Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 28/ШШ2020/0358

 

2020 оны 05 сарын 25 өдөр Дугаар 128/ШШ2020/0358 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Э ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0078814 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Л.О, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Ч.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Э ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0078814 дугаар шийтгэлийн хуудсаар Э ХХК-д оногдуулсан 245,503,528 төгрөгийн торгуулийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Э нь тус компанийг 2015 оны 12 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийн 163,502,352 төгрөгийг өр үүссэн гэж тооцож, шимтгэлийн дүнгээс 50 хувийн

 

алдангид 81,751,176 төгрөг тооцож, 250,000 төгрөгийн торгууль оногдуулж нийтдээ

245,503,528 төгрөгийг бэлнээр төлөхөөр шийтгэлийн хуудас үйлдэж, албадан гүйцэтгүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Холбогдогч Э ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй гэдэгт маргаагүй.

Харин Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-д .Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан

боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан. Бид санхүүгийн боломжтой байх бүх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн. Харин 2016 оноос санхүүгийн хүндрэл учирч нийгмийн даатгалын шимтгэл төлөх байтугай ажилчдынхаа цалинг тавихад төвөгтэй болж, алдагдалтай ажилласан учир нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй байсан.

 

Тус компанид сүүлийн 4 жилд нийгмийн даатгалын шимтгэлээ санхүүгийн хувьд төлөх боломжгүй байсныг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Э өөрөө мэдэж байсан. Гэвч бид нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа шударгаар гаргаж ирсэн, ямар нэгэн орлого нуун дарагдуулах, шимтгэлийг бууруулах зэрэг хууль бус үйлдэл хийгээгүй.

 

Иймд нийгмийн даатгалын улсын байцаагч хуулийг биелүүлэх боломжтой байсан эсэх эрх зүйн үйл баримтыг тогтоолгүй зөрчил үйлдсэн гэж үзэж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудас үйлдсэнийг зөвшөөрөхгүй байна.

Цалин хөлсөө бүрэн хэмжээгээр төлөхөд хүндрэл үүсч байгаа, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа компанид нийгмийн даатгалын байгууллага нь их хэмжээний алданги оногдуулж байгаа нь манай санхүүгийн байдлыг улам бүр дордуулж, даатгуулагчийн шимтгэлийг төлөх үүргээ биелүүлэхэд улам их төвөгтэй байдал үүсгэж байна.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бичихдээ нийгмийн даатгалын улсын байцаагч хоёр хуулийн заалтыг бичсэн байдаг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 20.1.2-т ...дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлнэ. Шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоногт 0.3 хувийн алданги оногдуулна. Уг алдангийн хэмжээ төлөх шимтгэлийн дүнгийн

50 хувиас хэтрэхгүй байна гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.1-д Ажил олгогч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт илт хууль бус болох нэг нөхцөл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд энэ шийтгэлийг оногдуулсан бол актыг илт хууль бусад тооцох ёстой. Улсын Дээд шүүхээс захиргааны акт эрх зүйн үндэслэлгүйг тайлбарлахдаа захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад хуулиар зохицуулсан хязгаарлалтыг зөрчиж, акт гаргасан бол илт хууль бусад тооцох гэсэн байгаа. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан. Энэ боломжтой гэдэг үг нь хуулиар тогтоосон хязгаарлалт биш гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-д заасан заалтыг манай компани ямар үед хэрэглэх ёстой байсан бэ гэхээр бид шимтгэлийг төлөх боломжтой, төлбөрөө хийгээгүй байсан бол зөрчил болох байсан. Гэхдээ боломжгүй байсан талаар 3 үндэслэлээр тайлбарлаж байгаа. Үүнд:

 

 

Нотлох баримтаар аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангуудыг өгсөн. Уг тайланд 2016 оноос хойш тус компани алдагдалтай ажилласан. Компани 2016 онд 702.418.866 төгрөг, 2017 онд 644.596.976 төгрөг, 2018 онд 508.605.233 төгрөг, 2019 онд 31.414.461 төгрөг, 2020 онд 11.449.549 төгрөгөөр тус тус алдагдалтай ажилласан. Компанийн мөнгөн гүйлгээний тайлангаас харах юм бол алдагдалтай ажиллаж ирсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг орлого орж ирсэн үед боломжоороо төлсөн. Э ХХК-ийн захирал Л.О 2017 оноос хойш компанийн үйл ажиллагааг зогсоосон тушаал байгаа. Олон жил алдагдалтай ажилласан тул үйл ажиллагаа зогсоож, ажилчдаа ажлаас халсан юм. Уг компанийн ажилтан нь ганцхан Л.О захирал байгаа. Сүүлийн хоёр жилд орлого олох үйл ажиллагаа явуулаагүй. Ийм учраас боломжтой гэсэн хязгаарлалтад хамаарахгүй байгаа учраас Зөрчлийн тухай хуулиар зөрчил гэж үзэх үндэслэл байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл болох 163.502.352 төгрөгийг төлж, компани татан буулгах үйл ажиллагааг эхлүүлж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0078814 дугаартай шийтгэлийн хуудаст холбогдогч Э ХХК-д оногдуулж байгаа 245.503.528 төгрөг гэж бичсэн бөгөөд бидний төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль орж байгаа. Шийтгэлийн хуудасны 2-т энэ оногдуулсан шийтгэлийн хохирол хэсэгт нь төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, нөхөн төлбөр гэдэг хэсэгт нь алданги бичсэн байдаг бөгөөд бэлнээр сайн дураар төлөхийг шаардсан. Зөрчлийн тухай хуульд шийтгэлийн төрөлд юу хамаарч байгаа вэ гэхээр торгууль хамаарч байна. Компанийн гүйцэтгээгүй үүрэгт шийтгэлийн хуудас хамаарахгүй гэж үзэж байгаа бөгөөд шийтгэлд 250.000 төгрөг хамаарах ёстой. Ийм учраас шийтгэлийн хуудас утга, агуулгын алдаатай бичигдсэн, мөн хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн учраас илт хууль бусад тооцож өгнө үү.

 

Шийтгэл, үүрэг хоёрыг хольж, нэмж шийтгэл гэж бичиж байгаа нь шийтгэлийн хуудас алдаатай бичигдсэнийг харуулж байна. Энэ шийтгэлийн хуудасны маягтыг буруу гэж бид маргахгүй байгаа. Нийгмийн даатгалын улсын байцаагч шийтгэлийн хуудсаа бичихдээ алдаатай бичсэн байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.16-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан. Зөрчил хэзээ үүсэх вэ гэхээр Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан. Э ХХК нь боломжгүй байсан. Утга агуулгын илэрхий алдаатай талаар Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд торгох болон баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулна. Нийгмийн даатгалын шимтгэл болох 163.502.352 төгрөг нь шийтгэлийн төрөлд хамаарахгүй байгаа учраас шийтгэлийн хуудсанд бичих нь үндэслэлгүй юм. Хохирол, нөхөн төлбөрийн талаарх ойлголтыг судалсан бөгөөд хохирол гэдэг нь нийгмийн даатгалын байгууллагад учирсан хохирол буюу компанийн төлөөгүй шимтгэлийн мөнгөн дүн юм. Нөхөн төлбөр гэдэг нь хохирлынхоо хэмжээг нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарлаж байна. Хохирол, нөхөн төлбөр, алдангийг оруулж тэдгээрийг шийтгэл гэж нэрлэсэн. Шийтгэлийн хуудас алдаатай бичигдсэн бөгөөд шийтгэлийн хуудаст торгууль нь орох ёстой. Алдаатай бичигдсэн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй.Гүйцэтгээгүй үүрэг нь шийтгэлийн төрөлд хамаарахгүй.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт илт хууль бус болох нэг нөхцөл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд энэ шийтгэлийг оногдуулсан бол актыг илт

хууль бусад тооцох ёстой. Улсын Дээд шүүхээс захиргааны акт эрх зүйн үндэслэлгүйг тайлбарлахдаа захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад хуулиар зохицуулсан хязгаарлалтыг зөрчиж, акт гаргасан бол илт хууль бусад тооцох гэсэн байгаа. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан. Энэ боломжтой гэдэг үг нь хуулиар тогтоосон хязгаарлалт биш гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан заалтыг манай компани ямар үед хэрэглэх ёстой байсан бэ гэхээр бид шимтгэлийг төлөх боломжтой, төлбөрөө хийгээгүй байсан бол зөрчил болох байсан. Гэхдээ боломжгүй байсан талаар 3 үндэслэлээр тайлбарлаж байгаа. Үүнд: 1.Нотлох баримтаар аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангуудыг өгсөн. Уг тайланд 2016 оноос хойш тус компани алдагдалтай ажилласан. Компани 2016 онд 702.418.866 төгрөг, 2017 онд 644.596.976 төгрөг, 2018 онд 508.605.233 төгрөг, 2019 онд 31.414.461 төгрөг, 2020 онд 11.449.549 төгрөгөөр тус тус алдагдалтай ажилласан. Шийтгэлийн хуудас нь утга, агуулгын илэрхий алдаатай бичигдсэн учраас илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК-ийн хүлээн зөвшөөрснөөр 2015 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, 163779657,42 /нэг зуун жаран гурван сая долоон зуун далан есөн мянга зургаан зуун тавин долоон төгрөг 42 мөнгө/ төгрөгийг хуримтлуулан сар бүр нэмэгдүүлж, ажиллаж буй ажиллагсдынхаа тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа байгууллага юм.

 

Тухайн байгууллага нь 2015 оны 12 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй гэдэгтэйгээ маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа нь нэхэмжлэлээс харагдаж байна. Нэгэнт нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу хугацаандаа төлөөгүй шимтгэлд алданги, торгууль тооцно гэдэгтэй маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр тухайн байгууллагад удаад дараа улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, уулзалт хийх, өр барагдуулах гэрээ байгуулах зэргээр хугацаа боломжийг олгож байсан. Манай байгууллагын зүгээс удаа дараа боломж олгон, шат дараалсан арга хэмжээ авахдаа уян хатан хандаж, өр төлбөр төлөх хугацааг удаа дараа 8 жилийн турш

 

хойшлуулж байсан боловч амлалтдаа хүрэхгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-д заасны дагуу шийтгэл оногдуулсан.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу алданги тооцдог. Алдангийн хэмжээ нь 50 хувиас хэтрэхгүй байдаг талаар Л.О захиралд хэлсэн. Э ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь төлж байх үүрэг хүлээдэг. Хэрвээ тухайн сардаа багтаан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу алданги тооцдог бөгөөд хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайн сард багтааж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд гарах хохирлыг хариуцах ёстой. Э ХХК нь ашиг олох гэж байгуулагдсан бөгөөд алдагдалтай ажилласан бол алдагдлыг бууруулж ажиллах нь компанийн зохион байгуулалт, удирдлагын үүрэг юм. Тухайн компани иргэнийг авч ажиллуулж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх боломжгүй гэдэг байдлаар хуулийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус юм. Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь төлөх тухай хуулийн заалт байдаг бөгөөд төлөх ёсгүй талаар хуулийн заалт байхгүй. Хэрвээ энэ хуулийн заалтыг зөрчих тохиолдолд хугацаандаа төлөөгүй шимтгэлд хоногийн 0.3 хувь алданги тооцох ба алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байна. Энэ шийтгэлийн хуудас нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичигдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн заалтаар явж байгаа бөгөөд бүх үйл ажиллагаа прокурорын хяналтад байдаг. Өөрөөр хэлбэл энэ компанийн шийтгэлийн хуудаст буруу бичигдсэн эсэх асуудал нь 2017 онд батлагдсан захиргааны актын үндсэн дээр явагдаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 196 дугаар тогтоолыг гомдол гаргагч компани үгүйсгэж байгаа бол шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх талаар хандах боломжтой. Яагаад энэ шийтгэлийг оногдуулсан бэ гэхээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.1-д нийгмийн даатгалын шимтгэлийг алдангийн хамт төлнө гэж заасан.

 

2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуульд аж ахуйн нэгж, байгууллагыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцлага нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан учраас компанийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн

тулд Иргэний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу 2000 нэгж буюу 2 сая төгрөгөөр торгоогүй бөгөөд тухайн компанийг 250.000 төгрөгөөр торгож шийтгэсэн. Э ХХК нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн байсан бөгөөд энэ компанийг 2013 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хүлээж, сар болгон сануулж хэлсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хугацаанд шимтгэлийг төлөөгүй учраас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан. Энэ компанийн гаргаж байгаа илт хууль бус акт болохыг тогтоолгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э ХХК-ийн нэхэмжлэлтэй адил нэхэмжлэлийг Ж ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

 

Зөрчлийн тухай хууль хэзээнээс хэрэгжиж эхэлсэн талаар гомдол гаргагч тал сайн мэдэхгүй байна. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд нэмэгдсэн зүйл, заалт нь шийтгэлийн тоо хэмжээ байгаа. Улсын ерөнхий прокурорын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дээд Шүүхэд Нийгмийн даатгалын тухай хуулийг Зөрчлийн тухай хуульд яаж хэрэглэх талаар яригдсан бөгөөд тодорхой үүрэг, даалгавар ирсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д зааснаар хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол шимтгэл тооцсон актын хамт нөхөн төлүүлж, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчлийн тухай хуульд шимтгэл, торгууль, алданги бичигдээгүй, зөвхөн торгоно гэж бичсэн байсан бол гомдол гаргагч талын ярьж байгаа зөв гэж үзнэ. Зөрчлийн тухай хуульд шимтгэлийг тооцсон алдангийн актын хамт нөхөн төлүүлж, торгууль оногдуулна гэж заасан. Хуульд заасан үндэслэлд гомдож, маргах нь үндэслэлгүй юм. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан хариуцлагыг хүчингүй болгоогүй бөгөөд хүчин төгөлдөр байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл нь хүчин төгөлдөр байгаа учраас аль дээрдүүлсэн зүйл, заалтыг баримталж, хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэсэн байгаа.

 

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.1-д зааснаар боломжтой, боломжгүй гэдэг нь хуулийг биелүүлэхтэй холбоогүй асуудал юм. Юуг зөрчил вэ гэдгийг Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнд төлөөгүй шимтгэл, алданги, торгуулийг хэлнэ. Би энэ компанид боломж олгосон бөгөөд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч Э ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Э-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0078814 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдол гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлагын хүрээнд гомдол гаргагч, эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Э нь 2019 оны 11 дүгэр сарын 25-ны өдрийн 0078814 дугаар шийтгэлийн хуудсаар[1] Э ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй нь нийгмийн даатгалын тайлан, мэдээллийн сангийн даатгуулагчдын бүртгэл, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдсон гэж үзэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д зааснаар Э ХХК-ийг 250,000 төгрөгөөр торгож, хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 163,502,352 төгрөгийг нөхөн төлүүлж, алдангид 81,751,176 төгрөг тооцож, нийт 245,503,528 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч нь дээрх улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гомдол гаргасан байх бөгөөд гомдлын үндэслэлээ ....Бид санхүүгийн боломжтой байх бүх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн. Харин 2016 оноос санхүүгийн хүндрэл учирч, нийгмийн даатгалын шимтгэл төлөх байтугай ажилчдынхаа цалинг тавихад төвөгтэй болж, алдагдалтай ажилласан учир нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан. ...энэ заалтыг манай компани ямар үед хэрэглэх ёстой байсан вэ гэхээр бид шимтгэлийг төлөх боломжтой, төлбөрөө хийгээгүй байсан бол зөрчил болох байсан. ...боломжтой гэсэн хязгаарлалтад хамаарахгүй байгаа учраас Зөрчлийн тухай хуулиар тогтоосон зөрчил гэж үзэх үндэслэлгүй. ...Шийтгэлийн төрөлд торгууль хамаарах бөгөөд ...компанийн гүйцэтгээгүй үүрэг шийтгэлийн хуудаст хамаарахгүй. Иймд шийтгэлийн хуудас утга агуулгын алдаатай бичигдсэн, мөн хуулиар тогтоогдсон хязгаарлалтыг зөрчсөн... гэж, хариуцагч нь ..тухайн байгууллага алдагдалтай ажиллаж байгаа нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөх хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл биш юм. ... Тухайн компани иргэнийг авч ажиллуулж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл ... төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх боломжгүй гэдэг байдлаар хуулийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус ... гэж тайлбарлан маргажээ.

 

Харин гомдол гаргагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 163,502,352 төгрөгийг төлөөгүй үйл баримттай маргаагүй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг ойлгоно гэж, 6 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж, 15 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж, 16 дугаар зүйлийн 1-д ... даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ... энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд даатгуулагч болон ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд ийнхүү шилжүүлснээр нийгмийн даатгалд даатгуулсан иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхээр байна.

Гомдол гаргагч Э ХХК нь 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилтнуудад олгосон хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлээгүйгээс 163,502,352 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн, хариуцагч нь дээрх нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр гомдол

гаргагч хуулийн этгээдтэй удаа дараа уулзалт зохион байгуулсан, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцон, гэрээ байгуулж байсан болох нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтнуудын цалингийн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, тайлан, уулзалтын тэмдэглэл, улсын байцаагчийн албан шаардлага, авлагыг барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу хуулийн этгээд нь хуулийг биелүүлэх боломжтой байсан эсэх эрх зүйн үйл баримтыг тогтоолгүй зөрчил үйлдсэн гэж үзэж, шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх бөгөөд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох үндэслэлийг мөн хуулийн 18 дугаар зүйлд тодорхойлон заажээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг нэрлэн заажээ.

 

Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд ажил олгогч хуулийн этгээд нь нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байх ба зөвхөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоож болох бөгөөд харин өөр үндэслэлээр буюу гомдол гаргагчийн маргаж байгаа алдагдалтай ажилласан буюу нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй гэсэн үндэслэл нь тухайн хуулийн этгээдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөх буюу шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж, /Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр

сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д Зөрчил үйлдсэн... хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж, шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

Хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдэд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, торгуулийг оногдуулсан нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Иймд гомдол гаргагчийн ... нийгмийн даатгалын улсын байцаагч нь хуулийг биелүүлэх боломжтой байсан эсэх эрх зүйн үйл баримтыг тогтоогоогүй, ... компанийн гүйцэтгээгүй үүрэг буюу төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 163,502,352 төгрөг нь шийтгэлийн төрөлд хамаарахгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг нэрлэн заасан.

 

Гомдол гаргагч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр уг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

 

Утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус, тухайн захиргааны актыг хэн ч харсан хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг хэлэх бөгөөд энэхүү маргааны тохиолдолд нийгмийн даатгалын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь хуульд үндэслэгдсэн, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасанчлан уг захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх тул дээрх захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай байх шинжийг агуулаагүй байна гэж үзнэ. Иймд гомдол гаргагчийн ...Нийгмийн даатгалын шимтгэл болох 163,502,352 төгрөг нь шийтгэл биш, хуулиар оногдуулсан төлөх ёстой үүрэг юм. Шийтгэл, үүрэг 2-ыг ... бичиж, ... шийтгэл оногдуулж байгаа нь ... шийтгэлийн хуудас утга, агуулгын алдаатай бичигдсэн гэсэн агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг хамааруулан ойлгох тул уг маргаан бүхий захиргааны актыг дээрх илт хууль бус шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ /Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж, ... хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан, дээрх маргаан бүхий захиргааны акт нь дээрх хуулиудад үндэслэгдэж гарсан байх тул гомдол гаргагчийн энэхүү үндэслэл, тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх тул тухайн үед дагаж мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмыг зөрчсөн гэж үзэж, гомдол гаргагч хуулийн этгээдийг 250.000 төгрөгөөр торгосныг шүүх буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй байх бөгөөд тухайн захиргааны актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, /энэ зүйлийг 20210 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Нийгмийн

даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0078814 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий Э ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э ХХК-иас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН