Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/01286

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Х-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагч О.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б М ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Т Б ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Р.Х нь иргэн О.Хтай 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн “Г” хэсэгт байрлах 40 айлын орон сууцны 21 тоот хаягт байрлах 42 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөл болгон авахаар харилцан тохиролцсон. Орон сууцны нийт үнэ 54 600 000 төгрөгийг 5007987683 тоот Хаан банкны дансаар хийхээр тохирч байрны гэрчилгээг Улсын комисс хүлээн авсны дараа гаргаж өгөхөөр гэрээ хийсэн. Төлбөрийг тохиролцсоны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4 600 000 төгрөгийг уг дансанд шилжүүлсэн. Тохирсон хугацаанаас байрны гэрчилгээг  гаргаж өгөхгүй янз бүрийн шалтгаан хэлж өнөөдрийг хүрсэн. Утсаа ч авахаа больсон. Аргагүй байдалд хүрч шүүхэд хандаж байна. Нэгэнт мөнгөө шилжүүлсэн үүргээ гүйцэтгэсэн өөрөө л Б Мын данс руу шилжүүл гэж хэлсний дагуу шилжүүлсэн. Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн “Г” хэсэгт байрлах 40 айлын орон сууцны 21 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Хыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч О.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Х орон сууцны үнийг “Б М” ХХК-д төлсөн. Манай барилгын ерөнхий гүйцэтгэгч болох “Б М” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг чанарын болон биет байдлын доголдолгүй, захиалагчийн заавраар гүйцэтгээгүйгээс барилга байгууламжийг ашиглалтанд оруулах урьдчилан комисс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилласан. Уг урьдчилсан комисс барилгын гүйцэтгэлтэй танилцсаны дагуу 12 дугаартай хурлын тэмдэглэл гарч, уг хуралдаанаас хэд хэдэн үүрэг чиглэл, засан сайжруулах ажлын даалгавар өгсөн. Уг ажлын даалгавруудаас “Б М” ХХК-ийн дээврийн ажлыг гүйцэтгэхдээ зургийн дагуу гүйцэтгээгүйгээс хэсэг, хэсэг газарт ус тунах, ус бүрэн зайлуулагдахгүй байсан. Үүнийг засан сайжруулах зургийн дагуу гүйцэтгэхийг даалгасан ба тус компанийн зүгээс захирал Т.П нь 2019 оны хаврын ажил хийх боломжтой үедээ дахин гүйцэтгэж өгөхөөр тохиролцсон боловч өдийг хүртэл гүйцэтгээгүй, зөрчлийг арилгаагүй байна. Гүйцэтгэгч “Б М” ХХК нь ажлын хөлсөө бүрэн авсан атлаа уг ажлыг гүйцэтгээгүй өдийг хүрсэн. Гэвч захиалагч Р.Х нь орон сууцны үнийг “Б М” ХХК-д төлсөн байтал “Б М” ХХК-ийн ажил дуусаагүй тул миний зүгээс Р.Хт тус орон сууцыг түүний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөлд нь шилжүүлэх боломжгүй юм. “Б М” ХХК ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан цагт тус компанид өгсөн Р.Хын төлбөрийг төлөгдсөнд тооцож өмчлөлд шилжүүлж өгч болно гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Х, В.Баттулга нар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18 тоот зээлийн гэрээ байгуулж 800 000 000 төгрөгийн зээл авсан байгаа. Тухайн зээлийн үлдэгдэл 488 632 518.69 төгрөг. Зээлийн хүү 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 18 151 865.33 төгрөг нийт 669 684 384.2 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн барьцаанд 17 ширхэг орон сууцны гэрчилгээ байгаа. Барьцаалсан орон сууцны төлбөрийг төлвөл гэрчилгээг чөлөөлж өгөх боломжтой гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүргээ талууд биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбарыг эс зөвшөөрч байна. Учир нь О.Х “Б М” ХХК хоёрын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байдаг бөгөөд гэрээний дагуу уг байрнаас бэлэн мөнгөний оронд хэд хэдэн орон сууц ажлын хөлсөн авсан бөгөөд гэрээт ажлаа 100 хувь гүйцэтгэж дууссан. Гуравдагч этгээдийн хувьд ямар нэг гүйцэтгэх ажил үүрэг байхгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Х хариуцагч О.Хд холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40 айлын орон сууцны 21 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч О.Х түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Б М” ХХК дээврийн ажлын дутууг гүйцээж хийсэн тохиолдолд өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Р.Х нь төлбөрөө “Б М” ХХК-д төлсөн, ажил гүйцэтгэгч нь дутуу ажил хийсэн байхад гэрчилгээг шилжүүлэх боломжгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Р.Х хариуцагч О.Х нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40 айлын орон сууцны 21 тоот 42.0 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 54 600 000 төгрөг байхаар тохирч төлбөрийг Р.Х бүрэн шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Орон сууц захиалан бариулах гэрээ болон Р.Хын Хаан банкны 5096044393 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Гэрээ байгуулсан эсэхэд талууд маргаагүй бөгөөд орон сууцны төлбөрийг  “Б М” ХХК-ний дансанд шилжүүлсэн, уг компани ажлаа гүйцэт хийгээгүйгээс гэрчилгээг шилжүүлж өгөх боломжгүй байгаа талаар талууд маргаж байна.

Зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “…гэрээний дагуу төлбөрийг О.Хын заасан дансанд шилжүүлсэн. Үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Б М ХХК, О.Х нарын хооронд болсон асуудалд би хамааралгүй гэж тайлбарладаг.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...Б М ХХК ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан цагт тус компанид өгсөн Р.Хын төлбөрийг төлөгдсөнд тооцож өмчлөлд шилжүүлэн өгч болно” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдан авагч Р.Х хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлсөн байх бөгөөд тэрээр өөрийн дураар Б М ХХК-ний дансанд төлбөрийг шилжүүлэх боломжгүй, О.Хын зааж өгсөн дансанд шилжүүлснээр хариуцагч О.Х Б М ХХК-ний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болох үндэслэлгүй байна.

Хариуцагч О.Х эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хөрөнгө, баримт бичгийг Р.Хт шилжүүлж өгөх үүрэгтэй бөгөөд тухайн маргаан бүхий орон сууцыг Т Бны барьцаанд бариулсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Т Б ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог.

Хэдийгээр хариуцагч О.Х биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг захиалагч нартаа хүлээлгэн өгөх үүрэгтэй гэсэн шаардлагын дагуу Б М ХХК-г ажлаа гүйцэтгэсний дараа нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж тайлбарлаж байгаа боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б М ХХК-аас бие даасан шаардлага гаргаж шаардах эрхтэй.    

 Иймд нэхэмжлэгч Р.Хын хариуцагч О.Хд холбогдуулан гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40 айлын орон сууцны 21 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Хаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Хт олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Х нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40 айлын орон сууцны 21 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Хаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Хт олгосугай.
  3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ