Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2017/0794

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК,

Хариуцагч: Үндэсний хөгжлийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/263 дугаартай “Концессын гэрээ цуцлах мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ерөнхий захирал Лшүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаар тогтоолын 2-т зааснаар “Дархан-Алтанбулагийн авто замаас шаамар- Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг “М” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, улмаар 2016 оны 07 дугаар сарын 19-өдөр Эрх бүхий этгээдийг төлөөлж Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Ж, Концесс эзэмшигч “М” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Жнар гарын үсэг зурж, тус гэрээ хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/236 дугаартай албан бичгээр Концессын тухай хуулийн 24.1.3-т “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэж заасныг үндэслэн дээрх концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдсэн билээ.

Манай компани энэхүү үндэслэлийг зөвшөөрөхгүй бөгөөд хуулийн уг заалт нь “авто зам барьж байгуулах ажил”-ийг хийх, эсхүл хийж гүйцэтгэх явцад үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал илэрвэл Засгийн газар гэрээг цуцлах" гэсэн агуулгатай байна.

Энэхүү концессын гэрээг байгуулснаар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашигт хэрхэн яаж сөргөөр нөлөөлөх, энэ нь хэрхэн нотлогдож байгаа талаар баримт байхгүй байхад огт үндэслэлгүй шийдвэр гаргаж, гэрээг цуцалсанд гомдолтой байна.

Түүнчлэн уг албан бичигт “Засгийн газраас төслийн барилгын ажлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн” гэж дурдсан атлаа Үндэсний хөгжлийн газраас гэрээг цуцалсан хэмээн мэдэгдээд байгаа нь огт ойлгомжгүй, Засгийн газар дээрх гэрээг цуцлах шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна

Иймд Засгийн газар дээрх гэрээг цуцлах шийдвэр гаргаагүй байхад Үндэсний хөгжлийн газраас “гэрээг цуцалсан” тухай мэдэгдлийг ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “захиргааны байгууллагын шийдвэр хуульд үндэслэсэн байх” гэж заасныг зөрчсөн, мөн төрийн байгууллага, албан тушаалтан өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлж гэрээг цуцалсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлд Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд заавал урьдчилан мэдэгдэх тухай заасан байхад гэрээ цуцлах асуудлыг манай компанид огт мэдэгдээгүй болно.

Иймд “Дархан-Алтанбулагийн авто замаас шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг цуцалсан Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/263 дугаартай “Концессын гэрээ цуцлах мэдэгдэл”-ийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Засгийн газрын 2016 оны 226 дугаар тогтоолын дагуу “Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг танай компанитай 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан.

Засгийн газрын 2016 оны “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолын 1.2-т “улсын болон орон нутгийн төсвөөс эргэн  төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх”, 1.4-д “концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй  гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоох” гэж тус тус заасан. Мөн Засгийн газрын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 63 дугаар тэмдэглэлийн 1.5-д “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан улсын төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцээгүй, нийгэм эдийн засгийн ач холбогдол багатай, концессын гэрээ байгуулсан боловч барилга угсралтын ажил нь эхлээгүй байгаа “Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг хойшлуулах” гэж заасан.

Иймд дээрх Засгийн газрын шийдвэрүүд гарсантай холбогдуулан Концессын тухай хуулийн 24.2.4 “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” дэх заалтын дагуу “Дархан-Аптанбулагийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг цуцалсан тул М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд “М” ХХК-ийн Үндэсний хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан “Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/263 дугаартай концессын гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаар тогтоолоор “Дархан-Сэлэнгэ /Алтанбулаг/-ийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “М” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газар /хуучин нэршлээр/-т олгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайдад даалгаж шийдвэрлэжээ

Улмаар 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж эрх бүхий этгээд болох Хөрөнгө оруулалтын газар /хуучнаар/, концесс эзэмшигч этгээд болох “М” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Жнар “Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийг барих, шилжүүлэх /ВТ/ тухай концессын гэрээг 6 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний 1.17 дахь хэсэгт зааснаар уг концессын гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний асуудлаар маргаагүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч няцаахгүй байна.

Үүнээс үзвэл талууд компанийн гэрээг цуцалсан эсэх талаар маргаагүй бөгөөд харин уг гэрээг цуцлах талаар мэдэгдсэн захиргааны актад маргаж, энэ хүрээнд шүүх шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 63 дугаар тэмдэглэлд “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан улсын төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцээгүй, нийгэм эдийн засгийн ач холбогдол багатай, концессын гэрээ байгуулсан боловч барилга угсралтын ажил нь эхлээгүй байгаа “Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг хойшлуулах”-аар шийдвэрлэсэн нь холбогдох нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэвч Үндэсний хөгжлийн газар нь дээрх “Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл” концессын гэрээг цуцалсан талаарх 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/263 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжсэн нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол /тэмдэглэл/-ыг  зөрчиж гарсан байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл 120.85 км хатуу хучилттай авто зам барих, шилжүүлэх концессын гэрээний Зургаа дугаар бүлгийн 6.3 дахь хэсэгт “Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энхүү гэрээ дуусгавар болох эсхүл цуцлагдана” гэж заасан байх бөгөөд харин Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан гэрээ дуусгавар болох, мөн хуулийн 24.2 дахь хэсэгт заасан эрх бүхий этгээдийн санаачилгаар Концессын гэрээг цуцлах гэж заасан нөхцөл байдлууд бий болоогүй, өөрөөр хэлбэл Засгийн газраас концессын гэрээг цуцалсан шийдвэр гараагүй, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зам, барилгын ажлыг хойшлуулж шийдвэрлэсэн байхад компанийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тухайлбал Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-д “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” бол концессын гэрээг эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцлах хуулийн зохицуулалттай, хариуцагч энэ үндэслэлээр цуцалсан гэх тайлбарыг шүүхэд гаргах боловч Монгол Улсын Засгийн газраас ийм шийдвэр гараагүй өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэр болжээ.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолын 1.2-т “улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх”, 1.4-д “концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоох” гэж шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... “М” ХХК нь концессын гэрээний зам, барилгын ажлыг эхлүүлээгүй тул гэрээг зогсоосон” гэх тайлбарыг шүүх үгүйсгэхгүй ч дээрх Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгч байгууллагын концессын гэрээний асуудлыг тухайлан шийдвэрлээгүй, уг тогтоолоос цаг хугацааны хувьд сүүлд гарсан Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төсөл” концессын гэрээний дагуу хэрэгжих зам, барилгын ажлыг хойшлуулж шийдвэрлэсэн байгаа нь хариуцагч Үндэсний хөгжлийн газрын концессын гэрээг цуцлах тухай мэдэгдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй.

Мөн Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “концесс” гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг ойлгох бөгөөд маргааны зүйл болох Концессын гэрээгээр “М” ХХК-иас Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, төслийг хэрэгжүүлэх мөн Монгол Улсын Засгийн газар нь концессын зүйлийг шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлэсэн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Монгол Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт үүзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор концессын гэрээг цуцалсан” гэх тайлбарласан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолд дурдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөх ямар нөхцөл байдалд яаж хамаарч байгаа талаар тайлбар, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Хариуцагч Үндэсний хөгжлийн газар нь концессын гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн талаар “М” ХХК-д урьдчилан мэдэгдэж сонсгох ажиллагааг явуулаагүй, өөрсдийн тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно”, 26.2-д “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй.

Үүнээс үзвэл Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/263 дугаар “Концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд хамаарахгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Үндэсний хөгжлийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/263 дугаартай концессын гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан “М” ХХК-иас Үндэсний хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/263 дугаар “Концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН