Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2021/01191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00355/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн А.Ц/РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Р.А /РД:.../-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Миний бие Р.А-тэй 1999 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2000 оны 07 сарын 20-ны өдөр гэрлэснийг бүртгэсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү А овогтой Б 1999 оны 10 сарын 25-ны өдөр, А овогтой С 2001 оны 01 сарын 19-нд төрсөн хүүхдүүд насанд хүрцгээсэн. А овогтой О 2008 оны 09 сарын 08-ны өдөр, хүү А овогтой А 2014 оны 11 сарын 27-ны өдөр тус тус төрсөн. Нөхөр Р.А-тэй 20 гаран жил хамт амьдрахдаа таарамж муутай амьдарлаа. Учир нь Р.А нь намайг үл хүндэтгэдэг, хэл амаар их доромжилдог, удаа дараа зоддог байснаас гомдол, цөхрөл дээд цэгтээ хүрсэн, цаашид хамт амьдрах ямар ч хүсэлгүй болсон. Бид хоёр таарамжгүй харьцаанаас болж 2020 оны 12 сарын 06-аас хойш одоо хүртэл тусдаа амьдарч байна. Намайг их харддаг, санхүүгийн асуудал дээр хүртэл хяналт тавьж дарамтад байлгадаг. Бидний харилцаа сүүлийн жилүүдэд хурцадмал байдалтай байгаа. Бид тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандсан боловч эвлэрээгүй, урьдын таарамжгүй харьцаа хэвээр байгаа учраас шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй охин О, хүү А.А нарыг өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно.” гэжээ.

 

Хариуцагч Р.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан шиг хэцүүдэж дордсон харилцаа, амьдрал биш. Хэн хэн нь хүсвэл, хичээвэл хэвийн сайхан болж үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж элэг бүтэн амьдрах боломжтой. Хүүхдийн асрамж тэтгэлэг төлөхгүй. Энэ тахалтай, хорио, хямралтай хэцүү цагт 4 хүүхэд өнчирүүлж орхих хүсэл, зорилго, шийдвэр гаргах эрх байхгүй, зорилго шийдвэр гаргах эрх байхгүй, харин ч эсрэгээрээ. Бүтэн бүлээн байлгаж бүхий л талаараа хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээж туслаж дэмжих, сурлага, эрүүл мэндэд нь анхаарах ёстой, үүрэгтэй гэж бодож байна. Миний бие хүүхдүүдтэйгээ хамт байгаа болно. Би хүүхдүүдээ аль болох ээжтэй нь уулзуулах утсаар яриулж харилцаатай байлгах саналтай байдаг. Салж сарнихаар болсон бол насанд хүрсэн хоёр хүүхдийнхээ саналыг асууя гэдэг саналыг тавьсан. Намайг ажилтай байх хугацаанд Ц гэртэй орой үдэш ирдэг, зарим үед гэртэй хонодоггүй. Би гэрээсээ хөөсөн асуудал байхгүй энэ хүн өөрөө бүх юм аа аваад яваад өгсөн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаанд заавал гэрлэлтээ цуцлуулах шаардлагагүй, хүүхдүүдээ салгаж орчин нөхцөлийг өөрчилж яах юм бэ ? гэдэг зүйлийг ярьсан. Эвлэрэх талаар ярилцах гэхээр хүлээж авдаггүй.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэж ойлголоо. Гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Гэрлэлтийг цуцлахыг зүйтэй гэж үзэж байна. Насанд хүрээгүй 2 хүүхдийн асрамж О ээжтэйгээ хамт амьдарна гэдэг саналыг хэлдэг боловч ээнэгшэн дассан орчиндоо сургуулиа төгсөх саналыг харгалзан эцгийн асрамжид үлдээх, харин бага хүү А маш их анхаарал халамж хэрэгтэй байгаа, эх Ц нь уран, юм оёдог чадвартай хүн учир хүүгээ асран хамгаалаад явчих боломжтой гэж үзэж байна. Ц нь Улаанбаатар хотод байдаг сургалтын төвүүдэд хандаж хүү А-г хэвийн байдалд оруулах боломжтой гэж харж байна. Тиймээс хүү А-г эхийн асрамжид үлдээж, эцгийн хүүхдүүддээ тавих анхаарал халамжийг битгий хориглоосой гэж хүсэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Р.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь байдлаар шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Р.А нар 1999 онд танилцан 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна. /хэргийн 7 дугаар хуудас/

Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Б, 2001 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин А.С, 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин А.О, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү А.А нар төрсөн, гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 12 дугаар сарын 06-наас хойш тусдаа амьдарч байгаа байна.

 Нэхэмжлэгч А.Ц гэрлэлт цуцлуулах үндэслэлийг 20 гаран жил амьдрахдаа таарамж муутай, үл хүндэтгэдэг, хэл амаар доромжилдог, удаа дараа зодож байсан, би одоо хотод ирж хувийн хөдөлмөр оёдолын чиглэлээр ажиллаж байгаа ... гэж, хариуцагч Р.А ... Намайг ажилтай байх хугацаанд Ц гэртэй орой үдэш ирдэг, зарим үед гэртэй хонодоггүй. Би гэрээсээ хөөсөн асуудал байхгүй энэ хүн өөрөө бүх юм аа аваад яваад өгсөн. Эвлэрэх талаар ярилцах гэхээр хүлээж авдаггүй гэж тайлбарлаж байна.

Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг  хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-2-д заасан гэрлэлтийг цуцлахад  хориглох үндэслэл  тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Гэрлэгчид гэр бүлийн таарамжгүй харилцаа,үзэл бодол таарахгүйн улмаас 2020 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хоёр удаа шүүхээс явуулсан боловч нэхэмжлэгч Улаанбаатар хотоос эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, хэн аль гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд шүүх нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Р.А нарын гэрлэлтийг цуцлав.

1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Б, 2001 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин А.С нар насанд хүрсэн, 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.О, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү  А.А нар гэрлэгчидийг тусдаа амьдрах хугацаанд эцэг Р.А-гийн  асрамжид, А.О бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа, А.А хэл ярианы олдмол согогийн улмаас сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсрол эзэмших боломжгүй гэртээ эгч, ах, эгч, эцгийн асрамжинд байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл явдалын талаар талууд маргаангүй.

2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.О Дархан-уул аймгийн Ерөнхий боловсролын Оюуны Ирээдүй цогцолбор сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа, түүний сурч байгаа болон өсөж байгаа орчинг өөрчилөх үндэслэл тогтоогдохгүй байна.

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.А талуудын тайлбарласнаар хэл ярианы олдмол согогоос болж сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсрол эзэмших боломжгүй гэртээ бусдын асрамжид  байгаа,  нэхэмжлэгч А.Ц Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаагаас хүүхдээ өөрөө өсгөж, асран  хамгаалах үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байгаа, шүүхээс түүний ажил амьдралаа төвхнүүлж, хүүхдээ авах хэмжээний байдалд хүрсэн үедээ болон Улаанбаатар хот дахь улирлын томуугийн болон ковидын нөхцөл байдлыг харгалзан зунаас авах болзолт нөхцөлийг харгалзан үзэх боломжгүй байна.

Бага хүү А.А-гийн тухайд эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хасуулаагүй тохиолдолд хэн аль нь асран хамгаалах, эрүүл чийрэг өсгөн бойжуулах зэрэг эрх, үүрэгт тэгш эрх, адил үүрэгтэй,  хүү А.А-гийн одоогийн өсөж буй ээнэгшин орчин, асаргаа, ах, эгчийн туслалцаа зэргийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй, түүний насны байдал болон учирсан эрүүл мэндийн шалтгааныг харгалзан өөрийн гэр бүлдээ, гэр  бүлийн хамт өсөж торних нь хэрэгцээтэй байна гэж шүүх үзэв.

Иймд охин А.О Ерөнхий боловсролын сургуулийг Дархан Уул аймагтаа төгсөнө, гэр бүл анги хамт олноос холдохгүй гэснийг болон хүү А.А-гийн тухайд олдмол хэл ярианы согогийг засах эмнэлэг, сургалтын төв, эрүүл чийрэг өсөх торних  асаргаа сувилгааны орчинг бүрдүүлсэн үедээ эх А.Ц авах, тэдгээрийг судлан хамтран эмчилгээ сувилгаа хийлгэх зэрэгт хэн аль нь  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, суурь боловсрол эзэмшүүлэх зэрэгт хэн аль нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй хэн алинаас тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж тохиролцсон, энэ тохиролцоо бүрдэхгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн үед асрамжийн талаар маргах эрх нээлттэй болно.

Иймд  насанд хүрээгүй А.О, А.А нарыг эцэг Р.Агийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.

Насанд хүрээгүй охин А.О, хүү А.А нарыг эцэг Р.А-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцгийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа  явдал  бөгөөд  эцэг Р.А, эх А.Ц нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглох үндэслэл байхгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч А.Ц гэрлэлт цуцлуулах /70,200 төгрөг/, хүүхдийн асрамж /70,200 төгрөг/ 140,400 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулсан тул нэхэмжлэгч А.Ц-аас хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагч Р.А-гээс гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж тус тус төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ... овгийн А.Ц/РД: .../, ... овгийн Р.А /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.О, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү  А.А нарыг эцэг Р.Агийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч А.Ц-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагч Р.А-гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж тус тус төрийн сангийн орлогод оруулсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНДАРЬ