Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/02469

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сры н   10 өдөр

                            181/ШШ2021/02469

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.С-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Б Х З Х Т Б А А  нд холбогдох

 

            Си М Си ХЗХ-ны төлбөрийн тооцоонд Ж.С  53,256,813 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, Ж.С ийн Си М Си ХЗХ-нд төлсөн 53,256,813 төгрөгийг тус хоршооны бусдад төлөх төлбөрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах, Ж.С ийн гадаадад зорчих эрхийг хязгаарласан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/2788 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дүүриймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.С  нь Си М Си ХЗХ-ны төлбөрийн тооцоонд 53,256,813 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, уг төлбөрийг төлөх ёстой мөнгөнөөс хасуулах, гадаадад зорчих эрхийг хязгаарласан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/2788 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ж.С , Си М Си ХЗХ-ны захирал Д.Оюунцэцэг нар 2003 оноос бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, Си М Си ХЗХ-ны захирал Д.Оюунцэцэг нь тус бизнест хөрөнгө оруулдаг байсан. 15,000,000 төгрөг болон 17,000,000 төгрөгийн баримтын хувьд Ж.С  нь Хадгаламж зээлийн хоршоонд төлөх ёстой төлбөр байсан. Ж.С  болон Д.Оюунцэцэг нарын хоорондох харилцаа дууссаны дараа Д.Оюунцэцэг нь бензин оруулж ирж гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварт өгөх ёстой төлбөрийг Ж.С ээр төлүүлсэн. Өөрөөр хэлбэл Ж.С ийн Хадгаламж зээлийн хоршоонд төлөх ёстой төлбөрийг Си М Си ХЗХ-ны захирал Д.Оюунцэцэг өөрийнхөө хувийн дансанд шилжүүлж авсан.

2007 онд Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой эрүүгийн хэрэг үүссэн. Ингэхдээ иргэний хариуцагчаар Ж.С ийг тогтоож, 166,975,050 төгрөг, 91,680 ам.доллар гаргуулахаар шүүхийн тогтоолд заасан. Гэхдээ 2019 онд гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Үндсэн төлбөрт төлөгдсөн 53,000,000 төгрөгийг эрүүгийн журмаар хянуулах гэтэл гомдлыг буцаасан, иргэний журмаар ч хэргийг шийдвэрлээгүй, шинжээчийн дүгнэлтэд тооцуулаагүй. Лаки номадос ХХК руу шилжүүлсэн 32,000,000 төгрөгийг захирлынх нь данс руу шилжүүлсэн нь тодорхой байдаг. Үлдэх 21,000,000 төгрөг нь Хадгаламж зээлийн хоршоонд бэлэн мөнгө тушаасан кассын орлогын ордер баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч зээлийн өр төлбөрт Хадгаламж зээлийн хоршоонд мөнгө тушаасан гэдэг нь тодорхой. Гэтэл эрүүгийн журам болон шинжээчийн дүгнэлтээр 21,000,000 төгрөгийн утгыг тодорхой бичээгүй гэх үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй юм.

Хадгаламж зээлийн хоршооны захирал эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа Ж.С  нь 17,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийг надад өгсөн нь үнэн гэх мэдүүлгийг өгсөн байсан. Д.Оюунцэцэг нь зээлийн өр төлбөрт авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад эрүүгийн журмаар шийдвэрлээгүй нь шударга бус юм. Одоо хадгаламж зээлийн хоршоо татан буугдсан. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлье гэхээр татгалзсан” гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч Ж.С  нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар удаа манай байгууллагад хандаж байсан. Шийтгэх тогтоол гарахаас өмнө төлбөрийг төлж байсан баримт байгаа гэж хэлдэг. Гэхдээ шийтгэх тогтоол гарахаас өмнөх үеийн баримт учраас манайд ямар ч хамааралгүй. Шийтгэх тогтоолыг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1170 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь харагдана. Иймд манай байгууллагад төлбөрийг төлсөн гэх дүгнэлт гаргах эрх байхгүй учраас төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.С  нь хариуцагч Б Х З Х Т Б А А  нд холбогдуулан Си М Си ХЗХ-ны төлбөрийн тооцоонд Ж.С  53,256,813 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, Ж.С ийн Си М Си ХЗХ-нд төлсөн 53,256,813 төгрөгийг тус хоршооны бусдад төлөх төлбөрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах, Ж.С ийн гадаадад зорчих эрхийг хязгаарласан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/2788 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б Х З Х Т Б А А   нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар шийтгэл тогтоолоор Ж.С ээс 104,661 ам доллар,  124,860,753 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Уг шийтгэх тогтоолд хийсэн тооцоолол зөрүүтэй байсан тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1170 дугаар захирамжаар Ж.С ийн төлөх төлбөр болох 166,957,050 төгрөг, 91,680 ам доллараас төлсөн 125,971,800 төгрөг, 65,537 долларыг тус тус хасч 40,985,250 төгрөг, 22,143 ам долларыг гаргуулах нь зүйтэй гэж зөвтгөсүгэй гэж тус тус шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь “Си М Си ХЗХ-д төлөх зорилгоор 53,256,813 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1170 дугаар захирамжид оруулан тооцоогүй тул уг төлбөрийг хасч тооцож, төлснийг тогтоож өгнө үү” гэж, хариуцагч нь “Ж.С  удаа дараа уг гомдлыг гаргадаг бөгөөд бид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээс бус шийдвэрт заасан мөнгөний хэмжээг өөрчлөх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна” гэж тус тус тайлбарласан.

 

Ж.С  нь төлсөн гэх 53,256,813 төгрөгийн гүйлгээнээс Лаки Номадс ХХК-д 32,256,813 төгрөгийн гүйлгээг төлөлт гэж үзэх боломжгүй, харин Си М Си хадгаламж зээлийн хоршооны бэлэн мөнгөний  орлогын баримттай орлого тушаагч гэсэн гүйлгээний утга тодорхойгүй 21,000,000 төгрөгийн гүйлгээг зээл төлөлт эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 79 дүгээр шинжээчийн дүгнэлтэд дурджээ. /хх-ийн 166-168 дахь тал/

 

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32,256,813 төгрөгийг Лаки номадс ХХК-д төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул Си М Си хадгаламж зээлийн хоршооны хохиролд оруулан тооцох боломжгүй байна.

 

Харин, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1170 дугаар захирамжид оруулан тооцоогүй боловч Си М Си хадгаламж зээлийн хоршоонд төлсөн 21,000,000 төгрөгийг Си М Си хадгаламж зээлийн хоршооны хохиролд төлсөн гэж үзэж төлөх төлбөрөөс хасч тооцох нь шударга ёсонд нийцнэ.

 

Иймд, Ж.С ийн Си М Си хадгаламж зээлийн хоршооны хохиролд төлөх төлбөрөөс 21,000,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоож, нийт төлбөрөөс хасч тооцохыг  хариуцагч Б Х З Х Т Б А А  нд даалгаж, бусдад төлсөн гэх  32,256,813 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 544 дүгээр тогтоолоор Төлбөр төлөгч Ж.С ийн тогтоолоор гадаадад зорчих эрхийг хязгаарлажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь нийт 67,481,379 төгрөгийн төлбөртэй бөгөөд үүнээс шүүх 21,000,000 төгрөгийг төлсөнд тооцсон тул 46,481,379 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзнэ.

Иймд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан тавин сая төгрөгөөс дээш төлбөртэй гэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байх тул Ж.С ийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д  зааснаар Ж.С ийн Си М Си хадгаламж зээлийн хоршооны хохиролд төлөх төлбөрөөс 21,000,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоож, нийт төлбөрөөс хасч тооцохыг хариуцагч Б Х З Х Т Б А А  нд даалгах, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 544 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч Ж.С ийн тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 32,256,813 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХБАЯР