| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0326/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/339 |
| Огноо | 2024-07-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2024/0326/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
улсын яллагч Г.Уянга,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2418000000491 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2024 оны 07 сарын 26-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт************** , (РД:******* ),******* -ны өдөр******* суманд төрсөн,******* , эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой,******* мэргэжилтэй, ****** дүгээр анги ****** хэсэгт******* ажилтай, , эх дүү нарын хамт******* сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний
үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 07 дугаар сарын 09-ны оройн 00 цагийн үед ****** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож******* сумын багийн нутаг дэвсгэр хүртэл замын хөдөлгөөнд оролцсон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай “...******* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Д.Жанцанноров нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин Шарын гол сумын багт 1.89 хувийн согтолттойгоор 26-50 УЕВ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 00:20 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...******* сумын Хайрхан баг Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ертөнцийн зүгээр зүүн хойд ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон байх улсын дугаартай маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр уг тээврийн хэрэгсэл нь хар өнгийн гадна өнгө үзэмж хэвийн, ямар нэгэн эвдэрч хонхойсон гэх зүйлгүй тээврийн хэрэгсэл байлаа. Үзлэгээр тээврийн хэрэгслийн гэрэл дохио бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай, хоёр талын толь болон гол хэсгийн толь хэвийн байв. Үзлэгийг дотор буюу зорчих хэсэгт хар саарал өнгийн суудлын бүрээстэй, хамгаалах бүс хэвийн ажиллагаатай, урд үзлэг хийхэд 218680 ком зайтай байв. Уг тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйд үзлэг хийхэд 215х55 RX17 размерын хээний гүн 0,3 мм байв. .... ” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5-7 дахь тал),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “...*******гийн******* , .... 1.89% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дахь тал),
*******ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан сумаас манай найз ирсэн. Бид хоёр уулзаад 2.5 литрийн савлагаатай пиво хоёр ширхгийг уусан. Тухайн үед би өөрийнхөө ****** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд пиво уучихсан байсан болохоор өөр хүнээр машин бариулах гээд дуудсан чинь төв зам руугаа гараад ир гэж хэлсэн. Машин бариад Шаазгайтаас төв зам руу жолоодон явж байтал замын цагдаад саатуулагдсан юм. Тэгээд согтуурал шалгах багажаар шалгаж үзэхэд 1.89 хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 19 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН