Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2021/01230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2021/01042/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... барилгад байрлах “ТБ” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж ... тоотод оршин суух ... овгийн Д.Д /РД:../-т холбогдох

3,174,900 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Д “ТБ” ХХК-тай ... дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож, фидуцийн гэрээгээр зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд ... ДАХ соната 6 маркийн машиныг авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Д.Д зээлээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй удаа дараа ноцтой зөрчиж үндсэн зээл 1,425,000 төгрөг, хүү 1,037,400 төгрөг, алданги 712,500 төгрөг, 546 хоног хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Гэрээ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д зааснаар фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулах гэтэл тус тээврийн хэрэгслийг устгаж, одоо хаана байгаа нь тодорхойгүй болоод бид гэрээгээ биелүүлэх боломжгүй байдал үүсээд байна. Иймд гэрээний дагуу 3,174,900 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Миний бие 2010 оны 1-р сарын 10-ны өдөр Сайн ломбард автофинансаас соната 6 маркийн автомашин барьцаалан 1,800,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2021.05.28-ны өдөр осол гарч уг машин унасаны улмаас эргэн төлөлтөө алдсан, үүнээс цар тахалын үед ажил төрөлгүй гэртээ байгаа тул би эргэн төлөлтөө цаг тухайд нь хийж чадаагүй, эргэн төлөлт цаг тухайд хийгдэж хасагдаж яваад 1 сая гаран төгрөг үлдсэнээр одоо ТБ автофинанс нь 3,174,900 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч Д.Д-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зээл 1,425,000 төгрөг, хүү 1,037,400 төгрөг, алданги 712,500 төгрөг, нийт 3,174,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв .

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна. /хэргийн 4 дүгээр хуудас/

Иймд талууд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа үүссэн мөн зүйлийн 286.5-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний зүйл болох 1,800,000 төгрөгийг 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлсэн.

Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу шилжүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох ... улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл гэмтсэний улмаас шилжүүлэн авах боломжгүй байдал үүссэн нь түүний шүүхэд ирүүлсэн .. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр осол гарсан учраас эргэн төлөлөтөө алдсан, цар тахалын үед ажил төрөлгүй гэртээ байгаа тул цаг тухайд нь хийгээгүй, эргэн төлөлт хийгдэж явсаар 1,000,000 төгрөг үлдсэн, 3,174,900 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй .. гэж маргаж байгаа боловч татгалзалаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, нотлоогүй.

   Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  үед зээлдүүлэгч 3.1.4-т зааснаар зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүү, алданги, зогсоолын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй тохиолдолд зээлийн хугацаа дууссаныг зээлдэгчид мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дараа барьцааны эд хөрөнгийг борлуулж зээлтэй холбоотой бүх хохирлоо гаргаж авах эрхтэй .

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж хуульчилжээ.

Барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн  160.1.5- д зааснаар устаж үгүй болсон; барьцааны үүрэг хангагдах нөхцөлгүй болсон  мөн, төлбөрийг шаардах тусгайлсан зохицуулалт болох нэн даруй шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү, алданги нэмэгдэх нөхцөл үүсчээ.

Иймд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,425,417 төгрөг, үүнд ногдох 4 хувийн хүү 56,234 төгрөг байна.

Гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусах, нийт төлөгдөөгүй сар 9 сар, нэн даруй шаардах, мэдэгдэх хугацааг 1 сар гэж үзвэл нийт 10 сарын хүү буюу төлбөл зохих хүүг 562,340 төгрөг гэж үзэв.

Иргэний хууийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж хуульчилсан. Талууд гэрээний 2, 3-т анзыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор бичгээр байгуулсан байна.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол; 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч “ТБ” ХХК, үүрэг гүйцэтгэгч Д.Д нарыг үүргээ  хугацаанд нь биелүүлээгүй хэн аль буруутай байна.

Иймд мөнгөн төлбөрийн үүрэгт тооцох төлбөл зохих хариуцлага алданги 712,500 төгрөгийн 50 хувь болох 361,250 төгрөгийг Д.Д-аар төлүүлэх үндэслэлтэй байна.

 Хариуцагч Д.Д-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,425,417 төгрөг, хүү 562,340 төгрөг, алданги 361,250 төгрөг нийт 2,349,007 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, 825,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шааррдлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 65,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Д.Д-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 2,349,007 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамжид 52,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн  286 дугаар зүйлийн 286.1-т зааснаар хариуцагч Д.Д-аас 2,349,007 төгрөг гаргуулан “ТБ” ХХК-нд олгож, 825,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 65,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 52,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ