| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2017/0029/Э/ |
| Дугаар | 22 |
| Огноо | 2017-05-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа
Улсын яллагч Х.Гүнжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Р, Г.Д нарт холбогдох 201707000027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн ****** сумын харьят, 1971 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, одоо 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ******* регистрийн дугаартай, Ж овогт Н-н Р.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн ******** сумын харьят, **** оны **** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, одоо 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ****** багийн ***** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ********* регистрийн дугаартай, Б овогт Г-н Д.
Шүүгдэгч Н.Рн, Г.Д нар нь 2016 оны 04 дүгээр сарын үед Говь-Алтай аймгийн****** сумын иргэн А.Э-н 1 тооны атан тэмээг ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж, нядалж зарж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи уучихсан байсан. Архи уучихсан байсан учраас хүний тэмээг өөрийнхөө тэмээ гэж андуурч нядалсан. Хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн хохирогчийн тэмээнээс хоёр тэмээ алга болчихсон байна гэхээр нь би өөрийнхөө тэмээнээс хоёр тэмээ өгсөн. Тухайн үед бид хоёр тэмээ нядалчихаад явах гэтэл миний тэмээ биш байсан. Тэгэхээр нь тэмээний эзэнд нь уучлаарай чиний тэмээг өөрийнхөө тэмээтэй андуураад нядалсан байна гэж хэлээд хохирлыг нь барагдуулсан. Манайд гурван цагаан тэмээ байдаг. Г.Д тэмээний махыг ачихдаа өөр хүний тэмээ байсныг мэдсэн. Манай гэр замаас хол 7-8 километрийн цаана байдаг. Би элсэн толгойн аман дээр айлын бууцан дээр тэмээ гаргачихаад цаашаа явж нүүрс ачсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сард намайг зах дээр байж байхад Н.Р чи миний машиныг жолоодоод хүрээд ир хүүхдийн төлбөр нэхэгдээд байна гэхээр нь би машиныг нь орой нь жолоодож очоод хоёр шил архи ууж тэмээг нь гаргалцсан. Надад хөлсөнд 100.000 төгрөг өгсөн. Би хүний тэмээ гэдгийг нь мэдээгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчоор А.Э-г байцаасан тэмдэглэл /хх59-60/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх32/, Н.Р-д сэтгэцийн өвчтэй эсэх талаар гаргасан дүгнэлт /хх164-165/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.
Шүүгдэгч Н.Р, Г.Д нар нь 2016 оны 04 дүгээр сарын үед Говь-Алтай аймгийн ******** сумын иргэн А.Э-н 1 тооны атан тэмээг ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн шүүгдэгч Г.Д-н “... Р 2016 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр залгаад би өөрийн **** гэх өвөлжөөнд байна. Хүүхдийн төлбөр мөнгө төлөх хэрэгтэй байна. Тэмээний мах оруулж зарах гэсэн юм миний машиныг аваад хүрээд ир гэхээр нь би тэр өдөртөө бензин хийгээд харанхуй болж байхад Р-йнд очсон... Р-н өвөлжөөнөөс 7-8 км газарт байсан 30-аад тэмээ байсан бөгөөд дэргэд нь зогсоод нэг тэмээг нь барьж Р унаад би машинаа бариад ******** гэх нэртэй газарт аваачиж бид 2 нийлж нядалсан... аймаг руу тэр шөнөдөө ороод ****** байх М гэх айлд очоод Р-г махтай нь буулгаад би нүүрсээ аваад машиныг нь унаад явсан... маргааш өглөө нь Р-тэй уулзахад Г гэх хүнд махаа 900.000 төгрөгөөр зарчихлаа гээд надад хөлс гэж 100.000 төгрөг бэлнээр өгсөн... ” гэх мэдүүлэг /хх86-87/,
шүүгдэгч Н.Р-н “... Би бүл дүү болох Г.Д-г аймгаас дуудуулж, би нэг тэвштэй унаа олоод ирээч мал гаргаж, махыг нь аймаг оруулж зарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Дуудсан ёсоор Д маргааш нь манай өвөлжөөнд ирсэн... ******** сумын нутаг ********** гэх газар руу миний портер машинтай яваад ******* аманд явж байгаад хээр бэлчиж явж байсан 30 гаран тэмээнээс 1-ийг нь барьж авч унаад ******** аманд байх айлын бууцанд аваачиж, Д-н хамтаар нядалсан... ” гэх мэдүүлэг /хх89-90/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн шүүгдэгч Н.Р-н “... Би өөрийн хийсэн хулгайн хэргээ бүрэн хүлээж байна. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ маш их байсан. Д ч гэсэн анхнаасаа мэдэж байсан. Мал гаргаж 2 уулаа махыг нь зараадахья гэж хэлж байсан. Хулгайн тэмээ гэж мэдэж байсан... Бид 2 аймагт бол үгсэж тохирсон зүйл байхгүй байсан. Харин хөдөө очсны дараа би Д-т тэмээ алж нядлах талаар хэлж ярьсан. Хөдөө дуудаж уулзаад л би алж нядлая мөнгө олоё гэж ярьсан. Д зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх92-93/
шүүгдэгч Г.Д-н “... Би өөрийн хийсэн хулгайн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна... Р-с мах зардаг өдөр бэлнээр 100.000 төгрөг авсан. Тэмээ нядлалцсаны болон хамт явсны хөлс гэж авсан...” гэх мэдүүлэг /хх95-96/
Мөрдөн байцаатанд өгсөн гэрч Б.Г-н “...2016 оны 04 дүгээр сарын 20-дын багцаанд санагдаж байна. Р над руу аймаг дээр тэмээний мах авч ирсэн байна. Та үзэх үү гэхээр нь би үзье гээд талд М гэх айлын хашаанд очиж үзсэн. Очиж үзэхэд 1 бүтэн тэмээний мах байсан... Би авч борлуулахаар Р-с 1 кг-ийг ойролцоогоор 2.500 төгрөгөнд бодож авсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх63-64/,
гэрч Т.М-н “... өнгөрсөн жилийн хавар 4 дүгээр сарын 20-дын үеэр санагдаж байна. Манайхыг өглөө босож байхад 8 цагийн орчимд манай хашаанд Н.Р нүүрс ачсан цэнхэр портертой ороод ирсэн... Нүүрсэн дээрээ юманд хулдсан тэмээний мах ачсан байсан ба надтай уулзаад хэлэхдээ хүүхдийн төлбөр хийх гээд 1 тэмээ гаргаад ирлээ гэж ярьж байсан... 10 цаг өнгөрч байхад Г гэх ченж ярьж ирээд махыг үзэж байгаад ачиж аваад явсан. Яг нэг бүтэн тэмээний мах арьс, шир, толгой, шийртэйгээ мөчилж нядалсан байсан. Ширийг нь харахад цагаан цайвар тэмээ харагдсан. Им тамгыг нь хараагүй... ” гэх мэдүүлэг /хх65-66/
гэрч Ч.Н-н “...А.Э надад 3 тэмээ алдсан гэж тэмдэглүүлсэн. Сүүлд 1 тэмээг нь хүн хулгайлж нядалж зарсан байна, 2 тэмээ нь олдохгүй байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх67-70/
гэрч Ц.Т-н “... 2016 оны 05 дугаар сард тэмээгээ бөөгнүүлж цуглуулахад 10 тэмээ байхгүй байсан. 7 тэмээг бэлчээрээр нь хайж олсон. 3 тэмээг нь олоогүй, Сүүлд нь цагаан атыг нь Р хулгай хийгээд алаад нядлаад зарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх71-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Р, Г.Д нарт холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс Н.Р, Г.Д нарыг бусдын эд хөрөнгийг ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Н.Р-н “...Д-г ирдэг тэр өдөр бид хоёр манайд 2 шил архи хувааж уугаад ******* сумын нутаг ****** гэх газар руу миний портер машинтай явсан...” /хх89-70/, Г.Д-н “...Надад 2 шил архи захисан байсан тэрийг нь уугаад...” /хх86-87/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Шүүх шүүгдэгч Н.Р, Г.Д нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна.
Шүүгдэгч Н.Р, Г.Д нарын хэрэг үйлдэхдээ ашигласан ***** ГАҮ улсын дугаартай, “KIA BONGOFRONTIER” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл нь Б.Т-н өмчлөл байх тул 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх52/-ээр тогтоогдсон тухайн автомашины үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулж, мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ***** ГАҮ улсын дугаартай, “KIA BONGOFRONTIER” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг бүтүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Т-т шилжүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусах хүртэл шүүгдэгч Н.Р-н өмчлөлийн Говь-Алтай аймгийн ***** сумын төв ******* тоот хаягт байршилтай, ******** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 777,5 мкв Г-************ улсын бүртгэлийн дугаартай 3 тал хашааны газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол, шүүгдэгч Г.Д-н өмчлөлийн ***** дугаартай ахуйн хэрэгцээний зориулалт бүхий стандарт хэмээтэй чингэл /контейнер/-ийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Э-д хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн №***** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Н.Р-д, ********* регистрийн дугаартай цахим үнэмлэхийг шүүгдэгч Г.Д-т тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгүүд нь бие биенээ нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Н-н Р, Б овогт Г-н Д нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-н эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Г.Д-н эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Р-д ногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, Г.Д-т ногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй насанд хүрэгчдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Р-д ногдуулсан 2 жил 1 сарын хорих ял, Г.Д-т ногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тус бүрийг 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үнэдэслэн ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****** ГАҮ улсын дугаартай, “KIA BONGOFRONTIER” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийн үнэнд ялтан Н.Р, Г.Д нараас тус бүр 2.500.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “KIA BONGOFRONTIER” маркийн ****** ГАҮ улсын дугаартай, хөх өнгийн тээврийн хэрэгслийг бүтүүмжиллээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Т-т шилжүүлсүгэй.
8. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусах хүртэл шүүгдэгч Н.Р-н өмчлөлийн Говь-Алтай аймгийн **** сумын төв ****** тоот хаягт байршилтай, ******** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 777,5 мкв Г-********* улсын бүртгэлийн дугаартай 3 тал хашааны газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол, шүүгдэгч Г.Д-н өмчлөлийн **** дугаартай ахуйн хэрэгцээний зориулалт бүхий стандарт хэмээтэй чингэлэг /контейнер/-ийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Э-д хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн №******* дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Н.Р-д, ******* регистрийн дугаартай цахим үнэмлэхийг шүүгдэгч Г.Д-т тус тус буцаан олгосугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
13. Эүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА