Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2021/02332

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны11 срын 30 өдөр

                        181/ШШ2021/02332

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.М -д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Д.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г  миний бие Д.М тэй 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүлж болсон. Бидний дундаас 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү М.Эн, М.Э-А, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин М.Э, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү н.Э нар төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оны 09 дүгээр сард харилцан тохиролцон гэрлэлтээ цуцлуулахаар шийдэж 2020 оны 10 дугаар сараас эхэлж тусдаа амьдарсан. Би анх жирэмсэн болсноо мэдээгүй Д.М өөс салсан. Бага хүүхэд маань одоо 6 сартай 7 сар хүрэх гэж байгаа. Одоо Д.М  нь өөр хүнтэй хамт амьдардаг бөгөөд одоо эвлэрэх боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би одоо өөр хүнтэй хамт амьдардаг. 2 том хүүхэд маань надтай амьдарч, 2 бага хүүхэд маань ээжтэйгээ амьдардаг. Б.Г  бид хоёр эвлэрүүлэн зуучлалаар яваад хамт амьдрах боломжгүй гэж шийдсэн. Иймээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч Д.М д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Д.М  нар нь 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлж, гэрлэлтээ батлуулсан, мөн тэдний дундаас 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү М.Э, охин М.Э-А, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин М.Э, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү М.Эн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү М.Э, М.Э-А, охин М.Эн, хүү М.Энх нарын төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд гэрлэгчдийн бага хүү М.Энх нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд одоо 6 сар 11 хоногтой болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Г гийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Б.Г , Д.М  нарын гэрлэлтийг цуцлахаас татгалзаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР