Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 34

 

И.Шид холбогдох эрүүгийн 

 хэргийн тухай

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                         Б.Б

Яллагдагчийн өмгөөлөгч                                В.У

Яллагдагч                                                        И.Ш

Нарийн бичгийн дарга    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн И.Шид холбогдох 2012000200091 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Цагаан ус гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, И.Ш 

Яллагдагч И.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 20-21-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газраас иргэн Н.Гийн 1 тооны гүүг хулгайлж 1.800.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас И.Шид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар И.Шид холбогдох эрүүгийн хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. 

Яллагдагч И.Шийг 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газраас иргэн Н.Гийн 1 тооны гүүг хулгайлж 1.800.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. 

Яллагдагч И.Шийн үйлдлийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлэх нь эргэлзээтэй байгаа учир тухайн үйлдлийг шалгуулах шаардлагатай байна. 

Гэрч Ж.Г-ын өгсөн:”.. Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр нэртэй дэлгүүр дээрээ байхад 13 цагийн үед Ш гэдэг хүн адууны мах авах уу гэж асууж ирсэн. Тэр хүн хэлэхдээ өглөө адуун дээрээ очиход манай нэг гүү унагалж чадахгүй, сав нь гарсан байхаар нь малын эмч У-аас манай эхнэр асуусан чинь эмчилж болохгүй гээд байхаар нь төхөөрөөд аваал ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тэр махыг 1 кг нь 3800 төгрөгөөр тооцож нийт 147 кг мах худалдаж авсан..” гэх мэдүүлэг /хх-45-47 дугаар хуудас/, гэрч Б.Ч-ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сард өдрийг нь хэдний өдөр байсныг санахгүй байна. 12 дугаар сарын дундуур байх ямар ч байсан ажлын өдөр байсан. Урд өдөр нь Ш бид хоёр малд явж байгаад таарахад нэг гүү хээл хаяад сав нь гарчихсан байна. Маргааш нядлахад ирээрэй гэж хэлсэн. Би тэгье гээд явсан. Би гэртээ ганцаараа байсан болохоор өглөө босоод хонио гаргачхаад 10 цагийн үед Шийн гэрт очиход Ш гэртээ ганцаараа байсан. Би Шийн гэрийнх нь баруун талд сав нь гарчихсан байсан гүүг хөтөлж аваачаад Ш бөөрөнхий мяндсаар баглаж унагаагаад сүхээр цохиж алаад янзалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/, гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна. 

Иймд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр багийн малын эмч У руу И.Ш болон түүний эхнэр Ө.П нар утсаар манай гүүний сав гарсан байна эмчилж болох уу гэж ярьсан зөвлөгөө авсан эсэхийг тодруулахаар малын эмч Урансайханаас гэрчээр мэдүүлэг авах, мөн гэрч Б.Ч, Ө.П нараас тухайн гүүг хаанаас хэн тууж ирсэн гүүний сав гарсан байсан эсэх, гэрч Ө.П нь малын эмч У-тай манай гүү сав нь гарсан байна эмчлэгдэх боломжтой эсэхийг лавлаж утсаар ярьсан эсэхийг тодруулж дахин гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. 

Шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шатанд гаргаж болох хэдий ч хэргийг нэгэнт прокурорт буцааж байгаа учир мал зүйч Ё.Д-ын гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна гэж үзлээ. Учир нь мал зүйч Ё.Д-ын дүгнэлтэд: шинжилгээнд ирсэн 1 толгойн зурагт үзлэг хийхэд зөв талын хамрын дээд угалзнаас гадагш 1.5см орчмын зайд эгц дээшээ чиглэсэн хайчилсан им тэмдэгтэй, хээр зүстэй, толгойны хэлбэрээр авч үзэхэд нас гүйцсэн адууны толгой байсан  гэсэн нь ямар шинж тэмдгээр эсхүл шүдээр нь нас нийлсэн гэж дүгнэж байгаа нь эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж, дахин дүгнэлт гаргах нь зүйтэй байна. 

Иймд И.Шид  холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаах үндэслэлтэй байна гээд 

Яллагдагч И.Шид холбогдох 2012000200091 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч И.Шид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, яллагдагч И.Шийн эзэмшлийн Мустанг-5 маркийн ногоон өнгийн мотоциклийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн  болохыг дурдаж, Захирамжийг эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичих, яллагдагч, түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/605 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч И.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 20-21-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газраас иргэн Н.Гийн 1 тооны гүүг хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч И.Шийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч И.Шид холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр багийн малын эмч н.У руу И.Ш болон түүний эхнэр Ө.П нар утсаар манай гүүний сав гарсан байна, эмчилж болох уу гэж ярьсан, зөвлөгөө авсан эсэхийг тодруулахаар малын эмч н.У-аас гэрчээр мэдүүлэг авах, мөн гэрч Б.Ч, Ө.П нараас тухайн гүүг хаанаас хэн тууж ирсэн, гүүний сав гарсан байсан эсэх, эмчлэх боломжтой эсэхийг лавлаж утсаар ярьсан эсэхийг гүйцэтгэх боломжгүй, мөн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар И.Ш нь 1 тооны адуу хулгайлж зарсан болох нь хохирогч Н.Гийн “... Адуугаа цагдаад бүртгүүлж, цагдаагийн газраас зах руу орсон малын гарал үүсэл, толгойн зургийг шүүж байгаад хулгайд алдсан улаан хээр зүсмийн гүүнийхээ толгойн зургийг олсон. Хэн зарсан талаар цагдаагаас асуухад Цагаан ус гэх газар оршин сууж байгаа Ивановын Ш  зарсан гэж хэлсэн бөгөөд багийн даргын тодорхойлолтыг хавсаргасан байсан. Би гүүнийхээ толгойн зургийг юугаар нь таньж байгаа талаараа хэлсэн. Би ерөнхий төрхөөр нь таньж байна. Мөн хоёр хамар нь сэтэрхий, хамрын дээд хэсгийг бага зэрэг хойш нь хайчилж сэтэлсэн байсан. Одоо манай гадаа байгаа адуунууд бүгд ийм тэмдэгтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 33-35 дугаар хуудас/, гэрч Ж.А-ийн “... Толгойн зургийг хараад танина. Манайхтай айл саахалт нутагладаг болохоор би хулгайд алдсан улаан хээр зүсмийн гүүг сайн танина. Бага насны адуу байхаас нь эхлэн мэднэ. Хамар нь сэтэрхий тавьсан тэмдэгтэй байгаа. Дэлтэй байсан. 2019 оны хавар авсан хуучин уртавтар засмал дэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Ж.Г-ын “... 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 00 минутад гэртээ байхад И.Ш ирээд нэг адууны мах зармаар байна гэж ярихаар нь өөрийнхөө хашаанд машинтай нь оруулж, махыг худалдаж аваад хамт авч ирсэн адууны толгойн зургийг гар утсаараа өөрөө авсан зураг мөн байна. Ингэж махыг нь худалдаж авахдаа И.Шийн өөрийнх нь зарсан адууны махтай хамт ачиж ирсэн улаан хээр зүсмийн адууны нэг тооны толгойн зургийг өөрийнхөө гар утсаар авсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. И.Шийн бусдын нэг тооны адууг хулгайлсан дээрх гэмт хэрэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээс гадна хохирогчийн өөрийнхөө адууны толгойн зургийг бусад адууны толгойн зураг дундаас таньж олсон байдал, мөн гэрч Ж.А-ийн түүний адууны толгойн зургийг мөн адил таньж олсон байдал, хохирогч Н.Гийн адуун сүрэгт үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдал  зэргээр эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэхээр байна. Хэдийгээр тухайн цаг хугацаанд И.Шийн нэг тооны гүүний сав нь гарч, тухайн гүүг нядалсан нөхцөл байдал үүсэж байж болзошгүй боловч энэ нь түүнийг гэм буруугүй, Н.Гийн адууг хулгайлаагүй гэж үзэх үндэслэл болохгүй буюу түүнийг цагаатгах нотлох баримт биш юм. 

Иймд шүүгчийн захирамжид дурдагдсан гэрч Ө.П-аас дахин мэдүүлэг авах, эмч н.Урансайханаас гэрчийн мэдүүлэг авах нь ач холбогдолгүй байх тул И.Шид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч И.Шид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийн нотлох баримтыг эргэлзээтэй байна гэж дүгнэсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан үндэслэлд н.У-аас гэрчийн мэдүүлэг авхуулахаар дурдсан байна.  Мөн гэрч Б.Ч,  гэрч Ө.П нараас дахин гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй гэж анхан шатнаас үзсэн байна. Прокурорын зүгээс уг шүүгчийн захирамжийн үндэслэлд дурдсан гэрч нараас мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хохирогч Н.Гийн 1 тооны гүүний сав нь гарсан адууг И.Ш гаргасан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Энэхүү тогтоосон нөхцөл байдал нь тухайн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч Н.Гийн улаан хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлаагүй байна гэж үзэх нотлох баримт байхгүй байна. Мөн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч  Ж.А-ийн мэдүүлэг, тухайн адууны толгойг таньж олсон байдал, тухайн хохирогч, шүүгдэгчийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Гийн алдсан гэх улаан хээр зүсмийн 1 тооны адууг нядалж зарсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Малчин хүн өөрийнхөө адуу малыг бусад айлын мал сүргээс ялгахын тулд эм, тамга, тэмдэг тавьж бусад айлын малаас өөрийн өмчлөлийн мал болохоо ялган таньдаг. Шүүгдэгчийн нядалж зарсан гэх адуу нь хохирогчийн яриад байгаа бусдын малаас ялгах гэж тавьсан тамга тэмдэгтэй, зүс таарсан адуу байгаа юм.. Хохирогч өөрөө болон түүнтэй ойр айл саахалт нутагладаг гэрч нар тодорхой таньж мэдүүлээд байхад энэ гэмт хэргийг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй юм. Ялтан И.Шид холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүх хуралдаанд прокуророор оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан гэрч н.Урансайханыг асуулгаж, И.Шийн яриад байгаа өөрийн сав нь гарсан гүүг нядалсан талаар тодруулах ажиллагаа нь хэрэгт шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд  И.Шийн  сав нь гарсан гүүг гаргасан талаар  хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна гэж үзсэн. Тиймээс уг ажиллагааг хийх шаардлагагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэрэгт шаардлагагүй ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй шийдвэр болсон байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Яллагдагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан зүйл дээр хэд хэдэн тайлбар хэлье. Хохирогч Н.Г нь 2019 оны 12 дугаар сард 1 тооны адуу болох малаа алдлаа гэх асуудал яригддаг. Тухайн үед И.Ш өөрийн малаа нядалж борлуулсан байдаг. Мөн багийн Засаг даргаас малын гарал үүслийн тодорхойлолт авсан байдаг. И.Ш нь  өөрийнхөө гаргаж зарсан малынхаа зургийг нь малын гарал үүслийн бичиг авахдаа багийн Засаг даргад үзүүлсэн байдаг. Тэр зургийг хохирогч Н.Г хараад манай алдсан малын зураг мөн байна гэж маргадаг. Ялтан И.Ш манай гаргасан мал гэж хэлдэг. Энэ нь цаг хугацааны хувьд олон хоног, сар болоогүй юм. И.Ш өөрийн малаа гаргаж зараад малын толгойгоо уулын оройд тавьсан байдаг. Үүнд нөгөө талын хохирогч болох Н.Г нь өөрийн малаа алдсан гэж маргаж байхад гаргасан малын толгойнд яагаад үзлэг хийж болоогүй юм.  Прокурорын зүгээс хохирогч малаа өөрөө болон бусад гэрч нар таньсан, И.Ш өөрийн малаа гаргасан явдал нь хамаа байхгүй, хохирогч өөрийн малаа таньсан гэж шууд үзэж болохгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотолбол зохих асуудлыг бүрэн нотлох, цагаатгах болон яллах нотлох баримтыг зэрэг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл гэрч н.У гэдэг хүнээс И.Шийн эхнэр Ө.П манай гүүний сав нь гарчихсан яах вэ, зүгээр болж эдгэрэх үү гэдэг асуудлаар утсаар ярьж зөвлөгөө авсныг И.Шид хэлээгүй байдаг. Энэ талаар н.Г-т зарахдаа хэлсэн байдаг. Ганбаатар гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ талаар ярьсан байдаг. Тиймээс гэрч н.У гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг аваад өгөөч, энэ талаар тодруулаач гэсэн хүсэлтийг прокурорын шатанд тавьсан боловч нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй. Гэтэл тэр цаг хугацаанд сав нь гарсан гүүг гаргаж зарсан гэдэг асуудал тохирч байна. Гэрч Ө.П өөрийнхөө малыг зарсан бөгөөд гарал үүслийн бичгийг нь би зургийг нь харуулж авсан гэдэг асуудал яригддаг. Гэтэл тэр авсан зураг нь хохирогчийн мал байна гэж танигдаад байгаа, тэр өөрийн малаа гаргаж зарсан асуудал ямар ч хамаагүй, Ө.П-ийн авсан зураг нь хохирогчийн алдсан малын зураг мөн гэж үзсэн. Энэ нь хоёр өөр асуудал биш бөгөөд нэг л малын гарал үүслийн бичиг авсан асуудал буюу зурагт байгаа малын асуудал яригдаж байгаа болохоос биш хохирогч өөрөө малаа таньсан болохоор хохирогчийн мал мөн гэж хэлж болохгүй. Мал зүйч н.Д-ын гаргасан шинжээчийн дүгнэлтийг харахад зөвхөн малын зураг хараад дүгнэлт гаргасан байдаг. Тэрээр дүгнэлт гаргахдаа энэ зургийн адууны толгойны хэлбэрээс харахад нас бие гүйцсэн адуу байна, 1.5 см зайд чиглэсэн хайчилсан эгц дээшээ чиглэсэн тэмдэгтэй байна гэж дүгнэсэн. Гэвч зургаас хараад 1.5 см зайд гэж яаж  тогтоогоод байгаа вэ гэдэг асуудлыг шинжээч энэ талаараа тайлбарлах ёстой. Малын нас бие гүйцсэн адуу байна гэдгийг мал зүйч хараад тогтоож болно. Харин мал зүйч нь 1.5 см гэдэг хэмжээг зураг хараад тогтоож чадах уу гэдэг асуудал эргэлзээтэй байна. Малын бие болон шүдэнд шинжилгээ хийж гаргаж байгаа бол өөр асуудал юм. Гэтэл зөвхөн зургаас хараад нас бие гүйцсэн байна, сэтэрхий нь 1.5 см зайд байна гэж хэмжсэн юм шиг ингэж дүгнэлт гаргаж болохгүй. Мөн зургаас хараад даага насандаа тэмдэг тавьсан байна гэж яаж тогтоож байгаа юм. Үүнд хохирогч Н.Гийн адуунд үзлэг хийсэн адууны хамар хэсгийг дарсан зургийг хараад дүгнэлт гаргасан. Ингэхдээ эм тамга нь адилхан байна гэж үзэж дүгнэсэн бөгөөд ингэж болохгүй.  Энэ нь хохирогчдод илт нэг талыг барьж дүгнэлт гаргасан байна гэж үзэхээр нөхцөл байдал харагдаж байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь үндэслэлтэй байна. Гэрч Ө.П, гэрч Б.Ч, гэрч н.У гэдэг хүмүүсээс хэрийг тодруулах шаардлагатай байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэрч н.Урансайхан гэдэг хүнээс мэдүүлэг аваад тодруулсан бол шүүх хуралдаанд түүнийг оролцуулж тодруулах зүйлээ асуух байсан. Гэтэл н.У гэдэг хүнээс тодруулах шаардлага байхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Үүнийг ганц И.Ш хэлээгүй бөгөөд хөндлөнгийн гэрч н.Г мэдүүлэг өгөхдөө эх сурвалжаа зааж эхнэр Ө.П-аас асууж байсан гэж мэдүүлдэг. Үүнийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яагаад П-аас асууж болоогүй юм. Гэрч Б.Ч-ын мэдүүлгээр сав нь гарсан гүүг би гэрийнх  нь баруун талаас авчирч нядалсан гэж ярьдаг. Тухайн үйл явдал нь цаг хугацааны хувьд таарч байгаа. И.Шийн  эхнэр өөрөө очиж, гаргасан адууны зургийг багийн Засаг даргад үзүүлж,  гарал үүслийн бичиг аваад аймаг оруулж ирж Г гэдэг хүнд махаа зарсан байдаг. Гэтэл энэ зургаа хохирогчид харуултал  манай адуу мөн гэж үзсэн. Энэ үйл явдлыг эхнэрээс нь хүртэл асууж болох байсан. Хоёр өөр адуу байгаа юм уу, танайх адуу гаргасан уу, сав нь гарсан гүүний асуудал байна гээд асуух байсан юм. Үүнийг асууж тодруулаагүй байж хохирогч зураг хараад манайх гэсэн, шинжээч дүгнэлт гаргасан,  чи өөрийн малаа гаргасан байх нь хамаагүй, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах шаардлагагүй гэж хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хүнийг яллаж болохгүй. Цагаатгах талын нотлох баримтыг зэрэг цуглуулах үүрэгтэй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хангалттай хийгдээгүй. Иймд мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахаас татгалзаж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч И.Шийг 2019 оны 12 дугаар сарын 20-21-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газраас иргэн Н.Гийн 1 тооны гүүг хулгайлж 1.800.000 төгрөгийн  хохирол учруулсан гэж үзэж яллагдагч И.Шид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр багийн малын эмч У руу И.Ш болон түүний эхнэр Ө.П нар утсаар манай гүүний сав гарсан байна эмчилж болох уу гэж ярьсан зөвлөгөө авсан эсэхийг тодруулахаар малын эмч Урансайханаас гэрчээр мэдүүлэг авах, мөн гэрч Б.Ч, Ө.П нараас тухайн гүүг хаанаас хэн тууж ирсэн гүүний сав гарсан байсан эсэх, гэрч Ө.П нь малын эмч У-тай манай гүү сав нь гарсан байна эмчлэгдэх боломжтой эсэхийг лавлаж утсаар ярьсан эсэхийг тодруулж дахин гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж, дахин дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэж И.Шид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, цуглуулсан нотлох баримт нь хэрэг шүүхээр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН  

                 ШҮҮГЧИД                                  Г.УЛАМБАЯР

                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ