Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2025/00065

 

Ч.Мийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05383 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2025/00124 дүгээр магадлалтай,

Ч.Мийн нэхэмжлэлтэй

МОХНН УБТЗд холбогдох

МОХНН УБТЗын даргын 2024.01.15-ны өдрийн Б/2/12  тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч МОХНН УБТЗд холбогдуулан МОХНН УБТЗын даргын 2024.01.15-ны өдрийн Б/2/12  тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05383 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мийн нэхэмжлэлтэй хариуцагч МОХНН УБТЗд холбогдох 2024.01.15-ны өдрийн Б/2/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2025/00124 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус заасныг баримтлан Ч.Мийг урьд эрхэлж байсан МОХНН УБТЗын Аялал жуулчлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23,889,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах байдлаар хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ... эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй боловч гагцхүү ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх учиртай “ гэж дүгнэсэн ба 4 дэх хэсэгт Нийгэмлэгийн ёс зүйн хорооны 24/02 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг  баримтаар нотлоогүй байхад ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ” гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтыг бүрэн судлаагүй, нотлох баримтыг үнэлээгүйтэй холбоотой байна. Хэрэгт нэхэмжлэгч Ч.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан ба тус гэрээний 5 дугаар хэсэгт ямар зөрчлийг зөрчилд тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд 5.3.11-т “...ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, сэтгэл зүйн дарамт ... үзүүлсэн болох нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор” талууд тохирсон байгааг огт үнэлэлгүй орхигдуулсан. Хэрэгт авагдсан ёс зүйн хорооны 2024.01.08-ны өдрийн 24/02 дүгнэлт, хурлын тэмдэглэл, гомдол гаргасан ажилтнуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Ч.Мийн өөрийнх нь 2024.01.05-ны өдөр гомдолд холбогдуулан гаргасан хариу тайлбараар ёс зүйн зөрчил гаргасан үйл баримт нотлогдсоор байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх шаардлагыг хангаагүй.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тодорхойлж, нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Ингэхдээ нэхэмжлэгч ёс зүйн хорооны дүгнэлттэй холбоотой шаардлага гаргаагүй, харин тушаал хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж ёс зүйн хорооны дүгнэлт үндэслэл муутай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл ёс зүйн хорооны дүгнэлттэй маргадаггүй, энэ талаар шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс ёс зүйн хорооны дүгнэлтийг үгүйсгэн нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргаагүй, энэ талаар нотлох баримтгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Ч.М нь шүүх хуралдаанд ажиллагсадтайгаа харилцахдаа ёс зүйн зөрчилтэй холбоотой үйлдлийг гаргасан талаараа тайлбарласан, энэ талаар ёс зүйн хорооны тэмдэглэлд тусгагдсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нь баримтаар нотлоогүй гэж буруу дүгнэсэн. Дээр дурдсан ёс зүйн зөрчил нь тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.3.11, 5.3.12-д заасан ноцтой зөрчилд хамаарахаар тодорхой заасан байхад хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрыг хэднээс хэдний хооронд хэдэн төгрөгийг ямар тооцооллыг үндэслэн нэхэмжилж байгаа баримтыг гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт байхгүй баримтыг үндэслэн нэг өдрийн цалинг 110,645 төгрөгөөр тооцон 23,899,320 төгрөгийг олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрыг хөдөлмөрийн гэрээнд заагдсан цалингийн хэмжээгээр тооцсон байх ба хөдөлмөрийн гэрээнд заасан цалингийн хэмжээгээр шаардаагүй байхад хэргийн оролцогчийн диспозитив зарчмыг зөрчин энэ талаар мэтгэлцээн өрнөөгүй байхад шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцох байтал шүүх өөрийн санаачилгаар буруу тооцож ямар журмыг үндэслэн тооцсоноо тайлбарласангүй.

​​​​​​​4. Магадлалын тогтоох хэсгийн 2-оор улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан зохицуулалтыг орхигдуулсан.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2025/00124 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2025/00289 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч “УБТЗ” МОХНН-д холбогдуулан “УБТЗ” МОХНН-ийн даргын 2024.01.15-ны өдрийн Б/2/12  тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... ажлын байранд бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, зүй бус хэллэг хэрэглэсэн, доромжилсон, айлган сүрдүүлсэн, ажилтны ёс зүйн хэм хэмжээг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн, ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн ялгаварлан гадуурхсан гэх зөрчил нь баримтаар болон эрх бүхий этгээдийн шийдвэр тогтоолоор тогтоогдоогүй, өргөдөл гомдлыг нягтлан шалгах ажиллагаа хийхгүй шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.” гэж тодорхойлсон.

7. Хариуцагч “УБТЗ” МОХНН нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Нэхэмжлэгч хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн оронд ажилчдаа нас, ажил мэргэжил, эрүүл мэндээр нь гадуурхах, доромжлох, дээрэлхэх үйлдлийг гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон. Түүний удирдлагад ажилладаг 5 ажилтан гомдол гаргасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлтэй ...” гэж тодорхойлсон.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Нэхэмжлэгч Ч.Мийг Аялал жуулчлалын төвийн даргын үүргийг гүйцэтгэх явцад ажилтан Ч.С, Ш.А, Х.С, Х.М, Л.Г  нартай зүй бус харьцсан гэх агуулгаар гомдол гаргасныг 2024.01.08-ны өдөр ёс зүйн хороо хуралдаж 24/02 дугаартай дүгнэлт гаргасан байна.   Ч.М нь ажилчдыг нас, хүйсээр ялгаварлан гадуурхах, хувь хүний нууц, эрүүл мэндийн байдалтай холбоотой доромжлох, тэтгэвэрт гарах өргөдлөө өгөхийг шаардах, ахмад ажилтнуудаа үл хүндэтгэх, өөрийнхөө гар утасны камерыг асааж ажилтныг камер руу харж ярихыг шаардах, ажилтны ашиглаж байгаа техник хэрэгслийг булаан авах, нийт ажилчдыг өрөөндөө камер байршуулж хянаж ажиллана гэж сүрдүүлсэн үйл баримт нотлогдсон. Иймд Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1-5.3.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.9, 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар ноцтой зөрчилд тооцож, ажлаас халах шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй. ...” гэж дүгнэсэн.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан Ч.Мийг урьд эрхэлж байсан “УБТЗ” МОХНН-ийн Аялал жуулчлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23,889,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... Нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь маргааны зүйл болсон. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. “УБТЗ” МОХНН” ХХК-ийн Ёс зүйн хорооны 2024.01.08-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд нэр бүхий ажилтнуудаас гаргасан гомдолд дурдсан ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон баримтгүй байхад ажилтнуудын гомдлыг үндэслэн нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангана. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь сүүлийн сарын цалин хөлсний талаарх баримтыг өгөөгүй учир хөдөлмөрийн гэрээнд заасан 1 сарын цалин 2,323,550 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтооно. ...” гэж дүгнэсэн.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж нар хяналтын журмаар гомдол гаргасан боловч нэхэмжлэгч болон хариуцагч нар 2025.03.18-ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулжээ. Дээрх эвлэрлийн гэрээнд 2025.03.31-ний өдөр талууд нэмэлт заалт оруулж шинэчлэн байгуулсан хэдий ч хяналтын шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2025.03.18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул энэ гэрээний хүрээнд талуудын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

11.Эвлэрлийн гэрээнд “...Хариуцагч “УБТЗ” МОХНН нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу 23,889,320 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Мд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилт хийж баталгаажуулах, нэхэмжлэгч Ч.М нь “УБТЗ” МОХННийн даргын 2024.01.15-ны өдрийн Б/2/12 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзах үүргийг хүлээхээр талууд харилцан тохиролцов” гэжээ.

12.Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж нэхэмжлэгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж нар гарын үсэг зурсан байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж нарт хариуцагч “УБТЗ” МОХННийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.Хээс олгосон 2024.04.18-ны өдрийн №10/1382 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн бүх эрхийг олгожээ.

13.Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар заасан.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасны дагуу эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05383 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2025/00124 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.М нь “УБТЗ” МОХНН-ийн даргын 2024.01.15-ны өдрийн Б/2/12 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагч “УБТЗ” МОХНН нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 23,889,320 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Мд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилт хийж баталгаажуулахаар тус тус талууд харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч МОХНН УБТЗ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.02.04-ний өдөр 277,447 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                     ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД