Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/02472

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сры н 10 өдөр

                            181/ШШ2021/02472

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М Д  ХК -д  холбогдох

 

   Даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г.А  миний бие Герман улсад үйлдвэрлэгдсэн 2006 онд үйлдвэрлэгдсэн Vauxhall Agila гэх 1199 мотортой, WOLOHAF686GO65933 арлын дугаартай, 5 хүний суудалтай, шар өнгөтэй, Монголд орж ирээд 9 жил болох гэж буй машины эзэмшигч бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр М Д  ХХК-д автомашинаа 10,000,000 төгрөгөөр үнэлж, Алтан жолоо гэсэн 100 хувийн бүрэн даатгалын ангиллыг сонгож, 3 хувийн хураамжийн үнэ 300,000 төгрөгийг төлж даатгуулсан бөгөөд М Д  ХХК-тай 851127115 тоот Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан.

Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар хот руу ирэх замд Амгалан хотхоноос 1 км зайд машины урд дугуйны боолт суларсан, уг боолтыг чангалах үед машин газрын уруу өнхөрч эвдрэн, их хэмжээний хохирол учирсан. Машин газрын уруу өнхөрч, улмаар хөрвөөсөн учир цагдаа, даатгалыг дуудсан ба Даатгалын ажилтан үнэлгээгээ хийлгээд, материалаа бүрдүүлээд М Д  ХХК-д аваачиж өгөөрэй гээд явсан. Үүний дараа замын цагдаагийн албан хаагч ирээд газар дээр үзлэг хийгээд таны энэ осол бол авто тээврийн осол биш, та даатгалаараа машинаа янзлуулаарай, харин таны машиныг журмын хашаанд хийнэ, одоо ачлагын машин ирж байгаа гэж хэлсэн.

 

Ингээд миний бие машинаа журмын хашаанаас авахдаа машин ачиж тээвэрлэсэн зардалд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 260,000 төгрөг, мөн машины оношилгоонд 75,000 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний зардалд 270,000 төгрөгийг тус тус төлсөн. Ашид билгүүн ХХК-аас автомашины хохиролд үнэлгээг 5,985,000 төгрөгөөр тогтоож өгсөн. Ийнхүү хохирлын үнэлгээ хийлгээд М Д  ХХК-д баримтаа бүрдүүлж өгөөд нөхөн төлбөрөө авахаар хүлээж байтал 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 01/622 тоот албан бичгээр М Д  ХХК нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

М Д  ХХК нь анх даатгал хийхээр очих үед намайг долоох шахам байж миний машиныг бүрэн даатгалд даатгаж. хураамжид 300,000 төгрөг авчихаад яг даатгалын нөхцөл байдал үүсэхэд нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан нь шударга бус үйлдэл учир харьяалах дээд байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан гэж гомдол гаргасан ба шүүхээр хандаж шийдвэрлүүлэхийг зааж өгсөн учир аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрсэн болно.

Төв аймгаас буцаж явах үед урд дугуй чахарч дуугараад байсан учраас машинаа зогсоож, бууж үзэхэд урд дугуйн боолт суларсан байсан учраас чангалах гэж байх үед машин газрын уруу өнхөрсөн болно. Гэтэл М Д  ХХК ослын газар дээр очиж үзэхэд сольсон запас дугуй байхгүй, ослын газрын зураг дээр уруу газар өнхөрч унасан гэх мөр байхгүй байгаа нь тогтоогдсон гэж худал тайлбар хийж нөхөн төлбөр олгохоос татгалзсанд гомдолтой байгаа болно. Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа гэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуу даатгуулагчид олгох гэж заасан байх бөгөөд автомашинд учирсан хохирол, оношилгоо, тээврийн, үнэлгээний зардлуудаа Алтан жолоо багцад хамаарах эрсдэлээс үүссэн хохирлоо М Д  ХХК-аас бүрэн гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна.

Автомашинд учирсан хохиролд 5,985,000 төгрөг, автомашин ачиж тээвэрлэсэн зардалд 260,000 төгрөг, үнэлгээний төлбөр 270,000 төгрөг, оношлогооны төлбөр 75,000 төгрөг, нийт 6,590,000 төгрөгийг М Д  ХХК-аас гаргуулж хохиролгүй болгуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М Д  ХК нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Г.А той 90С200000206 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, түүний өмчлөлийн VAUXHALL AGILA маркийн, 65-39 УНЯ улсын дугаартай автомашины хөдөлгөөний үеийн осол, байгалийн эрсдэлүүд, жолоо шилжүүлэх эрсдэл, хөдөлгөөний бус үеийн осол, галын эрсдэлүүд, хулгай дээрмийн эрсдэлүүд, жолоочийн гэнэтийн осол гэх мэт учирч болох дээрх эрсдэлүүдийг даатгасан. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад Г.А  нь М Д  ХК-ийн шуурхай албаны 1800-1990 утсанд өөрийн 9552-2040 дугаар утаснаас холбогдож Төв аймаг явах замд Амгалан хотхоноос 1 км зайд дугуй сольж, боолтыг чангалах үед тээврийн хэрэгсэл уруу газар өнхөрч чулуу мөргөсөн гэх дуудлага өгч бүртгүүлсэн.

Уг дуудлагын дагуу М Д  ХК-ийн шуурхай албаны ажилчид газар дээр нь очиж үзлэг хийхэд VAUXHALL AGILA маркийн, 65-39 УНЯ улсын дугаартай автомашинд учирсан хохирол нь хуучин хохирол байсан ба сольсон гэх запас дугуй байхгүй, уруу газар өнхөрч унасан мөр байхгүй, цагдаа даатгалаараа учраа ол гэсэн гэх тайлбар хэлсэн боловч 102-т залгасан дуудлага байгаагүй, шалгуулахаас эрс татгалзсан тул 17 цагт үзлэгийг дуусгаж, тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор даатгуулагч Г.А  нь Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12.6-д заасан баримтуудыг бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг замын цагдаагийн газрын акт, тодорхойлолтгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр М Д  ХК-д гаргасан. Уг хүсэлтийг М Д  ХК-ийн зүгээс хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.1-д даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан бол нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасны дагуу дээрх тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэн 01/622 тоот албан бичгээр даатгуулагч Г.А од хариуг мэдэгдсэн.

Даатгуулагч Г.А ын анх М Д  ХК-ийн шуурхай албаны 1800-1990 утсанд ослын талаарх дуудлагыг өгөхдөө дугуйгаа сольж байхад тээврийн хэрэгсэл өнхөрч чулуу мөргөсөн гэдэг боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ урд дугуйн боолт суларсан, уг боолтыг чангалах үед машин газрын уруу өнхөрсөн гэж зөрүүтэй байдлаар мэдүүлж байна. Мөн даатгуулагч Г.А  нэхэмжлэлдээ замын цагдаагийн алба хаагч ирээд газар дээр үзлэг хийгээд таны энэ осол бол авто тээврийн осол биш, та даатгалаараа машинаа янзлуулаарай, харин таны машиныг журмын хашаанд хийнэ, одоо ачлагын машин ирж байгаа гэж хэлсэн, машинаа журмын хашаанаас авсан гэж бичсэн байх боловч М Д  ХК-ийн шуурхай албаны ажилчид ослын газар очиж үзлэг хийхэд даатгуулагч Г.А  уг ослын талаар зам тээврийн ослын дуудлага өгдөг 102 дугаарт ослын дуудлага өгөөгүй байсан ба шүүхийн хавтаст хэрэгт ч ослын дуудлага өгсөн талаарх баримт, уг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч ирж үзлэг хийсэн талаарх баримтууд байхгүй, зам тээврийн осол биш гэж үзсэн хэрнээ цагдаагийн алба хаагчийн шийдвэрийн дагуу автомашиныг журмын хашаанд шилжүүлэн тээвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрж байна.

Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т замын хөдөлгөөний дүрэмд түр, эсхүл удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож орхисон, 34.1.2-т шаардлагатай бол энэ хуулийн 33.1.3-т заасан тохиолдолд буюу жолоодох эрхгүй, ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн жолоодож яваа бол, 32 дугаар зүйлийн 32.3.4-т заасны дагуу согтуурсан, мансуурсан байдалтай жолоочийн тээврийн хэрэгслийг цагдаагийн албан хаагчийн бичгээр гаргасан шийдвэрийн дагуу түр саатуулах болон журмын хашаанд зөөж шилжүүлдэг. Гэтэл цагдаагийн алба хаагч осол биш гэж үзсэн бол тээврийн хэрэгслийг журмын хашаанд шилжүүлэх шийдвэр гаргах боломжгүй.

Дээр дурдсан үйл баримтуудаас харвал ослын газарт сольсон гэх дугуй, машин өнхөрч унасан мөр, автомашины хагарсан шил, толь, урд их гэрлийн болон хойд гэрлийн хагархай гэх мэт эд мөрийн баримтууд ослын газарт байгаагүй, даатгуулагч Г.А ын ослын талаар мэдүүлж буй зөрүүтэй тайлбар, хүсэлтүүд, цагдаагийн алба хаагч шийдвэрийн дагуу журмын хашаанд шилжүүлсэн гэдэг ч уг шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй, даатгуулагч Г.А  автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12.7-д заасан даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзах нөхцөл байдал байгаагүй гэдгийг мөн баримтаар нотлоогүй, замын цагдаагийн газрын тодорхойлолт, акт зэргийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй зэрэг нь түүнийг ослын талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээр завдсан, даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, даатгалын нөхөн төлбөр олгох материалыг дутуу бүрдүүлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, 8.5.2-д даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гаргасан байх боломжтой, гэж болон даатгалын гэрээний 12.7-д даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бүрдүүлэхээр завдсан, даатгалын тохиолдол бий болсныг нотлох боломжгүй, даатгалын нөхөн төлбөр олгох материалыг бүрэн бүрдүүлж өгөөгүй гэж тус тус заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байна.

Иймд даатгуулагч Г.А  даатгалын тохиолдол бий болсныг нотолж чадаагүй, даатгалын нөхөн төлбөр олгох материалыг бүрэн бүрдүүлж өгөөгүй, даатгагчид ослын талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээр завдсан тул М Д  ХК-аас автомашины даатгалын нөхөн төлбөрт 6,590,000 төгрөг гаргуулах тухай Г.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүх нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А  нь хариуцагч М Д  ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь даатгалын баримт дутуу бүрдүүлсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 65-39 УНЯ улсын дугаартай Vauxhall Agila маркийн тээврийн хэрэгслийг нэг жилийн хугацаатай даатгуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нь “2021 оны 04 дүгээр сарын 20-ны Төв аймгаас Улаанбаатар хот ирэх замд Амгалан хотхоноос 1 км зайд урд дугуйны боолт суларсан бөгөөд боолтыг чангалах үед машин өнхөрч эвдэрч, их хэмжээний хохирол учирсан. Цагдаа болон М Д  ХК-ийг дуудлага өгсөн. М Д  ХК-аас баримтаа бүрдүүлж өгөөрэй гэж хэлсэн. М Д  ХК нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 01/622 дугаартай албан бичгээр даатгалын нөхөн олговор олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхийг зааж өгсөн. Иймд М Д  ХК-аас 6,590,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан. Хариуцагч нь “Даатгуулагч Г.А  нь “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 12.6-д заасан баримтуудыг бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг замын цагдаагийн газрын акт, тодорхойлолтгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “М Д ” ХК-д гаргасан. Уг хүсэлтийг “М Д ” ХК-ийн зүгээс хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.1-т Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан бол нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасны дагуу дээрх тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж” шийдвэрлэн 01/622 тоот албан бичгээр даатгуулагч Г.А од хариуг мэдэгдсэн. Даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...замын цагдаагийн албан хаагч газар дээр нь үзлэг хийгээд “таны энэ осол бол авто тээврийн осол биш, та даатгалаараа машина янзлуулаарай. Харин таны машиныг журмын хашаанд хийнэ. Одоо ачлагын машин ирж байгаа гэж хэлсэн. Ингээд машина журмын хашаанаас авахдаа машин ачиж...” гэх тайлбараас үзэхэд тээврийн цагдаагийн алба нь тээврийн хэрэгслийг шилжүүлэн байршуулсан байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 32.3.4-т заасан үндэслэл байгаа тохиолдолд цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгслийг шилжүүлэн байршуулах эсхүл хөдөлгөөнийг хязгаарлах хуулийн зохицуулалттай.

 

Гэтэл, нэхэмжлэгч нь журмын хашаанд хийсэн гэж нэхэмжлэлд дурдсан атлаа ямар үндэслэлээр цагдаагийн тодорхойлолт олгоогүй, мөн замын хөдөлгөөний дүрмийн журам зөрчөөгүй байхад тээврийн хэрэгслийг шилжүүлэн байршуулсан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 

Цагдаагийн алба нь хүний өмчлөх эрхийг хязгаарлан, тээврийн хэрэгслийн шилжүүлэн байршуулсан тохиолдолд шалтгааныг тодруулсан тодорхойлолт, албан бичиг гаргах үүрэгтэй бөгөөд авто тээврийн осол биш гэх үндэслэлээр цагдаагийн тодорхойлолт болон үзлэгийн тэмдэглэл гаргаж өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Хариуцагч М Д  ХК-ийн даатгалын баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр даатгалын нөхөн олговор олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн байх тул М Д  ХК-аас даалгалын нөхөн олговорт 6,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.А ын хүсэлт нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч М Д  ХК-аас даалгалын нөхөн олговорт 6,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР