| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2021/03121/И |
| Дугаар | 181/ШШ2021/02331 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2021/02331
| 2021 оны11 срын30 өдөр | 181/ШШ2021/02331 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Н -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: У.О -т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 5 гудамж, 306 А тоотод байрлах Ү-2207002548 гэрчилгээний дугаартай, 426 м.кв газрыг А.Н ийн өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н , хариуцагч У.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие У.О тай 2009 онд танилцаж, 2012 онд дотносож, 2013 оны 11 дүгээр сард охин маань төрсөн. Намайг ажилд орсноос хойш харддаг болж, гэр бүлийн маргаан их гардаг болсон. У.О нь сүүлийн 2 жил архи ууж, агсам тавьж, ааш зан нь өөр болсон. Энэ бүхэнд намайг буруутгадаг байсан. У.О нь гэртээ гал тавьж, мөн хутга барьж намайг айлгаж байлгадаг байсан. У.О нь нэг өдөр гэрээсээ яваад өгсөн, би У.О ыг буцаж ирэх байх гээд их хүлээсэн. Би хүүхэд өвдлөө гэхэд надад ямар хамаатай юм гэж хэлдэг. У.О сүүлийн 1 жилийн хугацаанд архи ууж, хутга далайлгаж айлган сүрдүүлсэн. Би У.О ыг утсаар залгах болгонд, мөн гэрлүүгээ явах болгондоо айдастай байдаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, У.О аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 5 гудамж, 306 А тоотод байрлах Ү-2207002548 гэрчилгээний дугаартай, 426 м.кв газар нь манай эмээд байсан газар юм. Эмээ маань ээжид шилжүүлж байсан. У.О бид хоёр сүүлд байшин барихдаа буцаан олголт авах гээд У.О ын нэр дээр болгосон. Иймд буцааж авах хүсэлтэй байна ” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би А.Н тэй 2009 онд танилцаж, 2012 онд хамт амьдарч эхэлсэн. Би Өндөр хүчдэлийн монтерын мэргэжлээр сурч 2 жил ажиллаж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д агаарын шугамын монтероор ажилд орж байсан. А.Н бид хоёр 2013 онд охинтой болсон. 2016 онд хашаандаа 120 м.кв байшин барьж амьдарсан. Би ажлынхаа хажуугаар өөрийгөө дайчлаад өөр зүйл хийж мөнгө олдог байсан учир гэрийнхэндээ цаг зарцуулж чадаагүй. Би барагтаа архи уудаггүй, манай ажлынхан хүртэл үүнийг мэднэ. А.Н нь намайг харддаг байсан учир сүүлдээ би найз нөхөдгүй болсон. Манай хүн намайг хардаад байхаар нь ажилд оруулсан.
2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр маргаан эхэлсэн. Учир нь эхнэрийн найзынх нь төрсөн өдөр, манай эгчийн төрсөн өдөр нэг өдөр болсон. Би эгч дээрээ очиж хоолонд ороод ирье, эхнэрийгээ найз нөхөдтэйгөө байж бай, тэгээд буцаад хүрээд ирье гэж хэлэхэд үгүй цуг явна гэж хэлсэн. Эгчтэй утсаар ярихад Сансарт хоолонд орно гэж хэлсэн. Бид хоёр Сансар луу явж байхад А.Н нь гайтай хар авгай нар дандаа миний амьдралд гай болдог гэж хэлсэн. Би тухайн үед эгчийгээ өмөөрч, эхнэрээ найз дээр нь аваачиж үлдээгээд эгч рүүгээ явсан. Эгч нартай юм ярьж байгаад өглөө 6 цагт гэрлүүгээ орсон. Гэтэл А.Н нь намайг янхан авгай нартайгаа зайл гэж хэлсэн. Тухайн үед би эгч нарыгаа өмөөрсөн нь үнэн. Би гэртээ санаандгүй гал тавьсан, өөрийнхөө бий болгосон эд хөрөнгийг юу гэж шатаах юм. Тухайн өдөр эрүүлжүүлэхэд очиж хоносон, драйгер багаж үлээхэд 0,82 гэж гарсан.
А.Н бид хоёр хоорондын жоохон асуудлаа зохицуулж чадахгүй ийм байдалд хүрсэн. 2 жилийн өмнө барагтаа архи уудаггүй байсан, намайг архи уудаг гэж хэлвэл ажлынхан маань итгэхгүй. Ийм зан авир гаргасандаа гэмшиж байгаа. А.Н бид хоёр бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Одоо буцаад эвлэрье гээд гуйж байгаа, гэхдээ эхнэр маань сална гэвэл тэр саналыг нь дагана.
Миний нэр дээр байгаа, газар нь А.Н ийнх, би 10 гаруй жил хөдөлмөрлөж байгаад хашаа байшинг нь барьсан. Би үр хүүхдээсээ юм харамлахгүй учраас буцааж өгнө” гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч У.О т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 5 гудамж, 306 А тоотод байрлах Ү-2207002548 гэрчилгээний дугаартай, 426 м.кв газрыг А.Н ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Н , хариуцагч У.О нар нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлж, гэрлэлтээ батлуулсан, мөн тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин О.Н төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин О.Н гийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Н , хариуцагч У.О нар нь тусдаа амьдарч байгаа, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэгийг хамт шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд охин О.Н г эх А.Н ийн асрамжид үлдээхээр тохиролцсон тул охин О.Н г эх А.Н ийн асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч У.О нь өөрийн төрсөн охин О.Н г тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин О.Н г сар бүр 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч У.О аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...миний нэр дээр байгаа, газар нь А.Н ийнх, би 10 гаруй жил хөдөлмөрлөж байгаад хашаа байшинг нь барьсан. Би үр хүүхдээсээ юм харамлахгүй учраас буцааж өгнө” гэх тайлбараас үзэхэд Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 5 гудамж, 306 А тоотод байрлах Ү-2207002548 гэрчилгээний дугаартай, 426 м.кв газрыг А.Н ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.О зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А.Н , У.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин О.Н г эх А.Н ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин О.Н г 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.О аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч У.О нь Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 5 гудамж, 306 А тоотод байрлах Ү-2207002548 гэрчилгээний дугаартай, 426 м.кв газрыг А.Н ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч А.Н , хариуцагч У.О нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.О аас 213,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Н т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР