| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/04034/И |
| Дугаар | 181/ШШ2021/02396 |
| Огноо | 2021-12-07 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2021/02396
| 2021 оны 12 сры н 07 өдөр | 181/ШШ2021/02396 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ү.Б- ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М Д ХК -д холбогдох
Даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,508,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, Б.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү.Б-ийн эхнэр 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян суманд айлд байхдаа нас барсан. Ү.Б болон талийгаач нар нь 2019 оны 05 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 8 хувийн зээл авч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 байрны 11 тоот байрыг худалдаж авсан. Уг зээлийг авахдаа М Д ХК-д даатгуулж, амь насны даатгалыг хийлгэсэн. Даатгалын хураамж төлөлтийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөд явж байгаа. М Д ХК нь амь насны даатгалд даатгуулсан учир нэхэмжлэгч Ү.Б нь эхнэрээ алдсан тул амь насны даатгал авах хүсэлт гаргасан боловч хариуцагч талаас даатгалын тохиолдол болоогүй байна, иймээс нөхөн төлбөр өгөх боломжгүй гэх хариуг өгсөн. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны алба болон санхүүгийн зохицуулах хороо шүүхэд ханд гэж хэлсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн эхнэр хариуцагч компанитай даатгалын гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар амь насны эрсдэлийг даатгахаар заасан. Тухайн үед гэнэтийн улмаас амь нас нь хохирсон учир даатгалын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөр 49,508,287 төгрөгийг М Д ХК-аас гаргуулж өгнө үү.
Даатгалын харилцааг даатгалын тухай хууль, Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам зэргээр зохицуулдаг. Даатгалын тухай хуулийн 3.2-д зааснаар даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд сайн дурын үндсэн дээр даатгалын гэрээ байгуулагдсан. Уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй юм. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д даатгагч нь даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй. Хууль болон журамд заасны дагуу хариуцагч компани даатгуулагчид хуульд заасан үүргийнхээ дагуу даатгалын гэрээний нөхцөл, холбогдох хуулийг тайлбарлаж өгсөн зүйл байхгүй. Мөн Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.4.2-т зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгоно, 4.5-д даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж тус тус заасан. Тус журмын 5.4.2-т даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлнэ гэсэн зохицуулалттай.
Гэтэл хариуцагч компани зээлдэгчид даатгалын гэрээний нөхцөлийг тайлбарлаж өгөөгүй. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасны дагуу зээлдэгчид даатгалын эрсдэл, сонгох эрхийг олгоогүй. Тус журмын 4.5-д заасан заасан мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй. Иймд хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ү.Б болон түүний эхнэр талийгаач н.М нь манай компанитай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлээ даатгуулсан. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр н.М нь нас барсан хэмээн нэхэмжлэгчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг манай компанид гаргасан. Манай зүгээс хүсэлтийг нь судалж үзэхэд нас барсан тохиолдол нь гэрээнд заасан гэнэтийн ослын улмаас бус өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож, манай компанийн зүгээс даатгалын гэрээний 8.1.8-д заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгалын гэрээний 2.1.2-т зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас байхаар тохиролцсон. Даатгалын гэрээний 3.1.6-д зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь насанд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзнэ. Гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн ахуйн зам, тээврийн байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдэхээс үүссэн ослыг ойлгоно. Эдгээр ослын улмаас даатгуулагчийн амь насанд эрсдэл учрах юм бол нөхөн төлбөр олгоно гэдгийг тодорхой заасан.
Хэрэв өвчний улмаас нас барсан бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэдгийг даатгалын гэрээний 8.1.8-д зааж өгсөн. Даатгуулагч даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт гаргасны дагуу даатгуулагчийн нас барсан шалтгааныг судалж үзэхэд хавтаст хэрэгт Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 469 дүгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолд талийгаач н.М нь 2006 оноос зүрхний хавхлагын дутагдал өвчнөөр эмнэлгийн байгууллагын байнгын хяналтанд эмчлэгдэж байгаа, уг өвчний улмаас группт байдаг байсан, нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмчийн мэдүүлэг зэргээс тогтоогдож байна. Даатгалын тухай хуулийн дугаар зүйлийн 8.3.5-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Манай компанийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал: Манай компанийн даатгалын гэрээ ямар тохиолдолд татгалзах, ямар тохиолдолд даатгалын гэрээ үүсэх талаар тодорхой заасан. Даатгуулагчийг үхэлд хүргэсэн шалтгаан нь гэрээнд заасан гэнэтийн осол бус харин өвчлөл байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Даатгуулагч өвчний улмаас нас барж, даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй тул даатгалын гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Б нь хариуцагч М Д ХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 49,508,287 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ү.Б болон Б.М нар нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”-г “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь 100,000,000 төгрөгийн зээл олгожээ.
Худалдан авсан орон сууцны зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Ү.Б болон Б.М нар нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Ипотекийн даатгалын баталгааны 844009661 тоот гэрээ”-г “М Д ” ХК-тай 3 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 143,200,000 төгрөг, зээлдэгчийн амь насыг 100,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, хураамжид 243,200 төгрөгийг төлжээ. /хх-ийн 66 дахь тал/
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээх тус тус хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т заасанд нийцсэн, бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Гэрээний хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр даатгуулагч Б.М нь өвчний улмаас нас барснаар зээлийн даатгалын гэрээний 2-д заасан даатгалын тохиолдол бий болжээ.
Нэхэмжлэгч Ү.Б нь даатгуулагч Б.М ын нөхөр болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул хууль ёсны өвлөгч гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч М Д ХК-аас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ү.Б-ийн өмгөөлөгч нь “Нийт зээлийн үлдэгдэл төлбөр 49,508,287 төгрөг байгаа бөгөөд даатгалын журам зөрчиж гэрээ байгуулсан тул хариуцах үүрэгтэй” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч М Д ХК нь даатгалын гэрээний 2 дугаар зүйлд заасан тохиолдолд “архаг хууч өвчин орохгүй” гэж заасныг үндэслэн даатгуулагч архаг хууч өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.
2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт явж байгаад гэнэт нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Даатгуулагч Б.М ын нас барсан шалтгааныг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харьцуулан үзэхэд даатгалын гэрээнд заасан “...өвчний...” улмаас нас барсан болох нь нотлогдож байх тул даатгалын тохиолдол гэж үзэх үндэслэлтэй байна.
Даатгуулагч нас барснаар даатгалын тохиолдол шууд бий болно, харин даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын хохиролд хамаарахгүй, даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарах эсэхийг тогтооход ач холбогдолтой.
Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ нь даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын тохиолдолд бий болсон гэж үзэж, нөхөн төлбөрийн хэмжээг орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр тооцох тул хохирлыг нотлох ажиллагаа хийх шаардлагагүй юм.
Даатгуулагч нарын орон сууцны зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нь 49,508,287 төгрөг болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд даатгуулагч Б.М д ногдох хэсэг буюу 24,754,143 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч М Д ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 24,754,143 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,754,143 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан хариуцагч М Д ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 24,754,143 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,754,143 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 281,721 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР