Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн 2419000000132 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Б нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх “...” төвийн доор байдаг АТМ-с хохирогч О.Огийн картыг ашиглан 500,000 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлан авсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх “Бадрах Өргөө” зочид буудлаар үйлчлүүлэх үедээ хохирогчийн картыг ашиглан 80,000 төгрөгийн гүйлгээ хийж Капитрон банк дахь ... дугаарын данснаас 580,000 төгрөгийг “Хулгайлан” авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч М.Б нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх “...” төвийн доор байдаг АТМ-с хохирогч О.Огийн картыг ашиглан 500,000 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлан авсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх “Бадрах Өргөө” зочид буудлаар үйлчлүүлэх үедээ хохирогчийн картыг ашиглан 80,000 төгрөгийн гүйлгээ хийж Капитрон банк дахь ... дугаарын данснаас 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Огийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өмнө нь зам ангид хамт ажил хийж байсан дүү М.Бтой хамт 2 шил архи манай гэрт уусан тэгээд би орой унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрсэн чинь миний утсанд 500,000 төгрөг болон 80,000 төгрөг зарлага гарсан гэсэн мессеж ирсэн байсан хамт архи уусан дүү Б ... дугаар луу залгаж асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн өөрийн картаа хайсан боловч олдоогүй. Миний Капитрон банкны ... дугаарын дансанд нийт 586,312 төгрөг үлдсэн байсан чинь 580,000 төгрөг нь АТМ-с авсан байсан би өөрөө мэдээгүй миний картны кодыг мэдэх хүн байхгүй...”, “...Би Болд- Отгонтой хамт 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 15 минутад Түмний гэсэн нэртэй дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0,5 архи авсан би өөрийн картаа өгч тооцоо хийсэн түүнээс хойш дахин гүйлгээ хийгээгүй би картны дугаараа Бны дэргэд дэлгүүрийн худалдагчид хэлсэн өөр хүнд бол хэлээгүй” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 06-07 дугаар тал),

            Капитрон банкны харилцах дансны хуулга, (хавтаст хэргийн 08 дугаар тал),

            Яллагдагч М.Бы 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...О.О ахын картыг буцааж өгөөгүй байсан болохоор Сайншанд сумын төвд байдаг ... төвийн доор байдаг АТМ-с цагийг нь сайн санахгүй байна 500,000 төгрөг аваад мөн төвд байдаг Бадрах өргөө зочид буудалд 2 ортой 1 өрөө 80,000 төгрөгөөр авсан...”, “...Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед Сайншанд сумын төвд байсан төв музейн замын эсрэг талд байдаг АТМ-с О.О ахын картнаас 80,000 төгрөг бэлэн авсан...”, “...Одоо надаас картаа асуусан би мэдэхгүй гээд худлаа хэлсэн...”, “...Хохирол 580,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Дахин ийм гэм буруутай зүйл хийхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 20 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

           

            Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч М.Б нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх “...” төвийн доор байдаг АТМ-с хохирогч О.Огийн картыг ашиглан 500,000 төгрөгийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх “Бадрах Өргөө” зочид буудлаар үйлчлүүлэх үедээ хохирогчийн картыг ашиглан 80,000 төгрөгийн гүйлгээ хийж Капитрон банк дахь ... дугаарын данснаас 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.   

 

            Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол бүрэн төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнцэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          

            Иймд шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Бд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

       

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

           1. Шүүгдэгч Б овогтой М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 зааснаар шүүгдэгч М.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 4. Шүүгдэгч М.Бд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ОДБАЯР