Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/142

 

   

 

 

 

 

                        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

           Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж/цахимаар/,  

           Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн 231900080312 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Б.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мөнхдүүрэн захын урд талын зам дээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед ...улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Цг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч О.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мөнхдүүрэн захын урд талын зам дээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед ...улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Цг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

           Шүүгдэгч О.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 12 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байсан чинь манай эгч манайхаас мах хүнсний зүйлээ авна гээд ирсэн. Тэгээд хүргэж өгөх гээд явж байгаад Мөнхдүүрэн захын урд зам дээр миний урдуур нэг хүн гүйгээд гардаг шиг болсон. Тэр үед хөдөлгөөн ихтэй байсан учраас хүн урдуур гараад ирэхээр нь зогссон. Тэгсэн тэр хүн эсрэг талын машины тэнд хэвтэж байсан тэгэхлээр нь би гүйж очоод үзсэн чинь цус гарчихсан дээшээ хараад хэвтэж байхаар нь түргэн дуудах хэрэгтэй байна гэж хэлсэн. Цагаан машинаас 3 залуу бууж ирээд та хүн дайрчихлаа гэсэн. Үгүй, миний машины урдуур гүйгээд гарсан гэсэн чинь үгүй та 4 дайрчих шиг болсон гэсэн. Тэгээд би байж байсан чинь түргэн ирээд хохирогчийг аваад яваад өгсөн. Тэгтэл цагаан машин шууд хөдлөөд яваад өгсөн. Би тэр чигтээ тэнд зогсоод үлдсэн. Түргэн ирээд тэр хүнийг аваад яваад явсан. Тэгээд цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг зэрэг үйл ажиллагаа явагдсан ийм асуудал болсон гэв.

 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цийн “...Хохирогч Ч.Ц нь миний төрсөн дүү байгаа юм. 1994 онд миний ээж бурхан болоод дүү Ч.Ц нь миний асрамжид одоог хүртэл байгаа. Миний дүү Ч.Ц нь 1967 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн. Дүү маань төрөлхийн зүрхний гажигтай, бие муутай хүүхэд байсан. Тэгээд сургууль соёлоор яваагүй. Эцэг, эхийн асрамж болон эмнэлгийн байнгын хяналтад байдаг....Ч.Ц нь хүний яриа ойлгодог мөртлөө буцааж өөрийгөө илэрхийлэх чадвар муутай. Миний хүү Л.Ч нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүлжээний инженер хийдэг. Би өөрийн дүү Ч.Цг машинд мөргүүлээд эмнэлэг дээр ирсэн гэж өөрийн хүү Л.Чоос утсаар мэдэж өөрийн төрсөн ах Ч.Оын хамт эмнэлэг дээр очсон. Тэгээд эмнэлэг дээр байж байхад А гэх залуу надтай ирж уулзаад манай хадам аав байсан юмаа, Ч.Ц эгчийн бие нь яаж байна гээд асуугаад ямар нэг юм болбол надад хэлээрэй гээд утасныхаа дугаарыг үлдээгээд явсан. Тухайн үед миний дүү Ч.Цгийн бие тааруухан таталт өгөөд байсан болохоор би А гэх залуутай анзаарч сонсож ярилцаагүй тэгээд үлдээчихсэн. Хадам аав нь бол О.Б гэдэг хүн байгаа юм... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

           Гэрч Б.Зын “... О.Б ах ээж бид хоёрыг хүнд юмтай явж байгаа юм чинь би та хоёрыг хүргэж өгье гээд өөрийнхөө машиндаа суулгаад гэрээсээ гарсан. Тухайн үед О.Б ах жолоо барьж байсан. Харин ээж О.Б ахын хажуу талын суудал дээр сууж явж байсан, би хойд талын суудал дээр хоёр тортой махаа бариад сууж явж байсан. Тэгээд баруун захын 4 замын уулзвар дээр улаан гэрлээр бид хэд зогсож байгаад ногоон асахаар нь дөнгөж хөдлөөд гарц өнгөрөөд явж байхад урдуур бараан хүн өнгөрч байх шиг байсан. О.Б ах тоормос гишгээд зогссон. Ээж юу болов гэхэд О.Б ах хүн шүргэчихлээ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

           Гэрч О.Цийн “...бид хоёрыг гарахад О.Б нь та хоёр ачаатай байгаа юм чинь өөрийн машинаараа гэр лүү чинь хүргээд өгчихье гэж хэлээд хамт гэрээс нь гарсан. О.Б нь хар өнгийн Соната 6 маркийн машинтай бөгөөд тэр машинаар нь гэрээс хөдлөөд 2 дугаар 60 айл руу явж байсан юм. Тэгээд гэр лүү явж байхад дүү О.Б нь машинаа зогсоогоод .... хүн шүргэчхэв үү гэж хэлээд буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

           Гэрч Г.Гын “...манай машинд сууж явсан хүмүүс “энэ хар Соната 6 маркийн машин хүн мөргөчихлөө” гэж хэлэхээр нь би машинаас буугаад хартал нэг эгч манай машины урд уначихсан толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд тэр эсрэг урсгалын Соната 6 маркийн машины жолооч гээд нэг настай ах бууж ирэхээр нь би “та замаа харж явдаггүй юм уу, хүн мөргөчихлөө шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах харин тиймээ” гэж хэлчхээд надаас “эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “та чинь сохор юм уу, харваас эмэгтэй хүн байгаа биз дээ” гэж хэлсэн чинь тэр хар машины жолооч мөргөсөн эмэгтэйн хацрыг зөөлөн алгадаад сэрээх гээд байсан. Тэгээд тэр мөргүүлсэн эгчийн цээж хэсэгт нь дараад сэрээх гээд оролдоод байсан. Тэгээд тэр мөргүүлсэн эмэгтэй эмнэлэг ирэхээс өмнө ухаан орсон. Тэгсэн чинь тэр хар машины жолооч ах “за одоо бос бос, эмнэлэг явъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад “та одоо боль, наад хүнтэйгээ яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлээд би тэр мөргүүлсэн эмэгтэй хүн дээр очоод та зүгээр үү, миний ярьж байгаа яриаг ойлгож байна уу гэж асуухад хальт толгойгоо хөдөлгөөд миний өөдөөс юу ч дуугарахгүй байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

           Гэрч С.Хын “... Сайншанд сумын гэрлэн дохио ойртоод явж байхад нэг эмэгтэй эгч зам хөндлөн гарч байсан. Тэгээд эсрэг урсгалаар ирж байсан хар өнгийн машин /марк дугаарыг нь хараагүй/ зам хөндлөн гарч байсан эмэгтэй хүнийг мөргөсөн. Тэгээд тэр мөргүүлсэн эгч мөргүүлээд манай машины урд талд замын гол хэсэгт унасан. Тэгээд тэр мөргөсөн хар машины жолооч бууж ирээд “одоо босоо” гээд цээж хэсэг дээр нь гараараа дараад “за одоо бос, бос, эмнэлэг явах уу” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

           Гэрч С.Цийн “... Сайншанд сумаас хот руу замын унаанд суугаад би урд нь суугаад явж байсан. Тэгтэл гэрлэн дохио хүрээгүй 20 метр орчим зайд явж байхад зам хөндлөн гарч байгаа эмэгтэй хүнийг хар Соната 6 маркийн машин мөргөсөн. Тэгээд тэр мөргүүлсэн эмэгтэй замын голд унасан. ... Би яг тэр хар Соната 6 маркийн машин хүн мөргөж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

           Гэрч Х.Иын “...4 зам руу ойртоод явж байсан чинь эсрэг урсгалаар ирж байсан хар өнгийн Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл зам хөндлөн гарч байсан эмэгтэй хүнийг мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоогоод аваараа татаад миний машины урд сууж явсан хилийн цэргийн залуу машинаас буугаад тэр хар Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнд хандаж “яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. ...хар Соната 6 маркийн машины жолооч нь бууж ирээд энэ эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү гээд хэлсэн. Тэгээд машиныхаа гуппрыг янзлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

           Гэрч Ч.Аийн “... Тэгээд ааваас яасан, ийсэн талаар асуухад аав “хүн шүргэчих шиг боллоо” гэж хэлсэн. ... Нэгдсэн эмнэлэгт ажилладаг Ч гэх залуу тэр хүний хувцсыг нь барьчихсан хажууд нь зогсож байсан. Гаальд ажилладаг Ц гээд эгч бас ирчихсэн байсан. Тэгэхээр нь би тэр хоёр хүнийг хараад арай манай байрны бие муутай эгч биш байгаа даа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р тал/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 172-180-р тал/,

           Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-14 тал/,

           Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 52-53-р тал/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. О.Б гэж хаягласан G01537879 дугаарын хуруу шилтэй цусанд 1.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1.7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-59-р тал/,

           Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/054 дугаартай шинжээчийн “...1. Ч.Цгийн биед зүүн бугалга ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны ясны цууралт, хүзүүний 2 дугаар нугалмын сэртэнгийн цууралт, духны шарх, дагзны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 63-65-р тал/,

           Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-111-р тал/,

           ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл /хх-ийн 182-183-р тал/,

           Хохирогчид учирсан хохирлын баримтууд /хх-ийн 167-р тал/,

           2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 189-190-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

           Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

           Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

          

           Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.

          

           Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

 

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Цг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.     

 

           Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбар мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоовол шүүгдэгч О.Б нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мөнхдүүрэн захын урд талын зам дээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо түүний урдуур гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ч.Цг бүрэн гүйцэд өнгөрөөлгүйгээр хөдөлгөөнөө эхэлж, улмаар түүнийг жолооч талын урд хэсгээр мөргөсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд түүнийг мөргөсний улмаас явган зорчигч Ч.Цгийн эрүүл мэндэд “зүүн бугалга ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны ясны цууралт, хүзүүний 2 дугаар нугалмын сэртэнгийн цууралт, духны шарх, дагзны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

 

           Тиймээс прокуророос шүүгдэгч О.Бгийн үйлдлийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн хэдий ч  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээс түүний самбаачлах хугацаа уртассанаас болсон байна.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс О.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Бг гэм  буруутайд тооцсон, мөн өмгөөлөгчийн зүгээс тус хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар нотлох баримтуудын хоорондын уялдаа холбоонд дүгнэлт өгч тодорхой тайлбарлаагүй тул тус хүсэлтийг хангах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан. 

 

           Шүүгдэгч О.Б болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нийт 5.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус төлөхөөр баталгаа гаргасан байх шүүх уг баталгааг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгч О.Бгаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ц нарт олгож, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

  Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин орохдоо хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг оногдуулах саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч З.Ас Эрүүгийн хариуцлага дээр прокурорын зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасах санал яригдлаа. Энэ асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн биед учирсан гэмтэл хүндэвтэр гэмтэл биш. Хүнд зэргийн гэмтэл учирсан. За энэ нь одоо зөвхөн гар яс одоо хугалсан. Хохирогчид учирсан хүнд зэргийн гэмтэл нь удаан хугацаанд эдгэрсэн. Хохирогч энэхүү хугацаагаар хэвтэрт эмчилгээ хийлгүүлж байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд мөн шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, мөн хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл хасах шийтгэл дээр 1,5 жилийн хугацаагаар тогтоох саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Шүүх нэгэнт гэм буруутайд тооцож байгаа учраас эрүүгийн хариуцлагын талаар саналаа хэлье. Манай үйлчлүүлэгч О.Б нь анх удаа энэ төрлийн зөрчилд холбогдсон. Болгоомжгүй нөхцөл байдал бүрдсэн. Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй гэж улсын яллагчийн хэлж байгаатай санал нэг байна. Хоёрдугаарт хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна…” гэх саналыг тус тус гаргаж оролцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно....” гэж заасан.

 

Шүүгдэгчийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”- ээр, хэрэг хянан шийдвэрлэгдэх үед 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...” гэж тус тус өөрчлөн найруулагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

Өөрчлөн найруулагдсан хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдээгүй, эрүүгийн хариуцлага хүндэрч байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

        Шүүгдэгч О.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, мөн хохирол төлбөргүй  байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ял оногдуулахыг сануулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

           Бусад асуудлаар:

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч О.Бд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгаас 5.000.000 / таван сая / төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Цогзолмаа нарт олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР