| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2021/00837/И |
| Дугаар | 181/ШШ2021/02435 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2021/02435
| 2021 оны 12 срын 09 өдөр | 181/ШШ2021/02435 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч Б ХХК -д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э , түүний өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ч Б ХХК-д 2017 онд урилгаар ажилласан. Тухайн үед 250 орчим тэрбум төгрөгийн активтай байсан. Би Голомт банк ХХК-д ажилладаг байхдаа салбарынхаа шилдэг ажилтан гэж үнэлэгдээд Ч Б ХХК-д урилгаар ажилд орсон. Миний бие 2018 онд Ч Б ХХК-ийн шилдэг ажилтан болж байсан. Тус банкийг би 3 дахин томруулж зах зээл дээр үйл ажиллагаа явуулах боломжтой болгосон. Би шинэ харилцагч нарыг буюу зах зээлд банкны активыг томруулах ажилд өөрийн сурч мэдсэн бүх зүйлээ гаргаж ажиллаж байсан. Ч Б ны хувьд 2019 онд бид нарын харилцагч банкнаас босгосон мөнгийг муу актив болгосон. Би тухайн үед зээлд нь оролцож байгаагүй, банкны эх үүсвэр талыг хариуцаж байсан хүний хувьд нэлээн хүнд байдалд орсон. Мөнгөө татаж эхлэхэд банк мөнгийг нь өгч чадахгүй нөхцөл байдал болж байсан. Банк 600 орчим тэрбум төгрөгтэй болсон байсан учраас цалингаа тавьж чадахгүй, санхүүгийн хүндрэлд орно гэсэн асуудал байхгүй. Энэ үед би гүйцэтгэх захирлын хийж байсан бүх зүйлийг хийж ажиллаж байсан. Гэтэл гэнэт төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр байхгүйгээр гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан. Би цалин мөнгөнөөс гадна сэтгэл санааны маш их дарамтыг авч байгаа. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Э ын дундаж цалин 4,000,000 төгрөг байдаг. Н.Э нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 9 сар, 12 хоног ажилгүй байсан. Нэг сарын дундаж цалин болох 4,000,000 төгрөгийг 9 сар, 12 хоногоор тооцоход 38,264,150 төгрөг болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 2 үндэслэлийг зааж өгсөн. Хариуцагч тал орон тоо хасагдсан юм уу эсвэл цөөрүүлсэн юм уу гэдгийг тайлбарлаж чадахгүй байна. Орон тоо хасагдсан гэдэг нь Ч Б ны зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаал, ажлын байр үгүй болсныг ойлгодог, харин орон тоо цөөрүүлэх гэдэгт тухайн хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн адил, адил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгоно.
Ч Б ХХК-ийн н.Сандагдорж гэх гүйцэтгэх захирал орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр тушаалаа гаргасан гэж үзэхээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2 хүнийг ажлаас халж байгаа юм. Энэ нь зүгээр нэг ажлаас халсан гүйцэтгэх захирлын тушаал биш. Орон тоо хасагдсан юм уу, эсвэл цөөрүүлсэн юм уу гэдэг үйл баримтыг тогтоох шаардлагатай байгаа юм. Бид гүйцэтгэх захирлыг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, өөрөөр хэлбэл орон тоо хасах болон цөөрүүлэх эрх мэдэл гүйцэтгэх захирал байхгүй гэж маргаж байгаа. Ч Б ХХК нь 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1302 тоот тушаалын хавсралтаар Ч Б ХХК-ийн дүрэм батлагдсан бөгөөд захирал ямар тохиолдолд эрх үүрэг хэрэгжүүлэх талаар тайлбарлаж өгсөн байгаа. 4.4.5-д гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хэмжээг тогтоож өгсөн. 4.4.5.2-т төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хэмжээнд багтаан ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин түүнчлэн хөнгөлөлт урамшууллын хэмжээг тогтоох гэсэн эрх хэмжээг олгосон байдаг. Гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хэмжээнд багтааж ажилтнуудын орон тоог батлах ёстой гэж ойлгож байгаа.
Дүрмийн 4.4.3.1-д төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тогтоож өгсөн. 4.3.1.1-д банкны стратегийг тодорхойлох зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, бизнесийн төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнг батлана гэж заасан байна. Орон тоо хассан эсвэл цөөрүүлсэн үйлдэл нь зохион байгуулалтын бүтэцтэй шууд холбоотой юм. Төлөөлөн удирдах зөвлөл нь жилийн төсвөө баталж, зохион байгуулалтын бүтэц тогтоож, харин үүнд багтаасан орон тоог гүйцэтгэх захирал баталж, үүнийхээ дагуу ажилчдынхаа цалин урамшууллыг тогтоох эрх хэмжээ байсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл хариуцагч талын сүүлд авчирч өгсөн баримтаас харахад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажилтандаа мэдэгдэж, 30 хоногоос өмнө тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гүйцэтгэх захирал 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 26 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаалыг гаргасан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, Ч Б ХХК-ийн 3.20.1-д банк болон түүний харьяа газар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ч Б ны дүрмийн 4.4.5.3-д ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх гээд гүйцэтгэх захирлын чиг үүргийг тогтоож өгсөн. Гүйцэтгэх захирлын төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд дээрх чиг үүргийг зохицуулж өгсөн байгаа.
Манай банкны үйл ажиллагаа 2019 оноос уруудаж эхэлсэн. Монголбанкнаас Ч Б анд арга хэмжээ авах А/49 тоот ерөнхийлөгчийн тушаал гарсан. Үүнд Төв банкны үнэт цааснаас бусад санхүүгийн хэрэгсэл болон зээл худалдан авахыг хориглох, Цалин, тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл, зээлтэй адилтган тооцох активыг шинээр болон нэмж олгохыг хориглох, Монголбанкнаас зөвшөөрөл авалгүйгээр чанаргүй активт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглох, Банкны холбогдох этгээдтэй холбоотой авлага, урьдчилгаа, дараа тайлангийн тооцоо, бусад тооцоо, чанаргүй болон төлбөрийн зөрчилтэй зээл, түүний хүүг барагдуулах үүрэг өгч хангуулах, Банкны холбогдох этгээдэд зээл, авлага, урьдчилгаа, дараа тайлангийн болон бусад тооцоог үүсгэхгүй байх, Засгийн газар, төсөв нийгмийн даатгал, улсын байгууллага болон төрийн өмчит компанийн харилцах, хадгаламжийн үлдэгдлийг өсгөхгүй байх, Тусгай нөхцөлтэй харилцах данс шинээр татан төвлөрүүлэх, үлдэгдлийг нэмэхийг хориглох, Чанаргүй активыг барьцаа хөрөнгөөр хангуулж банкны өмчлөх бусад хөрөнгөд бүртгэхээс өмнө Монголбанканд мэдэгдэх, Үндсэн болон биет бус хөрөнгийг нэмэгдүүлэх, худалдаж авахыг хориглох, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхийг хориглох, урамшуулал олгохыг зогсоох хоригуудыг тавьсан.
Манай банкны хувьд тусгай нөхцөлтэй харилцах дансны үйл ажиллагааг явуулдаг. 2019 оноос хойш тусгай нөхцөлтэй харилцах данс шинээр татан төвлөрүүлэх, үлдэгдлийг нэмэх чиг үүргийг хориглосон. Ажил үүргийн тодорхойлолтоос харах юм бол Уул уурхай, газрын тос, дэд бүтэц, түүнтэй холбоотой тээвэр, худалдааны компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн мөнгөн урсгалыг банканд төвлөрүүлэх, өдөр тутмын санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, банкны ашигт ажиллагааг хамгийн өндөр түвшинд байлгах зорилготой. 2019 оноос хойш Уул уурхайн хэлтэс нь мөнгө татан төвлөрүүлээгүй, чиг үүрэг нь хэрэгжээгүй. Банк бол ашгийн төлөө байгууллага юм. Ажил үүргийн чиг үүргээс харах юм бол банкны ашигт ажиллагаа хамгийн өндөр түвшинд байлгах гэж зааж өгсөн. Гэтэл бүтэн нэг жилийн хугацаанд банкны ашигт ажиллагааг хамгийн өндөр түвшинд байлгаж чадаагүй.
Гүйцэтгэх захирал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 тоот тушаалаар Н.Э той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 сарын дараа цуцлах талаар мэдэгдэл өгсөн байдаг. Үүний дагуу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 26 тоот тушаалаар Н.Э той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Төлөөлөн удирдах зөвлөл банкны жилийн төсвийг батална, тухайн жилийн төсөвтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг хянана. Харин гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Мөн ажилтнуудын цалин хэмжээг тогтоож, ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтнуудыг ажлаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах зэрэг тушаалуудыг хэрэгжүүлдэг. Иймд Н.Э той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гүйцэтгэх захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Манай банк нь Уул уурхайн бизнесийн хэлтсийг татан буулгасан байгаа гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Ч Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Н.Э ыг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн, Уул уурхайн бизнесийн хэлтсийг татан буулгасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Ч Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №26 тоот тушаалын 1 дэх заалтаар Гүйцэтгэх захирлын 2021 оны 14 тоот тушаалаар орон тоо нь хасагдсан тул Хэлтсийн захирал бөгөөд Уул уурхайн бизнесийн захирал Н.Э той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгосугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Ч Б ны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.20.1, 4 дүгээр зүйлийн 4.11.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Э ыг ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж тус тус заажээ.
Ч Б ХХК-ийн дүрмийн 4.3.1.1-д зааснаар банкны зохион байгуулалтын бүтцийг батлах чиг үүрэг нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд банкны гүйцэтгэх удирдлага нь эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
Ч Б ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 21/07 дугаар тогтоолоор зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд уг бүтцэд Уул уурхайн бизнесийн захирлын албан тушаалтай дүйцэх хэмжээний албан тушаал хасагдсан байх тул дүйцэх албан тушаалд томилохыг даалгах үндэстэй байна.
Иймд, нэхэмжлэгч Н.Э ыг хэлтсийн захирал бөгөөд Уул уурхайн бизнесийн захирлын албан тушаалтай дүйцэх хэмжээний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 38,264,150 төгрөгийг нэхэмжилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын цалингийн дундаж 3,145,091 төгрөг, нэг өдрийн 146,283 төгрөг бөгөөд ажилгүй байсан ажлын 195 хоногоор тооцоход 28,525,185 төгрөг болж байна.
Хариуцагч Ч Б ХХК нь нэхэмжлэгч Н.Э ыг ажлаас үндэслэлгүй халсан байх тул уг ажлаас халсан өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цалинтай тэнцэх хэмжээний олговорт 28,525,165 олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,738,985 төгрөгт тооцогдох хэсгийн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Н.Э ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ч Б ХХК-д даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Э ыг хэлтсийн захирал бөгөөд Уул уурхайн бизнесийн захирлын албан тушаалтай дүйцэх хэмжээний албан тушаалд тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28,525,165 төгрөгийг Ч Б ХХК-аас гаргуулан Н.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,738,985 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Н.Э ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ч Б ХХК-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ч Б ХХК-аас 300,576 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР