| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Өод холбогдох эрүүгийн 2419000000195 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Ө.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Ш.Утай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 1-нд Хутагтын хурд наадам үзэх явцад 1 машин зам хаагаад байсан. Хойно нь зогссон чинь зогсчхоод хөдлөхгүй байхаар нь тойроод урд нь гарсан. Урд нь гарсан чинь араас сигналдаад замаас зайл гэсэн. Би бууж очоод тойроод явчих гэсэн чинь 1 бүдүүн ах хүүхэдтэйгээ бууж ирээд замаас зайл гээд маргалдсан. Тэр хүүхэд нь намайг замаас зайл гэснээ хөшиглөсөн. Би буцаагаад хөлийг нь барьж байгаад баруун гарынхаа тохойгоор цааш нь түлхээд унагаасан. Босож ирээд хойшоо болсон чинь намайг бас цохиод унагаачихсан. Тэгээд би ухаан алдаад босож ирсэн. Тэр хооронд цагдаа ирээд салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг,
2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “Миний бие 2024 оны 05 дугааap сарын 06-ны өдөр Сүхбаатар аймагт болох бооцоот морины уралдааны наадамд оролцохоор бүртгэлийн хураамж 600,000 төгрөг төлсөн байсан боловч энэ хэргийн улмаас явж чадаагүй бүртгэлийн хураамж нь буцаан олгогдохгүй тул энэ хохирлыг барагдуулах дээрээс нь миний хамар хагалгаанд орж эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байх тул эмчилгээний зардал нь тухайн эмнэлэгт үзүүлсний дараагаар хэдэн төгрөг болохыг нь тодорхойлно гэсэн тухайн зардлыг төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 48 дугаар тал/
Гэрч Ө.Дийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “... Улаан дээлтэй залуу нь Э.Ө руу хөлөөрөө өшиглөх гэтэл Ө хөлийг нь барьж аваад нүүр хэсэг рүү нь гарын тохой шуу хэсгээрээ цохиж түлхэж унагаасан”. гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дугаар тал/
Гэрч С.Лийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “... Улаан дээлтэй залуу өшиглөхөд хөлийг нь барьж аваад нүүр лүү нь цохиж түлхсэн тэгээд нөгөө залуу нь босож ирээд бас Э.Өыг гараараа нүүр лүү нь цохиж унагаасан бусдаар өөр хүн зодолдоогүй.”. гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17 дугаар тал/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №02/195 дугаартай “...Э.Өын биед дагзны зулгарал, дээд уруулын дотор салстын зулгаралт, баруун шилбэний зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... 3. Учирсан гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 22 дугаар тал/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №02/192 дугаартай “... Ш.Уын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо... 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар тал/
Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгт, танилцуулсан маягт /хавтаст хэргийн 51 дүгээр тал/
Шүүгдэгч Э.Өын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн “... Хүлээн зөвшөөрч байна ямар нэгэн маргах асуудал байхгүй. Би нэхэмжилсэн бодит хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Ш.Утай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ш.Уын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Нөгөө маргалдаад байсан махлаг шар залуу миний нүүр хамар хэсэг рүү нэг удаа баруун гараараа хүчтэй цохисон тэгээд би шууд манараад доошоо тонгойгоод ухаан балартсан...” “...Миний бие 2024 оны 05 дугааp сарын 06-ны өдөр Сүхбаатар аймагт болох бооцоот морины уралдааны наадамд оролцохоор бүртгэлийн хураамж 600,000 төгрөг төлсөн байсан боловч энэ хэргийн улмаас явж чадаагүй бүртгэлийн хураамж нь буцаан олгогдохгүй тул энэ хохирлыг барагдуулах дээрээс нь миний хамар хагалгаанд орж эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байх тул эмчилгээний зардал нь тухайн эмнэлэгт үзүүлсний дараагаар хэдэн төгрөг болохыг нь тодорхойлно гэсэн тухайн зардлыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Дийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “... Улаан дээлтэй залуу нь Э.Ө руу хөлөөрөө өшиглөх гэтэл Өлзий- Орших хөлийг нь барьж аваад нүүр хэсэг рүү нь гарын тохой шуу хэсгээрээ цохиж түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг, гэрч С.Лийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “... Улаан дээлтэй залуу өшиглөхөд хөлийг нь барьж аваад нүүр лүү нь цохиж түлхсэн тэгээд нөгөө залуу нь босож ирээд бас Э.Өыг гараараа нүүр лүү нь цохиж унагаасан бусдаар өөр хүн зодолдоогүй....” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №02/195 дугаартай “...Э.Өын биед дагзны зулгарал, дээд уруулын дотор салстын зулгаралт, баруун шилбэний зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... 3. Учирсан гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №02/192 дугаартай “... Ш.Уын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо... 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №02/192 дугаартай “... Ш.Уын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл учирсан болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Э.Өын толгой тус газарт нь цохисон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Өын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Э.Өод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ө нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.У нь шүүгдэгчээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, мөн эмчилгээний зардал болон уралдаанд явж чадаагүй тул барьцаанд төлсөн 600.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх бөгөөд хэрэгт баримтаар гаргаж өгсөн зүйлгүй, барьцаанд мөнгө төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул өөрт учирсан хохирол болоод цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Харин сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000*5=3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж оролцсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс уг саналтай маргаагүй бөгөөд түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өод оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Өод оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өод оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Өод оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Э овогт Ш.У /...-д олгож, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР