Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2021/01200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/01083/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, .. сум, ... багт байрлах Г.б-ны Д.б.т /РД:...,.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... гудамж, ... тоот хаягт бүртгэлтэй, ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Б.Б /РД:.../,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тосгон, ... гудамж ... тоотод оршин суух ... овгийн Б.Н /РД:.../ нарт холбогдох

 

“7,730,339.78 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Б.Б /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмждсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч Б.Б, Б.Н нар нь Г.б-тай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ... тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн ... тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Б.Б-ын ... тоот дансыг барьцаалсан болно. Хариуцагч Б.Б, Б.Н нарын хамтран байгуулсан ... тоот хэрэглээний зээлийн гэрээний төлбөр 2021.09.16-ны өдрийн байдлаар, үндсэн зээлийн үлдэгдэл 4,536,473.34 төгрөг, зээлийн хүү 2,945,509.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,356.55 төгрөг, нийт 7,730,339.78 төгрөг байна. ... Б.Б, Б.Н нараас зээлийн төлбөр 7,730,339.78 төгрөг дээр нотариатын зардал 3500 төгрөгийг нэмээд нийт 7,733,839.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ... Миний бие Б овогтой Баярцогт нь Дархан-Уул аймаг дахь Г.б-наас нэхэмжилж байгаа 7,733,839.78 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэргийн гэм буруугийн улмаас ажлаа хийж чадахгүй байдалд хүрч, зээлээ төлж чадаагүй, нэг жилийн дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“ ... Миний бие Б овогтой Н, Б овогтой Б-тын “Голомт” банкнаас авсан 7 сая төгрөгийн зээлийн гэрээнд 2018 оны 8 сарын 31-ний өдөр батлан даагчаар гарын үсэг зурсан. Б.Б нь Г.б-наас авсан зээлээ гэрээнд заасны дагуу төлөлт хийхгүй явсанаар шүүхэд шилжсэн тул Б.Н би Г.б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрээт мэргэжилтэн Э овогтой О-тэй уулзан сар бүр өөрийн төлж чадах хэмжээ буюу 200,000 төгрөгийг төлж уг зээлийг барагдуулахыг хүссэн боловч татгалзсан тул тайлбар бичлээ. Б.Б нь өөрөө одоо цагдан хориход байгаа 2 жил гаран цагдаа шүүхээр явж, 2020 оны 5 сараас 2020 оны 12 сард батлан даалтанд гараад ахин 2021 оны 9 сард хоригдсон одоо ч хорионд байгаа тул уг зээлийг төлөх боломжгүй байгаа юм. Иймээс батлан даагч Б.Н би Г.б-наас уян хатан шийдэж өгнө үү хэмжээн хүсэж эвлэрлийн гэрээ хийхийг гуйсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй баг төлөөлөгч болох О-ийн хүссэнээр 6 сарын дотор төлөх боломжгүй тул уг тайлбарыг бичлээ. Б.Н би Дархан-Уул аймгийн ... суманд биеийн байдлаас болж тодорхой ажил эрхэлдэггүй, тогтсон орлогогүй аав ээжийндээ 1 хүүгийн хамт амьдардаг.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.б Д.з-ийн төв нь хариуцагч Б.Б, Б.Н нарт холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн  үлдэгдэл  4,536,473.34 төгрөг, зээлийн хүү 2,945,509.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,356.55 төгрөг, нийт 7,730,339.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

Хариуцагч  Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  ... Эрүүгийн хэргийн гэм буруугийн улмаас ажлаа хийж чадахгүй байдалд хүрч, зээлээ төлж чадаагүй, нэг жилийн дотор төлж барагдуулна ..гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Н ... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Б-ын Г.б-наас авсан 7 сая төгрөгийн зээлд батлан даагчаар гарын үсэг зурсан. Сар бүр өөрийн төлж чадах хэмжээ 200,000 төгрөгөөр барагдуулахыг хүссэн боловч 6 сарын хугацаагаар төлөх банкны саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, биеийн байдлаас болж тодорхой ажил эрхэлдэггүй, хүүгийн хамт аав, ээжийндээ амьдардаг гэж тайлбар ирүүлжээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 7,730,339.78 төгрөг төлөх талаар маргаангүй боловч, хариуцагч Б.Н батлан даагч, 200,000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 хариуцагчаас гэрээний зүйлийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа .. гэж тайлбарлаж байна.

Талуудын байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн зээлийн гэрээний зүйл болох 7,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Г.б, зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч Б.Б, Б.Н нар зээлийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй талаар талууд маргаангүй байна. /хэргийн 4-8 дугаар  хуудас/

Гэрээний 3.1.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна. Иргэний  хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1, 222.1.2-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол;. Үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж хуульчилжээ.

Иймд зээлдэгч, үүрэг гүйцэтгэгч Б.Б, Б.Н нар зээлийн гэрээний зүйлийг хугацаанд төлөх үүргээ хэтрүүлсэн гэж үзнэ.

Талуудын байгуулсан гэрээний зүйл нь банкнаас олгож буй бүтээгдэхүүн болох цалингийн зээл бөгөөд Б.Б-ын ажил олгогч Д.Н ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор үүрэг тасалдах байдалд хүрсэн ч гэрээний 3.1.5-д зааснаар ажлын байр солигдох тохиолдлыг банкинд мэдэгдэж байх үүрэгтэй, хөдөлмөрийн гэрээний үүрэг дуусгавар болж цалин авахгүй байгаа нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй байна.

Хариуцагч Б.Н банктай байгуулсан гэрээнд өөрийгөө батлан даагчийн хувиар оролцсон гэж тайлбартаа дурьдсан боловч цалингийн зээлийн гэрээнд талуудыг Г.б, Б.Б, Б.Н гэж тодорхойлсон байна. 

Баталгаа, батлан даалт гаргах гэдэг нь харилцагчийн өмнөөс гуравдагч этгээдэд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахыг нотолж, хэрэв биелүүлээгүй тохиолдолд баталгаа, батлан даалт гаргагч нь харилцагчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэхээр үүрэг хүлээдэг учиртай.

Иргэний хуулийн  242 дугаар зүйлиийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн зүйлийн 242.3.-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж хуульчилжээ.

Иймд хариуцагч Б.Б, Б.Н зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээлийн  үлдэгдэл 4,536,473.34 төгрөг, зээлийн хүү 2,945,509.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,356.55 төгрөг, нийт 7,730,339.78 төгрөг нэхэмжлэгч Г.б-ны Д.б.т д төлөх үүрэгтэй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд төлбөл зохих, нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээгээр тохирсон нь хууль зөрчөөгүй.

Иймд хариуцагч Б.Б, Б.Н нараас  2018 оны  08 дугаар  сарын 31-ний өдрийн цалингийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 4,536,473.34 төгрөг, зээлийн хүү 2,945,509.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,356.55 төгрөг, нийт 7,730,339.78 төгрөг гаргуулан Г.б Дархан зээлийн төвд олгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 138,691.43 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Б, Б.Н нараас 138,691.43 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.б-ны Д.б.тд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Б, Б.Н нараас  2018 оны  08 дугаар  сарын 31-ний өдрийн цалингийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 4,536,473.34 төгрөг, зээлийн хүү 2,945,509.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,356.55 төгрөг, нийт 7,730,339.78 төгрөг гаргуулан Г.б Дархан зээлийн төвд олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 138,691.43 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Б, Б.Н нараас 138,691.43 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.б-ны Д.б.тд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ