарч байхад яагаад энэ асуудал хөндөөгүй атлаа одоо энэ асуудлыг ярьж байгаа нь Л.А жаргалын эрх ашгийг хөндөж байна. Барилга хот байгуулалтын сайдын тушаалыг гаргасан нь нийтийн стандартад хүрэхгүй. Энэ шугам нь хэдэн метрийн доор байгааг талаар асуухад 5 метрийн гүнд байгаа. Шугамд нөлөөлөхгүй 40 см суурьтай, дээшээ 1 метрийн ганцхан суурьтай барилга байдаг. Манай байгууллагын хажуугийн барилга уг шугамаас үргэлжлээд баригдсан гэдэг асуудлыг Ус сувгийн удирдах газарт тавьж байсан. Барилгын асуудал эрхэлсэн улсын байцаагч тушаал журмын дагуу шийдвэрлэсэн бол уг асуудал гарахгүй байсан.гэв.

6. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:... ...  дүүргийн ...  дугаар хороо,  А  зочид буудлын хашаан дотор төвийн цэвэр усны ф400 мм, ф800 мм голчтой, зэргэлдээ байршилтай, 2 шугам дээр 2 давхар, сэндвичин барилгыг барьж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар  зүйлийн 17.6. Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно. 17.7. Хотын дoтopx цэвэр усны дамжуулах, түгээх, ... шугам ашиглалтын явцад  засвар, үйлчилгээ  xийх  хамгаалалтын  зурвас газартай  байна. гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, шугамуудын ашиглалтын хэвийн, найдвартай, тасралтгүй  ажиллагааг  хангахад  хүндрэл  учруулах  нөхцөлийг  бүрдүүлсэн байв.

Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.2 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих хэсэгт хамаарч буй тул тус хуулийн 6.2 дугаар зүйлийн 6. /Yc хангамж, apиутгах  татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бус, эсхүл эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, шугам сүлжээ барьсан бол түүнийг буулгаж, үйл ажиллагааг зогсоож учруулсан хохирол, төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр, хуулийн этгээдийг найман найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ дахь заалтад зааснаар иргэн А.А  холбогдох 210200... дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

Нийслэлийн улсын бүртгэлийн газраас иргэн А.А д Газар өмчлөх улсын бүртгэлийн г-22040....  дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон хэдий ч Зөрчлийн 2102000427 дугаартай хэргийн материалаас үзэхэд:

А. Иргэн А.А  нь тус газрын  өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй боловч кадастрын зураггүй.

Б. Тус газрын кадастр нь иргэн А.Л-ийн нэр дээр,

В. Иргэн А.А ын газрын гэрчилгээнд бичигдсэн талбай нь 280 м.кв боловч иргэн А.Л-ийн кадастрын зурагт тусгагдсанаар уг газар нь 279 м кв талбайтай бөгөөд 1 м.кв талбайн зөрүүтэй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байна

Тус 2 давхар, сэндвичин барилгыг барих үйл ажиллагаа нь Барилгын тухай хуулийн 4.1.11. /”Барилгын ажил" гэж бүх нь төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах. засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг/-д заасан үйл ажиллагаа тул Монгол Улсын Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудаар бүрэн зохицуулагдана.

... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. xoт тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх шугам сүлжээний газраас бусад газар  өмчлүүлэхээр заасан бөгөөд уг заалтыг зөрчиж, иргэн А.А д цэвэр усны ф400 мм. ф800 мм голчтой зэргэлдээ байршилтай, 2 шугамын хамгаалалтын зурвасын газрыг өмчлүүлсэн байна.

Иргэн А.А  нь өмчилсөн газар дээрээ барилга байгууламж барьж байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3  дахь “өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах” заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. ... Иргэн А.А тай 91912701 дугаарын утсаар удаа дараа ярьж, тус хэргийн материалыг товч танилцуулж, 003...  тоот шийтгэлийн хуудас болон Эрх бүхий албан тушаалтны "Зөрчлийн ур дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгаврыг шуудангаар явуулахыг мэдэгдэж, өөрийнх нь зөвшөөрснөөр хаягийг нь авч, 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн 11:40 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн.

Иргэн А.А д холбогдох 210....  дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтын дор Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, хэргийн материалыг бүрдүүлсэн.

Иргэн А.А тай 2021 оны 11 дүгээр сарын 15, 16, 17-ны өдөр 9191... дугаарын утсаар, иргэн А.А ын хүсэлтээр өмгөөлөгч Ш  гэгчтэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 91....  дугаарын утсаар тус тус ярьж, гаргаж буй зөрчил, түүний хор холбогдлыг удаа дараа тайлбарлаж, тус барилгын талаарх мэдээллийг өгөх, бичиг баримт, зураг төслийг шалгуулах, мэдүүлэг өгөхийг шаардсан боловч ирээгүй.

Тус барилгын үйл ажиллагааг түр зогсоох тухай прокурорын тогтоолыг танилцуулах, Зөрчлийн хэргийн материалтай танилцах зэрэг бусад асуудлаар Зөрчлийн 210... дугаартай хавтаст хэргийн 16, 28, 33, 34, 50 дахь хуудсанд тусгагдсанаас олон тоогоор иргэн А.А ын 9191... дугаартай утас руу залгаж, өөртэй нь ярьж, энэ хэргийн талаар, барилга угсралтын талаар зөвлөж, тайлбарлаж, ирэхийг шаардсан боловч ганц ч удаа ирээгүй болно.

...Харин иргэн А.А  нь өөрийн биеэр мэдүүлэг өгөхийн оронд бичгээр тайлбар гаргаж, миний ажлын өрөө болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 311 тоот өрөөнд оруулж тавьсан бичиг нь Зөрчлийн 210.... дугаартай хавтаст хэргийн 29, 30, 31 дэх хуудас болно.

... Нийслэлийн мэргэжлийн хяналын газар нь Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд ажилладаг. Төрийн хяналт шалгалтын хуульд хүсэлт, өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж зааварлаж, зөвлөдөг. Тийм ч учраас Ус сувгийн удирдах газраас тавьсан хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалт шалгалтын тухай хуульд зааснаар холбогдох байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Ус сувгийн удирдах газраас тухай газар дээр барилгын ажил үргэлжлээд байгаа тул дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Түүний дагуу зөрчлийн хэрэг нээж Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу прокурорын хяналт нь доор арга хэмжээ авсан.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Гомдол гаргагч А.А аас “... Хуулийн энэ заалтаас харвал ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалт болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхийг хориглосноос бус дамжуулах, түгээх шугамын зурваст хориглоогүй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шударгаар олж авсан өмчлөлийн газар дээр өөрийн хөрөнгөөр агуулахын зориулалттай түр байр барихаар ажил явуулж байсан учир хууль зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй. Хэрэв шугам сүлжээнд ямар нэгэн доголдол гарвал байшинг зөөвөрлөн газрыг чөлөөлж, засвар үйлчилгээ хийх нөхцөл боломжоор хангах үүргийг хүлээнэ ... надаас тайлбар, мэдүүлэг аваагүй, зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдээгүй. Зөрчлийн тухай хуулийн 6.9-р зүйлд "...Холбогдогчид зөрчлийн хэргийг танилцах боломжоор хангана" гэж заасныг зөрчсөн, материалтай танилцуулаагүй  ... гэж,

Хариуцагчаас “...төвийн цэвэр усны ф400 мм, ф800 мм голчтой, зэргэлдээ байршилтай, 2 шугам дээр 2 давхар, сэндвичин барилгыг барьж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар  зүйлийн 17.6. Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно. 17.7. Хотын дoтopx цэвэр усны дамжуулах, түгээх, ... шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ xийх хамгаалалтын зурвас газартай байна. гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, шугамуудын ашиглалтын хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад хүндрэл учруулах нөхцөлийг бүрдүүлсэн байв. ...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. xoт тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх шугам сүлжээний газраас бусад газар  өмчлүүлэхээр заасан бөгөөд уг заалтыг зөрчиж, иргэн А.А д цэвэр усны ф400 мм. ф800 мм голчтой зэргэлдээ байршилтай, 2 шугамын хамгаалалтын зурвасын газрыг өмчлүүлсэн байна.

Иргэн А.А  нь өмчилсөн газар дээрээ барилга байгууламж барьж байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28. 1.3  дахь “өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах” заалтыг зөрчиж байна.

Учир нь тус цэвэр усны 2 шугамаар Улаанбаатар хотын хэрэглээний усны 60 гаруй хувь дамжин өнгөрдөг бөгөөд хэрвээ эвдрэл, гэмтэл учирвал уг барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх хүртэлх хугацаагаар хэрэглэгчид үсгүй болох улмаар хүн ам, оршин суугчдын аятай тухтай амьдрах, ажиллах нөхцөл алдагдах, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдох зогсох түүнчлэн өвлийн улиралд тохиолдвол цэвэр усны болон бохир усны шугам сүлжээнүүдэд хөлдөлт үүсч, Улаанбаатар хотын 60 гаруй хувь аваарын байдалд шилжих төдийгүй Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн онц ноцтой, тооцоолшгүй хор уршиг, ур дагавар үүсэх болно

А.А д холбогдох 210200027 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтын дор Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, хэргийн материалыг бүрдүүлсэн...” гэж тус тус маргасан.

3. Үйл баримтын тухайд;

3.1. Гомдол гаргагч А.А  нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бичиж олгосон 0006.... дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Нийслэлийн ...  дүүргийн ...  хороо, 1 дүгээр гудамж, 28 тоотод байрлах 280 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж байна.

3.2. Гомдол гаргагч нь өөрийн өмчлөлийн дээрх 280 м.кв газар дээрээ ямар нэгэн байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр төвийн цэвэр усны ф400 мм, ф800 мм голчтой, зэргэлдээ байршилтай, 2 шугам дээр давхцуулан 2 давхар,  сэндвичин барилгыг барьсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй болно.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд;

4.1. Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГазар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 3/2229 дүгээр албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “...  дүүргийн ...  дугаар хороо, А  зочид буудлын баруун талд иргэн А.А  нь төвийн цэвэр усны 400 мм, 800 мм-ийн шугам дээр барилгын ажлыг явуулж, манай байгууллагаас хуулийн заалтуудыг мөрдлөг болгох талаар мэдэгдэж, зөрчлийг арилгуулахаар удаа дараа очиж байгаа боловч хариуцсан ажилтнуудыг нэвтрүүлэхгүй, албан шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байна. Иймд шугамын хамгаалалтын зурвас газрыг чөлөөлөх дорвитой арга хэмжээ авч өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хүргүүлжээ.

4.2. Дээрх гомдол болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-7.1.6 дахь заалтуудыг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-03/373 дугаар удирдамжийн баталсан байна.

4.3. Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б  нь дээрх удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулж, маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн “Зөчилд шийтгэл оногдуулах тухай” 003...  дугаар шийтгэлийн хуудсыг үйлджээ.

4.4. Дээрх шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч А.А ыг Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, 800 нэгж буюу 800,000,00 /найман зуун мянга/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

4.5. Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйл. “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих”, 6. “Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, шугам сүлжээ барьсан бол түүнийг буулгаж, үйл ажиллагааг зогсоож учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

4.6. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, Ус хангамжийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан бол түүнийг буулгаж, үйл ажиллагааг зогсоож учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000.00 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.

4.7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйл. “Ус хангамж, ариутгах татуурга”, 17.6. “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно.”, 17.7. “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.” гэж тус тус заажээ.

4.8. Дээрх хуулийн заалтуудын агуулгаас үзвэл, Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвастай байхаар байх бөгөөд мөн засвар, үйлчилгээ хийх зурвас газартай байхаар байна.

4.9. Маргаан бүхий тохиолдолд гомдол гаргагч нь төвийн цэвэр усны ф400 мм, ф800 мм голчтой, зэргэлдээ байршилтай, 2 шугам дээр 2 давхар, сендвичен барилгыг барьсан байх тул гомдол гаргагчийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.10. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, гомдол гаргагч А.А ыг Хот суурины ус, ариутгах татуургын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6-д зааснаар хариуцлага ноогдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

4.11. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн А.А аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б ын 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн 003...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7-д заасныг тус тус баримтлан иргэн А.А аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б ын 2022 оны 01 дүгээр сарын ... -ны өдрийн 003...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй..

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1...  дугаар зүйлийн 1... .2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ