Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/150

 

   

 

 

 

 

                                 

   

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

           Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

           Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2419000000221 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Б.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” зочид буудлын гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Мтэй үл ялих зүйлийн улмаас маргалдан зодолдож улмаар түүний баруун сарвууны 1 дүгээр хурууны 1 шивнүүрийн хугарал, хумстай хэсгийг хазаж тасдан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” зочид буудлын гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Мтэй үл ялих зүйлийн улмаас маргалдан зодолдож улмаар түүний баруун сарвууны 1 дүгээр хурууны 1 шивнүүрийн хугарал, хумстай хэсгийг хазаж тасдан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Мгийн “...2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орой 21 цагийн үед найз охин Ариунсолонго түүний дүү А болон түүний нөхөр А бид төмөр замын өртөөний урд талд байдаг “...” зочид буудалд өрөө аваад тухайн зочид буудлынхаа гадаа машин дотор бид 4 Соёрхол нэртэй 0,75 литрийн архины талыг уугаад машинаасаа гарах үед 2024 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-ний өдрийн шилжих шөнийн 03 цаг болж байсан. Тэгээд би шээх гээд цаашаа явах үед тухайн буудалд байсан Б.Б гэх эрэгтэйтэй зөрөх үед мөрлөлцөөд “яасан бэ хөгшөөн согтоод байна уу” гэхэд тухайн Б.Б “тэр чамд хамаагүй” гээд зөрөөд явсан. Машиндаа сууж байхад нөгөө Б.Б гэх эрэгтэй нь найз эмэгтэйтэйгээ гарч ирэхэд манай найз охин А “хайраа энэ 2 муудалцаад байна” гэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа ирэхээс өмнө би тухайн Б.Бд “чи эмэгтэй хүнийг болохгүй дээ” гэж хэлээд би Б.Бтай муудах үед цагдаа нар ирсэн. Тэр үед Аийн эхнэр А нь Б.Б гэх эрэгтэйтэй хамт явсан эмэгтэйтэй бас маргалдсан. Тэр үед цагдаа нар тухайн 2 эмэгтэйн маргалдааныг салгах гээд явах үед Б.Бтай зүүн гараас нь татах үед шууд миний баруун гарыг татаад эрхий хурууны нэгдүгээр үеийг тас хазаж залгисан. ...Б.Б миний Хаан банкны ... дугаарын данс руу өвчтэй байх хугацааны зээл төлөлт, эмчилгээний зардал болох 4.000.000 төгрөгийг хийсэн тул гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р тал/,

            Гэрч Э.Аийн “...тэр үед Г.М тухайн Б.Бд хандаж “чи болиоч эмэгтэй хүмүүсийг ингэж болохгүй зүгээр цагдаатай яваач” гээд цагдаа нарт туслах гээд байсан юм. Тэр үед Б.Бтай хамт явсан нэг эмэгтэй нь надтай маргалдах үед цагдаа нар бас бид нарыг болиулах гээд ирэх үед Г.М “миний хурууг тас хазчихлаа” гээд орилоод цаанаас ирэхэд Г.Мгийн баруун гарын эрхий хуруунаас их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

Гэрч С.Оийн “... Б.Б гэгч нь эхнэрээ өмөөрөөд Г.Мг бариад газар унахаар нь би дэд ахлагч Дөлгөөний хамт Б.Быг Г.Мгээс салгаад босгоход Г.М нь наадах чинь миний хурууг хазчихлаа гэхэд баруун гарын эрхий хуруунаас их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

            Гэрч О.Аийн “...Зочид буудлаас тухайн согтуу залуугийн эхнэр нь бололтой хүүхэн гарч ирээд манай эхнэртэй маргалдах үед цагдаа нар салгах гэж байхад нөгөө согтуу залуу Г.Мтэй муудалцаад зууралдаад газарт унасан байсан. Тэгээд дахиад цагдаа ирэх үед Г.М хураа хазчихлаа гээд орилох үед би гүйгээд очиход Г.Мгийн баруун гарын эрхий хуруунаас их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/196 дугаартай “1.Г.Мгийн биед баруун сарвууны 1 дүгээр хурууны 1 шивнүүрийн хугарал, хумстай хэсгийн тасарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-р тал/,

            Иргэний нэхэмжлэгч Д.Дын “...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ЭМДС-аас 660.519 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу гэм буруутай этгээдээс зардлыг гаргуулан ... тоот Төрийн сан банкны дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх- ийн 99-102-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

           

            Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Мгийн биед учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмтэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

            Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, эрүү ясны хугарал, доод уруулын дотор салст, буйлны шарх буюу хүндэвтэр гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

            Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

            Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Мд 4,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 660.519 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

            Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

         

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

           1. Шүүгдэгч Э овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

         4. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулсугай.  

         5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

         7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР