| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/06263/И |
| Дугаар | 001/ХТ2025/00085 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2025/00085
А.Х-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05018 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00330 дугаар магадлалтай,
А.Х-н нэхэмжлэлтэй
Б, Х-д холбогдох
Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд Б-с 259,301,500 төгрөг, Х-с 89,100,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагч Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагч Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. А.Х нь Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд Б-с 259,301,500 төгрөг, Х-с 89,100,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05018 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар БС-с 148,487,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Х-д олгох ба үлдэх 110,813,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Х-д холбогдох 89,100,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,113,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БС-с 900,388 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00330 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05018 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-с 207,177,500 төгрөгийг, Х-с 89,100,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,124,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,113,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БС-с улсын тэмдэгтийн хураамжид 1,193,837 төгрөгийг, хариуцагч Х-с улсын тэмдэгтийн хураамжид 603,450 төгрөгийг тус гаргуулж нэхэмжлэгч А.Х-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Б-н давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,285,469 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гомдол гаргасан.
4.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн газрыг чөлөөлж, сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн дархан цаазат газрыг “отоглох” байдлаар нийт 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах бөгөөд газар ашиглагч нь тухайн газраа буцааж өгөхөд өөрсдийн барьсан хашаа, отоглох байрыг буулган авах зохицуулалттай тул А.Х-н барьсан хашаа хохиролд тооцогдохгүй бөгөөд хашаагаа буцаан авах эрх, үүрэгтэй.
4.2.Нэхэмжлэгч А.Х тухайн газрыг 2008.08.22-ны өдрөөс 2017 он хүртэл 9 жил аялал жуулчлалын зориулалтаар ашигласан буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу газар ашиглах дээд хугацаа болох 5 жилийн хугацаанд саадгүй ашигласан. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар ашиглах эрх нь нэг төрлийн тусгай зөвшөөрөл бөгөөд эзэмших, өмчлөх газраас өөр буюу тусгай болзол нөхцөлтэйгөөр гэрээний үндсэн дээр хугацаатайгаар ашиглуулдаг тусгай зөвшөөрөл юм. Тушаал гарах хүртэл нэхэмжлэгч тухайн газарт хуульд зааснаар ашиглах эрхээ гурвалсан гэрээний дагуу ашиглаж, үйл ажилллагаа явуулсан тул хуульд заасан төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Гэтэл хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Х нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д зааснаар газрын төлбөрийг тодорхойлж ногдуулах чиг үүрэгтэй бөгөөд тухайн үед газар ашиглах хүчин төгөлдөр гэрээний дагуу газрын төлбөрийн ногдуулалт хийснээр нэхэмжлэгч 89,100,000 төгрөгийг нийслэлийн газрын төлбөрийн орлогын дансанд тушааж, улсын төсөвт төвлөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын “ХЯНАВАЛ” хэсгийн 3.6-д Х-н дансанд газрын төлбөр 89,100,000 төгрөгийг төлсөн тул уг гэм хорын хохирлыг гаргуулан А.Х-д олгохоор шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх газрын төлбөрийг Х-н дансанд төлсөн мэтээр нотлох баримтад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагч Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.10-ны өдрийн 001/ШХТ2025/00389 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч БС-с гэм хорын хохиролд 259,301,500 төгрөгийг, хариуцагч Х-с газрын төлбөрт төлсөн 89,100,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ “...БС-н 2008.08.22-ны өдрийн 283 дугаар тушаалаар *** дүүргийн ***** уулын дархан цаазат газрын Т*** нэртэй газарт 5 га газрыг, аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2008/775 дугаартай газар эзэмших эрхийн гэрээг байгуулсан боловч уг газрыг НЗ-с давхардуулан олгосон байсан, улмаар БС уг газрыг олгох эрхгүй, тушаал илт хууль бус байсан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.01-ний өдрийн 0798 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн 0256 дугаартай магадлал, уг шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн 297 дугаар тогтоолоор тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон..., тус газрыг аялал жуулчлалын зориулалтаар бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийж шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байсан..., газар ашиглах эрх хүчин төгөлдөр гэсэн итгэл үнэмшилтэйгээр зардал гаргаж үйл ажиллагаа явуулж байсан ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хууль бус шийдвэр гаргасан захиргааны байгууллага үр дагаврыг хариуцах ёстой, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 6,000,000 төгрөг, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулахад нөхөн сэргээлтийн зардалд 3,000,000 төгрөг, инженер-геологийн судалгаа хийлгэж дүгнэлтийг магадлалд оруулахад гарсан зардал 2011 онд 2,225,000 төгрөг, эдэлбэр газрын эргэлтийн цэг газарт бэхлэх, хашааны улаан шугам тавих 700,000 төгрөг, ашиглаж буй газартаа бетон суурьтай блокон хашааг барьсан 2011-2012 он (өнөөгийн үнэ цэн) 207,177,500 төгрөг, аялал жуулчлалын цогцолборын зураг төслийг “Х” ХХК-аар хийлгэсэн зардал 10,000,000 төгрөг, харуул хамгаалалтын зардал 2011-2014 он 8,200,000 төгрөг, харуул хамгаалалтын зардал 2015-2023 онд 19,400,000 төгрөг, хашааны төсөв хийлгэхэд 1,650,000 төгрөг, хашааны үнэлгээ хийлгэх 800,000 төгрөг, нотариатын зардал 149,000 төгрөг, нийт 259,301,500 төгрөгийг БС-с, газрын төлбөрт төлсөн 89,100,000 төгрөгийг хариуцагч Х-с тус тус гаргуулна...” гэж тодорхойлсон байна.
Хариуцагч Х нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2010 оны газар ашиглах гэрээний 4.2-т “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэж заасны дагуу газрын төлбөрт: 2010 онд 3,300,000 төгрөг, 2011 онд 13,200,000 төгрөг, 2012 онд 9,900,000 төгрөг, 2013 онд 9,900,000 төгрөг, 2014 онд 3,300,000 төгрөг, 2015 онд 44,550,000 төгрөгийг Улаанбаатар банкны 2603007906 тоот газрын төлбөрийн орлогын дансанд төлсөн байна. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу тухайн иргэнд газрын төлбөрийн ногдуулалт хийгдэн, төлөлт хийгдсэн, энэ нь газар эзэмшигчийн үүрэг тул буцааж шаардах эрхгүй гэж маргасан.
Хариуцагч Б болон БС-н итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Иргэн А.Х-д ***** уулын дархан цаазат Т***-д аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрыг 5 жилийн хугацаагаар олгосон бөгөөд гэрээ дуусгавар болсон, 2010 оны газар ашиглах гэрээний 4 дэх хэсгийн 5 дахь заалтаар бол ашиглуулахаар авсан газартаа барилга байгууламжийн ажил эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөл авч, ажил эхлүүлэх гэж заасан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1-д гэрээ, гэрчилгээ байсан ч зөвшөөрөл аваагүй тохиолдолд, тэр тусмаа дархан цаазат газарт дур мэдэн хашаа юм уу ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байж ажил эхлүүлсэн бол хориглох үйл ажиллагаа болдог. Хуулийн 11.7-д түр буудаллах, отоглох ажиглалт судалгаа шинжилгээ хийх зөвшөөрөлтэй орон байр барихыг зөвшөөрдөг. Нүүлгэн шилжүүлэх боломжтой барих ёстой. Тэгэхэд бетон барилга барьсан нь буруу, тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9.Анхан шатны шүүх хариуцагч БС-с 148,487,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 110,813,750 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Х-д холбогдох 89,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт: ... А.Х-д газар ашиглах эрх олгосон сайдын тушаал анхнаасаа хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хохирлоо шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь 2008 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг “Э” ХХК-аар хийлгүүлсэн ба үүнд цэцэрлэгт хүрээлэн, бусад тохижилтын зардал гэх хэсэгт “төмөр хашаа” хэмээн заасан, гэрээ”-ний Дөрөвдүгээр зүйлийн 6-д “Газар ашиглагч нь хэрэгжүүлж байгаа төслөө өргөжүүлэх, шинэчлэх, шаардлагатай тохиолдолд Б-с зөвшөөрөл авч, дахин үнэлгээ хийлгэж, гэрээг шинэчлэн байгуулна. Төсөлд зааснаас илүү барилга байгууламж барихгүй, үйл ажиллагаа явуулахгүй” гэснийг зөрчиж, төсөлд тусгагдсан төмөр хашаа барилгүй бетонон суурьтай, тоосгон хашаа барьсан явдал нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх тул хашаа барихтай холбоотой зардалд нэхэмжилсэн 209,627,500 төгрөгийн тал хэсэг болох 104,813,750 төгрөгийн хэмжээнд багасгаж, үүнээс гадна нотариатын зардал 149,000 төгрөг, харуул хамгаалалтын зардал 27,600,000 төгрөг, зураг төсөл хийлгүүлсэн зардал 10,000,000 төгрөг, эргэлтийн цэг бэхлэх зардалд 700,000 төгрөг, инженер геологийн судалгааны зардал 2,225,000 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 3,000,000 төгрөгийг хариуцагч БС-с гаргуулах үндэслэлтэй. Харин газрын төлбөрийг гэрээний дагуу авсан үйлдэл нь хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг агуулаагүй тул Х-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх хохирлын хэмжээг анхан шатны шүүх буруу тогтоосон гэж үзэж Б-с 207,177,500 төгрөгийг, Х-с 89,100,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Х-д олгож, үлдэх 52,124,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан. Магадлалд: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлын хэмжээг бодит хохирлоор тооцох ба нэхэмжлэгч нь хашаа барихад нийт 207,177,500 төгрөг зарцуулсан нь “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон..., нэхэмжлэгч гэм буруугүй байхад Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг шүүх хэрэглэх ёсгүй байсан..., нэхэмжлэгч нь ...5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй, анхнаасаа уг газар нь олгогдох боломжгүй газар байсан тул газрын төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг гэм хорын хохирол гэж үзнэ..., нэхэмжлэгчид олгосон газар нь ***** уулын дархан цаазат газар нутагт хамаарахгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үйлчлэл хамаарахгүй...” гэсэн дүгнэлт тусгагджээ.
11.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 514 дүгээр зүйлийг хэрэглэвэл зохих хууль гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийг хэрэглэсэн болохоос гадна шүүхүүд гэм хорын хэмжээг өөрөөр тогтоож, зөрүүтэй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.
12.Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзэв.
12.1.Нэхэмжлэгч А.Х-д БС-н 2008.08.22-ны өдрийн 283 дугаартай тушаалаар *** дүүргийн ***** уулын дархан цаазат газрын Т*** гэх газарт 5 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх бүхий 775 тоот гэрчилгээ олгож, үүнийг үндэслэн 2008/775 дугаартай газар эзэмших эрхийн гэрээг байгуулсан. Гэтэл дээрх газарт НЗ 2011 онд 2 хуулийн этгээдэд, 2012 онд иргэн Д.Б нарт тус тус давхардуулан газар олгосон, энэ талаарх маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ “...маргаан бүхий газар нь Нийслэлийн газар нутагт хамаарагдаж байгаа учраас БС нэхэмжлэгчид газар олгосон нь илт хууль бус ...” гэж үзэж, нэхэмжлэгч А.Х-н газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.01-ний өдрийн 0798 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн 0256 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 297 дугаар тогтоолоор тогтоогджээ.
12.2.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ...ажил олгогч хүлээнэ гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан ба эдгээр зохицуулалтын аль нь төрийн албан хаагчид холбогдох харилцаанд хамаарах тусгайлсан хэм хэмжээ болох, улмаар хэн хариуцлага хүлээхийг хуулиар зохицуулсныг анхаарч, хэрэглэвэл зохих хэмжээг тодорхойлох учиртай байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг Б гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б, тус БС аль аль нь оролцсон, итгэмжлэл олгож, тайлбар гаргасан тохиолдолд хариуцагчийг тодруулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
12.3.Түүнчлэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хоёр шатны шүүх бетонон хашааны үнэлгээг бодит хохирол гэж үзсэн байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2008 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд “төмөр хашаа” барина гэж төлөвлөсөн байхад бетонон хашаа барьсан, газар ашиглах гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 6-д ...төсөлд зааснаас илүү барилга байгууламж барихгүй, үйл ажиллагаа явуулахгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж, хохирлын хэмжээг багасгасан бол давж заалдах шатны шүүх хохирлыг бүрэн гаргуулах үндэслэлтэй гэж өөр өөр дүгнэлтийг хийжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан “Д” ХХК-ийн тайланд “...бетонон хашаа нь 2011 онд эхэлж, 2012 онд өрлөгийн ажил дууссан...645 м урттай цутгамал бетон суурьтай, бүгд өртгийг 207,177,500 төгрөг” гэж үнэлгээг тогтоохдоо өртгийн болон хандлагын аргаар тооцоолох шаардлагагүй, зах зээлийн хандлагаар тооцоолоход үнэ цэн нь 207,177,500 төгрөг, үнэлгээний шинжилгээг 2023.10.24-ны байдлаар хийсэн (1-р хавтас-334)...” гэж тусгасан байна.
Дээрх байдлаар “Д” ХХК нь хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг тогтоох зорилгоор үнэлгээ хийсэн, 2012 онд баригдсан бетонон хашааг 2023.10.24-ний байдлаар үнэлсэн гэж үнэлгээний аргыг тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хашаа барихад нийт 207,177,500 төгрөг зарцуулсан болох нь хөрөнгө үнэлгээний “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон гэж дүгнэж, хариуцагч Б-с хашааны зардалд 207,177,500 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д нийцээгүй байна.
Уг бетонон хашааг 2011 онд эхэлж 2012 онд дуусгасан бол энэ үед ямар зардал гаргасан, энэ нь бодит хохирол эсэх, эсвэл бетонон хашааг цаашид хэрэгцээтэй, ашиглах, худалдах зэрэг боломж байгаа бол өнөөгийн үнэ цэнийг бодит хохирол гэж үзэх эсэхийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй байх ба улмаар холбогдох хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байна.
*** дүүргийн нутагт орших “Т***” гэх нэхэмжлэгчид олгосон газар нь ***** уулын дархан цаазат газар нутагт хамаарахгүй болохыг захиргааны хэргийн шүүх тогтоосон нь Б болон нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг тусгай хамгаалалтын бүс нутагт хамаарна гэж ойлгон, гэрээнд хуульд заасан тодорхой нөхцөл, шаардлагыг тохирч, үүргийг тодорхойлсон явдлыг үгүйсгэх үндэслэлгүй болно.
Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00330 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05018 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД