| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2021/03282/И |
| Дугаар | 181/ШШ2021/02471 |
| Огноо | 2021-12-10 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2021/02471
| 2021 оны 12 сры н 10 өдөр | 181/ШШ2021/02471 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.О-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Э.О , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Э.О тэй 2019 онд танилцаж, үерхэж нөхөрлөөд 2020 онд гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан. Э.О ийг цаашид нөхөр минь болох хүн гэж бодоод уулздаг байсан. 2020 оны 04 дүгээр сард жирэмсэн болж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрүүлсэн. Охиноо төрүүлснээс хойш Э.О тэй холбогдож чадаагүй. Иймд Э.О ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү ” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Эцэг тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас эцэг тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой тайлбарыг нь сонсмоор байна” гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүүхэд мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.О эд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Э.О нарын дундаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин Б.О төрсөн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэж олгосон 1116950015 дугаартай төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.О ыг эх Батцэцэгээр овоглосон ба хариуцагч Э.О нь охин Б.О ын төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч Э.О нь өөрийн төрсөн охин Б.О ыг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.О ыг сар бүр 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Э.О ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.О -ын төрсөн эцэг нь Э.О мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.О ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.О ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О ээс 109,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР