| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/01515/И |
| Дугаар | 142/ШШ2021/01310 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2021/01310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г Б ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э холбогдох,
Зээлийн үүрэг нийт 4 728 990.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Г Б” ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/400845726 тоот Кредит картын гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийн эрхтэй, 24 сарын хугацаатай, сарын бэлэн мөнгөний хүү 3.5 хувь, бэлэн бус мөнгөний хүү 2 хувийн хүүтэй Зэс кредит карт авсан болно. Тус кредит картын хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй хугацаа хэтэрч байна. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тус кредит картын зээл нь 1 жил 1 сарын хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 3 079 890.98 төгрөг, зээлийн хүү 1 570 842.42 төгрөг, хугацаа хэтрүүлсний торгуулийн хүү 45 342.34 төгрөг, зээлийн лимит хэтрүүлсний торгуулийн хүү 32 914 32 нийт 4 728 990.06 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Б.Эээс дээр дурьдсан кредит картын зээлийн нийт үлдэгдэл зээл, зээлийн хүүний төлбөр болох 4 728 990.06 төгрөгийг гаргуулан банкинд олгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Бадарч овогтой Э нь Орхон аймаг, Баянбулаг баг ургацын 1-13 тоотод ам бүл тавуулаа амьдардаг. Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөгний эрхтэй Г Бны зэс карт авсан нь үнэн. 2020 оны 04 дүгээр сар хүртэл картны мөнгөө авч хийн хэвийн ашиглаж байсан. Үүнээс хойш нөхөр маань шоронд яваад, мөн коронагаас болоод хийж байсан ажил маань зогссон. Би ганцаараа 4 хүүхэд өсгөж, мөн нөхөр маань машины зээлтэй байсан. Тэр өрнөөс нь энэ зун барилгын ажил хийж чадлаараа хассан. Мөн зэс картандаа 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг хийсэн. Одоо би ажилгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй байгаа. Би энэ их хүүг хүлээн зөвшөөрч чадахгүй, ядаж үндсэн мөнгөнийхөө 50 хувиас хэтрэхгүй хүүг төлөхийг зөвшөөрнө. Нийт хүүгийн хамт 4 500 000 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд 500 000 төгрөг төлсөн учир хасч үлдэх 4 000 000 төгрөгийг төлнө. Учир нь манайх хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй. Энэ байдлыг минь харж үзэж шийдвэрлэнэ үү. Өрхийн амьжиргааг нотлосон баримтыг өгсөн гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г Б” ХХК-ний Орхон салбар нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн эрхтэй кредит картны төлбөрт нийт 4 728 990.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Э үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүүнд 50 хувь буюу 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг 10 дугаар сард төлсөн тул хасч 4 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад төлбөрийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/400845726 дугаартай кредит картын гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийн эрхтэй картыг 2 жил эзэмших хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн гүйлгээний сарын хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, төлбөрөө сар бүрийн 15–ны өдрөөс өмнө эргэн төлөх нөхцөлтэйгөөр тохиролцон гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Г Б шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: үндсэн зээлийн төлбөр 3 079 890.98 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1 570 842.42 төгрөг, лимит хэтрүүлсэн торгуулийн хүү 32 914.32 төгрөг, хугацаа хэтрүүлсэний торгуулийн хүү 45 342.34 төгрөг нийт 4 728 990.06 төгрөг гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие 4 хүүхдийн хамтаар хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй амьдардаг. Нөхөр зээл тавиад шоронд явчихсан тэр зээлийг чадан ядан төлөлцөж байгаа бөгөөд 3 000 000 төгрөгийн үндсэн зээл түүний хүү 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 10 дугаар сард төлсөн 500 000 төгрөгийг хасвал 4 000 000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 20.3.-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байдаг.
Үндсэн хүү гэдэг нь зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ.
Нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг ойлгох бөгөөд үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байхыг тус тус ойлгоно.
Хариуцагч Б.Э бэлэн ба бэлэн бус гүйлгээ хийсэн болохоо хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийн төлбөрийг болон зээлийн хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрдөг ба түүний 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 500 000 төгрөгийг нэхэмжлэгч хасч тооцон 2021 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар зээлийн үлдэгдлийг тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хариуцагчийн 10 дугаар сард төлсөн гэх 500 000 төгрөгийг дахин хасах үндэслэлгүй байна.
Харин лимит хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний торгуулийн хүүний төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа үндэслэлээ нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээнд заасны дагуу гэж тодорхойлж байгаа боловч Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг үндсэн хүүний 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй гэж заасан тул лимит хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний хүүний төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч Б.Эээс үндсэн зээлийн төлбөрт 3 0798 890.98 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1 570 842.42 төгрөг нийт 4 650 733.4 төгрөг гаргуулан Г Б ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас лимит хэтрүүлсэн торгуулийн хүүний төлбөрт 32 914.32 төгрөг, хугацаа хэтрүүлсэн торгуулийн хүүний төлбөр 45 342.34 төгрөг нийт 78 256.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 614 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эээс 89 362 төгрөг гаргуулан Г Б ХХК-ний Орхон салбарт олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1., 20.3.-т заасныг баримтлан хариуцагч Б.Эээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4 650 733.4 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга долоон зуун гучин гурван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан Г Б ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78 256.66 /далан найман мянга хоёр зуун тавин зургаан төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 614 /ерэн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эээс 89 362 /наян есөн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г Б ХХК-ний Орхон салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ