Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 33

 

Т.Бад холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        Б.Б

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                               В.У

Шүүгдэгч                                                         Т.Б

Нарийн бичгийн дарга   Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Т.Бад холбогдох 2012000020072 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөг засал чимэглэлчин мэргэжилтэй, “Идэр живаа” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 23-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т.Б 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн хойд талын засмал зам дээр 98-48 АРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Дгийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Т.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Т.Быг жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийн нэхэмжлэлээс 1.019.169 /нэг сая арван есөн мянга нэг зуун жаран ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3.562.237 /гурван сая таван зуун жаран хоёр мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Т. Б нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн хойд талын засмал зам дээр 98-48 АРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Дгийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Тус прокурорын газраас Т.Бад холбогдох эрүүгийн 2012000020072 дугаартай хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 74 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Бад холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх зохицуулалт байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтад заасан ялыг оногдуулахгүйгээр шууд чөлөөлнө гэж ойлгогдохоор байхад анхан шатны шүүх хорих ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтад заасан ялаас бүхэлд нь чөлөөлөх байтал шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор зааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. 

Иймд Т.Бад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал нь тухайн зүйлд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх буюу ямар нэгэн ял шийтгэл оногдуулахгүйгээр чөлөөлөх зохицуулалт байхад эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял оногдуулж, оногдуулсан ялынхаа зарим хэсэг буюу хорих ялаас чөлөөлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хууль тогтоомжийг хэрэглэхдээ уг нь шууд утгаар нь ойлгож хэрэглэх ёстой. Уг заалт нь ялаас чөлөөлөх гэсэн ойлголт байгаа болохоос биш, харин ял оногдуулаад ялаас нь чөлөөлнө гэсэн зохицуулалт биш юм. Тиймээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна. Т.Бад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Бад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн зүгээс хуулийн зохицуулалтыг янз бүрээр тайлбарлаж хэрэглэх асуудал байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг нэг мөр ойлгож хэрэглэхээр шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гаргах байх гэж бодож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг нь хорих ял оногдуулж, хорих ялаас чөлөөлөх асуудал яригдана. Харин түүнээс бусад ялаас чөлөөлөх талаар зохицуулсан зохицуулалт биш бөгөөд үүнийг шүүх харгалзан үзэх байх. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1  жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оногдуулсан ялаас чөлөөлсөн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн хуулийн зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Т.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Т.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                              Г.УЛАМБАЯР

                                                               В.ЦЭЦЭНБИЛЭГ