| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ст холбогдох эрүүгийн 2419000000156 дугаартай хэргийг 2024 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2024 оны 04 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Айраг сумын 3 дугаар баг ... тоотод байхдаа төмөр трубагаар Д.Гын өмчлөлийн эд зүйл болох “Euro Lux” брэндийн 50х50 хэмжээтэй индүкцэн плиткийг цохин хагалж бусдын эд хөрөнгөд 550,000 төгрөгийн хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 02-09 дүгээр тал),
Хохирогч Д.Гын 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Э бид 2 амарч байхад шөнийн 02 цагийн орчимд Т.С ганцаараа ирээд цонх нүдээд байхаар нь онгойлгохгүй байсан чинь хаалга татаад орж ирээд намайг хоёулаа гараад уулзъя чамтай учраа олъё гээд зодох гээд дайрахад мастер Эрдэнэбаяр дундуур орж салгаад Т.Сыг аваад гарсан, Т.Сын өмднийх нь ард нэг хутга харагдахаар нь Э авч нуугаад авч гаргачхаад Э ганцаараа орж ирсэн, араас нь Т.С орж ирэхдээ төмөр труба барьчихсан орж ирээд Эрдэнэбаяр дахин Т.Сыг аваад гарах гэтэл манай плитканы дээд хэсгийг нь трубагаар цохиж хагалсан...”, “...Би хохирлын 550,000 төгрөгийг Т.Саас хохиролд авсан. Т.Сын хохирлын 550,000 төгрөгийг миний Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн. Одоо надад өөр төлбөр мөнгө нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд суухгүй...Тухайн үед бидний дунд зодолдсон, хэн, хэнийхээ бие эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 19, 52 дугаар тал),
Ашид Билгүүн ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №924/9484 дугаартай “... Хохирлын нийт үнэлгээ 550,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар тал),
Яллагдагч Т.Сын 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Эрдэнэбаяр намайг гадагшаа гаргаад буцаж орохдоо төмөр труба авч ороод плиткийг нь трубагаар цохиж хагалсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 21 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С нь 2024 оны 04 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Айраг сумын 3 дугаар баг ... байхдаа төмөр трубагаар Д.Гын өмчлөлийн эд зүйл болох “Euro Lux” брэндийн 50х50 хэмжээтэй индүкцэн плиткийг цохин хагалж бусдын эд хөрөнгөд 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Гын 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Э бид 2 амарч байхад шөнийн 02 цагийн орчимд Т.С ганцаараа ирээд цонх нүдээд байхаар нь онгойлгохгүй байсан чинь хаалга татаад орж ирээд намайг хоёулаа гараад уулзъя чамтай учраа олъё гээд зодох гээд дайрахад мастер Э дундуур орж салгаад Т.Сыг аваад гарсан, Т.Сын өмднийх нь ард нэг хутга харагдахаар нь Э авч нуугаад авч гаргачхаад Эрдэнэбаяр ганцаараа орж ирсэн, араас нь Т.С орж ирэхдээ төмөр труба барьчихсан орж ирээд Эрдэнэбаяр дахин Т.Сыг аваад гарах гэтэл манай плитканы дээд хэсгийг нь трубагаар цохиж хагалсан...”,“...Би хохирлын 550,000 төгрөгийг Т.Саас хохиролд авсан. Т.Сын хохирлын 550,000 төгрөгийг миний Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн. Одоо надад өөр төлбөр мөнгө нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд суухгүй... Тухайн үед бидний дунд зодолдсон, хэн, хэнийхээ бие эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр орой Д.Гтой хамт ууж байгаад Д.Г гэр лүүгээ явж амарсан. Найз охин маань хамт байж байгаад гараад явахаар нь Д.Гынд очсон байх гэж бодоод тэдний цонхыг тогшсон чинь тайлахгүй байсан. Хаалгыг нь онгойлгоод ороход унтаж байгаад босоод ирсэн. Тэгээд хоёулаа гарч жоохон ярилцаж сууя гэхэд гарахгүй гээд байсан. Юм ярьж байгаад жоохон маргалдаад би гаднаас труба аваад плиткийг нь цохичихсон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Д.Гын өмчлөх эрхэд 550.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч Т.С нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.Ст танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ
Шүүгдэгч Т.Ст оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 57,5 см-ийн урттай, 1 талын үзүүртээ резовтой, нөгөө талын үзүүр нь тэгш 1 ширхэг төмөр “Труба”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Т.Ст оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 57,5 см-ийн урттай, 1 талын үзүүртээ резвотой, нөгөө талын үзүүр нь тэгш 1 ширхэг төмөр “Труба”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР