Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2025/00081

 

Ж.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00982 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2025/00010 дугаар магадлалтай,

Ж.Б-н нэхэмжлэлтэй

Г.Э-д холбогдох

Гэм хорын хохиролд нийт 22,124,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагч Г.Э, өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ж.Б нь Г.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 22,124,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00982 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Э-д холбогдох “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 22,124,671 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Ж.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,573 төгрөгийг *** аймгийн *** сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2025/00010 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00982 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хэрэгт байгаа хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн тайланд T маркийн 9*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхой бичсэн, шүүх хуралдаанд шүүгч тээврийн хэрэгслийн гэрчилгээний талаар асууж тодруулсан тул энэ талаар хэлэлцсэн, нотлох баримт нэмж гаргах шаардлагагүй гэж ойлгосон. Гэтэл шүүх нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ба шүүх хуралдааны тэмдэглэлд тээврийн хэрэгслийн гэрчилгээний талаарх асуулт, хариулт тусгагдаагүй байна. Нэхэмжлэгч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Г.Э-н буруутай үйлдлээс өөрт учирсан хохирол болон зардлаа нэхэмжилсэн боловч шүүх тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн эсэхэд анхаарч, Ж.Б-н зөрчигдсөн эрхийн талаар болон учирсан хохирол, нэхэмжлэлийн гол шаардлагыг анхаарч үзсэнгүй. Хариуцагч Г.Э нь өөрийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан талаар болон учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өмгөөлөгч нь Г.Э-н хөрөнгө орлогыг харгалзан үзэхийг хүссэн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан эрх мэдлийнхээ хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах асуудлаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсан ба энэ талаар Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолд ч тусгасан байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь хянан үзээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.10-ны өдрийн 001/ШХТ2025/00388 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл тогтоогдов.

7.Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Э-д холбогдуулан тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 17,531,000 төгрөг, засварын ажлын хөлсөд төлсөн 3,850,000 төгрөг, шатахуун болон тосны үнэд 743,671 төгрөг, нийт 22,124,671 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. (хх-1) Тэрээр 2023.12.27-ны өдөр *** аймгийн *** сумын ** баг ** замын зүүн талд P маркийн 3*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Э Замын хөдөлгөөний дүрмийн 10.10, 15.8-д заасныг зөрчиж, осол гаргасны улмаас нэхэмжлэгчийн жолоодож явсан T маркийн 9*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, хариуцагч гэм буруутай болох нь гэрэл зураг, зам тээврийн ослыг тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2024.01.03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан баримтаар тогтоогдсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Г.Э татгалзлын үндэслэлээ “...би тээврийн хэрэгслээ 11-12 км цагийн хурдтай маш зөөлөн жолоодон явж байтал баруун гар талаас нэг хар машин ирээд намайг мөргөсөн. Албан бус шинжээчийн дүгнэлт гарсан, уг дүгнэлтэд хэдэн км цагийн хурдтай явж байсан, хэдэн метрийн зайтай тоормосолсон болохыг тодорхой бичээгүй учир уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг дутуу байна гэдгийг байцаагчид хэлэхэд “Та хэл амгүй шүүх дээрээ учраа ол” гэж хэлсэн. Тухайн машин нь гэрлээрээ дохих болон дуут дохио өгөөгүй, зогсоох арга хэмжээ аваагүй, мөн намайг бага хурдтай явж байхад тойроод явах боломжтой байхад шууд ирж мөргөчихөөд надаас 22,000,000 төгрөгийн хохирол шаардаж байгааг гайхаж байна. Нэхэмжлэгчийн автомашинд олон эд зүйл эвдэрсэн байгаагаас үзэхэд тэрээр миний машиныг мөргөсөн болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцэж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр өмгөөлөгч “...нэхэмжлэгч нь эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхээ тодорхойлж чадаагүй...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...зохигч нь зам тээврийн осол болсон үйл баримтыг маргаагүй, харин тухайн осол хэний буруутай үйлдлээс болсон талаар маргадаг боловч иргэний хэргийн шүүх нь зөрчлийн хэрэг хянан шалгасан ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, ...хариуцагч Г.Э нь 2024.01.03-ны өдрийн 0770739 дугаар “Шийтгэлийн хуудас”-тай танилцаж гарын үсгээ зурсан, тухайн шийдвэрийг эс зөвшөөрч буй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул түүний татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ..., хуульд зааснаар учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийн өмчлөгчид төлнө, гэвч нэхэмжлэгч Ж.Б нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоосон баримтыг шүүхэд гаргаагүй, өмчлөгч гэдгээ нотлоогүй учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн ба анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинэ нотлох баримт бүрдүүлэх болон тусгайлан гаргах санал, хүсэлт байхгүй гэсэн (хх-87), шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна, ... тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг нотлох бөгөөд нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэжээ.

9.Хэрэгт байгаа баримтаар, 2023.12.27-ны өдөр 17-18 цагийн орчим *** аймгийн *** сумын ** баг ** замын зүүн талд хариуцагч Г.Э нь Р маркийн 3*** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-т заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газар жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 15.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, Ж.Б-н жолоодож явсан T маркийн 9*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай нь тогтоогджээ. (хх 6,7,8,10-16)

10.Хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар үндсэндээ маргаагүй, харин нэхэмжлэгчийг хурдаа хасаагүй, зөвшөөрөгдсөн замаар яваагүй гэсэн агуулгаар зохих буруутай гэж маргаж байгаа боловч “Эрх бүхий албан тушаалтны магадалгаа”, өөрт нь торгох шийтгэл ногдуулсан 2024.01.03-ны өдрийн 0770739 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй, эдгээр баримтыг өөр баримтаар үгүйсгэж нотлоогүй учир түүнийг гэм буруутай гэж үзнэ.

10.1.Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, эд хөрөнгө нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тусгайлан зохицуулсан. Хариуцагч Г.Э нь 3*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд замын хөдөлгөөнд оролцож явахдаа осол гаргасан буруутай байх тул гэм хорыг хариуцах үүрэгтэй байна.

10.2.Нэхэмжлэгч Ж.Б нь осол гарах үед T маркийн 9*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн эсэхийг хариуцагч маргаагүй (шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судалсны дараа хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй болохыг дурдах хүртэл), нэхэмжлэгч нь өөрөө тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэх, сэлбэг захиалах, засварын зардлыг төлсөн болохоос гадна эрх бүхий албан тушаалтны магадлагаанд жолоочийн эрхийн лавлагааг шалгасан талаар тусгагдсанаас үзвэл нэхэмжлэгчийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх боломжтой байхад “тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй..., нэхэмжлэгч шаардах эрхгүй” гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад нийцсэнгүй.

10.3.Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 20,406,563 төгрөгийн эвдрэл, хохирол гарсан болохыг тогтоосон, уг үнэлгээний зардал 922,000 төгрөгийг хариуцагч Г.Э төлсөн (хх 10-16 тал) байх ба нэхэмжлэгч нь 12,551,000 төгрөгөөр “А” ХХК-аар машиныг засуулсан талаар шүүх хуралдаан дээр тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар гэм хорыг арилгах үүргийн хүрээнд эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг тооцдог бөгөөд нэхэмжлэгч нь 12,551,000 төгрөгөөр эд хөрөнгийг зассан байх тул энэ хэмжээнд гэм хор учирсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээний баримтаар тодорхойлсон боловч бодит хохирол дээрх хэмжээнд тогтоогдсон байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэмтсэн эд хөрөнгийг засах зардлыг хохиролд тооцож гаргуулна.

10.4.Хариуцагч нь тэтгэвэрт байдаг, тэтгэврийн зээлтэй, ам бүл 1, өөрийн гэх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй талаарх баримтыг шүүхэд гаргаж, эд хөрөнгийн байдлыг харгалзан хохирлын хэмжээг багасгаж өгөх талаар тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан. Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, түүнчлэн уг зохицуулалтын дагуу хариуцагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан хохирлын хэмжээг 30 хувиар багасгаж, хариуцагчаас 8,785,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн    176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2025/00010 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00982 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Г.Э-с 8,785,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,338,971 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагчаас 155,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.24-ний өдөр төлсөн 268,573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД