Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 230

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогч Т.Нансалмаа,

шүүгдэгч Г.Пүрэвдулам, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тайжи овогт Ганжуурын Пүрэвдуламд холбогдох эрүүгийн 201725010516 дугаартай, 105/2017/0208/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт, 1 гудамж, 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн 21-241 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Тайжи овогт Ганжуурын Пүрэвдулам, /РД:НЗ80061961/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Пүрэвдулам нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нансалмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Пүрэвдулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Т.Нансалмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болдог өдөр манай найз Шүрээгийн төрсөн өдөр болсон учир бид караокед суусан. Тэр үед Пүрэвдулам миний утсаар ярьж байсан. Тэгээд тарах үед миний утас алга болсон байхаар нь би утсаа Пүрэвдуламаас асуусан. Тэгэхэд тэр маргалдаад “би утсыг чинь аваагүй” гээд миний толгой руу цохисон. Тэгтэл утас маань буйдангийн араас гарч ирэхэд Пүрэвдулам гараад явсан. Би маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Толгой маань хавдартай байсан учир “хавантай доргилт” гэж оношилсон. Би гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир би гомдол саналгүй гэв.

Шүүгдэгч Г.Пүрэвдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг “миний утсыг унтраагаад шидсэн байна” гээд дайраад байхаар нь нэг удаа нүүрэн тус газар нь алгадсан. Тэгтэл эргүүлээд намайг цүнхээрээ цохихоор нь нэг удаа шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хх 16-19, 32, 43, 48 дугаар хуудас/,

Хохирогч Т.Нансалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би уурлаад утсаа авмаар байна, явмаар байна гэтэл уурлаад намайг дугтарч суулгаад хоёр гараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг. /хх 8-10, 31 дүгээр хуудас/,

Гэрч С.Магнайшүрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нансалмаа эгч “та хоёр миний гар утсыг авсан” гээд хэл амаар доромжилоод бүүр болохгүй байсан. Пүүжээ гэнэт уурлаад нэг удаа гар руу нь цохисон. Буйданг түлхсэн чинь утас нь доошоо унахаар нь би “Нансалмаа эгчээ утас чинь энэ байна” гэж хэлээд гаргаж өгтөл Пүрэвдулам гэнэт уурандаа босч ирээд “намайг хулгайд харддаг хэн бэ” гээд хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хх 46-47 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ¹2257 шинжилгээнд “Т.Нансалмаагийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн долоовор хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 12 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Пүрэвдулам нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нансалмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Пүрэвдуламд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхэд бичгээр гаргасан нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хэргийг хэрэгэсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Пүрэвдулам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.