Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2018/0692

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 7 746 460 төгрөгийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: Би Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар тус газрын даргаар томилогдсон, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдоод эрхэлсэн ажил албандаа үнэнч шударгаар хандаж, сэтгэл зүрхээ зориулан зүтгэж, ямар нэгэн сахилгын болон захиргааны зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан боловч Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 542 дугаартай албан бичгээр хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл боллоо.

Нийслэлийн Засаг дарга 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/35 дугаар захирамжийнхаа үндэслэлийг 3 үндсэн хэсэг болгон авч үзэх замаар намайг буруутгасан байна. Гэтэл эдгээр үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т тус тус заасантай дараах байдлаар нийцэхгүй ба харин ч дээр дурдсан хуулиудын тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал:

Захирамжийн 1.1-т заасан үндэслэлийн тухайд: Нийслэлийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаартай захирамжаар Нийслэлийн хүрээний байгууллагын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Энэ захирамжийн хавсралтын 22-т Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэрийг, орон тооны хязгаартай нь тусгагдсан байгаа. Миний бие энэ хязгаарын хүрээнд 2016 оны 10 сарын 27-ны өдөр А/46 дугаартай тушаалаар 3 хэлтэс, 35 орон тоотойгоор бүтцийг баталсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн асуудал юм. Харин Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2 дахь хэсэг заасантай тус тус нийцэхгүй байгааг харж болно. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аль ч хууль, тогтоомжоор Нийслэлийн Засаг даргад харьяа байгууллагынхаа бүтцийг батлах эрх олгогдоогүй болно. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан бөгөөд хуульд нийцээгүй шийдвэрийг заавал дагаж биелүүлэх үүрэггүй юм. Түүнийг нь биелүүлээгүй гэж ажлаас халах үндэслэл бүр ч болохгүй болно.

Захирамжийн 1.2-т заасан үндэслэлийн тухайд: Сангийн яамнаас хийсэн шалгалтын хүрээнд тодорхой зөрчил дутагдал илэрсэн гэсэн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад зөвлөсөн шинжтэй албан бичиг ирсэн байдаг. Энэ албан бичиг 2017 оны 8 сарын 14-ний өдрийн огноотойгоор тус байгууллагад ирснээр 8 сарын 17-ний өдрийн А/117 дугаартай тушаалаар ажлын хэсгийг байгуулж, 2017 оны 9 сарын 8-ны өдрийн 01/1507 дугаартай албан бичгээр Сангийн яаманд тайлбар мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга захирамждаа зөрчил арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, тайлагнах талаар санаачлагатай ажиллаагүй гэж үзсэн нь бодит байдалтай нийцээгүй байна.

Захирамжийн 1.3-т заасан үндэслэлийн талаар: Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн хүрээний байгууллагуудад 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсэг тус байгууллагад ажилласан ба уг ажлын хэсгийн дүгнэлт 2018 оны 02 сарын 01-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд 2 сарын 2-ны өдөр гарсан нь тус байгууллагад албан ёсоор ирсэн. Ажлын хэсэг тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааг үнэлээд “Хангалттай” үнэлгээ өгсөн нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажлын хэсгийн бүх гишүүдийн гарын үсэг зурсан дүгнэлтээр тус тус тогтоогддог. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга С.О нь намайг удаа дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж тулгаж байсныхаа дараа буюу 2018 оны 2 сарын 28-ны өдрийн 03/742 дугаартай албан бичгээр “Хангалтгүй” гэж залруулж байна гэж бичиг ирүүлснийгээ төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэл болгосон нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр батлагдсан үнэлгээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга ганцаараа дур мэдэн өөрчилсөн нь хууль бус болно.

Түүнчлэн захирамж гарах үед миний бие нь өвчний учир эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсан бөгөөд өвчтэй ажилтныг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг зөрчсөн ба Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагааг заавал хийх, тайлбар, санал хэлэх боломжийг олгоогүй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Б нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар баталсан байгууллагын бүтэц, орон тоог дур мэдэн өөрчилж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан үүргээ зөрчсөн, тендер шалгаруулалтын төсөвт өртгийг дотор нь хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт зохион байгуулсан, ...баримт бичиг шаардлагад нийцээгүй буюу хууль журмын дагуу шалгарах боломжгүй тендер ирүүлснийг үнэлж шалгаруулдаг, мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлж боловсруулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн...гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлдэггүй, цахим системд дүнг бүрэн оруулдаггүй, худалдан авах ажиллагааны хавтаст хэргийг хуульд заасны дагуу архивын нэгж болгон бүрдүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 6-1/4792 болон Сангийн сайд Ч.Хын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6-1/703 дугаар албан бичгүүдээр тогтоогдсон.

Иймд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 4.1, 13.1.1, 13.1.3, Төсвийн тухай хуулийн 14.2.12 дахь заалтыг тус тус зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-т заасан “Удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзээд ажлаас нь халсан болно.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар батлагдсан үнэлгээг дур мэдэн өөрчилсөн гэх тухайд: ...Ажлын хэсгээс тус байгууллагын 2017 оны үйл ажиллагаанд гишүүдийн өгсөн нийлбэр дүнг хуваах ёстой үзүүлэлтийг хасч, зөвхөн оноо авсан үзүүлэлтүүдэд нийлбэр дүнг хувааж үнэлгээг гаргасан нь буруу байсан тул нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/742 дугаар албан бичгээр залруулж мэдэгдсэн.

Өвчний учир эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсан бөгөөд өвчтэй ажилтныг ажлаас халсан нь Хөдөлмөрийн хуулийн 35.1.3-т заасныг зөрчсөн гэх тухайд: Э.Б өвчтэй байгаа тухайгаа өөрийн удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, чөлөө аваагүй, эмнэлгийн магадалгааг Нийслэлийн Засаг даргад ирүүлээгүй тул түүнийг өвчтэй байсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/252 дугаар журмаар баталсан бөгөөд журмын дагуу Э.Б нь “өвчтэй байсан” гэх хугацаандаа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ирсэн албан бичгийг хүлээн авч цохолт хийж, холбогдох албан хаагчид шилжүүлж байсан байна. Үүнээс үзвэл Э.Бг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй өвчтэй байсан гэж үзэж түүний ажлын байрыг хадгалах хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/409 дүгээр захирамжаар баталсан “Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын Удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралт эдлэх, чөлөө авах журам”-ын дагуу Э.Б нь өвчтэй гэдгээ мэдэгдэж, чөлөө авах үүрэгтэй боловч мэдэгдэлгүйгээр өвчтэй гэх шалтгаанаар олон хоног ажил тасалж байсныг Ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүн тус газарт очиж ажил хүлээлцэх үед мэдсэн болно.

 Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан шийдвэр гаргах ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэх тухайд: Э.Бгийн ажил хэргийн үйл ажиллагааны доголдолтой байдлын талаар өөрт нь мэдэгдэж ажлаас нь чөлөөлөх болсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга С.О, Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нарыг байлцуулж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3- т заасны дагуу биечлэн уулзаж сонсгох ажиллагааг хийсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Э.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Б тус шүүхэд хандаж  “...“Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 7 746 460 төгрөгийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Э.Б нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/23 тоот захирамжаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон байх ба  түүнийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот “Ажлаас халах тухай” захирамжаар дээр дурдсан албан тушаалаас чөлөөлсөн байна.

Нийслэлийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот захирамж гаргахдаа нэхэмжлэгч Э.Бг дараахь үндэслэлүүдээр буруутгажээ. Үүнд:

1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар баталсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулалтын бүтцийг дур мэдэн өөрчилсөн нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т  заасныг зөрчсөн

2.  Сангийн яамнаас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоосон тендер шалгаруулалтын төсөвт өртгийг дотор нь хувааж, хэд хэдэн тендер шалгаруулалт зохион байгуулсан “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулсан компаниудын баримт бичиг шаардлагад нийцээгүй буюу хууль журмын дагуу шалгарах боломжгүй тендер ирүүлснийг үнэлж шалгаруулсан, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлдэггүй, цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг бүрэн оруулдаггүй, худалдан авах ажиллагааны хавтаст хэргийг хуульд заасны дагуу архивын нэгж болгон бүрдүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, тайлагнах талаар санаачлагатай ажиллаагүй

3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэн боловсруулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэсэн үндэслэл дурдсан байна.

Түүнчлэн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 14.2.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 “...өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах” 13.1.4 “...харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн заалтуудыг үндэслэжээ.

Нэг: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар баталсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулалтын бүтцийг дур мэдэн өөрчилсөн” гэх зөрчлийн тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан байх ба уг захирамжийн хавсралтын 22-т Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийг 4 хэлтэс, 35 хүртэл орон тоотой /үүнээс дарга орлогч/ байхаар тусгажээ.

Дээрхи захирамжийг үндэслэн гарсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 сарын 27-ны өдөр А/46 дугаар бүхий “Газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” тушаалаар Захиргаа-санхүүгийн хэлтэс, хууль-хяналтын хэлтэс, худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс гэсэн 3 хэлтэстэй, нийт 35 орон тоотой байхаар тогтоосон нь Нийслэлийн Засаг даргын А/635 дугаар захирамжийг зөрчөөгүй байна.  Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргаас тогтоосон хэлтсийн тоог 4 биш 3 байхаар тогтоосон хэдий ч энэ нь ажилтнуудын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хийгдсэн байх бөгөөд нөгөө талаар Нийслэлийн засаг даргаас тогтоож өгсөн тухайн байгууллагын орон тооны дээд хязгаараас хэтрүүлээгүй байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасантай нийцсэн, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд уг хуулийн 14.2 дугаар зүйлийн 14.2.12-т заасан үйл ажиллагааг явуулах тухайлбал, нэхэмжлэгчээс байгууллагын орон тооны дээд хязгаарт нийцүүлэн 3 хэлтэстэй байхаар тогтоосон нь дээрхи хуульд заасан түүний бүрэн эрхэд хамаарч байна гэж шүүх дүгнэв.

Нийслэлийн Засаг дарга 2016 оны А/635 тоот “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх эрхлэх асуудлын зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарны 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 08 дугаар тогтоолыг үндэслэсэн боловч тус агентлагт орлогч дарга-1 байхаар баталсан нь Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолыг зөрчсөн болохыг  “Нийслэл дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Нөгөө талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 сарын 27-ны өдөр А/46 дугаар бүхий “Газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” тушаал батлагдан мөрдөгдсөнөөс хойш бүтэн 2 жилийн дараа уг тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг хариуцагч зөрчсөн байна.

Хоёр. “Сангийн яамнаас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоосон .... зөрчлүүдийг арилгах талаар тодорхой арга хэмжээ  авч, тайлагнах талаар санаачилгатай ажиллаагүй” гэх зөрчлийн тухайд:

Монгол Улсын Сангийн яамнаас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2016-2017 онд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан бөайдалд үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалт хийжээ.

Энэ шалгалтын тухай танилцуулгын Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт гэх хэсэгт “хяналт шалгалтын үр дүнг үндэслэн тус газрын 2017 оны үйл ажиллагаанд...дараахь үүрэг даалгаврыг өгч байна” гээд 1-5 зүйлийг жагсаасны дээр хариуцлага тооцох тухай хэсэгт “...тендер шалгаруулалтын журмыг сонгох болон тендерийн үнэлгээ хийхдээ хууль зөрчсөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын холбогдох этгээдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэх” гэж дурдсан байна.  

Дээрхи хяналт шалгалтын танилцуулгыг Сангийн яамны 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 61/4791 дугаар албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Бд хүргүүлж, “хяналт шалгалтын танилцуулгад  дурдагдсан нэр бүхий төсөл, арга хэмжээнүүдийн тендерийн үнэлгээг хууль зөрчин хийсэн болон тендер шалгаруулалтын журмыг буруу сонгосон үнэлгээний хорооны гишүүдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэж ажиллана уу” гэжээ.

Уг танилцуулгын дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/117 дугаар тушаалаар “Сангийн яамнаас 2016-2017 онд зохион байгуулсан тендер шалгаруулалтад хяналт шалгалт хийсэн дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон Нийслэл дэх төрийн аудитын газраас 2015-2016 оны зарим чиг үүргийн хэрэгжилтэд аудит хийсэн дүгнэлт, зөвлөмжөөр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, хариу мэдэгдэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан байна.

Түүнчлэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Бгийн гарын үсэг бүхий 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1507 тоот албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж, түүний хавсралтаар зөрчил дүгнэлттэй холбоотой мэдээлэл-33 хуудас, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал-1 хуудас материалыг хавсаргажээ.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Гаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/2785 дугаар “гомдол хянасан тухай” албан бичгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байх ба хариуцагч уг албан бичиг болон Сангийн сайд Ч.Хаас Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн “Худалдан авах ажиллагааны тухай” албан бичгийг тус тус үндэслэн “тендер шалгаруулалтын төсөвт өртгийг дотор нь хувааж хэд хэдэн тендер шалгаруулсан...”хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулсан компаниудын баримт бичиг шаардлагад нийцээгүй байхад гэрээ байгуулсан, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

Нийслэлийн Засаг даргаас 2016 онд 90,199.01 сая төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 106 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт олгосон, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийт ажлын 30 хувийг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулсан,  энэ үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 63/37 дугаар зөвлөмжийг үндэслэн хийгдсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар захиалагч үнэлгээний хороо байгуулах эрхтэй боловч мөн зүйлийн 47.2.2-т зааснаар үнэлгээний хороо нь “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” чиг үүрэгтэй төдийгүй “Үнэлгээний хорооны шийдвэрийг ...захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж зааснаас үзвэл Худалдан авах ажиллагааны даргын хувьд үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Гурав. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэн боловсруулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Хэрэгт нотлох баримтаар авагдсан худалдан авах ажиллагааг тайлагнах журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “2018 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг”-нөөс үзвэл уг төлөвлөгөөг Нийслэлийн засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б баталж улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/4320 дугаар албан бичгээр Монгол улсын Сангийн яаманд хүргүүлсэн байх тул уг төлөвлөгөөг боловсруулах үүргээ “хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлгүй, хангалтгүй гэж үзсэн тохиолдолд нотлох баримтаар хангалттай тогтоогдох учиртай атал хариуцагч үүнийг хангалттай тогтоогоогүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүн шалган зааварлах ажлын танилцуулгыг хэлэлцэн нэхэмжлэгч Э.Бгийн хариуцан ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны газрын ажлын үр дүнг “хангалттай” гэж дүгнэсэн нь уг хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Гэтэл үүнээс хойш Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга С.О 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/742 дугаар албан бичгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхдээ “...дээрх ажлын хэсгийн үнэлгээгээр танай байгууллагын үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэсэн боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/429 дүгээр албан бичгээр танай байгууллагад мэдэгдэхдээ “хангалттай” гэсэн нь алдаатай байх тул үүгээр хангалтгүй гэж залруулж байна...ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээг хавсралтаар хүргүүлэв” гэжээ.

Уг албан бичиг болон түүний хавсралт болох “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 2017 оны үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ”-нд тухайн үнэлгээг гаргасан этгээдүүдийн гарын үсэг зурагдаагүй, ямар учраас уг үнэлгээг өөрчлөх болсон үндэслэл нь тодорхойгүй зэргээс өмнө гарсан, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцэн “хангалттай” гэж дүгнэсэн үнэлгээг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын үйл ажиллагааны талаархи “хангалттай” гэсэн үнэлгээг “хангалтгүй” гэж залруулахдаа ямар үндэслэл, нотлох баримт шалгуураар ийнхүү “хангалтгүй” гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д  заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” Захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Э.Б нь дурдсан хугацаанд өвчний учир эмнэлгийн чөлөөтэй байсан гэх боловч энэ тухай эмнэлгийн магадалгааг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн нь тогтоогдоогүй, нөгөө талаар хариуцагч захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгч Э.Бг ажил тасалсан гэх үндэслэлээр чөлөөлөөгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч, Э.Бг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэсэн хэдий ч Э.Б нь удаа дараа /2 ба түүнээс дээш удаа/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Э.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот “Ажлаас халах тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Бг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7 400 000 төгрөгийг гаргуулж, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутган дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, Э.Бг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7 400 000 төгрөгийг гаргуулж, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутган дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН